Удирдлагын академийн багш С.Ганцэцэгтэй нийгмийн даатгалын хууль эрх зүйн шинэчлэл болон нийгмийн даатгалын шимтгэлийн талаар ярилцлаа. Тэр бээр хөдөлмөрийн эрх зүй, нийгмийн хамгааллын чиглэлээр 16 жил дагнан судалгаа хийж буй судлаач, багш юм.
Ярилцлагыг подкастаар сонсох бол энд дарна уу
-Манай улсын нийгмийн хамгааллын тогтолцоог бусад улстай харьцуулахад ямар түвшинд байна вэ? Давуу болон сул тал нь юу вэ?
-Дэлхийн бүхий л улсад нийгмийн хамгааллын тогтолцоо байдаг. 1992 онд Үндсэн хуулийг дөрөв дэхээ батлахаас өмнө нийгмийн хамгаалал нь бүхэлдээ төрийн мэдэлд байсан. Өөрөөр хэлбэл, төр бүх иргэдэд ижил тэгш хэмжээгээр нийгмийн хамгааллыг нь хангаж өгдөг байлаа. Харин шинэ Үндсэн хуулийн II бүлэгт хувийн өмчийн харилцаа, олон хэлбэрт эдийн засгийг хүлээн зөвшөөрсөн.
Үүнтэй холбоотойгоор иргэд болон аж ахуй нэгжүүд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж нээгдсэн. Үүнээс шалтгаалж төр иргэдийнхээ нийгмийн хамгааллыг дангаараа шийдэх боломжгүй болж хувирсан юм. Тиймээс манайд нийгмийн даатгалын тогтолцоо 1994 онд анх нэвтэрсэн. Нийгмийн даатгалын багц хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хууль, Ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хууль анх 1994 оноос хойш манай улсад хэрэгжиж эхэлсэн.
Харин 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын багц хууль шинэчлэгдлээ. Ийн шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан. Учир нь 15 жилийн өмнө тэтгэвэр авагчид 200 мянга байсан бол 2024 онд 500 мянга болж огцом нэмэгдсэн. Тиймээс одоогоос хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, цаашлаад бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих шаардлагатай байгаа юм. Тухайн хүнийг хөдөлмөр эрхэлж байхад нийгмийн даатгалын шимтгэл нь хуримтлагдаад түүнийгээ тэтгэвэрт гарахдаа авдаг болох өөрчлөлт рүү манай улс явж байна.
Хоёрдугаарт, нийгмийн даатгалын үр шимийг бид бүрэн хүртэж чадахгүй, тэгсэн атлаа цалингаас шууд автоматаар татаад байна гэсэн ойлголт их байдаг. Гэтэл бид яагаад энэ хуулийг хэрэгжүүлсэн бэ гэвэл 1947 онд батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалтай холбоотой. Хүн ажил хөдөлмөрөө алдах, өвчлөх, хүүхэд төрүүлэх, орон гэргүй болох гэх мэт тодорхой эрсдэлд өртдөг. Ийм болзошгүй нөхцөл байдлыг даван туулах эрсдэлийн зохицуулалтыг улс орон бүр хэрэгжүүлсэн байхаар энэ тунхаглалд заасан юм.
-Нийгмийн даатгалын эв санааны зарчмыг шүүмжилдэг хүмүүс олон байдаг. Ажил хөдөлмөр хийдэг хүмүүстээ ямар ч үр шимгүй, нас барахад нь оршуулгын төлбөр өгөөд орхичихдог гэх мэтээр шүүмжилдэг. Угтаа нийгмийн даатгалын шимтгэл нь бидний хамгийн том хуримтлал. Үүнийгээ татвар төлөгчид маань эдийн засгийн эргэлтэд оруулах , барьцаа хөрөнгө болгох хүсэлтэй байдаг. Түүнчлэн малчдыг ямар ч хуримтлал үүсгээгүй мөртөө тэтгэвэр авдаг гэдэг. Та энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд ажил олгогчдыг хамгаалах, тэдэнд хүртээмжтэй байдал, хөнгөлөлт урамшуулал олгох тал дээр бага зохицуулалт хийгдсэн. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг иргэн, ажилтан хүртдэг давуу боломжууд гарч ирсэн. Гэхдээ хүмүүс нийгмийн даатгалыг арилжааны даатгалтай андуураад өөрт эрсдэл учирвал авч ашиглахыг хүсдэг. Ингэж хэрэглэх боломжгүй юм. Нэгдүгээрт, үүнийг гэрээгээр биш зохицуулдаг.
