Дотоодын зах зээлд 30 орчим билетийн касс үйл ажиллагаа явуулж байна. Тун өвөрмөц, сонирхолтой энэ зах зээлийн өрсөлдөөний мөн чанар нь ч содон. Ийм зах зээлд 12 жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй нууцаасаа “Nandinway” компанийн захирал Г.Намуунцэцэг хуваалцав.
2002 оны хавар. Улсын багшийн их сургуулийн (одоогийн Боловсролын их сургууль) математикийн багшийн ангийг төгссөн Г.Намуунцэцэг мэргэжлээрээ ажиллахыг, гэхдээ их сургуульд багшлахыг хүсэж байлаа. Их сургуульд багшлахын тулд заавал магистрын зэрэгтэй байх ёстой тул тэрбээр сургалтын төлбөрөө олохоор “Айр маркет” компанид ажилд оржээ. Хувь заяаны төөргөөр түүний карьер энэ үеэс өөрчлөгдөж, багшийн мэргэжлээ бүрмөсөн орхин тус компанид ажиллах болов. Суудал захиалгын ажилтнаас эхлээд салбарын менежер, улмаар охин компанийн гүйцэтгэх захирал хүртэл амжилттай ажилласан нь “хурдтай, тууштай, олон ажлыг зэрэг амжуулдаг, хүнтэй харилцах ур чадварын маань үр дүн байсан болов уу” хэмээн тэрбээр өгүүлэв. Хүн ажлаа чин сэтгэлээс сонирхож, хичээн ажиллавал, энэ нь хувь хүний өөрийнх нь ур чадвартай нэгдэж чадвал амжилтад хүрч болдгийг ойлгосон Г.Намуунцэцэг 2012 онд хувийн бизнесээ эхлүүлж, өөрийн карьер шигээ өсгөн томруулж чадсан нь өдгөө түүний удирдаж буй “Nandinway” ХХК юм.
Nandinway – гийн эхлэл
Дотоодын зах зээлд 30 орчим билетийн касс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. КОВИД-19 цар тахлын дараагаас энэ чиглэлийн компаниудын тоо хурдтай нэмэгджээ. Эдгээр компани бүгд нэг систем, батлагдсан тариф дээр ажилладаг, ямар ч компанид хандсан нэг ижил үнэтэй байдаг учраас тун өвөрмөц, сонирхолтой зах зээл юм. Өрсөлдөөний мөн чанар нь ч тэр хэрээрээ содон. Ийм зах зээлд хэрхэн бусад компаниас ялгарч, 12 жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй нууцаа Г.Намуунцэцэг “Үйлчлүүлэгчээ төв цэг болгохын зэрэгцээ ажилчдаа халамжилсан” гэж товчхон тайлбарлав.
Гэвч үйлчилгээ бол хэн хүн бүр амжилт олдог амар хялбар салбар биш. “Nandinway” компанийн хувьд байгуулагдсан цагаасаа хэрэглэгчийн хүссэн өдрийн хүссэн цагт нислэгийг нь олж өгөх, үйлчлэгчээ мэдэрч харилцахад ихээхэн анхаарч, үйлчилгээгээрээ онцгойрохыг анхаарч иржээ. “Танайхаас үйлчилгээ авахад амар байдаг, эргэх холбоо сайтай, цааргалахгүй үйлчилдэг” гэсэн магтаалын үгс “Nandinway”-г анх байгуулагдсан цагаас нь дагаж ирсэн байна. “Хувийн туслахтай болсон юм шиг санагдлаа” гэсэн үгнээс хамт олон нь хамгийн их урам зориг авч ажилладаг тухай тэрбээр өгүүлсэн юм.
“Үйлчилгээний салбарын нэг гол онцлог нь цэвэр хүмүүсийн харилцаанд суурилдаг. Бид билет зардаггүй, үйлчилгээнээс бий болдог сэтгэл ханамж зардаг гэж би ажилтнууддаа хэлдэг юм. Билет заръя гэхээс илүү билет авах сонголтыг нь хийтэл сайн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй гэж захидаг, сургадаг” гэж компанийнхаа үйл ажиллагааны философийг Г.Намуунцэцэг тайлбарлав.
