Хэрэв ТӨК-ийн ТУЗ-ууд ном журмаараа ажилладаг, компанийн засаглал хэвийн байсан бол бидэнд ямар ч онцгой дэглэм тогтоох, БЭТ томилох шаардлага гарахгүй.
***
Хэдхэн сарын өмнө “Эрдэнэс Монгол” нэгдлийнхэнтэй уулзахдаа компанийн талаар судлах материал хэр байгааг лавлаж асуусан юм. Харамсалтай нь, өмнө нь ажиллаж байсан хүмүүс компьютероо форматлаад явчихсан учраас танилцуулга мэдээлэл гэх зүйл хомс байгаа гэж хэллээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 𝟮𝟰 хувь, валютын нөөцийн 𝟳𝟬 хувь, татварын орлогын 𝟮𝟯 хувийг бүрдүүлдэг төрийн өмчит 30 гаруй компанийг нэгтгэсэн, байгуулагдаад 17 жил болж байгаа том нэгдлийн засаглал, менежмент иймэрхүү байдлаар явж ирсэн гэхэд үнэхээр харамсмаар байв.
BIG-4 -өөр санхүүгийн тайландаа аудит хийлгэсэн, ISO хэрэгжүүлж, олон улсын зөвлөх үйлчилгээ авч компанийнхаа засаглал, менежментийг цоо шинэ түвшинд гаргасан, ERP нэвтрүүлж бизнестээ дижитал шилжилт хийсэн гэх зэргээр бахархан ярьж буй хувийн хэвшлийн олон захиралтай уулзаж байсан. Гэхдээ “Эрдэнэс Монгол”-ын үе үеийн удирдлагуудад ингэж бахархаж ярих зүйлс бага байлаа. Сэтгүүлчээр ажилласан сүүлийн хэдхэн жилд үе үе очиход удирдлагын баг нь солигдчихсон байдаг, хуучин зовлонгоо давтан ярьдаг тийм л дүр зураг угтдаг байв.
Одоогийн Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг чухал зорилт нь “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулах” юм. Гэхдээ үүнд хэрэгтэй шинэчлэлийг хийж чадсан уу гэвэл бас л эргэлзээтэй.
Тийм том хөрөнгөнөөс ийм бага ашиг
Төрийн өмчит компаниудын засаглал ямар байгааг хэдхэн тоогоор харж болно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын (ТӨБЗГ) тайланд бичсэнээр 2022 оны эцсийн байдлаар төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд нийт 59.2 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж байна. Олсон орлого 14.5 их наяд төгрөг байгаа бол цэвэр ашиг хоёр их наяд болжээ.
Гэвч ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөж нь хувийн хэвшлийн компаниудтай харьцуулахад бага байна. Сангийн яамны 2021 оны судалгаагаар Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн ашигт ажиллагаа (Return on equity – ROE) 7.1 хувь, хөрөнгийн өгөөж (Return on assets – ROA) таван хувь байна. Гэтэл төрийн өмчит 105 компанийн ашигт ажиллагаа 5.9 хувь, хөрөнгийн өгөөж нь 1.3 хувь байна. Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хоёрыг эс тооцвол нийт төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа нь 4.0 хувь, хөрөнгийн өгөөж нь 0.9 хувь болж байна. Тодруулбал, ТОП-100 ба төрийн компаниудын ашигт ажиллагааны үзүүлэлтийн зөрүү 3.1 хувь, хөрөнгийн өгөөжийн зөрүү 4.1 хувьтай байгаа юм.
ТОП-100 ба ТӨК-уудын ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөжийн ялгаа
Түүнчлэн 2011-2021 онд ТӨК болон төрийн өмчийн оролцоотой компаниудын хөрөнгө 11 дахин өсжээ. Гэвч өр, төлбөрийн хэмжээ нь орлогоосоо 10 дахин, ашгаасаа 17 дахин их байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниуд өөрт байгаа хөрөнгийн, материалын, хүний, санхүүгийн гэх мэт нөөцөө үр дүнтэй удирдаж, ашиг, орлого бий болгож чадахгүй байна гэсэн үг.
