Амжилтыг урлах ухаан
Бага байхын л гэрээ ч, өөрийгөө ч дэгжин, цэмцгэр авч явахыг эрмэлзэж ирсэн У.Бямбадолгор хувцас дизайны мэргэжилтэй нэлээд хожуу танилцжээ. Ямар ч үед цагийг дэмий өнгөрөөж чаддаггүй тэрбээр өөрийгөө болон бусдыг гоё сайхан байлгахын төлөө цаг ямагт хичээж, үндсэн мэргэжил болох хүний нөөцийн мэргэжилтнээс гадна мэргэжлийн үсчин, нүүр будагчаар суралцан тасралтгүй хөгжиж иржээ.
2019 онд хоёр дахь хүүхдээ төрүүлээд жирэмсний амралтаа аваад байх хугацаандаа оёдлын чиглэлээр нэг сарын онлайн сургалтад хамрагдсан нь түүний хувьд хувцас загварын талаар хэчнээн их мэдрэмжтэй, дуртай болохоо мэдэрсэн мөч байв. Тус сургалтаас гадна өөрөө нэмэлтээр дахин дахин судалсаар анх удаа эсгүүр тавьж оёсон хувцсаа ойр дотнынхондоо харуулахад түүнийг өөрөө хийсэн гэдэгт итгэж ядан “Дизайнерын хувцас шиг л хийц сайтай байна” гэхэд нь ихэд урамшжээ.
Урмаар тэтгэгдсэн урлах чадвар нь цаашид хийж буй ажлаа улам чанаржуулан өргөжүүлэх хүслийг төрүүлж, 2017 оноос хойш ажиллуулж ирсэн онлайн дэлгүүрийн сошиал хуудсандаа live хийж хүмүүст танилцуулахад хүргэжээ. Тэгмэгц тэр өдөртөө л оёсон бүх хувцас нь нэг ч үлдэгдэлгүйгээр борлогдож дуусахад өөрөө ч гайхаж байсан тухайгаа ярьсан юм.
Гэвч У.Бямбадолгорыг хувцас загварт дөнгөж хөл тавьсан үетэй зэрэгцэн дэлхий нийтээр Ковид-19 цар тахал дэгдэж, хил гааль хаалттай байх үетэй давхацжээ. Үүнээс шалтгаалан оёх хувцасныхаа загварыг гаргачхаад дэлгүүрүүдээр жаргалтай нь аргагүй явж судалгаа хийн, үндсэн материалаа сонгон цуглуулдаг байсан нь эхлүүлсэн зүйлийнхээ ард гардаг тууштай занг бүрэн илэрхийлж байлаа.
Онлайнаар авсан захиалгаа өөрийн биеэр алхах, такси барих гэх мэтээр хүргэхэд хэрэглэгчид нь түүний дэлгүүрийг хаана байдаг талаар үргэлж асуудаг байжээ. Үүгээр ч зогсохгүй бараагаа хүлээн авсны дараагаар сэтгэл ханамжаа илэрхийлсэн мессэжийг илгээдэг байв. Хэрэглэгчид нь хувцасны материалын чанарыг сайшаагаад зогсохгүй цэвэр цэмцгэр оёдлыг нь онцолж, үрэлтэхгүй, будаг гарахгүй, биед эвтэйхэн тухтай байгаа талаар эерэг сэтгэгдлүүдийг хэлсээр байжээ. Ингэх тусам зогсолтгүй урагшилж, шөнөжин сууж оёж урласаар өөрийн чадвараа ч сайжруулсаар байв. Улмаар тухайн ондоо өөрийн дэлгүүрээ нээх зорилго тавьж, “Амжилт Монгол” брэндээ үүсгэн байгуулж, анхны салбараа баруун дөрвөн замын Gem Palace худалдааны төвийн таван давхарт нээсэн түүхтэй.
