Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг юу тодорхойлох вэ? Байршил, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, интерьер дизайн уу? Таны толгойд хамгийн түрүүнд орж ирсэн байж болох эдгээр шалгууртай харьцуулашгүй нэг зүйл бол барилгын чанар билээ.
Нэгэн жишээ: Манай улсын барилгын компаниудын хэрэгжүүлж буй төслүүд олон үзүүлэлтээр дэлхийн жишигт хүрсэн. Домофон систем, ухаалаг гэрэл, зочноо хардаг камер, европ хаалга, цонх, итали ванн гээд эзэмшигчийн тав тухыг хангасан бүхий л зүйлсийг үл хөдлөх хөрөнгө хэрэгжүүлэгчид амлаж, түүнийгээ ч хэрэгжүүлж чадаж байна. Гэхдээ тэрхүү тансаг обой, шилэн фасадны цаана байгаа барилгын бат бөх чанар, эдэлгээг илэрхийлдэг бетон хэр чанартай вэ гэдгийг төсөл хэрэгжүүлэгч олон нийтэд ил тод, зоригтой зарлаж, маркетингдаа ашиглах юм бол өрсөлдөгчдөө хол хаяж, давуу талтай болох цаг айсуй.
Нэгэн жишээ: 2023 оны хоёрдугаар сард Турк улсад болсон хүчтэй газар хөдлөлтөд 240 мянган барилга сүйрч, эвдэрсэн. Тэдгээрийн нэг нь “диваажингийн орон зай” хэмээн сурталчилж байсан тансаг зэрэглэлийн орон сууцны “Ronesans Rezidans” төсөл байв. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй барилга хэмээн сурталчилж байсан энэ барилгад шаардлага хангасан бетон, сайн арматур бараг ашиглаагүй байсан талаар оршин суугчид нь гомдоллож, газар хөдлөлтийн дараачаас туркчуудын уур хилэнг хамгийн их хөдөлгөсөн төслийн нэг болсон юм. Барилгын материалын чанарыг огоорч, хямд материалаар асар богино хугацаанд барьсан нь ийм олон барилга нурсны гол шалтгаан байлаа. Туркийн нурсан барилгууд нь өдгөө дэлхийн барилгын салбарынхны хамгийн их судалдаг кэйс болсон. Манай улсын барилгын компаниудын төлөөлөл ч тус улсад очиж, туршлага судалж байна.
Бие жижиг ч бэлчээр том
“Smartrock” бол барилгын арматурт байрлуулж, бетоны температур, бат бэхийн үзүүлэлтийг нь төсөл хэрэгжүүлэгч компанийн инженер, удирдлагын гар утас руу тогтмол илгээдэг ашиглахад маш хялбар, ухаалаг мэдрэгч юм. Уг мэдрэгч нь их бие, үзүүрээрээ тус бүр хоёр утга, нийт дөрвөн утгыг батерейгаа дуусах хүртэл буюу зургаан сарын хугацаанд өдөр бүр 15 минутын давтамжтай ирүүлдэг.
Практик ач холбогдлын хувьд “мэдээлэлд үндэслэсэн, цаг хугацаа, хамгийн гол нь зардал хэмнэсэн шийдвэр гаргах боломжийг тухайн төслийг хариуцаж буй барилгын инженерт олгодог” гэж “Намнан индастри” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхбаатар онцлов. Тус компани “Smartock” мэдрэгчийг үйлдвэрлэдэг Канадын “Giatec Scientific Inc” компанийн албан ёсны дистрибютер юм. “Барилгын инженерүүдийг аз жаргалтай болгодог” гэж онцолж болох уг мэдрэгч нь бетоны температур, бат бэхийн мэдээллийг хүссэн бодит хугацаанд инженерт өгдөг учраас хэзээ арчилгаа хийх, хэв хашмал, тулаасаа хэзээ авах, бетон бат бэхээ авсан бол дулаалах, хучих, нэмэлт дулаан өгөх гэх мэт шаардлагагүй ажлыг алгасах зэрэг бүтээцтэй холбоотой чухал шийдвэрийг тоон утга дээр үндэслэж, цаг тухай бүрд нь гаргах боломжийг инженерүүдэд өгдөг байна. Ингэснээр инженерүүдийн ажил маш эмх цэгцтэй, найдвартай болж, энэ нь тухайн төслийн хугацаа, төсвийг хэмнэдэг аж. Энэ бол барилгын салбарт дижитал шилжилт нэвтэрч буйн нэг тод жишээ юм.
Бетоны бат бэх, төлөвшлийг бүтээц багана дээр шмитийн алхаар тодорхойлох, хэт авианы тархалтын хурдаар шалгах, эвдэх зэрэг механик аргууд хэрэглэдэг ч эдгээр нь “Smartrock”-той харьцуулахад тус бүрдээ сул талтай. Тухайлбал, хэт авианы тархалтын хурдаар бетоны бат бөхийг шалгахад үзүүлэлт нь өндөр гарах, бүтээц эвдэж өрөмдөхөд багана тус бүрээс дээж авдгаас маш олон зөрүүтэй утга гарах гэх мэт дутагдал байдаг. Хамгийн гол нь эдгээр туршилтын хариу тодорхой хугацааны дараа гардаг учраас барилгын улирал нь ердөө 4-10 сарын хооронд үргэлжилдэг манайх шиг улсын хувьд ашиглахад дэндүү тохиромжгүй юм.
