“Нийслэлийн Орон Сууцны Корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхантай ярилцлаа.
Нийслэлийн Орон Сууцны Корпорац сүүлийн үед ямар төсөл дээр төвлөрч ажиллаж байна вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье.
“Нийслэлийн Орон Сууцны Корпорац” нь хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, шинэ суурьшлын бүс бий болгох зорилготой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Улаанбаатар хотын автозамын түгжрэл, агаарын болон хөрсний бохирдолтой холбоотойгоор “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” бодлогын баримт бичигт заасан зургаан дэд төвийг орон сууцжуулах, хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн хуучин төслүүдийг шинэчлэн сайжруулж, өмнө нь гарсан алдааг дахин давтахгүй байх дээр анхааран ажиллаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл 2013 оноос хойш 14 жил үргэлжилж байгаа ч хэрэгжилт 11 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа нь маш чамлалттай үзүүлэлт бөгөөд мөн олон тооны иргэд эдгээр төслүүдээс болж хохирсон байгаа юм.
Өмнө нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд иргэн, аж ахуйн нэгж хоёр л хоорондоо тохиролцдог байсан. Нийслэлээс зөвхөн байршлыг зааж, төслийг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг батламжилдаг. Батламж авснаас хойш төсөл хэрэгжүүлэгч болон иргэн хоёрын харилцаанд тулгуурлаж төслийн ажил үргэлжилдэг байсан. Тодруулбал, тухайн компани иргэдийн газрыг худалдан авч орон сууц ашиглалтад орох хүртэлх хугацаанд амьдрах байрных нь түрээсийн төлбөрийг төлдөг. Энэ нь төсөл гүйцэтгэж буй тухайн компанийг хөрөнгө, санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөлд оруулж, төсөл удааширч, зогсдог. Мөн газар чөлөөлөлт дээр иргэдтэй тохиролцож чаддаггүй, төслөө бусад аж ахуйн нэгжид шилжүүлсэн, үүнээс болж эхний зураг төсөл өөрчлөгдөх, сургууль, цэцэрлэг төлөвлөсөн газарт орон сууц барих, давхар нэмж барих зэрэг олон асуудал үүссэн. Түүнчлэн Нийслэлээс дэд бүтцийг бүрэн шийдэж өгөх үүрэг хүлээдэг. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй шалтгаанаас үүдэн гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл удааширч, гацсан. Энэ бүх замбараагүй байдлаас болж Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах “Долоодугаар хороолол”, Баянзүрх дүүргийн хорин тавдугаар хороонд байрлах “Натур хороолол” зэрэг ямар ч төлөвлөлтгүй хотхон, хороолол их баригджээ. Яармагт ч энэ дүр зураг бий.
Тиймээс Нийслэлээс гэр хорооллын дахин төлөвлөлтөд зайлшгүй оролцох ёстой гэсэн шийдвэр гарсан. Цаашид дэд бүтэцгүй газар дахин төлөвлөлтийн байршлыг зарлахгүй. Аж ахуй нэгж дангаараа дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж, газар чөлөөлөлтийг хийх нь хүндрэлтэй нөгөө талдаа иргэдийг хохироож буй алдааг засна. Нийслэлээс дахин төлөвлөлтийн зураг төслийг хийж, хэрэгжилтэд байнгын хяналт тавина.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор зургаан дэд төв барьж байна. Одоогоор Сэлбэ болон Баянхошуу дэд төв ашиглалтад орсон. Энэ хоёр дэд төвийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн.
Тухайлбал, Сэлбэ дэд төв дээр 28МВт хүчин чадалтай дулааны станц барьсан. Цаашид тус станцын хүчин чадлыг гурав дахин нэмэх боломжтой. Цэвэр, бохирын шугам, далан барих, хороолол дундах автозам тавих зэрэг ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн байгаа. Одоо Сэлбэ дэд төвийн 156 га талбайд гэр хорооллыг орон сууцжуулах төслийг эхлүүлээд явж байна.
Дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулахдаа “Ухаалаг төлөвлөлт-Ухаалаг дүүрэг” гэсэн төлөвлөлтийг нийслэлээс баримталж байна. Төлөвлөлтөд төрийн болон нийгмийн хэрэгцээний бүх үйлчилгээг 20 минутад авах бололцоо бүхий хүртээмжтэй байдал, замын хөдөлгөөний зөв зохион байгуулалт, аюулгүй, эрүүл орчны байдлыг хангасан, эдийн засгийн тогтвортой хөгжилтэй байх гэсэн үндсэн шалгууруудыг тавьж байна.
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хувьд 3 үе шаттайгаар хэрэгжих юм. Эхний үе шатанд 156 га талбайд газар чөлөөлөлт хийж 12,000 айлын орон сууц барина. Газар чөлөөлөхөд шаардлагатай хөрөнгө, мөнгийг шийдэж 200 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Уг санхүүжилтээр газар чөлөөлөлтийн асуудлыг 100 хувь биш ч дийлэнхийг нь шийдэх боломжтой. Бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг гадаадаас бонд босгох замаар шийднэ. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж бонд босгох зөвшөөрөл авах ажил үлдээд байгаа. Хоёр, гуравдугаар үе шатанд сэлбэ дэд төвийн ойр орчмын айл өрхүүдийг тухайн баригдсан 12,000 айлын орон сууцанд шилжүүлэх замаар газар чөлөөлөлт хийж 40,000 айлын орон сууц барих боломж бүхий 700 га газрыг чөлөөлөх юм. Тус чөлөөлсөн газрыг дэд бүтэц барьж хөгжүүлэн хувийн аж ахуй нэгжтэй хамтран барилгажуулахаар төлөвлөөд байна. гэр хорооллыг орон сууцжуулах төслийг эхлүүлэх гэж байна. Энэ төсөл нь ажлыг нийслэл гэлтгүй улсын түвшинд гэр хорооллыг орон сууцжуулж буй төслүүдээс хамгийн далайцтай гэдгээрээ анхдагч юм. Энэ ажлыг “НОСК” ТӨХК хариуцаж хийнэ.
Орон сууцны хороолол, хотхон барих зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах тендер зарлаж аж ахуйн нэгжийг шалгаруулсан. Одоо тус шалгарсан компани зураг төслийн ажлаа ид хийж байна.
Саяхан баталсан Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд ямар үндсэн зохицуулалт орсон бэ?
Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Нямбаатар ажлаа авснаас хойш дэд төв байгуулах хууль, эрх зүйн орчин бүрдээгүй учраас газар чөлөөлөхтэй холбоотой маргаан гарна гэж дүгнэсэн. Газрын харилцааны тухай хуульд газар чөлөөлөх талаар ямар нэг зохицуулалт байхгүйгээс Нийслэлээс хэрэгжүүлж байгаа төсөл гацах тохиолдол олон. Тиймээс дэд төв барих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай шинэ хуультай боллоо.
Уг хуулийн хүрээнд нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх журам баталсан. Нийт иргэдийн 70 хувь нь газар чөлөөлөхийг зөвшөөрвөл үлдсэн 30 хувьд нь нөхөн олговор олгож албадан нүүлгэх тухай тусгасан. Энэ журмын дагуу ганц нэг айлаас болж төслийн ажил зогсдог, удаашрах асуудал дахин гарахгүй болов уу. Мөн дагалдах 20 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Хот төлөвлөлтийн барилгажилтын төсөлд 70 хувь нь барилга, 30 хувь нь орон сууц гэсэн заалтыг өөрчилж 60 хувьд нь барилга, 20 хувьд нь автозам барих, ногоон байгууламжийг 20 хувьд нь байгуулахаар заасан.