Монголчуудын онцлогт төгс тохирох хувцас
“Амжилт Монгол” брэндийн онцлог нь үндэсний хувцасны шинж чанарыг бүх загвартаа шингээж, жилийн дөрвөн улиралд өдөр тутам тасралтгүй өмсөх боломжтойгоор урладаг. Монгол хүний биед маш сайн сууж өгдөг. Брэндээ үүсгэхээр өрсөлдөгчийн судалгаа хийж байхдаа үндэсний брэнд үйлдвэрлэгчдэд байдаг нийтлэг дутагдлыг олж харсан нь ихэвчлэн S, M, L буюу цөөн тооны жижиг размерын сонголттойгоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэгт байв. Харин “Амжилт Монгол” брэндийн хувьд биерхүү, махлаг эмэгтэйчүүдэд зориулан размерын өргөн сонголттой буюу ХS -ээс эхлээд 5ХL хүртэл нийт есөн размераар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Мөн монгол эмэгтэйчүүд намхан нуруутай, дийлэнх нь хэвлий хэсгээрээ өргөн байдаг учраас тухайн хэсгийг гоё харагдуулахад ихээхэн анхаарч, загвараа гаргадаг тул хүмүүст илүүтэй хүрч чаддаг.
Үндэсний өв соёлыг шингээсэн “Амжилт Монгол” брэндийн хувцсыг жилийн дөрвөн улиралд өдөр тутам хаана ч, хэзээ ч өмсөх боломжтой.
Ихэнх хүн үндэсний брэнд гэхээр л наадам, цагаан сарын баяраар өмсөөд бусад үед хадгалдаг гэх ойлголттой байдаг. Харин тус брэндийн гол онцлог нь ажиллаж, аялахдаа гээд хаана ч, хэзээ ч өмсөх боломжтой загварыг урладагт оршино. Тиймээс бүтээгдэхүүнээ улирал үл харгалзан тасралтгүй, размерын олон сонголттойгоор үйлдвэрлэдэг.
“Амжилт Монгол” брэндийн ялгарал үүгээр дуусахгүй. Тэд оюуны өмчөөр хамгаалагдсан, дахин давтагдашгүй 10 орчим тусгай зургийг эзэмшдэг. Тодруулбал, туршлагатай уран бүтээлчээр монгол хатдын хоёр төрлийн зураг, үндэсний хэв шинжийг шингээсэн таван төрлийн хээг тусгайлан бүтээлгэжээ. Гаднын үйлдвэрээс үндсэн материалын түүхий эдээ захиалахдаа л өөрийн гэсэн өвөрмөц хээгээр, тусгай аргаар эдгээр зургаа шигтгүүлж хийлгэдэг. Дийлэнх хувцасныхаа үндсэн материалыг Өмнөд Солонгос болон Хятад улсын тодорхой үйлдвэрээс захиалж авдаг. Ингэхдээ аль болох тод өнгөтэй загварыг сонгохыг чухалчилдаг аж. Одоогийн байдлаар нийт 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдийн хоёр үйлдвэртээ үйлдвэрлэж байна.
Монгол хувцас гэхээр хүмүүс дийлэнхдээ дээл, хантаазаар төсөөлж, наадам, цагаан сараар өмсчихөөд бусад үед шүүгээндээ хадгалчихдаг. Үүнийг өөрчлөхийн тулд бүтээгдэхүүнийхээ загварыг гаргахдаа л орчин үеийн загварын шийдлийг үндэсний хэв шинжтэй уусган хүний өдөр тутмын хэрэглээ болох ёстой гэсэн зарчмыг баримталдаг байна. “Амжилт Монгол” брэндийн бүтээгдэхүүнүүд бэлэн болж, эцсийн хэрэглэгчийн гарт очих хүртлээ маш олон шат дамжлагыг дамждаг учраас хийц, загвар бүр нь дахин давтагдашгүй гар урлалын бүтээл болж чаддаг. Мөн үйлчлүүлэгчийн хүссэн зургийг хувцсан дээр нь хэвлэх үйлчилгээг ч нэвтрүүлжээ. Ингэхдээ тухайн зургийн бэлгэдэл, утга агуулгад онцгой ач холбогдол өгч, сэтгэлээ шингээн ажилладаг талаараа үүсгэн байгуулагч У.Бямбадолгор хэлж байв.
