Аялагч бүрийн онцлогт тохируулан хөтөлбөр зохиож, аяллын хугацаа дуусах хүртэл цахимаар холбогдон аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан шинэлэг бизнес болох Tickets in China аяллын цахим хөтчийн үйлчилгээг танилцуулж байна.
Монгол орныхоо бүтээгдэхүүн, өвөрмөц соёлыг гадны орнуудад экспортолж эх орныхоо эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулах нь Tickets in China үүсгэн байгуулагч, хоёр хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй П.Урангоогийн мөрөөдөл юм. Түүний хувьд аяллын цахим хөтчөөр ажиллаад зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Анх бизнесийнхээ санааг ойр дотны хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Хятад улс руу тийз захиалга, зочид буудал захиалга, машин тосох үйлчилгээ гэх мэт жижиг ажлуудыг гүйцэтгэхээс эхэлж байсан. Түүний зөвлөгөө, тусламжийг авсан хүмүүс нэг нэгэндээ санал болгосоор үндсэн ажлынхаа хажуугаар хийдэг тогтмол ажил нь болж хувирсан байна. Аяллын цахим хөтөч П.Урангоогийн хувьд 2012 онд Хятад улсын Тяньжин хотод Эдийн Засгийн Их Сургуулийг олон улсын худалдаа чиглэлээр суралцан бакалаврын зэргээ хамгаалсан учраас тус аяллыг зайнаас удирдан чиглүүлэхэд хүндрэл учирдаггүй байна.
Мэргэжлийн цахим хөтөч хэрхэн ажилладаг вэ?
Аяллын цахим хөтчийн үйлчилгээ нь Хятад, Солонгос, Япон, Итали зэрэг улс руу аялах хөтөлбөрийг аялагч бүрийн онцлогт тохируулан хүссэнээр нь гаргаж, аяллын хугацаа дуусах хүртэл маршрутын дагуу хаана, хэрхэн, ямар хуваариар зорчих зааврыг цахимаар холбогдон хүргэж, аялагчдад тулгарах асуудлыг тухай бүрт нь цаг алдалгүй шийдэж өгөх үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг авах процесс нь Tickets in China пэйж хуудсаар холбогдож тухайн хүн очихыг хүссэн газрынхаа мөрөөдлийн аяллын зургаа гаргуулах боломжтой. Үүний дараа хэрэглэгч өөрийн төсөвтөө тохируулан аяллын маршрутаа дахин зөвлөлдөж нэмж эсвэл хасаж шинэчлээд, нийт шаардагдах үнийн дүнг эцсийн байдлаар тооцуулан маршрутаа баталдаг. Үүнд байрлах газар, үзэх үзвэр, үзэсгэлэн худалдааны байршил, суух метро, унаа хоорондын зайн мэдээлэл, үнийн бодит судалгаа, орчуулга, найдвартай байдал зэрэг бүгд орно.
Хүн бүрийн хэрэгцээ шаардлага, төсөв өөр учраас зөвхөн өөрт тохирсон аяллын хөтөлбөрийг боловсруулж өгдөг.
Хэрэглэгч хүлээн зөвшөөрснөөр төлбөрөө 100 хувь баталгаажуулж Wechat ашиглан холбогдсоноор хөтчийн үндсэн бэлтгэл ажилдаа ордог байна. Төлбөрөө баталгаажуулж мөнгөө шилжүүлсний дараагаас хэрэглэгчдийн айдас улам нэмэгддэгийг мэдэх учраас тэр өдөртөө багтаан шуурхай ажлаа эхлүүлж, тухайн улсын газруудтай холбогдож, үйлчлүүлэгчиддээ нэгтгэсэн аяллын хуваарь, тасалбар, захиалгын хуудас болон метроны газрын зургийн хамт илгээнэ.
Цахим хөтчийн үйлчилгээг авсан хүн мэргэжлийн хүндээ хандсан гэдэгтээ итгэж болно. Бүх мэдээлэл нь нээлттэй, ойлгомжтой. Хэрэгцээ шаардлагыг цаг алдалгүй шийдэж өгдөг. П.Урангоо нь олон улсын худалдааны чиглэлээр төгсөөд эх орондоо мэргэжлээрээ дагнан ажиллаж Говь ХК, MCS International, Таванбогд Протерти, Оюу толгой зэрэг томоохон байгууллагуудын төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Тухайн ажлыг хийсэн туршлагынхаа үр дүнд хамгийн гол нь хаана ямар үйлчилгээ нь сайн байх вэ гэдэг судалгааг сайн хийж чаддаг.
Аялахаар очиход юунд ч санаа зовохгүй байхаар бүгдийг зохицуулахад 100 хувь анхаарч ажилладаг.Мөн анх холбогдсон цагаас л хэрэглэгчийнхээ айдас, эргэлзээг багасгах зорилгоор Tickets in China гэсэн албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан захиалгаа авдаг. Энэхүү хуудсандаа өөрийн нүүр царайгаа гаргасан заавар зураг бичлэгүүд, хүмүүсийн сэтгэгдэл зэрэг олон зүйлс байршуулдаг байна.
