Хиймэл оюун аюултай. Гэхдээ гол аюул нь Холливудын кинонд гардаг шиг хүн төрөлхтнийг устгахаар шийдсэн өршөөлгүй супер ухаан биш юм. Харин эрчим хүчийг ханаж цадахгүй хэрэглэж, нүүрстөрөгчийн ул мөрийг нэмэгдүүлж байгаа нь түүний тарих гол аюулын тоонд орж байна.
Зохиогчийн эрхийг зөрчих, ажлын байрыг үгүй хийх, мөн мэдээж хүний хяналтаас гарсан алуурчин робот зэрэг эрсдэлтэй нь харьцуулбал байгаль орчинд үзүүлэх хиймэл оюуны сөрөг нөлөө Засгийн газар, хэрэглэгчдийн санаа зовох ёстой аюулын жагсаалтад хамгийн хойгуурт бичигдэж байна. Гэвч хиймэл оюуны том моделиудыг сургах, ашиглахад эрчим хүч, усны хэрэглээ ихээхэн нэмэгдэж, нүүрстөрөгчийн ялгарал, электрон хог хаягдын хэмжээ ихэсдэг талаар сүүлийн үед шинжээчид онцолж эхлэв.
OpenAI-ийн ChatGPT дээр нэг асуулт бичихэд төдий л их эрчим хүч зарцуулахгүй мэт танд санагдах болов уу. Гэвч сар бүр 200 сая хүн ийм үйлдэл хийдгийг тооцож үзэх хэрэгтэй юм. Хиймэл оюун дээр нэг хайлт хийхэд Google-ийн уламжлалт хайлттай харьцуулбал 50-90 дахин их эрчим хүч хэрэглэдэг болохыг Глазгогийн их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны профессор В.Вандербаухедын судалгаа харуулсан.
Хиймэл оюун ашиглаж зураг үүсгэхэд бүр ч их эрчим хүч шаардагдаж, илүү их нүүрстөрөгч ялгардаг байна.
Карнеги Меллон их сургууль, Hugging Face стартапын судалгаанаас үзвэл хиймэл оюунаар нэг зураг үүсгэхэд 522 гар утас цэнэглэсэнтэй тэнцүү хэмжээний эрчим хүч хэрэг болдог байна. Харин ийм 1000 зураг үүсгэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй машинаар 6.5 км явсантай тэнцэхээр нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг аж.
Хиймэл оюун улам хүчирхэг болж байгаа учраас эрчим хүчний хэрэглээ нь тэр хэрээр өсөх төлөвтэй. Өнгөрсөн тавдугаар сард OpenAI, Google, Microsoft компаниуд текстийг видео болгох чадвартай хиймэл оюуны шинэ функцүүдийг танилцуулсан. Эл функц нь текстийг зураг болгохтой харьцуулбал бүр их эрчим хүч ашиглана.
Тодорхой бус чиглэл
“Статистик тоо гаргахад эрт байгаа ч хиймэл оюун нь хүрээлэн буй орчинд улам их нөлөөлж байгаа нь гарцаагүй” гэж GlobalData-ийн аналист Р.Притчард онцлов. Тэрбээр “уг нөлөөний гол эх үүсвэр нь сүүлийн үед борооны дараах мөөг шиг олширч буй дата төвүүд бөгөөд тэдгээрийн ус, цахилгааны хэрэглээ маш их” хэмээн Nikkei Asia-д ярьжээ. 2022-2026 онд дэлхийн дата төвүүдийн цахилгааны хэрэглээ хоёр дахин нэмэгдэж, 2026 онд 1000 тераватт цаг болно. Энэ бол Япон улсын жилийн хэрэглээтэй бараг тэнцэх хэмжээний эрчим хүч юм. Гэвч хиймэл оюун нь тухайн улсын эдийн засгийн хөгжил, геополитикийн өрсөлдөх чадварт ихээр нөлөөлөх нь тодорхой учраас дата төв барихаар дэлхийн улсууд уралдаж байна.
Зүүн Өмнөд Азийн дата төвүүдийн хааб болоод буй Сингапур 2019 онд ийм төв байгуулахаа түр зогсоосны дараа энэ жилээс эхлээд дата төвүүдийн хүчин чадлаа гуравны нэгээр нэмэхээр шийдсэн бол Малайз улсад Google-ийн шинэ дата төв баригдах гэж байна. Харин БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээний өсөлт дэлхийд тэргүүлэх бөгөөд 2026 он гэхэд эл хэрэглээний 6 хувийг дата төвүүд нь эзлэх бололтой.
Дата төвүүд нь эрчим хүчнээс гадна усаар байнга “цангаж” байдаг. Эдгээр төвийн тоног төхөөрөмж нь өгөгдөл боловсруулахдаа маш их дулаан ялгаруулдаг учраас тэдгээрийг хөргөхийн тулд их хэмжээний ус ашигладаг аж. БНХАУ-д ажиллаж буй дата төвүүдийн усны жилийн хэрэглээ нь 1.3 тэрбум куб.метр байдаг гэж Хонконгт төвтэй China Water Risk тинк-танк тооцоолжээ. Энэ нь 13.7 сая хүн амтай Тьянжин хотын усны жилийн хэрэглээнээс бараг хоёр дахин их юм. Харин 2030 онд тус улсын дата төвүүдийн усны хэрэглээ нь 3 тэрбум куб.метр болж, Сингапур улсын жилийн усны хэрэглээтэй тэнцэх магадлалтай байна.