Мөн газрыг орон сууцаар солих эсвэл бэлэн мөнгөөр худалдан авах, газраа өгсөн иргэдэд тухайн орон сууц ашиглалтад орох хүртэлх түр амьдрах байрны түрээсийн төлбөрийг төлөх заалт оруулсан.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь Нийслэлийн дэргэдэх “НОСК” ХК байна. Ингээд хууль эрх зүйн хүрээнд бүх асуудал шийдэгдсэн учраас төслийн ажлаа амжилттай эхлүүлээд байна.
Сэлбэ дэд төв дээр иргэдийн 95 хувь нь газраа чөлөөлөхийг зөвшөөрсөн. Тиймээс хөндлөнгийн хараат бус, мэргэжлийн байгууллагаар иргэдийн хөрөнгийг үнэлэх ажлыг эхлүүлээд байгаа. Өнөөдрийн байдлаар төслийн талбайн 30 орчим хувьд байгаа айлуудад үнэлгээ хийж, иргэдтэй хэлэлцээр хийх ажил үргэлжилж байна.
Дэд бүтэц бэлэн, газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн, орон сууцны хороолол барих ажлыг эхлүүлэх санхүүжилт 50 хувьтай. Мөн ТЭЗҮ-ийг хийж дуусахаар олон улсын байгууллагуудад танилцуулга хийх зөвшөөрөл авахын тулд Сангийн яамаар оруулахаар бэлдэж байна.
-Дахин төлөвлөлтийн санхүүжилтийг бондоор босгож чадна гэдэгт итгэлтэй байна уу?
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухайн хууль батлагдсантай холбоотой санхүүжилтийн эх үүсвэрээ өөрсдөө босгох боломжтой болсон. Энэ хүрээнд Засгийн газрын өрийн таазанд тулгуурлан Нийслэл бонд гаргах зөвшөөрлөө УИХ-аас авсан.
Олон улсын байгууллагуудын тавьж байгаа гол шалгуур нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл байх. Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах нь нийгмийн хамгийн том асуудал гэдгийг хүн бүр мэднэ. Мөн хөрсний бохирдлын асуудал ч гамшгийн хэмжээнд хүрсэн. Нийгмийн энэхүү гурван том асуудлыг шийдсэн төсөл учраас олон улсын байгууллагуудын шалгуурт тэнцэнэ гэж бодож байна. Нөгөө талдаа нийслэлд сургууль, цэцэрлэггүй хотхон маш олон бий.
Энэ мэт нийслэлчүүдэд тулгамдаад байгаа нэн чухал асуудлыг гэр хорооллын дахин төлөвлөлтөөр шийдэхээр зорьж байгаа.
-Яармагийн төлөвлөлт дээр гаргасан алдааг дахин давтахгүй гэсэн баталгаа бий юу?
-Зургаан дэд төвийн ялгарах онцлог нь “Ухаалаг дүүрэг-Ухаалаг төлөвлөлт”, “Хорин минутын хот” концепцтэй холбогдож байгаа. Яармаг болон Дөлгөөн нуурын төлөвлөлт шиг алдаа гаргахгүйн тулд Нийслэлээс захиалгаа өгч зураг төслөө хийлгүүлсэн. Бүх ажил зураг төслийн дагуу норм, стандартад нийцсэн жишиг загвар болно. Хэрэгжилтэд “НОСК” ХК хяналт тавих учраас төлөвлөлт ямар нэг байдлаар өөрчлөгдөхгүй гэдэгт итгэлтэй байна. Манай байгууллагын барьж байгаа гол зарчим бол өмнөх алдааг дахин давтахгүй байх тал дээр анхаарч ажиллах.
-Өмнөх дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжийг хамаатуулж ярихад тэдний ажил маш бүрхэг явж ирсэн. Одоогийн дэд төвийн төсөл дээр гүйцэтгэгч компанид тавьж байгаа гол шалгуур юу вэ? Иргэдийн хувьд тэдэнд итгэх итгэл нэлээн суларсан. Тэгэхээр иргэдийн итгэлийг яаж сэргээх вэ? Гүйцэтгэгч компанитай ажиллах гол зарчим юу вэ?