Зөвхөн 2024 оны тухайд 120 гаруй хүнд цахим хөтөч үйлчилгээгээ хүргэж чадсан. Насны хувьд 6-9 насны хүүхдүүд, 30-45 насны эцэг эхчүүд дийлэнх нь байна. Нийт үйлчлүүлэгчдийн 72 хувийг эмэгтэй үйлчлүүлэгчид эзэлж байгаа бөгөөд 35-44 насны эмэгтэйчүүд захиалгын хамгийн их буюу 35%-ийг эзэлжээ. Мөн энэ насны эрэгтэй үйлчлүүлэгчид 15 хувийг эзэлдэг байна. Нийт захиалагчдын 90% нь Улаанбаатар хотоос холбогддог бөгөөд Сайншанд болон Дорноговь аймгаас 5%, цөөхөн тоогоор Япон, Солонгос болон Швед улсаас холбогдон энэхүү үйлчилгээг аваад буй юм. Дан ганц хувь аялагчдаас гадна бизнесийн аяллын захиалгыг ч авдаг. Ихэнхдээ байгууллагууд бүтээгдэхүүнээ хөгжүүлэхээр Хятадаас шинэ хамтрагч, харилцагчаа олох зорилгоор явдаг. Бүтээгдэхүүнээ хөгжүүлэх ажил нь шийдэгдэж чадвал чадах хэмжээгээр дахин туслахад нээлттэй сэтгэлээр хүлээж авдаг.
Цахим хөтчийн үйлчилгээг сонгосноор санхүүд хэмнэлттэйгээр өөрийн хүссэнээрээ аялах боломжтой.
Одоогийн байдлаар 24/7 холбогдох шаардлага гардаггүй учир нь манай улс цагийн зөрүү бага учраас шөнийн цагаар амарч чаддаг. Нэг удаагийн хөтөлбөртөө 20-с илүү аялагчдыг бүртгэдэггүй. Энэхүү цахим хөтчийн үйлчилгээг сонгосноор хөтөч орчуулагчийн зардлыг хэмнэх давуу талыг олгодог байна.
Цахим хөтөч аялагчийн ямар эрсдэлийг арилгадаг вэ?
Тус аяллын хөтчийг сонгосон хүмүүсийн дийлэнх нь Хятад улс руу огт явж байгаагүй, хятад хэлгүй, ганц бие ээжүүд, найз охидууд, бага насны хүүхэдтэй гэр бүлүүд хамрагддаг байна. Хүмүүс аялахаасаа өмнө маш их айдастай, эргэлзсэн өөртөө итгэлгүй байдаг бөгөөд энэхүү үйлчилгээг авсны дараа өөртөө итгэх итгэлийг олж авдаг. Хятадад бүх хаяг байршил, тайлбар нь ойлгомжтой байдаг учраас хурдан ойлголцож, анх очихдоо мэдэрч байсан айдсаа даван туулж чаддаг. Аяллын дараа өөртөө итгэх итгэл нэмэгдэж, цаашид ганцаараа хөтөчгүй ч явж болох юм байна гэсэн зоригтой болдог. Мөн Монгол хүмүүс англи хэл мэддэг, бас биеийн хэл, дохио зангааг сайн ашиглаж ойлголцож чаддаг байна.
Ихэнх аялагчдын мэдэхгүйгээс болж гаргадаг нийтлэг хэдэн дутагдал байдаг. Үүнээс дурдвал: цонхгүй зочид буудал захиалах, хотын төвөөс хол зочид буудал захиалах, метроноос хол буудал захиалах, хоолоо захиалж чадахгүй байх, нарийн ортой өрөө захиалах зэрэг нь аяллыг тухгүй болгодог асуудлуудын нэгэн жишээ билээ.
Аялагчдын гаргадаг бас нэг алдаа нь төсвөө хэт бага төсөвлөөд хямд тухгүй буудалд орчихдог эсвэл аялал жуулчлалын цахим платформ ашиглахдаа буух буудлынхаа үнэлгээг зөв харж сураагүй байдаг. Үүнээс улбаалан хямд үнэдээ таарсан муухай үнэртэй, цонхгүй, метроноосоо хэт хол, гадаад иргэн хүлээн авдаггүй зочид буудал сонгож тав тух алдагдаж их ядардаг.
Аяллын цахим хөтчийн үйлчилгээний бүх мэдээлэл нээлттэй, ойлгомжтой. Тусламжийн асуудлыг цаг алдалгүй шийдэж өгдөг.