Байгаль орчны зардал бол санхүүгийн зардал
Хиймэл оюун моодонд орж эхлэхээс ч өмнө технологийн томоохон компаниуд (мэдээж хиймэл оюунаар тэргүүлж буй компаниуд үүнд багтана) байгаль орчинд үзүүлэх нөлөөгөө бууруулах амлалт өгсөн билээ. Зарим нь 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглах, нүүрстөрөгчийн ялгарлаа тэглэх зорилтыг дэвшүүлж байв. Гэвч хиймэл оюуны хэрэглээ эрс өссөн нь тэдний эл амлалтад дарамт болж эхэллээ. Учир нь эрчим хүчээ хэмнэхийн тулд зардлаа нэмэгдүүлэхээс өөр аргагүй.
“Мөнгөнд анхаарахын тулд байгаль орчинд анхаарахгүй байхаас өөр аргагүй” гэж Калифорнид төвтэй чип үйлдвэрлэгч нэгэн компанийн нэрээ нууцлахыг хүссэн захирал өгүүлж байв. “Хиймэл оюуны шинэ чип эрчим хүчний хэр их хэмнэлттэй вэ гэж манай харилцагч нар асуухдаа уур амьсгалд ашигтай байхыг бус харин эрчим хүчнээс хэр их мөнгө хэмнэх вэ гэдгээ л сонирхдог” хэмээн тэрбээр нэмж хэлсэн юм.
Хэлний том модель (LLM) дээр суурилсан хиймэл оюун байх тусам чадал нь нэмэгддэг. Тухайлбал, GPT-3 нь 175 тэрбум параметртэй модель бол GPT-4 1.8 их наяд параметртэй болсон. 2021 онд БНХАУ-ын Alibaba компани 10 их наяд параметр бүхий М6 моделийг бүтээж байв. Параметр нэмэгдэх тусам хиймэл оюуны моделийг сургах, ашиглахад шаардлагатай тооцоолол, өгөгдөл боловсруулалт нэмэгдэх агаад энэ нь илүү их чип, эрчим хүч ашиглана гэсэн үг юм. Дэлхийн тэргүүлэх чип үйлдвэрлэгч Nvidia компани жилд 7.3 терраватт эрчим хүч хэрэглэх хүчин чадалтай 100 мянган хиймэл оюуны серверийг 2023 онд борлуулсан гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдсэн. Үүнд орсон 2 сая чипийг ажиллуулах эрчим хүчний төлбөр асар их байх нь гарцаагүй билээ. Гэхдээ дараа үеийн Blackwell GPU чип нь өмнөх Hopper загвараас 25 дахин бага эрчим хүч хэрэглэдэг болно гэж тус компани мэдээлээд байна.
Гэхдээ чипний үзүүлэлтийг сайжруулсан ч физикийн хуулийг зөрчих боломжгүй, учир нь “том моделиудын тооцооллын ачаалал тэр хэрээр их байдаг” гэж Nexa AI стартапыг үүсгэн байгуулагч А.Чен өгүүлэв. Аварга том, 10 их наяд параметр бүхий модель бүтээхийн оронд клауд тооцоолол шаарддаггүй, жижиг хэмжээтэй, төхөөрөмж дээр сууж ажилладаг модель ашиглахад салбарын компаниуд илүү анхаарах ёстой гэсэн саналыг тэрбээр дэвшүүлсэн юм.
Хиймэл оюун аварна
“Ойрын ирээдүйд, нэг л өдөр хүн төрөлхтөн дэлхийн км бүрийн цаг агаарыг урьдчилан мэддэг болно” гэж Nvidia компанийн захирал Ж.Хуан зургаадугаар сарын эхээр Тайваньд болсон арга хэмжээний үеэр мэдэгдсэн. Энэ нь уур амьсгалын гэнэтийн өөрчлөлт, үзэгдлийг урьдчилан таамаглахад хиймэл оюуныг ашиглах боломжтой гэж үзэж байгааг нь харуулсан юм.
Хиймэл оюун нь асар их мэдээллийг боловсруулахдаа улам гарамгай болж байгаа, харин уур амьсгалын өгөгдөл нь асар их бөгөөд цогц байдаг учраас хиймэл оюун нь ой хээрийн түймэр, үер зэрэг байгалийн онц ноцтой үзэгдлийг урьдчилан таамаглах, улмаар урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой билээ.
Түүнчлэн нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох замаар 2030 он гэхэд дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг 5-10 хувиар бууруулах боломжийг хиймэл оюун олгоно гэж Boston Consulting Group-ийн тайланд дурдсан. Энэ нь Европын холбооны жилийн нийт ялгаралтай тэнцэх хэмжээ юм.
“Илүү зөв шийдвэр гаргахад хиймэл оюун хүн төрөлхтөнд туслах нь гарцаагүй. Гэхдээ гол асуудал нь хиймэл оюуны ашиглаж буй эрчим хүчийг үйлдвэрлэх, хадгалах, түгээх, ашиглах арга замыг эхлээд оновчтой шийдэхэд оршиж байна” гэж Foothill Ventures-ийн Э.Розеблаум онцолжээ.
Эх сурвалж: Asia Nikkei
Нийтлэлийг Ифан Ю