-Бидний хамгийн гол давуу тал бол иргэдийн “НОСК” ХК-д итгэх итгэл маш өндөр. Манайхаас хэрэгжүүлж байгаа байранд орох хүсэлтэй иргэдийн тоо, мэдээллийн санд 35 мянган иргэн бүртгэлтэй байна. Мөн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахын тулд иргэдийг түр суурьшуулах байраар хангах, газар чөлөөлөх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг.
Нөгөө талдаа бид Нийслэлийг төлөөлж байгаа учраас гүйцэтгэгч компанид хамаатай зураг төсөл батлуулах, техникийн нөхцөл авах зэрэг төрөөс авдаг олон зөвшөөрөл хялбаршуулж, цаг хугацаа хэмнэж байна. Тиймээс гүйцэтгэгч компаниуд ч хамтран ажиллах сонирхол ихтэй байдаг болов уу. Цаашид төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг өөрсдөө хийсэн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад нээлттэй.
-Та бүхэн үйл ажиллагаандаа цахимжуулалтыг хэрхэн нэвтрүүлж байна вэ?
-Монгол Улс цахимжилтад шилжиж байгаатай холбоотойгоор бид цахим болох ажлыг бүх л үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Иргэдээс ирж буй өргөдөл, хүсэлтийг ангилах, И-Монголиа системийг иргэдийн мэдээллийг татах зэрэг олон байдлаар ашиглаж байна.
Мөн иргэдийг ухаалаг технологийн тусламжтай өдөр тутмын амьдралд тохиолдож болох эрсдэл, аюул ослоос сэргийлж урьдчилан хамгаалах нөхцөлийг бий болгох бүх санаачлалыг НОСК дэмжиж, хамтран ажиллаж байна. Цахим хөгжил харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ, НОСК ХК, “Интеллигент технологи” ХХК хамтран үерийн автомат хяналтын систем буюу IOY технологид суурилсан хэт авианы мэдрэгчийг эхний элжинд Сэлбэ голын эрэг дагуу байршуулах туршилтыг эхлүүлж байна. Энэ мэдрэгчийг тавьснаар үер аюулын түвшинд ирэхэд тухайн өрхийн тэргүүний E-Mongolia apр-д мэдэгдэл ирэх юм.
-Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлтэй холбоотой залилангийн хэргүүд сүүлийн үед их гарах болжээ. Энэ талаар иргэдэд ойлгомжтой мэдээлэл, тайлбар өгнө үү?
-Иргэд дахин төлөвлөлтэй холбоотой орон сууцжуулах асуудлаар манайхаас л мэдээлэл авах хэрэгтэй. Гэтэл иргэд 5 сая, 10 сая төгрөг өгчихвөл орон сууцанд орох дарааллыг чинь урагшлуулж өгнө гэсэн этгээдүүдэд залилуулж байна. Бид энэ талаар иргэдэд зориулж сэрэмжлүүлэг, мэдээ үргэлж гаргадаг ч иргэд хууртсаар байна. Манай байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын нэрийг барих тохиолдол ч гарсан. Энэ талаар цагдаад мэдэгдэг ч тухайн байрнаас юу ч алга болоогүй, зөвхөн цоожны голыг нь сольж иргэдэд үзүүлсэн учраас хэрэг гэж авч үзэх үндэслэлгүй болдог. Манайх Сэлбэ дэд төв дээр иргэдээс судалгаа авч байхад зэрэгцээд залилагчид айлуудаар явж яг адилхан судалгаа авч байсан тохиолдол илэрсэн. Энэ мэт орон сууцжуулах төсөлтэй холбоотой залилангийн хэрэг улам нарийн зохион байгуулалттай болоод байна. Тиймээс дахин төлөвлөлтөд газар нь орж байгаа иргэд биеэрээ манайд ирж манай төслийн мэргэжилтнүүдээс мэдээлэл авч эсвэл албан ёсны хаяг руу хандаарай.