Тэрбээр өөрийн брэндээ анх үүсгэхдээ л зохион бүтээсэн монгол зах болон эрвээхэйтэй монгол цамц, хоёр талдаа урт оноотой хагалбартай дээл, өвдгөөр татсан урттай оффис стандарттай даашинз гэх гурван загвар нь “Амжилт Монгол” брэндийн хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүнд тооцогдсон хэвээр байна. Өнгө гэдэг өөрөө маш олон зүйлийг илэрхийлж, зөв өнгөө сонгож чадсан тохиолдолд хүний царай төрхийг эрс өөрчилж чаддаг. Тиймээс материалын өнгөө сонгохдоо бараан болон завсрын өнгөнөөс аль болох татгалзахыг хичээдэг аж.
ХS-ээс эхлээд 5ХL хүртэл нийт есөн размерын сонголттойгоор хувцсаа үйлдвэрлэдэг.
Хамтдаа бүтээлцсэн дөрвөн жил
Ямар нэг зүйлийг үнэхээр хүсэж, зөв гэж үзсэн л бол тэр даруй шийдвэр гаргаж амьдралдаа хэрэгжүүлдэг шуурхай зан нь У.Бямбадолгорыг бүрэн илэрхийлдэг. Ингэж хөдөлмөрлөж чадсаны хүчээр брэнд нь хурдтай өргөжиж, үр шимээ хүртсээр байна. Тэрбээр ажиллаж, хөдөлмөрлөснийхөө хэрээр сэтгэл хангалуун болж байдаг бие даасан, бизнес эрхлэгч эмэгтэй.
Мөн хуримтлал үүсгэх нь хэчнээн чухлыг мэддэг, мөнгө санхүүгийн ухаанд багаасаа суралцаж чадсан нэгэн. Санхүүгийн хувьд баримталдаг зарчим нь эхлээд заавал хуримтлалдаа нэмэрлэж, дараа нь зарцуулах дадал. Тухайлбал, орлого бүрээсээ 30/70 харьцаатай хуримтлал үүсгэдэг аж. Цалингаасаа бага багаар хуримтлуулсан мөнгөөрөө хувийн онлайн дэлгүүрээ 2017 онд нээж байсан бол төд удалгүй “Амжилт Монгол” брэндээ эхлүүлэх үндсэн хөрөнгийнхөө 80 хувийг өөрийн хуримтлалаар эхлүүлж байсан санхүүгийн гайхам түүхтэй.
2020 онд анхны салбараа нээх үедээ монгол, европ хувцас үйлдвэрлэдэг өөрийн гэсэн нэг үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь өнөөдрийн хэрэглэгчдийн танил, үндэсний брэнд болох амжилтад хөтөлжээ. Өдгөө “Амжилт Монгол” брэнд хоёр үйлдвэр, гурван салбар дэлгүүр, 20 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөрөөдлөө бодит болгох үйлсэд эхний алхмаас л хамт байж, өнөөдрийг хүртэл гар нийлэн зүтгэж буй хоёр үйлдвэрийн дарга нартаа хамгаас талархаж явдгаа У.Бямбадолгор бидэнтэй ярилцах үеэрээ хуваалцаж байлаа.
Цаашид бүтээгдэхүүнээ Хятад улсад экспортлохоор зорьж буй тул ажиллах хүчнээ нэмэгдүүлэхэд тэрбээр анхаарч байгаа аж. Учир нь тус брэндийн бүтээгдэхүүнийг олон тоогоор худалдан авах сонирхолтой байгаагаа хэд хэдэн хамтрагч байгууллага нь илэрхийлээд буй.
Гар урлаачаас эхлээд үндэсний өв соёлоо тээн үйлдвэрлэл эрхэлж буй хэн бүхэн Монголын нүүр царай болох бүтээгдэхүүнийг “төрүүлж” байдаг билээ. Тэдний нэг У.Бямбадолгорын хувьд үндэсний хэв маяг шингэсэн брэнд хувцсаа гаднын улс оронд сурталчлахыг нэн тэргүүнд зорьж байна.