Хоёрдугаарт, эв санааны зарчмыг зөвхөн Монголд хэрэглэдэггүй. Шинэчлэгдсэн хуулийн давуу тал буюу боломж нь хуримтлалын тогтолцоо руу шилжихийг эрмэлзсэнд оршиж байгаа юм. Өмнө нь Нэрийн дансны тухай хууль байсан ч хуримтлалаа яаж үүсгэх нь тодорхойгүй, нарийвчилсан зохицуулалт байгаагүй учраас нэрийн данс маань хоосон хэвээр үлдсэн. Харин хуулийн дагуу одоо нийт төлж байгаа шимтгэлийн 2 хувь нэрийн данс руу автоматаар орж, нэрийн данс маань мөнгөтэй болж, амилж эхэлсэн. Ажил олгогч болон ажилтны төлж буй 24 хувийн шимтгэлийн хоёр хувь нь ийшээ татагдаж орно.
Нийгмийн даатгал төлөгчдийг бухимдуулдаг нэг зүйл бол малчдын нийгмийн даатгалыг яагаад төлөх ёстой юм бэ гэдэг асуудал. Өмнө нь малчдын нийгмийн даатгалыг сайн дурын үндсэн дээр төлүүлдэг байсан. Гэвч нас нь яваад бусадтай адилхан тэтгэврийн насанд хүрнэ, нас барна гэх мэт асуудал тулгарч эхэлдэг. Ийм үед нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй малчид улсаас тэтгэвэр тэтгэмж авах ямар ч боломжгүй болдог. Ингэснээр ихэнх малчин тэтгэврийн насанд хүрээд халамжийн тэтгэвэр авдаг.
Малчдын 15, эсвэл 20 жилийн татварыг бусад нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид төлнө гэж байгаа юм биш шүү. Малчид 50 хувиа өөрсдөө заавал төлсөн байх ёстой, төлөөгүй тохиолдолд энэ зохицуулалт хэрэгжихгүй.
Цаашид халамжаас татгалзаж, халамж авагчдын тоог бууруулъя гэж бодож байгаа бол энэ шийдвэрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Тийм учраас шимтгэл төлөгчдийн тоог аль болох нэмэгдүүлэх шаардлагатай. Малчдын НДШ-ийн 50 хувийг бид төлөх юм байна гэж харах нь өрөөсгөл юм. Учир нь энэ тал дээр арай өөр зохицуулалт байдаг.
Гол анхаарах зүйл нь малчид нийгмийн даатгалаа өөрсдөө заавал төлж байж тэтгэвэр авна гэдэг зүйл заалт юм. Жишээлбэл, 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, түүнийхээ 15 жилд нь малчнаар ажилласан эрэгтэй хүн 60 насандаа тэтгэвэрт гарч болно. Гэхдээ малчдын 15, эсвэл 20 жилийн татварыг бусад нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид төлнө гэж байгаа юм биш шүү. Малчид 50 хувиа өөрсдөө заавал төлсөн байх ёстой, төлөөгүй тохиолдолд энэ зохицуулалт хэрэгжихгүй. Яагаад бид малчдад ингэж их анхаарч байгаа юм бэ гэхээр Монгол Улсын мал сүрэг төрийн хамгаалалтад байдаг. Төрийн хамгаалалтад байгаа гол суурь цөмөө, малчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс энэ зохицуулалт орж байгаа юм.
-Шимтгэл ноогдуулах орлого гэх ойлголт байгаа. Үүнийг хамгийн энгийнээр тайлбарлаж өгнө үү?
-Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтаас ажилтан, байгууллагын аль аль нь хол байхыг хүсдэг. Ажил олгогчдод НДШ нь дарамт болж, хүнтэй ажлын гэрээ байгуулаад ажиллах гэхээр НДШ өндөр гардаг. Үүнээс зайлсхийхийн тулд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээг байгуулдаг жишээ байсан. Харин одоо ингэх ямар ч боломжгүй болсон. Тодруулбал, аль алинаас нь адилхан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл авдаг болж өөрчлөгдсөн.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын төрлүүдийг заасан. Энэ орлогын төрөлд мэдээж цалин хөлс, шагнал урамшуулал, хоол, унааны мөнгө, магадгүй тухайн байгууллага ажилтныхаа орон сууцны төлбөрийг төлдөг бол түүнийг нь ч багтаана. Эдгээрээс бүгдээс нь НДШ татна.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч тухайн хүнд ямарваа нэгэн хэлбэрээр олгосон бүх мөнгөн орлогоос НДШ татдаг болсон гэдгийг анхаарах хэрэгтэй.
НДШ-ийн хувь хэмжээ багассан гэсэн бас нэг буруу ойлголт байна. Өмнө нь НДШ-д эрүүл мэндийн даатгалыг оруулж тооцдог байсан. Ажил олгогч одоо 12,5 хувь, ажилтан 9,4 хувийг төлж байгаа. Үүнд ЭМД-ийн шимтгэл болох 2 хувь нь ороогүй юм. Энэ нь тусдаа хуулиар зохицуулагддаг болсон. Өөрөөр хэлбэл, 12,5+2 хувь, 9,4+2 хувийн шимтгэлийг бид төлж байгаа. Тэгэхээр НДШ суутгадаг дүнгээс огт ялгаагүй, хуучин хэвээрээ үйлчилж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Багассан, нэмэгдсэн зүйл огт байхгүй.
Харин ажил олгогчдын хувьд гарсан нэг өөрчлөлтийг дурдъя. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлоготой холбоотой НДШ-ийг ажил олгогч 2,5 хувиар төлдөг байсан. Жишээлбэл, 100 ажилтантай байгууллага 100 ажилтандаа олгож буй цалин бүрээс 2,5 хувийг өгдөг байсан. Харин одоо 0,5, 1, 1,5, 2,5 гэх зэргээр ялгаатай болгосон. Ажил олгогч нар энэ нөхцөлд маш зөв зохицуулалт хийх ёстой. Хэдэн ажлын байранд хэдэн ажилтан ажлын байрны хэвийн нөхцөлд, хэд нь хэвийн бус нөхцөлд байна вэ гэдгээ тодорхойлох ёстой. Хэрвээ үүнийг зөв тодорхойлж чадах юм бол бусад ажлын байранд ноогдох шимтгэл багасах боломжтой.
-Цалин хөлснөөс бусад орлогод ногдох НДШ-ийн талаар товч танилцуулна уу?
-Цалин хөлс гэж юу вэ гэдгээ эхлээд бид сайн ойлгох хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлд цалин хөлсийг дөрөв ангилсан байдаг. Үүнд, үндсэн цалин, нэмээд ур чадварын, ажилласан жилийн, мэргэжлийн зэргийн гэх мэт нэмэгдэл, мөн илүү цагаар, шөнөөр, уртасгасан цагаар ажилласан гэх мэтийн нэмэгдэл хөлс, байгууллагаас олгож буй нэмэлт урамшууллууд ордог. Гэтэл энэ дөрвөөс гадна амьдрал дээр гарах боломжтой өөр кэйсүүд бий. Жишээлбэл, гэртээ хүүхдээ харж байхдаа сайн дурын даатгал төлж болно, өөрийн үндсэн ажлаасаа гадуур давхар ажил эрхэлж болдог. Энэ тохиолдолд цалин хөлсөнд эдгээр орлого багтдаггүй байсан. Харин одоо шинэчилсэн хуулийн 19 дүгээр зүйлд цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого гэж оруулж өгсөн. Адилтгах орлого гэдэг нь цалин хөлснөөс бусад арга замаар ажиллаж олсон бүх төрлийн нэмэлт орлогыг хэлж байгаа. Хамгийн энгийнээр хэлбэл ямар ч ажил эрхэлсэн бүгдээс нь НДШ суутгана гэсэн үг юм.
