Ихэнх хүн Стойцизмыг мэддэггүй, эсвэл буруу ойлгодог. Эл номд стойцизмыг бүрэн эрхэт байранд тавьж, өөрийгөө хянаж сурах, цөхөршгүй зан, мэргэн ухааныг эзэмших аяллын нэг арга хэрэгсэл гэж үзсэн агаад стойцизм бол сайхан амьдрахын төлөө ашигладаг зүйл болохоос бус эрдэм шинжилгээний хэнд ч ойлгогдохгүй төвөгтэй чиглэл биш гэж дурджээ. Сайн чанар бол (өөрийгөө хянадаг, зоригтой, шударга, ухаалаг гэх мэт) аз жаргал гэж уг философид үздэг агаад тухайн зүйл өөрөө бус харин тухайн зүйлийн талаарх бидний төсөөлөл нь ихэнх гай зовлонгийн шалтгаан болдог ажээ.
Бид өөрсдийн “логик сонголт”-оос гадуур байгаа ямар ч зүйлийг хянаж, эсвэл найдаж чадахгүй гэж Стойцизм сургадаг. Логик сонголт гэж хэрхэн ангилах, хариу үйлдэл үзүүлэх, гадны үйл явдалд өөрсдийгөө дахин чиглүүлэх вэ гэдэгт өөрийн шалтгааныг ашиглах чадварыг хэлж байна. Энд гурван чухал зарчмыг дурдах ёстой: Ойлголт (эргэн тойрноо бид хэрхэн харж, ойлгодог вэ), Үйлдэл (бидний гаргадаг шийдвэр болон үйлдэл), Сэтгэлийн тэнхээ (өөрчилж чадахгүй зүйлтэй харьцах, тодорхой, ойлгомжтой дүгнэлт гаргах, хорвоод ямар байр суурь эзэлж буйгаа жинхэнээр ойлгох).
Та ямар ч нөхцөлд байсан стойцизм танд тусална.
Бүлэг 1 – Ойлголтын зарчим
Нэгдүгээр сар – Тодорхой байдал
Стойцизмын философийн хамгийн чухал зарчим бол юуг өөрчилж чадах, юуг өөрчилж чадахгүйг ялгаж салгах билээ. Амьдралынхаа аль хэсгийг, юуг өөрчилж чадах вэ, алийг нь өөрчилж чадахгүй вэ гэдгийг ойлгоход анхаарах юм бол бид улам илүү аз жаргалтай болоод зогсохгүй ялах аргагүй тулаанд оролцож байгаа гэдгээ ухаарахгүй байгаа бусад хүнтэй харьцуулбал хамаагүй давуу талтай болох юм.
Төсөөллөө хянаж бай – үүнийг өдөр бүр, шийдвэр гаргах бүрдээ санаж байгаарай. Үйлдлээ зөв чиглүүл. Таны хяналтаас гадуур байгаа зүйлийг хүлээн зөвшөөр. Өөрийгөө хэн бэ, юуны төлөө вэ гэдгийг сайн ойлго.
Амар амгалан бөгөөд тогтвортой байдал нь таны эргэн тойрны орчных бус харин таны сонголт, дүгнэлтийн үр дүн байх ёстой. Тайван байдалд саад болдог бүхнээс, тухайлбал бусад хүмүүс, гадаад үйл явдал, стрессээс зугтахыг хүсвэл та хэзээ ч зугтаж чадахгүй. Таны асуудал таныг хаа ч нуугдсан дагасаар байна. Харин тухайн асуудлыг үүсгэж буй хортой, сүйтгэгч дүгнэлтээсээ зайлсхийж, зугтаж чадах юм бол та хэдийд ч тогтвортой, тууштай байж чадна.