Тусгай шаардлага хангаж, дүрэм журмын дагуу ажиллах ёстой болдог нь билетийн кассуудын үйл ажиллагааны бас нэг онцлог юм. Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-нд заавал урьдчилгаа байршуулах ёстой бөгөөд тэрхүү урьдчилгааны мөнгөн дүн багадаа 200 мянган ам.доллароос эхэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн компани байгуулахад гарааны хөрөнгө оруулалт нь 200 мянган ам.доллар юм. Тийм ч учраас “Nandinway”-г өдий зэрэгт хүргэхэд тулгарсан хамгийн том бэрхшээл нь санхүүгийн асуудал байсан аж. Хэд хэдэн арилжааны банктай уулзан компаниа танилцуулж байхдаа “Би их найдартай хүн, зээлээ найдвартай төлнө гэхээс өөр хэлэх үггүй байсан” хэмээн тэрхүү амаргүй үеэ дурсав. Харин бизнесийн хамтрагчтай болж, хөрөнгө оруулалт татсанаар компанийнхаа үйл ажиллагааг жигдрүүлж, зорилгууддаа үе шаттай хүрч эхэлсэн байна.
Хамгийн үнэт капитал: Ажилтан – үйлчлүүлэгч
Г.Намуунцэцэг их сургуулиа төгсөөд энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн учраас тасалбар захиалгын программ дээр ажиллахаас эхлээд хүмүүстэй харилцах, компани удирдах арвин их туршлага хуримтлуулжээ. Энэхүү туршлага нь түүнд үйлчилгээний бизнес эрхэлдэг компанийн хамгийн үнэт капитал бол ажилтнууд, үйлчлүүлэгч нь гэдгийг ойлгуулсан байна.
Тийм учраас ажилтнуудаа сонгож авах, тэднийг сургахад хамгийн их анхаарал хандуулдаг. “Анх компаниа байгуулахдаа хүнийг таних, хүнд хэр хэмжээгээр итгэх ёстой вэ гэдгээ сайн тунгаан бодох ёстой болсон. Би ажилтан авахдаа хүнд туслах дуртай хүн мөн үү, миний яриаг сайн сонсож байна уу, ярианы өнгө аяс нь ямар байна зэргийг анхаардаг. Мэдрэмждээ бас найддаг. Сонгож авсан хүмүүс маань дандаа мундаг ажилтнууд болсон. Анхны ажилтан маань компанидаа 12 жил тасралтгүй ажиллаж байна” гэж тэрбээр өгүүлэв. Анхнаасаа эерэг зөв хандлагатай, ажилдаа сэтгэлтэй хүнийг сонгож авч туршлагажуулж, ур чадварыг нь хөгжүүлдэг болохоор “Nandinway”-ийн ажилтнууд ажлаа аз жаргалтай хийдэг, бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг байна.
Хүнтэй харилцах нь мэдрэмж, тийм учраас үйлчлүүлэгчээ зөв мэдэрч үйлчлэх нь суудал захиалгын ажилтанд хамгийн чухал байдаг аж. Билетийн кассууд өмнө нь аль болох хөл хөдөлгөөн ихтэй байрлалд салбараа ажиллуулж, тэр хэрээр борлуулалтаа нэмдэг байсан бол дижитал шилжилтийн нөлөөгөөр өдгөө онгоцны билет захиалах нь утсаар ярих, фэйсбүүкээр чатлах болж хялбаршин өөрчлөгджээ. Хүн хоорондын харилцааны орон зайг онлайн харилцаа эзлэх болов. Тийм учраас магадгүй зөвхөн мэйлээр, эсвэл зөвхөн чатаар харилцах дуртай үйлчлүүлэгчтэй тааруулж харилцах ёстой болно. Үйлчлүүлэгч утасдах, эсвэл чатлах явцдаа л шийдвэр гаргадаг учраас ажилтнаас торгон мэдрэмж, хурдан сэтгэлгээ шаарддаг аж. Мөн тухайн хүнд туслах, өөрөө нисэх гэж байгаа мэтээр сэтгэлд шингэсэн үйлчилгээ үзүүлэх ёстой болдог байна. “Хүндлүүлэх дуртай, албаны харилцаатай, найзархдаг гэх мэт олон янзын зан характертай хүн үйлчлүүлдэг. Үүнээс шалтгаалаад бидний үйлчилгээ ч өөр байх ёстой. Тухайн үйлчлүүлэгчээ мэдэрч харилцах хэрэгтэй” хэмээн Г.Намуунцэцэг ажилтнууддаа зөвлөдөг.