Гэтэл “Smartrock”-ийг ашиглаж байгаа барилгын инженер 15 минут тутамд мэдрэгчээсээ мэдээлэл авах боломжтой. “Уг мэдрэгчийг бид инженерийн гар утастай нь холбодог. Хэдий 60 хоногийн турш мэдээлэл авах боломжтой ч төслийн инженерт эхний долоо хоногийн мэдээлэл хамгийн чухал. Энэ хугацаанд л бетон хөлдөх, халах эрсдэлтэй байхаас гадна бат бэхээ авч байгаа эсэхээс хамааруулан техникийн болон санхүүтэй холбоотой шийдвэрийг гаргах ёстой болдог. Түүнээс гадна мэдрэгчийн өгөгдлийг онлайн орчинд хянах ялгаатай хэд хэдэн эрх дагалддаг болохоор төслийн удирдагч, компанийн захирал нь ч өгөгдлийг гар утас, компьютерээсээ харах боломжтой” гэж С.Мөнхбаатар тайлбарлав.
Хиймэл оюуны ид шид
Барилгын төслийн талбайд бетон зуурмагийг өгөхөөс өмнө найрлагыг нь хянаж, үнэлгээ өгдөг нь “Smartrock”-ийн өөр нэг онцлог давуу тал юм. Манай барилгын салбарт бетон зуурмаг худалдаж авах, борлуулахад бүтээгдэхүүн нь маркандаа хүрэхгүй гэх маргаан олонтоо гардаг, хэнийх нь зөв, буруу гэдэг нь эцэстээ тодорхой бус байх тохиолдол цөөнгүй бий.
Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд “Smartrock” мэдрэгч нь хиймэл оюун ашигладаг байна. Жишээлбэл, тухайн төсөлд С40 ангийн бетон хэрэглэх шаардлагатай бол бетон зуурмагтаа ашиглах орц, найрлагын өгөгдлийг тус мэдрэгчийн ашигладаг “ROXY” хиймэл оюунд оруулна. Тус хиймэл оюун нь өгөгдлийн сандаа байгаа 200 мянга орчим өгөгдөлтэй харьцуулаад уг төсөлд ашиглах орцын нормыг үнэлдэг байна. Хэрэв орц алдаатай байвал дахин хянахыг, тухайн бетон шаардлагад нийцэхгүй байна гэх мэтчилэн анхааруулдаг, харин шаардлагад нийцэж байвал зөвшөөрөл өгдөг аж. Ингэснээр тухайн төслийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй бетон хэрэглэх томоохон эрсдэлийг арилгадаг юм.
Эрсдэлээс гадна төсөв хэмнэхэд ч ихээхэн нөлөө үзүүлдэг бодит жишээг С.Мөнхбаатар дурдав. Өнгөрсөн онд Оюу толгой төсөл баяжуулах үйлдвэрийнхээ суурийн масс бетоныг цутгахдаа дулааны ялгаруулалт багатай цагаан цемент ашигласан байна. Ингэснээр тус төслийн зардал, өртөг ихээхэн нэмэгдсэн аж. Хэрэв дулаан ялгаруулалтын тооцоог хийдэг “Smartrock” төхөөрөмж байсан бол тусгай цемент ашиглалгүй зардлаа хэмнэх боломжтой байжээ. “Намнан индастри” ХХК масс бетон цутгаж буй харилцагч нартай хамтраад барилгын зургийнх нь өгөгдөлд үндэслээд тухайн бүтээцийн бетоны дулаан ялгаруулалтын тооцоог хийж өгдөг байна.
Ингэснээр хүн хүч, цаг хугацаа, бараа материал, санхүүгийн зардал гардаг удаан үргэлжилсэн туршилтуудыг үүлэн систем дээр хиймэл оюун ухааны тооцоолол орлох бөгөөд энэ нь тухайн төсөлд маш их төсөв, цаг хугацаа, бараа материалын хэмнэлтийг бий болгодог аж.
Мэргэжлийн багийн мэргэшсэн үйлчилгээ
С.Мөнхбаатар барилгын технологийн инженер мэргэжилтэй, 2006 оноос хойш барилгын салбарт ажиллаж буй туршлагатай нэгэн. 2006 оноос төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад тасралтгүй туршилт, судалгааны чиглэлээр ажиллан өөрийгөө боловсруулж, өдгөө “Намнан индастри” компанийг инженер залуусаар бүрдүүлэн салбартаа шинийг нэвтрүүлж, чанартай үйлчилгээг харилцагч нартаа үзүүлэхийн төлөө хичээж явна. “Намнан индастри” компани Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын төслүүд, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Баянхөндийн уурхай зэрэг томоохон төслүүдэд хяналт хийж ажиллажээ. Элс, хайрга дайрга, үнс, бетон, хөрс, арматур, цемент, бетон хольц, бетоны шинж чанарыг тодорхойлж, орон нутагт хэрэгжиж байгаа төслүүдэд хөдөлгөөнт лабораториор дамжуулан төслийн хяналтын үйлчилгээ үзүүлдэг байна.