Хоёрдугаар сар – Хүсэл, сэтгэл хөдлөл
Бид нар сэтгэл хөдлөлийнхөө хүүхэлдэй нь байх албагүй юм. Бид сэтгэл хөдлөлөө хянах ёстой. Хэрэв та дараагийн удаа сэтгэлээр унавал “ингэлээ гээд надад сайнаар нөлөөлөх үү?” гэж өөрөөсөө асуугаарай. Сэдэл, сэтгэл хөдлөл байнга үүсдэг агаад тэдгээрийг хянах нь таны үүрэг юм. Үйлдэхээсээ өмнө бод. Сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй бол та айж буй гамшгийнхаа эх үүсвэр нь өөрөө болж магадгүй. Хүмүүсийг гуниглуулдаг зүйлсийн ихэнх нь төсөөллөөс нь болсон байдаг. Тэдгээр нь яг л хар дарсан зүүд шиг байдаг учир тэдэнд яг л зүүд мэт хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таныг өдөөсөн зүйл бодитой биш.
Аз жаргал хэзээ нэг өдөр ирнэ гэж бүү бод. Илүү их, илүү сайн, хэзээ нэгэн сайхан өдрийг мөрөөдөх нь сэтгэл хангалуун байхын дайсан юм. Ирээдүйд болох зүйлийг хүсэн хүлээх нь яг одоо, яг энд аз жаргалтай байх боломжийг үгүй хийдэг.
Гуравдугаар сар – Ойлголт
Оюун бодлоо задлан шинжлэх ур чадвараа мэдэж авсан цагаас философи руу хийх бидний аялал эхэлдэг. Өөрийгөө зөвөөр, шударгаар, үнэнчээр шүүх чадвараа сайжруул. Би юу чадах вэ гэдгээ мэдэхийн тулд өөр лүүгээ өнгий, тэрхүү нөөц боломжийг нээхэд юу хэрэгтэй байгааг ойлго.
Өөрийгөө ойлгох нь өөрийгөө бодитоор үнэлэх ур чадвар юм. Энэ бол өөрийн инстинкт, дадал, төсөөлөлд эргэлзэх чадвар мөн. Ямар нэг зүйлийн талаар дүгнэлт гаргах гэж бүү яар. Юу болж байгааг сайн ухамсарлаж ойлго, дараа нь зөв шийдвэр гарга.
Таны тархи бол таны хамгийн үнэ цэнтэй эд хөрөнгө. Түүнийгээ хяна. Эго, өөрийгөө хуурах хоёр бол өөрийн болгохыг хүсэж буй зүйлсийн маань гол дайснууд юм. Учир нь энэ хоёр зүйл бидэнд хүсэж буй зүйлээ нэгэнт авсан гэсэн хуурамч бодлыг төрүүлдэг. Тиймээс эгоноос зай барь.
Таны төдий л үнэлдэггүй зүйлийн талаар зарим хүн мөрөөддөг байж болно. Янз бүрийн нөхцөл байдлыг даван туулахын тулд логик, шалтгаан ашиглах ур чадвар танд заяагдсан гэдгийг сана. Бодол, сэтгэл хөдлөлөө хянах хүн нь үргэлж та өөрөө байх болно. Та хайрлаж болно, ойр тойрондоо болж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрч чадна.
Дөрөвдүгээр сар – Алагчлалгүй бодол
Бодолдоо юу оруулах вэ гэдгээс сэрэмжил. Хэзээ нэгэн цагт муу зүйлсийн нөлөөнд орох нь гарцаагүй ч тэдгээрийг оюун бодлоо эзэмдэхийг нь зөвшөөрч болохгүй. Юуг оруулах вэ, юуг оруулахгүй вэ гэдгээ шийдэх чадвар бидэнд бий. Бодлоо ажиглахад зориулж цаг гарга. Зөн совиндоо итгэ, гэхдээ нягтал. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ үргэлж дэнсэл, ингэж байж алдаатай, эсвэл буруу үйлдлээс сэргийлнэ.
Бодлоо өөрчлөхөд нээлттэй ханд. Бид хүссэнээрээ ухаалаг, мэргэн байж тэр бүр чадахгүй. Мэдэхгүй зүйлээ хүндэл, буруу дүгнэлт болон таамаглалтай тэмц. Сурахыг хүсэж байгаа бол даруухан бай. Та хэдэн ч настай бай хэнээс ч хамаагүй, эсвэл бүх хүнээс суралцахад бэлэн бай.
