Пэйж хуудас: flysoundproavsolutions
Байршил: Fly Sound ХХК-ийн AV United шоурүүм, UG Arena
***
Хурал зөвлөгөөн, шоу тоглолтын үеэр том хар өсгөгчийн дэргэд суучихаар л чих дөжирч, холдохоор юу ч сонсогдохгүй болчхоод нэг л төвөгтэй байдаг. Тэгвэл азаар ямар ч том талбайн аль ч өнцөг буланд зогссон жигд хэмээр чихэнд чимэгтэй сонсогддог дуу дуугаралтын төхөөрөмж, инженерийн зөв шийдлийг Fly Sound ХХК-ийн залуус Монголдоо нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээгээд байна. Тэд “Төв цэнгэлдэх”, UG arena зэрэг томоохон газруудын олон шоу тоглолт, арга хэмжээний дуугаралтын тоног төхөөрөмжийн шийдлийг амжилттай хийсэн туршлагатай. Мөн “Тамгагүй төр” жүжгийг англи хэлний синхрон орчуулгатайгаар олон мянган үзэгчдэд хүргэжээ.
Fly sound компани 2013 оноос синхрон орчуулгын тоног төхөөрөмжийн түрээс, олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Харин сүүлийн зургаан жил дэлхийд нэр хүндтэй мэргэжлийн дуу, дүрсний 10 гаруй брэндийн шилдэг техникийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нийлүүлж байна. Караоке, ресторан, бар, лоунж, концертын танхим, театр, цэцэрлэгт хүрээлэнгээс авхуулаад стадионд хүртэл ашигладаг дуугаралтын, дэлхийн шилдэг шийдлүүд эднийд бий.
Fly Sound компанийн залуус дуугаралтын тоног төхөөрөмжийг угсрахаас өмнө тухайн танхимын барилгын зургийг авч, орчин үеийн программ хангамжийн тусламжтай инженерийн тооцоолол хийж, жигд цэвэр дуугаралтыг өгөгдсөн талбайд хамгийн хүртээмжтэй байхаар тооцон суурилуулдаг байна. АНУ, Англи, Герман, Сингапур зэрэг олон улсын брэндүүдийн мэргэжлийн инженерүүдтэй хамтран төслийн тооцоолол, загварчлал, угсралтыг хийж гүйцэтгэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, эднийх Монгол Улсын хэмжээнд болж буй томоохон тоглолт, фестиваль, шоуны мэргэжлийн дуу, дүрсний тоног төхөөрөмжийн шийдлүүдийг чанарын өндөр түвшинд ханган нийлүүлж ажилладаг гэсэн үг. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагддаг XMF, Triple X болон бусад томоохон фестиваль, тоглолтууд, улсын баяр наадам, “Нүүдэлчин фестиваль”-ийн дуугаралтыг бүрэн, Play time фестивалийн зарим тайзыг хариуцан ажиллажээ.
Ямар технологи ашигладаг вэ?
Мэргэжлийн дуугаралтын салбарт олон улсад нэртэй Германы D&B Audiotechnik, боломжийн үнэтэй, чанараараа шалгагдсан, өгөгдсөн талбайд дуугаралтыг хамгийн жигд тархаах технологийн шийдэлтэй Германы LD Systems брэндийн MAILA болон CURV500 яригч, дэлхийн Live тоглолтын микрофоны зах зээлд тэргүүлэгч АНУ-ын Shure брэндийн Монгол Улсын харилцаа холбооны хуулиар зөвшөөрөгдсөн радио долгионы үелзэл, зурваст суурилсан толгойд зүүдэг болон барьдаг 500 серийн утасгүй микрофон зэрэг тоног төхөөрөмжийг ашигладаг. Дижитал дууны процессор, синхрон орчуулгын систем, хурлын ухаалаг индэр, камер, тайзны мониторын дэлгэц зэрэг маш олон төрлийн технологи мөн бий. Үүний зэрэгцээ тэд дуу дүрсний салбарт дэлхийд тэргүүлэгч Германы Cameo, Gravity Stands, Defender, Palmer, Английн Allen Heath, Digico, АНУ-ын Marshall Electronics, Shure, БНХАУ-ын ZSound брэндүүдийн албан ёсны дистрибьютер юм. Үүгээр зогсохгүй гэрийн хөгжим, нийтийн зарлан мэдээлэх систем, караокены төхөөрөмжүүдийг ч мэргэжлийн инженерүүд нь суурилуулж өгдөг байна.
