Сонгуульд оролцож санал өгөхийн өмнө тухайн нэр дэвшигчийн талаар дараах зүйлийг мэдэж байх нь чухал.
- Мөрийн хөтөлбөр. Нэр дэвшигчийн үзэл бодол, гол асуудлын шийдлийг нь ойлгохын тулд мөрийн хөтөлбөрийг нь сайтар судлах хэрэгтэй. Жишээ нь, ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг хангах талаар ямар заалтууд байгааг харах хэрэгтэй.
- Туршлага. Нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг мэдэхийн тулд гаргасан амжилт, салбаруудад ажиллаж байсан түүхийг нь судлаарай. Хэрэв бизнес эрхлэгч бол ямар нөү хау, инновацыг бүтээж байсан, компаниа яаж удирддаг, ажилтнуудаа хэрхэн дэмждэг зэргийг сонирхоорой. Хэрэв төрийн болон улс төрийн албанд ажиллаж байсан бол олон нийтэд чиглэсэн ямар ажлууд санаачилсан, хэрэгжүүлсэн, ямар төслийг амжилттай удирдаж байсан, ямар хууль санаачилсан ба тэр нь улс орны амьдралд ямар ач холбогдолтой байсан зэргийг анхаараарай.
- Нэр хүнд, давуу тал. Нэр дэвшигчийн үнэт зүйлс, зарчмыг ойлгох үүднээс түүний нэр хүнд, өмнө нь ямар үйлдэл гаргаж байсныг анхаарвал зохино. Энд авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгах шаардлагатай.
- Байр суурь. Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, гадаад бодлого, хүн амын амьдралын чанартай холбоотой тулгамдсан асуудлаар ямар байр суурьтай байгааг олж мэдээрэй. Мөн олон нийтэд таалагдахын тулд “баялгаа гаднын дээрэмчдээс буцааж авъя” зэрэг популист сэдвүүдээр ярьж байна уу эсвэл үнэхээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах ажил хэрэгч саналууд хэлж байна уу гэдгийг нягтлаарай.
- Үнэлгээ, сэтгэгдэл. Олон нийт, мэргэжилтнүүд тэр хүний талаар юу гэж боддог, үнэлдэг тухай тандаарай.
Эдгээрээс гадна нэр дэвшигчтэй хийсэн маргаан, мэтгэлцээн, ярилцлагыг үзэх хэрэгтэй бөгөөд тэр хүний үнэт зүйлс, үзэл бодол таныхтай ойр байвал таны сонголт илүү бодитой болох юм.