Үзэл бодлыг ихэвчлэн догма, эрх ямба, хүлээлт, заримдаа үл хайхрал бүтээж байдаг. Хэрэв тэдгээрийг амьдралаасаа арчин хаяж чадах юм бол уурлаж, урам хугарах маань багасна. Ямар ч зүйл сайн ч биш, муу ч биш, байгаа нь л тэр.
Бүлэг 2 – Үйлдлийн зарчим
Тавдугаар сар – Зөв үйлдэл
Харваач эхний харвалтаараа байгаа онохгүй. Таны хувьд тэргүүн зэргийн зорилт юу вэ гэдгийг бодоход цаг зарцуул. Дараа нь бусад зүйлээс татгалзаад, тэр зорилгынхоо төлөө хөдөлмөрлө. Зөвхөн хүсээд, найдаад суух хангалтгүй агаад үйлдэх ёстой, гэхдээ зөв үйлд. Өнөөдөр танд нэг л боломж оддоно. Өнөөдөр дуусвал тэр боломж үүрд үгүй болно. Өнөөдөр таны хурууны үзүүрээр урсан алга болж, өнгөрсөн үе болохоос өмнө зорилгынхоо төлөө та алхаж чадах уу?
Үр дүнгээс бус үйлдлээс, ялангуяа зөв үйлдлээс таашаал ав. Таны амбиц зөвхөн ялах бус харин бүхий л хүчээ дайчлан тоглох байх ёстой. Үүнээс л бид сэтгэл хангалуун байдал, тэмцэх занг олж авна. Зөв зүйл хийхийн тулд маргаашийг хүлээх хэрэггүй. Өнөөдөр бол таны сайн байж эхлэх өдөр юм. Хэрэв та зөв цагтаа зөв зүйл хийхэд төвлөрөх юм бол та сайн сайхан амьдралыг бий болгох бөгөөд аз тохиохыг хүлээх хэрэг гарахгүй билээ.
Бусад хүмүүс юу гэх бол гэж бодоход цаг бүү зориул. Өөрийгөө юу бодож байгааг л бод. Үр дүн, нөлөө, хийх ёстой зүйл маань энэ мөн үү гэдэг талаар л бод.
Зургадугаар сар – Асуудал шийдэх
Саад бэрхшээл нь амьдралын нэг хэсэг боловч хэрэв та нөөц төлөвлөгөөтэй байж чадах юм бол юу ч танд саад болж чадахгүй. Амьдрал хялбар эсвэл шударга биш. Төсөөлөхийн аргагүй хүнд байдал, саад, зовлонг туулж ирсэн өвөг дээдсийн үр сад нь та билээ. Та тэдний чадсан бүхнийг чадна. Танд үргэлж сонголт бий: алдсан буруудсан зүйлдээ анхаарах эсвэл өөрт ногдсон зүйлээ ашиглаад хөдөлмөрлөх. Өөрийгөө аварч хамгаалахад идэвх зүтгэл гарга. Буруутан хайхаа зогсоо.
Дэлхий дээр хоёр төрлийн хүн бий. Эхнийх нь бусдын хийж бүтээснийг хараад “Яагаад тэд нар гэж? Яагаад би байж болохгүй юм” гэж боддог бол хоёр дахь төрлийнх нь тийм хүмүүсийг хараад “Тэд чадаж байгаа бол би яагаад чадахгүй билээ?” гэж боддог.
Тусламж гуйхад ичээд байх зүйл үгүй. Та бүхнийг ганцаараа туулж гарах албагүй. Тусламж хэрэгтэй бол асуу. Хүмүүс эрх чөлөө, аз жаргал, бусдын хүндлэлийг хүсдэг. Энэ бүхэн таны өмнө, таны хийх сонголтод байгаа. Тэдгээрийг авахын тулд заавал урт зам туулах шаардлагагүй.