Сайн дуугаралт гэхээр чанга л байх ёстой гэсэн ойлголт өнгөрсөн үетэй ард хоцорчээ. Аливаа дуугаралт, хүний чихэнд тээргүй, маш сонсголонтой, цэвэр тунгалаг сонсогдох ёстой.
Мэргэжлийн дуу, тоног төхөөрөмжийн зах зээлд технологийн хувьсал, шинэчлэл маш хурдтай өрнөж байна. Одоогоос 10-30 жилийн өмнөх технологи энэ зах зээлд ашиглагдахгүй болж, цоо шинэ тоног төхөөрөмж, программ хангамжийн интеграцчилал жил ирэх тусам шинэчлэгдэх болжээ. Овор хэмжээ жижигтэй ч өндөр хүчин чадал, цэвэр тунгалаг дуугаралт, имерсив буюу дуу чимээний эх үүсвэр хаана байгааг байрлалаар нь мэдрэх боломж бүхий дуугаралт, өгөгдсөн зай талбайд дуугаралтыг хамгийн жигд алдагдалгүй түгээх чиглэл рүү технологийн шинэчлэл хөтөлж буй юм. Энэ хөгжлийг дагаад өмнө нь боломжгүй байсан, тоног төхөөрөмж программ хангамж хосолсон тооцооллын маш нарийн боломжууд бий болжээ. Гэхдээ сүүлийн үеийн ухаалаг шинэ төхөөрөмжүүдээс нэг худалдан авчихсан байхад 10-15 жилдээ хоцрогдохооргүй дэвшилтэт технологи байдаг аж.
Ухаалаг системийн онцлог
Дуугаралтын хамгийн орчин үеийн технологиуд эрчим хүчний хэмнэлттэй, овор хэмжээ багатай, борооны ус, чийг, салхи шорооны хамгаалалттайн дээр өгөгдсөн бүх талбайд нэгэн жигд цэвэр тунгалаг дуугаралтыг түгээх, дуучин хөгжимчид тайзны хаана байгаа, хаашаа хөдөлж буйг хүртэл мэдрэх боломжтой ухаалаг системтэй болжээ. Сайн дуугаралт гэхээр чанга л байх ёстой гэсэн ойлголт өнгөрсөн үетэй ард хоцорсон байна. Аливаа дуугаралт, хүний чихэнд тээргүй, маш сонсголонтой, цэвэр тунгалаг сонсогдох ёстой. Европын холбооны улсуудад гадаах шоунуудын чанга, сулд хүртэл маш хатуу хууль үйлчилдэг аж. Гадаах шоунууд 100 орчим децибелээс хэтэрч, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол дуугаралтын хэмжээг нь шалгаад торгууль ноогдуулдаг байна. Тиймдээ ч дэлхийн топ зах зээлтэй хөгжингүй орнуудад тод чанга гэхээсээ илүү цэвэрхэн, жигд, сонсголонтой дуугаралтын систем ноёрхож байна. Цар тахлын үеэс хайбрид онлайн уулзалтууд синхрон орчуулгатай зохион байгуулагдахад дуу, дүрсний давхар холболтууд хийхэд төвөгтэй байсныг Fly Sound-ийн хамт олон сүүлийн үеийн технологийн тусламжтайгаар хялбархан шийджээ. Мөн арга хэмжээ зохион байгуулахад шаардлагатай бүхий л төхөөрөмж, дуу, дүрс, графикийн эх бэлдэх зэрэг цогц үйлчилгээ үзүүлдэг байна.
