Иргэн баян бол улс баян. Win-win гэж болох ийм тогтолцоог дэлхийн өндөр хөгжилтэй, хөгжингүй улсууд нэгэнтээ бий болгож, иргэдээ сэтгэл хангалуун амьдрах боломжийг бүрдүүлжээ. Ийм хөгжилд хүрэх хамгийн ойлгомжтой арга бол иргэн бүр ажил хөдөлмөр эрхлэх билээ. Тэгвэл 2024 оны сонгуулиар улс төрийн намууд ийм боломжийг бүрдүүлэхээр юуг амлаж байна вэ?
МАН
Тус намын мөрийн хөтөлбөрийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зорилтууд дунд тоон хэмжүүртэй нэг ч заалт алга байгаа нь сонирхол татав. Хэмжиж чадвал удирдаж чадна гэдэг үгийг тус намынхан мартав уу, эсвэл дөрвөн жилийн дараа ам асуулгана гээд хаширлав уу. Эргээд үр дүн, хэрэгжилтийг нь шаардахад хэцүү, мөлгөр гэмээр 17 зорилтыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлжээ.
Хамгийн авууштайгаас нь эхэлье. “Шинээр зохистой ажлын байр, өндөр технологийн шинэ ажлын байрыг бий болгох төлөвлөгөө баталж, ажилгүйдлийн түвшнийг тууштай бууруулах бодлого баримтлана” хэмээн бодлогоо тодорхойлсон нь байгаа оносон харагдаж байна. Гэхдээ тус нам 2020 оны сонгуульд “Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж, нийгмийн халамжийг оновчтой болгон, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, хүн амын хөгжлийг хангаж, дундаж давхаргын хүрээг өргөжүүлэн монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлнэ” гэсэн амлалт өгөөд түүнийгээ өдгөө хүртэл хэрэгжүүлж чадаагүй явааг мартаж болохгүй.
2024 оны сонгуульд дэвшүүлсэн дээрх бодлогоо хэрэгжүүлэх хөшүүргийн хувьд “төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг шинээр бий болгох ажлын байрны тоог харгалзан санхүүжүүлэх”, “Зохистой ажлын байрыг бий болгох бүтээмжийн экосистемийг бий болгож, “Бүтээмжийн хувьсгал”-ыг (“Ур чадвартай ажилтан” гэсэн өөр нэг санаачилга хэрэгжүүлнэ гэжээ) санаачилна”, жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжинэ, яамд болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг бий болгосон шинэ ажлын байрны тоо, чанараар үнэлдэг болгоно” зэргийг онцолсон байна.
МАН мөрийн хөтөлбөртөө зоригтой, иргэдийн амьдралд шууд буусан, тодорхой арга хэмжээнүүдийг санаснаас цөөн оруулжээ. 2020 оны мөрийн хөтөлбөртэй нь харцуулбал нийгмийн даатгал, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэлийн талаар бараг дурдаагүй байна. Харин энэ удаад хөтөлбөртөө “Хөгжлийг хөтлөх хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмжих реформ”-д багтсан Шинэ ажлын байр хэсгийн зорилгууд хэрэгжвэл бодит эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтэд дорвитой нөлөөлөх боломжтой харагдсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүний нөөцийн багагүй хямралд орж, чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүчний хомсдолд ороод байгаа хөдөлмөрийн зах зээл болон нөгөө талаас ажил хийх сонирхолгүй, цалингаа голдог, нийгмийн халамжаар өдөр хоногийг өнгөрүүлэх хүсэлтэй эсвэл гадаадад гарч ажил эрхлэх зорилготой иргэд гэсэн ацан шалааг шийдвэрлэхэд тус намын мөрийн хөтөлбөр хангалттай эсэх нь тун эргэлзээтэй юм. Гэвч 2016 онд ажилгүйдлийн түвшин 10 хувь байсан бол 2022, 2023 онуудад харгалзан 6.7, 5.4 болж буурсан нь чамлахааргүй үзүүлэлт. Социал демократ үзэл баримтлалтай тус намын хүний хөгжилд чиглэсэн зорилгуудыг бүрэн судлахын тулд боловсрол, аж үйлдвэржилт, нийгмийн чиглэлийн бусад зорилгууд мөрийн хөтөлбөрт нь хэрхэн туссаныг давхар судлах нь сонгогч танд зөв сонголт хийх, зөв дүгнэлт хийхэд туслах юм.
АН
Хүний хөгжлийг дээдэлсэн бодлогын үр дүнд хөгжсөн улсуудын жишгийг бодож үзвэл сүүлийн найман жилд хямралтай байсан АН-ын хувьд энэ удаа УИХ дахь суудлын тоогоо нэмэгдүүлэх нэг гол “хөзөр” нь хөдөлмөр эрхлэлт байх учиртай. Гэхдээ тус нам үүнд хэр ач холбогдол өгч, мөрийн хөтөлбөртөө тусгав?
Иргэдийн хүлээлтэд хүрэхээргүй зорилгуудыг дэвшүүлжээ гэж товч дүгнэж болох. Мөрийн хөтөлбөрт нь багтсан заалтуудаас “Ажилгүйдлийн түвшнийг 5 хувиас бага байлгах хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тогтолцоог бүрдүүлнэ”, “хөдөлмөрийн нөөцийн үр ашигтай удирдлагыг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Үндэсний бүтээмжийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ” гэж тусгасан нь нүдэнд хамгийн түрүүнд тусахаар онцлох зорилгууд байлаа.
Түүнчлэн цалин хөлсийг ажлын байранд өнгөрүүлсэн хугацаагаар бус ажлын үр дүнгээр тооцдог аргачлалыг нэвтрүүлэх, ажил хайгчдыг ажлын байранд нийцүүлэхийн тулд хиймэл оюун ухаан, дэвшилтэт техник, технологи ашиглах зэрэг хэрэгжүүлэхэд адармаатай зорилгуудыг дэвшүүлжээ.
Олзуурхууштай нь, мэргэшсэн ажилтны баталгаажуулалтын үндэсний тогтолцоо, ослын даатгалын тогтолцоо, хөдөлмөрийг үнэлэх үнэлгээний арга зүй, оролцогч талуудын эрх ашгийн тэнцвэрийг хангах хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалт зэрэг тодорхой, чимхлүүр зорилгуудыг оруулсан нь мөрийн хөтөлбөртөө харьцангуй судалгаатай хандаж гэсэн сэтгэгдлийг төрүүлэв.
ХҮН
Тус намын мөрийн хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлттэй холбоотой товч бөгөөд цөөхөн хэдэн зорилго байна. Тодруулбал, залуучуудын ажиллах нөхцөлийг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэн, эмэгтэйчүүдийн асрахуйн зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгох, залуусын ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор зайнаас ажиллах, цагаар ажиллах талаарх эрхзүйн орчныг сайжруулж, хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцон олгодог зохицуулалтыг бий болгох, эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцоог өсгөхөөр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Сонирхолтой нь эл гурван нам мөрийн хөтөлбөртөө асрахуйн ажил хөдөлмөрийн талаар багтаасан бөгөөд ХҮН намын хувьд цалин хөлсгүй асрахуйн ажлыг багасгана гэж дурдсан байна.
Гэхдээ тус намын мөрийн хөтөлбөрийн “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих” тухай багц зорилгуудад макро түвшний том зорилтуудыг тусгасан нь зарим талаар хэт ерөнхий, биелэлтийн үр дүнг нь дүгнэх боломжгүй болгожээ.