-Нийгмийн даатгалын шимтгэл нь аж ахуйн нэгжүүдэд маш их дарамт болж, их хэмжээний НДШ-ийн өртэй болсон тохиолдол олон бий. Хэдэн байгууллага хэр хэмжээний татвараа төлж чадахгүй байгаа талаар судалгаа байдаг уу?
-Статистик мэдээллийг 1212.mn вэб сайтаас харах боломжтой. Гэхдээ аж ахуй нэгжид ногдуулдаг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг бусад татвартай харьцуулахад нийгмийн даатгалын төлөлт харьцангуй гайгүй байдаг. Мэдээж ямар ч өргүй байгууллага гэж байхгүй. Гэхдээ олон жил дамнасан, урт хугацааны өртэй байгууллага байдаггүй.
Учир нь нийгмийн даатгалын шимтгэлийг зөвхөн байгууллага 100 хувь төлдөггүй, ажил эрхлэгч хамт төлдөг учраас хяналтаа тавиад төлөхийг шаардаж байдаг. НДШ-ийг байгууллага хугацаанд нь төлөөгүйгээс болоод ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны дараах тэтгэмжээ авч чадаагүй гэх мэт тохиолдол гарах бүрийд ажилтнууд дуугарч, хяналтаа тавьж байдаг. Ийм хяналт байдаг учраас урт хугацааны өр үүсэх тохиолдол аж ахуйн нэгжийн бусад татварыг бодвол харьцангуй бага байдаг юм. Бусад албан татварыг ажил олгогч зөвхөн өөрийн мэдлээр төлдөг учраас олон жил дамнасан өр үүсдэг.
-Хуулийн шинэчлэлтэд байгаа шимтгэлийн хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ үү?
-Нийгмийн даатгалын багц хуулийн талаар эхлээд дэлгэрэнгүй тайлбарлая. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд ажил олгогч болон ажилтанд шууд хэрэгтэй ямар зохицуулалт байгаа вэ гэвэл уг хуулиас ямар хэмжээний шимтгэл төлөх, хувь хүний ямар орлогуудаас шимтгэл суутгах, ажилласан жилүүдийг нөхөх тооцох зохицуулалт зэргийг харах боломжтой. Мөн Тэтгэврийн хууль, Тэтгэмжийн хууль гэж хоёр тусдаа хуультай болж өөрчлөгдсөн. Нийгмийн даатгалын сангаас нийтдээ өндөр настны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр гэсэн гурван төрлийн тэтгэвэр олгодог. Энд дурдах ганц өөрчлөлт бол өмнө нь тахир дутуугийн тэтгэмж гэж нэрлэдэг байсныг өөрчлөн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр болгосон явдал юм.
Байгууллага ажлын байрны нөхцлүүдээ зөв тодорхойлж, ангилж чадвал НДШ дээр хэмнэлт хийх боломжтой.
Тэтгэмжийн хуульд нийт таван тэтгэмжийн асуудал яригдана. Үүнд хөдөлмөрийн чадамжаа түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны дараах тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, 3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ч сайн дураараа нийгмийн даатгал шимтгэл төлсний тэтгэмж гэсэн шинэ зохицуулалтууд орж ирсэн.
Шимтгэлийн хөнгөлөлт нь ажил олгогчдод, төсөвт нь айхтар нэмэр болох, бодит үр дүн, өөрчлөлт авчрах хэмжээний зохицуулалт биш юм. Энэ нь ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд байгууллагаасаа нэг ч хүний хөдөлмөрийн хугацааг дуусгаагүй, цуцлаагүй тохиолдолд ажилгүйдлийн даатгал төлсөн нийт шимтгэлээс нь 15 хувийн хөнгөлөлт үзүүлэх тухай юм. Гурван жилийн хугацаанд нэг ч хүний хөдөлмөрийн харилцааг дуусгахгүй байна гэдэг бол бодит байдал дээр хэрэгжихэд хэцүү. Учир нь ажлаасаа гарах асуудал хувь хүнд тохиолдож магадгүй шүү дээ.