Тууштай хөдөлмөрлөвөл амжилтад хүрнэ
Fly Sound ХХК-ийн гүйцэтгэх захирал Сугарын Энхмандах Улаанбаатар хотод төрж өссөн. Жолооч аав, багш ээжтэй, дөрвөн хүүтэй айлын том нь. Эгэл жирийн гэр бүлд төрж, эмээ, өвөөдөө туслан хөдөлмөрт суралцаж өсжээ. Тэрбээр хүүхэд байхаасаа л зун болгон хөдөө хамаатнууд, эмээ, өвөөдөө туслан ундаа, сүү зарах, ус, түлээгээ зөөж, хөдөлмөр, бизнест бага багаар суралцсаар ирсэн байна. Аав, ээж нь түүнд аливаад тууштай, уйгагүй хөдөлмөрлөж, зөв шударга байж чадвал заавал нэг зүйлд хүрнэ гэж захидаг байв. С.Энхмандах “Биднийг багад ажил хөдөлмөрөөр хүмүүжүүлж, аливаад шантарч, гуньж гутрахааргүй сэтгэлийн хат суулгасан гэж боддог. Тоглоом наадгайг хүртэл багаараа нийлж тоглодог, нэгэнтэйгээ илүү амьд харилцдаг байсан нь багаар ажиллахад сургасан юм шиг санагддаг” гэв.
Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, өөрөө дуу хөгжим, шоу зохион байгуулах ажилд сонирхолтой учраас тэр 2012 оноос эхлэн хурал зөвлөгөөн, орчуулгын үйлчилгээний чиглэлээр ажиллахаар судалгаа хийж, 2014 онд компаниа байгуулжээ. Өөрөө сонирхолтойн дээр аав, ээжийнхээ аливаад тууштай байх хэрэгтэй гэдэг зөвлөгөө, өвөө, эмээгийнхээ юунд ч нугаршгүй хөдөлмөрч байх ёстой гэх сургаалыг санан, бизнестээ үнэнч хандаж, улам тууштай хөгжүүлжээ. Ирээдүйд багийн залуустайгаа хамтдаа дуугаралтын технологийн салбарт дэлхийтэй хөл нийлүүлэн алхах, дэлхийн томоохон одуудыг Монголдоо авчрах хүсэлтэй.
Стадион, эвентийн танхимд зориулсан мэргэжлийн дуу, дүрсний ухаалаг систем, пянз тоглуулагч гэрийн хөгжим, сүүлийн үеийн 360 градус тойрч дуугардаг гэрийн кино театр зэрэг маш олон төхөөрөмж бий.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд багагүй бэрхшээлтэй тулгарч ирсэн бөгөөд Ковид-19-ийн үе тэр дундаас хамгийн хүнд нь байж. Гэсэн ч хамт олныхоо бие биеэ гэх нинжин сэтгэл, итгэл найдварын хүчинд хүнд үеийг давж чаджээ. Цар тахлын хямрал үргэлжилж, 2023 оноос л сая нэг салбар нь эргэн сэргэж эхэлснийг тэр хэлж байна. Гэвч зах зээл жижиг, мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгчид голдуу ЖДҮ боловч улсаас олгодог ямар нэг зээл, хөнгөлөлт, тусламжид тэд хамрагдаж байгаагүй аж. Нэг үгээр, жинхэнэ бор зүрхээрээ зүтгэдэг 20 гаруй хөдөлмөрч залуугийн хичээл зүтгэлийн үр шимээр Fly Sound хөгжиж байна.
Цагт баригдахгүй эрх чөлөөтэй
С.Энхмандах компаниа уламжлалт хэв маягаас арай өөр, шинэлэг аргаар удирдахыг хичээдэг. Шоу бизнес, хурал зөвлөгөөн, тоглолт, баяр наадамд үйлчилдэг ажлын онцлогоос шалтгаалан оройн цагаар ажиллах шаардлага үүсдэг. Тиймээс шаардлагатай үедээ хариуцлагатай, бүтээмжтэй ажиллахад болно. Харин шаардлагагүй үед ажилтнуудаа ажлын найман цагт уяж, хөшөө шиг суулгаад байхыг хүсдэггүй.
Үе хоорондын ялгаа гэж бий. Одоо ажлын байранд гарч ирж буй Gen-Z үеийнхэн өөрсдийг нь ойлгож харилцахад маш өндөр бүтээмжтэй ажилладаг. Гэхдээ цагт баригдах дургүй, токсик харилцааг тэвчдэггүй.
Дууны технологийн салбарт боловсон хүчин маш дутмаг. Энэ мэргэжлийг мэдэж, ойлгож суралцахгүй байна. Заавал их сургуульд сурч, мөнгө үрэх шаардлагагүй. Онлайнаар суралцаж, шилдэг компаниудад дадлагажин, өөрийгөө хөгжүүлж, дэлхийн хэмжээний компаниудад ч ажиллах боломж орчин цагийн залууст нээлттэй хэмээн С.Энхмандах ярилаа.
Шоу тоглолтын зүрх, тархи болсон технологийн шийдэл
Хамгийн сүүлийн үеийн чанартай тоног төхөөрөмжийг 10 саяар авч болох байтал дуу, дүрсний талаар ямар ч мэдлэггүй, барилгын тендер авч байсан түүхтэй компани тендерт ялж, шаардлагатай тоног төхөөрөмжийг найман сая төгрөгөөр нийлүүлдэг. Тендерийн техникийн тодорхойлолтыг энэ талын ямар ч ойлголтгүй хүн Google -ээс хайж байгаад л хальт орчуулсан болж, эсвэл Alibaba-аас хараад л нэг үнэ тавьчихдаг.
Ингэж чанаргүй төхөөрөмж авахаар ойр ойрхон эвдэрнэ. Засвар үйлчилгээний зардалд их мөнгө зарцуулна гэх зэргээр эдийн засгийн хохирол амсана гэсэн үг. Улсын тендерүүд чанаргүй явагдаж, хоцрогдсон тоног төхөөрөмжүүдийг ийм байдлаар “худалдан авах” нөхцөлийг бүрдүүлдэг байна. Театр, соёлын төвүүд, зарим хувийн компани хүртэл буруу технологи сонгон, үргүй зардал гаргаж, санхүүгийн алдагдал хүлээж буйг С.Энхмандах цөөнгүй ажиглажээ.
Шоу тоглолтын зүрх, тархи болдог дуу, дүрсний шийдэл бол хэн дуртай нь санаагаараа хийчихдэг амархан зүйл биш. Инженерчлэлийн маш нарийн мэргэжил шаарддаг ажил. Дэлхийд танигдсан брэндүүдийн албан ёсны төлөөлөгч, мэргэжлийн инженер техникийн ажилтнуудтай, баталгаат засвар үйлчилгээтэй, инженерийн зөв шийдэл боловсруулж хийлгэсэн хөрөнгө оруулалт үнэ цэнтэй, чанартай, олон жилийн настай байдаг гэлээ.
Хэрэв сайн тоног төхөөрөмж худалдан авсан бол сайн техникчтэй байх ёстой. Өндөр үнээр авсан тоног төхөөрөмжийг мэргэжлийн бус хүн эвдэх тохиолдол ч бий. Мөн дуу, дүрсний инженерүүд л гэхэд дотроо олон төрлөөр мэргэшдэг. Тухайлбал, амьд тоглолтын дууны инженер үндсэн нүүрний, тайзны хяналтын, системийн инженер, хөгжмийн зэмсгийн зэргээр нарийн ялгарах ёстой. Гэвч манай улсад нарийн мэргэжлийн инженерүүд дутагдалтай байдаг нь энэ салбарын тулгамдсан асуудал ажээ.