Чип үйлдвэрлэгч Nvidia компани өнгөрсөн долоо хоногт Apple, Microsoft-ийг түрүүлж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болсон.
Зөвлөх үйлчилгээний Interbrand компанийн судалгаанаас үзвэл 2023 оны сүүлчээр дэлхийн тэргүүлэх дөрвөн том брэнд нь Apple, Microsoft, Amazon, Google байв. Эдгээр нь мөн дэлхийн хамгийн үнэ цэнтэй таван компанийн нэг юм. Харин нөгөө нэг компани нь өнгөрсөн долоо хоногт Microsoft-оос илүү гарч, зах зээлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн том компани болсон Nvidia юм. Хэдий зах зээлийн үнэлгээ нь 3.1 их наядад хүрсэн ч (дээд тал нь 3.3 их наяд) Nvidia нь Interbrand компаниас гаргасан хамгийн алдартай 100 брэндийн тоонд багтаагүй нь хачирхалтай.
2022 оны эцсээс хойш хувьцааны үнэ нь ес дахин өссөн Nvidia-гийн уг түүхэн өсөлтөд хиймэл оюуны бүүмийн амин зүрхэнд оршдог график картын процессор (GPU)-ын эрэлт асар их нэмэгдсэн нь нөлөөлжээ. ChatGPT зэрэг хиймэл оюуныг сургах, ашиглахад шаардлагатай чипний зах зээлийн 80 гаруй хувьд Nvidia дангаараа ноёрхдог юм. Тус компанийн үйлдвэрлэж буй чипний гол худалдан авагчид нь технологийн цөөн хэдэн аварга компани билээ. Гэхдээ тус компанийн гэнэтийн хурдтай томролт болон хэрэглэгчдэд танил болж амжаагүй байдал нь этгээд гэмээр эрс тэс байдлыг үүсгэв.
“Дэлхийн брэндийн тавцанд шинээр хөл тавьсан Nvidia-д брэндийн үүрэг ролио өөрчлөх, ирээдүйн орлогоо хамгаалахын тулд брэндийн нэр хүндээ сайжруулах цаг ч, нөөц ч байгаагүй. Хэдий зах зээлийн үнэлгээ нь асар өндөр байгаа ч брэндийн нэр хүнд, танигдалт нь сул байгаа учраас энэ нь цаашид үнэ цэнийг нь хязгаарлаж магадгүй” хэмээн Interbrand компанийн Брэндийн эдийн засаг хариуцсан захирал Г.Силверман өгүүлжээ.
Nvidia-гийн жилийн орлогын өсөлт нь сүүлийн гурван улирал дараалж 200 хувийг давсан. 2025 онд орлого нь өмнөх жилтэй харьцуулахад хоёр дахин өсөж, 120 тэрбумд хүрэх хүлээлттэй байна.
Өнгөрсөн улиралд тус компанийн борлуулалтын 85 хувийг бүрдүүлсэн дата төвүүдийн GPU-г томоохон байгууламжуудад мэргэшсэн инженер, техникийн ажилтнууд суурилуулдаг. Гэтэл Interbrand-ийн чансааг тэргүүлдэг Apple компани iPhone зэрэг бүтээгдэхүүнээ дэлхийн өнцөг булан бүрд борлуулах замаар орлого олдог. Хоёрт орсон Microsoft компани нь ихэвчлэн байгууллагуудад борлуулалт хийдэг ч Windows, Office зэрэг программаараа олонд танигдсан билээ. Жагсаалтын гуравдугаарт буй Amazon хүн бүрийн очих дуртай интернэт дэлгүүр болохыг зорьж байгаа бол дөрөвдүгээрт жагссан Google компани нь олон сая хүний хувьд интернэтэд нэвтрэх үүд нь болдог. Жагсаалтын эхний 10-т Samsung, Toyota, Mercedes-Benz, BMW, Coca-Cola, Nike орсон байна. Харин Nvidia-гийн өрсөлдөгч, лаптоп, компьютерын процессор үйлдвэрлэгч Intel компани жагсаалтын 24-т нэрлэгдсэн аж. Гэхдээ өөр нэг чансаанаас үзвэл Nvidia брэндийн үнэ цэн бусад компанийг гүйцэж эхэлж байна. Тодруулбал, энэ сард Kantar BrandZ-ийн гаргасан чансаанд Nvidia 6-р байрт орсон нь өмнөх чансаанаас 18 байр ахисан үзүүлэлт болов.
Хэдий Nvidia олон хүний хувьд танил бус компани боловч зарим зах зээлд тэд үнэхээр давамгай байдалтай билээ. Жишээлбэл, тоглоомын улаан фенүүд тус компанийг андахгүй. 1991 онд Nvidia-г байгуулагдах үед хиймэл оюун сураггүй байлаа. Харин тус компани дижитал гурвалжингуудыг хурдан үүсгэж, зурдаг чип зохион бүтээхэд гол анхаарлаа хандуулж байв. Тус чип нь хожмоо 3D тоглоомын зах зээл асар хурдтай тэсрэхэд ихээхэн нөлөөлсөн юм.
Nvidia болон түүний GeForce брэнд нь компьютероо өөрчилж тоглоом тоглох хүсэлтэй хүмүүсийн хамгийн дотнын “туслах” нь байлаа.
Түүнчлэн дэлхий даяар 140 сая ширхэг борлогдсон Nintendo Switch консолын чипийг тус компани үйлдвэрлэдэг юм. Өдгөө тоглоомын чип нь Nvidia-гийн хувьд нийт борлуулалтын 10 хувийг (жилийн орлого нь 2,6 тэрбум ам.доллар) эзэлдэг нэг чиглэл болон агшжээ. Гэхдээ Intel-ээс ялгаатай нь Nvidia хэзээ ч сүр дуулиантай сурталчилгааны кампанит ажил хийж байгаагүй.
Nvidia-ийн хамгийн чухал бүтээгдэхүүн болох хиймэл оюунд зориулсан чипийг компани, аж ахуйн нэгжүүд авахын тулд ихэвчлэн Dell, HPE зэрэг техник хангамжийн компаниудаар дамжуулж үнийн санал авах адармаатай процессыг туулах ёстой болдог. Тэдгээр компани нь санах ой, төв процессор, бусад эд анги гэх мэтчилэн иж бүрнээр нь борлуулдаг юм. Түүнээс гадна хиймэл оюуны загварыг сургах хүсэлтэй экспертүүд ч өөрийн кластерыг үүсгэх бус клауд үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж Nvidia-гийн бүтээгдэхүүнийг түрээсэлдэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн ихэнх том брэндтэй харьцуулахад Nvidia далд фронтод, хэрэглэгчдийн нүднээс хол ажилладаг юм.
Гэхдээ л тус компани улам олон хүнд танил болсоор байна. Ялангуяа хувьцаанд хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүсийн хувьд Nvidia нь хамгийн эрэлттэй, хорхой хүргэм сонголт болоод байгааг Vanda Research-ийн судалгаа харуулсан. Түүнчлэн Interbrand-ийн Топ-100 брэндийн жагсаалтад ороогүй ч Nvidia-гийн брэндийн нэр хүнд сүүлийн 12 сард дөрөв дахин өссөн учир дараагийн жагсаалтад багтах боломжтой талаар Г.Силверман онцолжээ.