Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн
Огноо: 2024.06.14-07.14
Дэлхийн спортын хамгийн том арга хэмжээний нэг болох тус тэмцээнд Европын шилмэл 24 баг оролцож байна. Ялагч багийн нэр долдугаар сарын 14-нд Берлин хотын “Олимпын цэнгэлдэх хүрээлэн”-д тодорно. Бооцооны фирмүүдийн таамгаас үзвэл Франц, Англи, Герман, Испани, Нидерландын шигшээ багуудын түрүүлэх магадлал өндөр байгаа ч бөмбөг бөөрөнхий учир битүү морь цахиур хагалах боломжтой.
Тус тэмцээний шагналын сан 331 сая евро бөгөөд баг тус бүр тэмцээнд оролцсоны шагнал 9.25 сая евро авна. Түүнчлэн хэсгийн болон хасагдах шатанд тоглосон амжилтаас шалтгаалж ялгаатай мөнгөн шагнал авах юм. Аварга баг 28.5 сая еврогийн шагнал хүртэх боломжтой.
“Евро-2024”-ийн тасалбар асар эрэлттэй байгаа бөгөөд шөвгийн 16-гийн тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 50-250 евро, шөвгийн наймынх 60-300 евро, хагас шигшээгийнх 80-600, финалынх 95-1000 еврогийн үнэтэй байна.
Парисын зуны Олимпын наадам
Огноо: 2024.07.26-08.11
Хүн төрөлхтний цэнгэлийн манлай зуны Олимпын наадам Францын Парис хотод долдугаар сарын 26-нд хөшгөө нээнэ. Зуны XXXIII олимпын нээлтийг цэнгэлдэх хүрээлэнд бус Сьена мөрний хөвөөнд хийх сонирхолтой санаачилгыг францчууд гаргасан юм. Тус улс зуны Олимпын наадмыг гурван удаа (өмнө нь 1900, 1924) зохион байгуулсан хоёр дахь улс болж түүхэнд үлдэнэ. “Парис-2024” Олимпын наадамд 10 500 тамирчин 32 спортын 329 төрөлд авхаалж самбаа, хурд хүчээ сорих бөгөөд брэйк бүжиг, спорт авиралт, скэйтборд, сөрфинг зуны Олимпын наадмын хөтөлбөрт анх удаа багтжээ.
Сонирхолтой тоонууд
- 350 000 цагийн телевизийн шууд дамжуулалт
- 35 спортын ордон, байршил
- 20 000 сэтгүүлч
- 45 000 сайн дурынхан
- 10 сая тасалбар
- 600 000 ширхэг хоолоор өдөр бүр тамирчдын хотхонд үйлчилнэ
Парисын Паралимпийн наадам
Огноо: 2024.08.28-09.08
Зуны олимпын наадам өндөрлөснөөс 14 хоногийн дараа уламжлал ёсоор Паралимпийн наадам явагддаг билээ. Энэ удаад Парист 180 орчим улсын 4400 пара тамирчин (үүнээс 1800 орчим нь эмэгтэй) 22 спортын 549 төрөлд өрсөлдөнө.
Копа Америка хөлбөмбөгийн тэмцээн
Огноо: 2024.06.20-07.14
Хамгийн олон хөлбөмбөгийн сод авьяастныг төрүүлснэс гадна дэлхийн аваргын 10 түрүү бүхий багуудтай Өмнөд Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн бол 1916 оноос эхлэн зохиогдсон, хөлбөмбөгийн шигшээ багуудын дундах ууган тэмцээн юм. Тус тэмцээн Европын АШТ-ээс 44, ДАШТ-ээс 14 “ах” бөгөөд чанар, чансаагаараа ч эхний гуравт эрэмбэлэгдэнэ. 48 дахь удаагийн “Copa America” тэмцээн энэ жил АНУ-д болох юм.
Өмнөд Америкийн аварга цолыг Аргентин, Уругвай тус бүр 15 удаа, Бразил 9, Чили , Парагвай, Перу тус бүр хоёр, Болив, Колумб тус бүр нэг удаа хүртжээ. Өнөө цагийн супер од Л.Месси “Копа Америка”-д сүүлийн удаа оролцож буй нь энэ тэмцээний нэг онцлог юм.
“Тур де Франс” уралдаан
Огноо: 2024.06.29-07.21
Дэлхийн хамгийн алдартай дугуйн олон өдрийн уралдаан “Тур де Франс” энэ жил Италийн Флоренц хотоос эхэлж, гурван долоо хоног үргэлжлээд Францын Ница хотод өндөрлөнө. Парис хотод Олимпын наадам явагдах учраас тус уралдааны 111 жилийн түүхэнд дугуйчид анх удаа Елисейн талбайд барианд орох боломжгүй болсон.
Энэ жил тус бүр найман дугуйчнаас бүрдэх 22 баг оролцохоор бүртгүүлжээ. “Тур де Франс-2024”-т “Жиро Д`Итали” уралдааны аварга Т.Погацар (UAE Team Emirates баг), өнгөрсөн жилийн аварга Й.Вингегаард (Visma-Lease A Bike баг), Р.Эвенепоэль (Soudal-Quick Step баг), П.Роглич (Bora-Hansgrohe баг) нар түрүүлэх боломжтой гэж спорт сонирхогчид таамаглаж байна.