Өөртөө өндөр стандарт, гэхдээ хүрч болшгүй зорилго бүү тавь. Хэрэв зорилгодоо хүрч чадахгүй бол өөрийгөө өршөөж бай.
Долдугаар сар – Үүрэг
Хүн, амьтан, эд зүйл бүрд зорилго эсвэл орших газар бий гэдэгт Стойцизмыг баримталдаг хүмүүс итгэдэг. Таны зорилго бол сайн байх. Ажлаа өнөөдөр, өдөр бүр хий. Өглөө босоод ажиллахгүй л бол өөртөө, бусдад, хорвоод сайныг бүтээж, үйлчилж чадахгүй. Бос, гялалз, бүтээ.
Та юунд тэмүүлдэг вэ? Та юу хийж байна вэ? Хамгийн гол нь та яагаад хийж байна вэ? Эдгээр асуултад хариулаад энэ насандаа та юуг хийх үүрэгтэй ирснээ олж мэдэх хэрэгтэй. Нэгэнт олж нээсэн бол түүндээ хүрэхэд нэг алхам ойртсон гэсэн үг.
Хүн бүр өөрийн үйл хэргийнхээ эзэн нь байдаг. Бусдад сөргөөр нөлөөлөхгүй байдлаар та амьдрах ёстой агаад бусдыг ч мөн тийм байхад нээлттэй ханддаг байх хэрэгтэй. Бид нар хоорондоо хамтран ажиллахаар бүтээгдсэн билээ. Таны зорилго бол амьдрал хэмээх агуу бүтээлийг бүтээхэд туслах явдал юм. Хүмүүс танд найдаж байна. Бүтээж буй зүйлээрээ бахарх, гэхдээ энэ бол таны амьдралын бүх зүйл биш гэдгийг санаарай.
Наймдугаар сар – Прагматизм
Ханцуйгаа шамлан, урдах зүйлдээ гүнзгий орохын тулд тохирох орчин хэрэгтэй гэж хүмүүс боддог. Харин үүний оронд прагматик, дасан зохицох чадвартай болвол хамаагүй дээр агаад ингэх юм бол бид хаана ч, хэзээ ч хийх ёстой зүйлээ хийж чаддаг болно. Таны ажлаа хийх, сайхан амьдрах газар чинь яг энд байна.
Дэлхий ертөнцийг улам сайхан газар болгохын тулд таны хувьд яг одоо, өнөөдөр хийж чадах их олон зүйл бий. Таныг урагшлахад туслах олон жижиг алхам бий. Тохирох нөхцөл бүрдээгүй, эсвэл илүү дээр боломж гарч ирж магадгүй гэж бодоод тэдгээр алхмыг хийхгүй байх шалтаг бүү гарга. Чадах зүйлээ яг одоо л хий.
Бид хэзээ ч төгс болохгүй. Бидний зорилго бол төгс болоход бус харин өсөж хөгжихөд л чиглэх ёстой юм.
Бүлэг 3 – Сэтгэлийн тэнхээний зарчим
Есдүгээр сар – Хатуужил, уян хатан байдал
Золгүй явдал биднийг өөрийн хүч боломж, дотоод хүчээ илүү сайн ойлгоход хүргэдэг. Ирээдүйд ийм зүйл болвол давж гарч чадна гэсэн итгэлийг өгдөг учраас ийм явдал нь биднийг хүчтэй болгодог юм. Хэрэв өнөөдөр байдал буруугаар эргэвэл санаа бүү зов. Хожим талархах учиртай олон ухаарал өгсөн үйл явдлын нэг нь энэ байж болох юм шүү.
Хүмүүс бие биенээ адгийн муухайгаар зовоож, тарчлаасан ч гэсэн бодлоо удирдах хүч мөн өөрөө шийдвэр гаргах хүчийг нь яагаад ч нугалж чадахгүй харин сулруулж л чадах юм.