-Нийгмийн даатгалын багц хуульд багтсан нэг эерэг өөрчлөлт нь тэтгэвэр өвлөгдөх боломж. Гэхдээ 20 хувийг нь өвлүүлж байгаа нь арай бага гэж бодогдож байна?
-Нийгмийн даатгалын санг бүрдүүлж байгаа орлогын дийлэнх нь тэтгэвэр болж гардаг. Шинэчлэгдсэн хуулиар тэтгэвэр авах нас, тэтгэвэр авах болзол буюу хугацаанд ямар нэг өөрчлөлт ороогүй. Харин ажил олгогчдын хувьд нэг анхаарах зүйлийг дурдахад эмэгтэй албан хаагч 55 нас, эрэгтэй албан хаагч 60 нас хүрэхэд тэтгэврээ тогтоолгох цаг боллоо гэж үздэг. Гэтэл энэ тал дээр 2021 онд шинэчлэлт орж, насны хэмжээ өөрчлөгдсөнийг анхаарах хэрэгтэй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн тавдугаар зүйлийн тайлбар хэсэг дээр тухайн хүн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн ч 1961 оноос хойш төрсөн бол өндөр настны тэтгэвэрт гарах хугацаа нь жил бүр 3, 3 сараар нэмэгдэнэ гэж заасан байгаа. Тиймээс шууд 55, 60 нас хүрэнгүүт тэтгэвэрт гаргах боломжгүй болсон. Хугацааны хувьд хойшлогдож байгаа гэсэн үг. Мөн тэтгэврийн хэмжээг тогтоохдоо дараалсан 7 жилийн цалингийн дунджаар байсан нь өөрчлөгдөж 5 жилийн дундаж болсон.
Түүнчлэн тэтгэвэр бодох аргачлал өөрчлөгдөөгүй. Цалинд үндэслэсэн арга нь 1979 оноос өмнө төрсөн бүх хүнийг хамаардаг бөгөөд үндсэн тэтгэврийн хэмжээ нь сүүлийн таван жилийн цалин хөлсний дүнгийн 45 хувиар бодогддог. Энэ бодолтод одоо ч гэсэн өөрчлөлт ороогүй. 1979 оноос хойш төрсөн бүх хүн харин нэрийн дансны аргаар тэтгэврээ бодуулна. Тэд 2034 оноос эхлэн тэтгэврээ бодуулж эхлэх бөгөөд тухайн үед нэрийн данс нь ямар ч байсан хоосон байхгүй, хуримтлалтай болж байгаа гэж үзэж болно.
20 хувиар өвлөгдсөн тэтгэврийг авахын тулд эхнэр, нөхөр хамтдаа 20 жил амьдарсан, гэрлэлтээ батлуулсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа.
Сонгууль дөхөхөөр л тэтгэврийг өвлүүлдэг хуультай болъё, хамтын тэтгэвэр гэж ярьдаг. Гэхдээ ингэх боломжгүй юм. Яагаад гэвэл тэтгэврийн даатгалын сангаас зөвхөн өндөр настны тэтгэвэр олгодоггүй. Энэ сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр олгодог. Энэ санд хуримтлагдсан мөнгө гурван өөр чиглэлд зарцуулагддаг учраас үүнийг бие даасан хуулиар зохицуулах боломжгүй юм. Мэдээж өвлөгдөж байгаа гэдэг нэр томьёог хэрэглэж, өвлөгдөж байгаа нь сайн ч үр хүүхэд, гэр бүлд нь бус зөвхөн нас барсан даатгуулагчийн эхнэр, эсвэл нөхөрт нь өвлөгдөж байгаа учраас өвийн шинжээ алдаж байна гэсэн маргаан бий. Ердөө 20 хувь нь гэр бүлийн хүнийх нь тэтгэвэр дээр нэмэгдэж орохоор болсон. Энэхүү нэмэгдлээ авахын тулд эхнэр, нөхөр хамтдаа 20 жил амьдарсан, гэрлэлтээ батлуулсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа.