Дэлхийн улс төрийн газрын зурагт шинэ үеийнхэн хүч түрэн орж ирж байна. Ялангуяа Gen Z үеийнхэн нэр дэвшигч болон сонгогчийн хувиар маш олон оронд улс төрийн шийдвэр гаргалтад нөлөөлөх боломжтой болжээ.
***
Залуу сонгогчдын тоо. 2024 онд дэлхий сонгуулиар амьсгалж буй. Нийт 4.2 тэрбум хүн амьдардаг 70 гаруй улсад сонгууль болох юм. Эдгээр сонгогчдын багагүй хувийг Gen Z үеийнхэн (18-27 насныхан) эзэлж байна. Тухайлбал, 2024 оны Монгол Улсын УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 сая 230 мянган хүн бичигдсэн бөгөөд үүний 15.8 хувь нь 18-25 насны залуус юм. Насны бүлгийг илүү томсгож харвал, 25-45 насны сонгогчид хамгийн том бүлгийг буюу 50 хувийг эзэлж байна.
Харин АНУ-д ирэх 11-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд 40.8 сая Gen Z сонгогч саналаа өгөх бөгөөд үүний 8.3 сая нь анх удаа саналаа өгөх 18-19 насныхан юм. Өөрөөр хэлбэл, залуус ямар ч сонгуулийн үр дүнд нөлөөлөх хүч болон гарч ирж, энэ хандлага цаашид ч үргэлжлэх нь тодорхой байна.
Залуу сонгогчдын ирц, идэвх. Манай улсад сонгогчдын ирц тасралтгүй буурсаар ирсэн бөгөөд сонгогчдын нас ахих тусам ирц өндөр байдаг зүй тогтол ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, залуучууд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд идэвх багатай оролцсоор ирсэн. 2020 оны УИХ-ын сонгууль түүхэн дэх хамгийн сул ирцтэй (сонгогчдын 73.6 хувь саналаа өгсөн) байсан бол 2016 оны УИХ-ын сонгуульд 410 мянган залуус санал өгөх эрхтэй байснаас 50.8 хувь нь л идэвхтэй оролцсоныг Үндэсний статистикийн хороо мэдээлж байв.
Харин 2024 оны сонгуульд залуусын оролцоо нэмэгдэх төлөвтэй байна. Улс төр муухай учраас хол байя, санал өглөө гээд юу өөрчлөгдөх юм, угаасаа хөгшчүүдийн санал өгсөн хүн сонгогдоно гэх сөрөг хандлага залуусын дунд байсан бол энэ байр суурь өдгөө өөрчлөгдөж байна. Бид яагаад ингэж амьдрах ёстой юм, сонгууль бол хувь хүний эдийн засгийн байдал, эрх чөлөө, сайхан амьдрахад нөлөөлөх гол хүчин зүйл гэдгийг ойлгосон гэдгээ олон залуус илэрхийлж буй. КОВИД-19 цар тахал, зайнаас ажиллах, ажлын байрны хомсдол зэрэг нь залуучуудын ертөнцийг үзэх үзэлд багагүй өөрчлөлт авчирч, энэ нь тэдний улс төрд идэвхтэй оролцох сэдлийг нь төрүүлсэн гэж олон улсын судлаачид тэмдэглэж буй.
Олон талт үзэл бодол тээгчид. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн олон талт үзэл бодол, амьдралын хэв маягтай үе бол Gen Z юм. Тэд мөн хамгийн өндөр боловсрол эзэмшсэн үе болон хөгжиж байна. Интернэт, мобайл технологийн эринд төрж өссөн тэдний сонирхдог сэдэв дэндүү өргөн хүрээнийх. Тийм учраас улс төрийн намууд, нэр дэвшигчид сонгогчдын эл шинэ үеийг өөрийн талд хэрхэн татах, саналыг нь авах талаар цоо шинэ стратеги, кампанит ажил явуулах шаардлагатай болжээ.
Шинэ тактик, өөр арга барил. “Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад аль намыг дэмжихээ sekstsagaan bogd илэрхийлсэнд би гайхсан. Гэхдээ яагаад, юу хийснээ биднээс нуухын тулд МАН ийм хүмүүст маш их мөнгө хаяж сурталчилгаа хийж байгаад нь эгдүүцэж байна” хэмээн нэгэн Gen Z өгүүлэв. Дижитал иргэд болсон энэ үеийнхний саналыг татахын тулд залуу инфлюнсерүүд, онлайн сурталчилгаа, төрөл бүрийн дижитал платформ ашиглах гэх мэт янз бүрийн арга барил, стратегийг намууд хэрэглэхээс өөр аргагүй болж байна.
Улс төрөөс хол. Монголын улс төрд Gen Z үеийнхнийг соронз мэт татах сонирхолтой, тулхтай, ирээдүйтэй улс төрч, нам бараг алга. Уур амьсгалын өөрчлөлт, боловсролын тэгш бус хүртээмж, төрийн үйлчилгээний шинэчлэл, инновац, технологи зэрэг өргөн хүрээний сэдвийг сонирхдог тэдэнд хурга ишиг тэвэрч, хоол хийж, зам цэвэрлэж буй хоцрогдсон улс төрч, нэр дэвшигчд дэндүү уйтгартай санагдаж, жулдаж байна. Тийм ч учраас найз нөхөд, ажлынхан, коммюнити хүрээлэлдээ улс төрийн сэдвээр ярих сонирхол огт байдаггүй гэдгээ олон Gen Z илэрхийлж байлаа. Ойрын хэдэн сонгуулийн үр дүнг шийдвэрлэх боломжтой залуусыг эртнээс “тойглож”, тэдэнд зөвөөр танигдаж чадсан улс төрч л улс төрийн тавцанд амжилт гаргах боломжтой билээ.