Засаглалын холион бантан
Саяхан “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн өмчит болгож, шинэ гүйцэтгэх захирлыг нь томилов. Түүгээр ч барахгүй цаашдаа хувьцаат компани болгож, олон нийтэд хувьцаагаа санал болгохыг Нийслэлийн засаг дарга чиглэл болгосон. Ийнхүү цөөнгүй салбарт бизнесийн үйл ажиллагаа “төрийнжих” хандлагатай байна.
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш 30 гаруй жил болж байгаа. Энэ хугацаанд олон тооны улсын үйлдвэрийн газрыг компани болгон хувьчилсан. Үүний хажуугаар төрийн өмчийн үйлдвэрийн газрууд (ТӨҮГ), төрийн өмчит хувьцаат компаниуд (ТӨХК), төрийн өмчийн оролцоотой компаниуд (ТӨОК) ч олноор байгуулагдсан.
Одоогийн байдлаар 100 даваад буй эдгээр компанийн үйл ажиллагааг голдуу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль (ТБОНӨтХ), Компанийн тухай хуулиар зохицуулдаг. Ингэхдээ тухайн ААН-ийг төр 100 хувь эзэмшиж, эсвэл тодорхой төрийн өмчийн оролцоотойгоор үйл ажиллагаанд оролцдог. Мөн энэ салбарт төрийн өмчийн удирдлага, ТУЗ, өмчийн эрх ба хувьцаа эзэмшигчийн эрх гэх мэт түлхүүр ойлголт ашигладаг. 2022 оны эцсийн тоогоор 18 ТӨҮГ, 48 ТӨХК, 11 ТӨОК байна. Хувьцаа эзэмшигчийн эрхийг голдуу ЗГХЭГ (“Эрдэнэс Монгол” нэгдэл), холбогдох яамд болон ТӨБЗГ хэрэгжүүлдэг.
Эндээс хамгийн чухал ойлголт нь ТУЗ юм. ТУЗ нь өмчийн хэлбэрээс үл хамаарч тухайн компанийн засаглалыг хэрэгжүүлэх үндсэн механизм болдог. ТУЗ-ийн үүрэг, хариуцлага нь компанийн ашиг сонирхол болон хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах, тэдгээрийн хөрөнгө оруулалтын өгөөжийг баталгаажуулах явдал байдаг. Стратегийн бүх шийдвэр гаргалт ТУЗ-ийн санаачилгаар эхэлдэг. Аль нэг өөр этгээд санаачилсан ч ТУЗ-өөр заавал хэлэлцэж эцсийн байдлаар батлуулах ёстой. ТУЗ нь дээд түвшний гүйцэтгэх удирдлагуудыг хөлслөн авч, халж, компанийн гүйцэтгэлийг хянаж, санхүүгийн тайлангуудыг баталж, гүйцэтгэх удирдлагын цалин хөлс болон урамшууллыг шийдвэрлэж, болзошгүй эрсдэлийг үнэлж төлөвлөж, компанийн нэгтгэл болон худалдан авалтын үйл ажиллагааг батлах зэрэг бусад үндсэн шийдвэр гаргадаг. Мөн ТУЗ нь тухайн компанийн ёс зүйтэй, хуулийн дагуу, хариуцлагатай ажиллаж байгаа гэдгийг харуулах нүүр царай нь болж байдаг.
ТӨК-уудын 2011-2022 оны эдийн засгийн үр ашгийн үзүүлэлт
Харамсалтай нь, манай улсад ТУЗ-ийн үйл ажиллагаа нь улс төрөөс хараат бус байж чаддаггүй. Энэ нь үндсэн хэдхэн шалтгаантай. Хэдийгээр Компанийн тухай хуулиар ТУЗ болон хувьцаа эзэмшигчийн эрхийг тодорхой зааж өгсөн ч ТБОНӨтХ-тай зөрчилддөг. Нээлттэй нийгэм форумын судлаачдын дүгнэлтээр ТБОНӨтХ-ийн хүрээнд төрийн өмчийн удирдлагын эрхийг ТӨК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхээс зааглаж чадаагүй аж. Тодруулбал, төрийн өмчийн удирдлагын эрхийг компанийн удирдлага, хяналтын эрх үүрэгтэй хольсон, мөн ТУЗ-ийн бүрэн эрхэд хамаарах асуудлуудыг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч байгууллагуудын бүрэн эрхэд олгосон. Энгийнээр бол, ТУЗ-ийн гишүүд нь ЗГХЭГ болон холбогдох яамдын албан тушаалтнуудын нөлөөлөлд байдаг, тэдгээр нь тус тусдаа удирдамж, чиглэл өгөх байдлаар ТӨК-ийн үйл ажиллагаанд оролцох, тэр нь зарим тохиолдолд хуулиар олгосон эрх хэмжээнээс хэтрэх явдал гардаг байна. Мөн УИХ, Засгийн газар ТӨК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхүүдийг эдлэх бөгөөд ТӨК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь эд хөрөнгийг захиран зарцуулах тухайлсан эрхгүй гэж хэлж болно.
2022 оны эцсийн байдлаар төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд нийт 59.2 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж байна.
Өөрөөр хэлбэл, ТӨК-ийг стратегийн удирдлагаар хангах ажлыг ТУЗ биш, харин хувьцаа эзэмшигч төрийн байгууллагууд шууд хийж байна. Энэ нь улс төрийн нөлөөлөл орох нөхцөлийг бүрдүүлж, ТУЗ-ийн гишүүнээр мэргэжлийн бус этгээд, захиргааны албан хаагчийг томилдог зэргээс шалтгаалан ТУЗ-ийн бүрэн эрх, үүрэг хариуцлагын тогтолцоо хангалттай бэхжээгүй байна. Ийнхүү ТУЗ-ийн эрх, үүрэг нь хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэгтэй холилдож, “засаглалын холион бантан” бий болдог.
“Онцгой дэглэмд орсон төрийн өмч”
2019 оноос эхлээд төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилох замаар Засгийн газар тухайн компанийн үйл ажиллагааг шууд удирддаг жишиг тогтсон. Тухайлбал, 2019 онд “Монголросцветмет” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д, 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой Төмөр зам” ХХК, “Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон.
Онцгой дэглэмийг компанийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, доголдлыг арилгах, санхүүгийн хяналт шалгалт хийх, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор тогтоодог. Монголын тохиолдолд компанийн үйл ажиллагааны гажуудал нь ихэнхдээ авлига, хээл хахуультай холбоотой байдаг бөгөөд ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд онцгой дэглэмийн зорилго сайн биелсэн.
Гэвч БЭТ томилох практик хууль зөрчиж байна хэмээн судлаачид үзэж буй. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд төрөөс гадна олон тооны хувьцаа эзэмшигчтэй бол “Тавантолгой ХК”-ийн хувьд төртэй хувьцаа эзэмшлийн хамааралгүй, нээлттэй хувьцаат компани юм. Иймд дээрх компаниудад онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулиар баталгаажсан “өмчлөх эрх”,”хувийн аж ахуй эрхлэх” эрх чөлөөг хязгаарлаж байна гэж дүгнэжээ.
Компанид удирдлагын хямрал үүсэж, үйл ажиллагаа доголдсон нөхцөлд өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран хувьцаа эзэмшигчдийн зүгээс өмчлөгчийн хяналт хэрэгжүүлэх шаардлага үүсэж болдог. Ингэхдээ компанийн дотоод болон хөндлөнгийн аудитын тогтолцоог ашиглах, зөрчлийг холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх, ТУЗ болон гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох зэргээр компанийн засаглалын зарчмыг зөрчихгүйгээр шийдэх боломжтой.
Харин Засгийн газар өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэхдээ 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэл болгож байгаа нь эрх зүйн зөрчил үүсгэж байна гэсэн үндэслэлийг судлаачид гаргаж буй. Учир нь энэ хуулийг батлахад “компани” гэх ойлголт хараахан үүсээгүй байсан.
Энэ бүгдээс нэг зүйл тодорхой харагдаж байгаа нь хэрэв ТУЗ-ууд ном журмаараа ажилладаг, компанийн засаглал хэвийн байсан бол бидэнд ямар ч онцгой дэглэм тогтоох, БЭТ томилох шаардлага гарахгүй.
“Эрдэнэс Монгол”-ын жишээ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Уг санд стратегийн ордуудаас гадна төмөр зам, авто замын төрийн өмчит компаниудын орлогыг төвлөрүүлэх аж. Харин сангийн удирдлага, менежментийг хэрэгжүүлэх газар нь “Эрдэнэс Монгол” нэгдэл.
Одоогийн байдлаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд “Зэс, металлын групп”, “Түлш, эрчим хүчний групп” болон “Дэд бүтэц, ложистикийн групп” багтаж байгаа бөгөөд тэдгээрийн бүрэлдэхүүнд нийт 30 хуулийн этгээд буюу охин, хараат компани, харьяа үйлдвэрийн газар, хоёр төслийн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
ТӨК-ийг стратегийн удирдлагаар хангах ажлыг ТУЗ биш, харин хувьцаа эзэмшигч төрийн байгууллагууд шууд хийж байна.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын ярьснаар тус нэгдэл “Аж үйлдвэрийн гинжин хэлхээ”-ний суурийг тавихын тулд боловсруулах үйлдвэрүүдийн цогцолбор байгуулах томоохон зорилтууд тавьсан. Үүний зэрэгцээ улс төрөөс хараат гэсэн хэвшмэл ойлголтыг халж, мэргэшсэн ТУЗ байгуулна гэдгээ онцолж байсан.
Тус нэгдэл 17 жилийн хугацаанд есөн удаа удирдлага нь солигдож, компанийн дүрмээ хоёр удаа шинэчилсэн. Хамгийн сүүлийн шинэчилсэн дүрмээр ТУЗ-ийн бүрэлдэхүүнээ өөрчилсөн. Өмнө нь ТУЗ-ийн 66 хувийг төрөөс төлөөлж оролцдог байсан бол өнөөдөр 51 хувь нь төрийн төлөөлөл байж, 49 хувь нь мэргэжлийн мэргэшсэн судлаачид, бизнесийн салбарын төлөөллүүд хараат бус ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.
“Эрдэнэс Монгол” нэгдлийг Сингапурын Temasek төрийн өмчит корпорацын жишгээр хөгжүүлнэ гэж ярьдаг. Тэгвэл энэ хоёр компанийн ТУЗ-ийг харьцуулж үзье. Temasek-ийн ТУЗ-ийн даргаар 2013 оноос ажиллаж буй Лим Бон Хэ гэх хүн эрүүл мэндийн салбарт дөрвөн компанийн ТУЗ-ийг удирдаж байсан туршлагатай нэгэн. Харин “Эрдэнэс Монгол”-ийн ТУЗ-ийн даргаар 2019 оноос ажиллаж буй Ш.Мөнхцэрэн нь ЗГХЭГ-ын ахлах референт, газрын даргын албан тушаалтай. Өөрөөр хэлбэл, үндэсний хэмжээний том нэгдлийн ТУЗ-ийг туршлагатай удирдагч биш, ЗГХЭГ-ын даргын шууд удирдлага доор байдаг албан тушаалтан удирдаж байна гэсэн үг.