Хүүхэдтэй хүмүүс олон хүнтэй нэг ижил хөтөлбөртэй аяллаар явахаар ямар нэг зүйлд баригдаад хүссэн бүхнээ үзэж чаддаггүй. Ганцаарчилсан хөтөч авахаар санхүүгийн хувьд өртөг өндөртэй болдог. Энэ бүрт цахим хөтөчийн үйлчилгээ аялалд тохиолдож болох хүндрэлүүдийг хэлж, зөвлөн урьдчилан сэргийлдэг учраас хүмүүс маш эергээр хүлээн авч,сэтгэл хангалуун үлддэг. Гоё аяллыг бий болгохын тулд хамгийн чухал нь та эхлээд сайхан амарсан байх ёстой. Буудал бол тав тухтай аяллын хамгийн чухал хэсгийг бүрдүүлдэг гэж аминчлан захив.
Ажлаасаа аз жаргалыг мэдрэгч
Tickets in China-ийн үүсгэн байгуулагч П.Урангоо нь ажлаа сэтгэлээсээ мэргэжлийн түвшинд хийж, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлснээр цахим хөтчийн үйлчилгээг сонгосон аялагчид амнаас ам дамжин ярьж бизнес болтлоо хурдацтай өсжээ. Улмаар одоогоос хоёр сарын өмнө үндсэн ажлаа хүлээлгэн өгснөөр хувиараа бизнес эрхлэгч болоод буй юм.
Энэхүү шийдвэрийг гаргахад тун амаргүй байжээ. Түүний хувьд үндсэн ажил нь үнэхээр таалагддаг ч төрсний дараах сэтгэл гутралд орж орхигдсон, ганцаардсан, мэдрэмжүүд ихээр төрж хүнд цаг үеийг нэлээд хугацаанд туулснаар өөртөө илүү их цаг гаргах хэрэгтэй болсноо ойлгосон тухайгаа хуучилсан юм. Харин одоогийн цахим хөтчийн ажилдаа сэтгэл хангалуун байдаг. Учир нь хайртай гэр бүлдээ болон өөртөө чанартай цагийг хүссэн үедээ гаргаж, өөртөө болон дотны хүмүүстээ бүрэн дүүрэн хайраа зориулах боломжтой болсон нь тун таалагджээ. П.Урангоо дөнгөж зургаахан настай байхдаа Монгол Улсаас Чех улс хүртэл 24 машинаар гэр бүлээрээ газрын аялал хийж байсан аяллын дурсамжийг тод санадаг байна. Дүүтэйгээ наадаж тоглон амьдралдаа анх удаа сосиски, нүд амтай зайрмаг идэж, транбайнд сууж, модноос нь алим унагаж байсан гээд л одоо ч тэр үеийн амссан хоолны амт, үйл явдлыг тод санаж буйгаа өчигдөрхөн болсон мэт дурссан юм.
Жилдээ нэг удаа заавал ойрхон аяллыг ганцаараа хийж хэвшсэн. Хэдий бага насны хоёр хүүхэдтэй ч гэр бүлийн хүн нь түүний хоббиг дэмждэг учраас ар гэртээ санаа зовохгүйгээр явж чаддаг байна. Түүний хувьд аялал бол тархиа амраах, өөрийгөө цэнэглэх энергийн хүч нь болдог. Аяллаас мэдэрсэн тэрхүү эрч хүч, энергиэ буцаагаад гэр бүлдээ зориулж чаддаг. Гэр бүл зохиосны дараагаар нөхөр хүүхдийн хамтаар Турк улс руу аялж байсан удаатай. Энэ нь гэр бүлдээ маш чанартай цаг гаргах хамгийн тохиромжтой мөч болж өгчээ.
Аялал дандаа шинэ мэдрэмжийг өгч, хүний амьдралын түүхийг гэгээлгээр бичих дурсамжийн чимэг болдог. Тэрхүү гоё дурсамжаа бүтээхэд нь Tickets in China аяллын үйлчилгээгээр дамжуулан бага ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаадаа П.Урангоо ихэд талархдаг нь илт байлаа. Цаашид одоогийн хийж байгаа ажлынхаа зарим хэсгийг технологижуулж вэб сайттай болохыг зориод байна. Хятад хүмүүс Өвөр Монголд очсон бол Монгол орныг үзчихлээ гэж ойлгодог. Тиймээс тэдэнд тусгаар тогтносон Монгол орны онгон зэрлэг байгаль, соёлыг харуулахыг зорин гадаадын аялагчдыг эх орондоо авчирч хөтөч хийхээр төлөвлөж байна.
Хүмүүс заримдаа хүүхдийн нас бага, аяллын сайхныг мэдэхгүй гэж ойлгоод аялалд явах хугацаагаа хойшлуулсаар байдаг. Гэвч таны дурсамжинд алаг үртэйгээ өнгөрүүлсэн аз жаргалтай дурсамж үлдэх тул та энэхүү боломжийг бүү хойшлуулаарай хэмээн инээмсэглэн энэхүү ярилцлагаа дуусгалаа.
Урангоотой хамтран ажиллах үнэхээр таатай байсан. Багахан ч гэсэн хугацаанд ийм сайхан бүсгүйтэй хамтран ажиллах боломж гарсанд баяртай байна. Ажил амьдралд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.IC team номин