“Инженер хүн байнга гүйцэтгэгч байхаас гадна сайн уншдаг, судалдаг, танилцуулга хийдэг, өөрийгөө хөгжүүлдэг байх ёстой гэж би ажилтнууддаа байнга хэлдэг. Инженерүүд маань жил бүр хувь хүний тайлан гаргаж, түүндээ тухайн жил хийсэн ажил, төсөл, сурч мэдсэн зүйл, ирэх жил юу сурахаар төлөвлөж буйгаа танилцуулдаг юм” гэж тэрбээр өгүүлэв. Тэд компани дотроо судалгааны ажлын уралдаан зарлаж, шинэ технологи, материалын судалгаа хийх явцдаа Канадын “Giatec Scientific Inc” компанийн талаар анх мэдэж, төлөвшлийн аргаар бетоны бат бөхийг үнэлдэг “Smartrock” төхөөрөмжийг нь Монгол Улсад борлуулахаар 2023 оны долдугаар сард холбоо тогтоогоод мөн оныхоо 9-р сараас анхны туршилтаа эхлүүлж, хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болох стандартын төсөл боловсруулах ажлыг зэрэгцүүлэн эхлүүлжээ. “Олон улсад мөрдөж буй стандартчилал, өөрийн оронд хийсэн бодит туршилтын үр дүнг үндэслэн стандартын төслөө боловсруулж энэ оны 3-р сард Барилгын стандартчилалын техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж MNS ASTM C1074: 2024 “Төлөвшлийн аргаар бетоны бат бэхийг үнэлэх стандарт арга” стандарт батлагдаж, эхний аж ахуйн нэгжүүд смартрокийг хэрэглээд эхэлсэн” хэмээн тэрбээр сонирхуулав.
Мэдээж цоо шинэ технологи, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх амаргүй. Барилгын компани, зуурмагийн үйлдвэрийн удирдлага, захирлуудтай уулзахад зарим нь эргэлзэж, үл итгэж, гайхдаг бол бүтээгдэхүүний чанар, нэр хүнддээ итгэлтэй барилгын компани, зуурмагийн үйлдвэрүүд ач тусыг нь ойлгоод шууд худалдаж авдаг байна. Түүнээс гадна “Smartrock”-ийг худалдаж авах эсэх шийдвэрт удирдлагын туршлага хамгийн их нөлөөлдөг аж.
Эхний харилцагчдынх нь тоонд “М-Си-ЭС Интернэйшнл центр”, “М-Си-Эс Проперти” ХХК, Оюу толгой зэрэг аж ахуйн нэгж, төслүүд оржээ.
Харин эцсийн хэрэглэгч, орон сууц худалдаж авч буй иргэнд “Smartroсk” ямар ач холбогдолтойг сонирхож асуухад “Байр захиалагчийн гар утсанд манай апп-ийг суулгаж, тухайн давхрынх нь бетон цутгалтын мэдээллийг өгч болно. Ингэснээр худалдан авагч байранд орохосоо өмнө бетоны чанарыг нь хянаж, шалгах юм. Хэрэв чанарын шаардлагадаа хүрэхгүй бол худалдаж авах гэрээгээ ч цуцлах боломжтой” гэж “Намнан индастри”-гийн мэргэжилтэн хариулав. Худалдан авагч талаас ийм хяналттай болох юм бол чанаргүй барилга баригдах эрсдэл тэр хэрээр буурах төдийгүй чанартаа нүүр бардам барилгын компаниуд “Smartrock” хэмээх маркетинг, борлуулалтын хүчирхэг “зэвсэг”-тэй болох юм.
Smartrock мэдрэгчийн тухай товчхон Төслийн талбайд бетоны бат бэх, чанар хангалтыг MNS/ASTM C1074 стандартад тулгуурлан автоматаар хянах дэлхийд тэргүүлэгч утасгүй мэдрэгч. Температурын мэдээллийг мэдрэгчийн кабель болон их биеийн хоёр цэгээс цуглуулдаг. Эдгээр үр дүнг гар утасны аппликейшн болон Giatec 360 үүлэн хяналтын самбараар дамжуулан бодит цаг хугацаанд болон алсаас авах боломжтой. PDF, CSV тайлан, өгөгдлийг татаж авах, дамжуулахаас гадна тухайн төслийн удирдлагын програмуудтай нээлттэй API интеграцчилал хийж болдог. Ашиглахад хялбар гарын авлага, үнэгүй Android/iOS программ дагалддаг. |