Хэрэв та нэг сарын турш ядуу, өлсгөлөн, орь ганцаараа, эсвэл айж явдаг бусад зүйлийнхээ нөлөөнд өнгөрүүлэх юм бол тухайн зүйл хэвийн бөгөөд айхаар зүйл биш мэт санагдана. Хэрэв байдал сайхан байхад та ийм зүйлийг мэдрэх юм бол бүр хүнд, хэцүү үеийг давах сэтгэлийн хаттай болж чадна. Хэрэв та одоо багахан эд хөрөнгөтэй, бага зүйлээр амьдарч сурах юм бол багахан зүйлээр амьдрахаас өөр аргагүй болоход танд тийм ч хэцүү санагдахгүй.
Аравдугаар сар – Сайн чанар болон сайхан сэтгэл
Таны яг одоо байгаа орчин нөхцөл бол таны хувьд сайн чанараа түгээсээр байхад тохирох өөр ямар ч орчин нөхцөлөөс ялгаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид хамтдаа уусан сүлжилдсэн агаад хүн нэг бүр энэ дэлхийд өөрийн үүргээ гүйцэтгэдэг. Ямар ч нөхцөл байдлыг хайраар (эсвэл нинжин сэтгэл, ойлголцол, талархал) илүү сайхан болгох боломжтой. Үргэлж хайрла. Хүмүүст эргэлзээний сайн талыг олж харахад нь тусла.
Сайхан сэтгэлээр хариу барих сонголт танд үргэлж байдаг. Үргэлж үнэнч байх сонголт танд бий. Та тэвчихийг, аз жаргалтай байхыг, бусдад сайнаар хандахыг сонгож болно. Сайхан сэтгэл бол зүгээр л гараад ирдэг зүйл биш. Та зүрх сэтгэлээсээ уудлан гаргаж ирж, түүнийгээ үйлдлээрээ харуулах ёстой.
Арваннэгдүгээр сар – Хүлээн зөвшөөрөх
Болоод өнгөрсөн үйл явдлыг өөрчлөх бус харин тухайн үйл явдлын тухай бодлоо өөрчлөх нь илүү хялбар билээ. Бүхий л жижиг сажиг зүйлстэй тэмцэлдэхийн оронд хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Харин юу ч болоод өнгөрсөн бай, түүнээс таашаал авах ёстой юм.
Үйл явдал нь обьектив юм. Зөвхөн бодол маань л тухайн зүйлийг сайн, эсвэл муу гэж хэлдэг. Бүх зүйлээс аль болох ихийг авч үлдэхийг хичээ. Бидэнд юу ч тохиолдсон, сэтгэлгээ, нийгэм эсвэл бие махбодын хувьд ямар ч ангилалд орсон гэсэн бидний үүрэг бол гоншигнолгүйгээр түүнийг хүлээн зөвшөөрч, хичээх явдал юм.
Бид гадны хүчин зүйлийг хянаж чадахгүй ч өөрсдийн хандлага болон тухайн хүчин зүйлд үзүүлэх хариугаа хянаж чадна.
Арванхоёрдугаар сар – Үхлийн тухай бясалгал
Мөнх бус гэлгээ хүлээн зөвшөөрөхөөс хүмүүс айдаг. Депресс төрүүлнэ гэж үзээд бид үхлийн талаар бодохоос зайлсхийдэг. Харин ч мөнх бусын тухай бодох нь огт эсрэг нөлөөг үзүүлдэг юм. Хэрэв танд амьд явах ганцхан долоо хоног үлдсэн гэвэл та ямар өөрчлөлтийг хийх вэ? Өнөөдрөө ашигла. Өдөр бүрийг ашигла. Өөрт олдсон, ногдсон зүйлд сэтгэл хангалуун байж сур. Бид бүхэнд нэг л төгсгөл бий. Үхэл бол агуу тэгшитгэгч билээ. Үхэхийн цагт илүү сайн, эсвэл илүү муу хүн гэж байдаггүй. Бүх түүх нэг л төгсгөлтэй байдаг.
Дэлхий дээр байх таны сүүлийн өдөр нь өнөөдөр бол танд талархан баярлах зүйл олон байна уу? Талархлаа илэрхийл.