Түүний өгүүлснээр “Nandinway” компанид нэгэн гэр бүлийнхэн мэт халуун дотно уур амьсгалтай, гар нийлсэн, 80 хүн шиг үр бүтээлтэй ажилладаг найман ажилтан ажиллаж байна.
Ийм л хамт олны үйлчилгээг авсаар өдгөө ах эгч, хамаатан садан мэт болсон олон үйлчлүүлэгч тэдэнд бий. Анх байгуулагдаж байхад нь хүүхдээ дагуулж ирээд билет авдаг байсан хүмүүсийн хүүхдүүд өдгөө том болж өөрсдөө хүүхдээ дагуулан ирж билетээ бичүүлдэг болсон. “Бидний үйлчилгээ чанартай, найдвартай байдаг болохоор ихэнх үйлчлүүлэгч нартайгаа хуурай ах эгч, дүү, найзууд болдог. Баярлаж талархсанаа илэрхийлээд бэлэг бариад ороод ирдэг хүмүүс ч бий. Биднийг үргэлж сонгодог үйлчлүүлэгч нартаа манай хамт олон үргэлж баярлаж талархдаг” хэмээн тэрбээр онцлов.
“Nandinway”-ийн борлуулалтын орлогын 70 хувийг байгууллага, 30 хувийг хувь хүмүүс бүрдүүлдэг. Нэгэнт сонгосон бол тухайн байгууллагаараа үйлчлүүлдэг, өөрчлөгддөггүй сегмент нь хувь хүмүүс байдаг бол байгууллага нь харин хөрвөх чадвартай, гэрээ хэлцлээр бизнесийн харилцааг явуулдаг учраас тэдэнтэй харилцан ашигтай ажиллах шаардлагатай болдог. Байгууллагын зах зээлийн хувьд том групп, компаниудаас гадна цөөхөн хүнтэй атлаа байнга гадаад улс руу явж гэрээ хэлэлцээр хийдэг, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд гэх мэтчилэн янз бүр байдаг. Мэдээжийн хэрэг тэрхүү ялгаатай эрэлт, шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх нь билетийн кассуудын хувьд нэгэн чухал сорилт болдог байна.
Онцлог бизнесийн чимхлүүр шийдлүүд
Билетийн кассын ажилтнуудыг компьютер хараад сууж байдаг харьцангуй амархан ажилтай гэж хүмүүс эндүү бодох нь бий. Гэвч үнэндээ асар их ачаалалтай оюуны хөдөлмөр юм. Үйлчлүүлэгчдээ яаж хямд билет олж өгөх вэ гэж байнга бодож, гэртээ харьсан ч ажлаа хийсээр байдаг болохоор амрах боломж ч бараг гардаггүй. “Nandinway”-гийн ажилтнууд үйлчлүүлэгч нартаа хэзээ ч нэг сонголт санал болгодоггүй, тухайн хүний ажлын болон амин хувийн хэрэгцээ, цагийн хуваарьт таарсан тасалбарын сонголтуудыг санал болгохыг хичээдэг. Тийм ч учраас чатанд нь ямар ч үед хариулдаг ажилтнуудыг нь хэзээ унтаж амардаг юм бэ гэж үйлчлүүлэгч нар нь гайхан асуудаг аж. “Бид тусалья гэсэн сэтгэлээр үйлчлүүлэгч нартаа ханддаг учраас өглөө, оройгүй тэдэнтэй харилцаж буйгаа нэмэлт ачаалал гэж огт боддоггүй” гэж Г.Намуунцэцэг ярьсан нь дээрх асуултын хариулт болох биз ээ.
Агаарын тээврийн компаниуд билетийн кассуудад тарифаа өгөхөөс борлуулалт эхэлдэг байна. Үүнд үндэслээд тухайн үнэд билетийн кассууд анализ хийж, уг тариф эсвэл онцгой, хямдралтай саналыг үйлчлүүлэгч нартаа хэрхэн танилцуулах, борлуулах талаар шийдвэр гаргадаг, товчоор бол “бүтээгдэхүүнээ” хэрхэн борлуулах тактикийг боловсруулдаг. Энэ бол тун чухал алхам. Нэг жишээ дурдахад, 200 гаруй суудалтай онгоцны бүх тасалбарыг хямдралтай буюу онцгой үнийн саналдаа компаниуд багтаадаггүй байна. Тодорхой тооны суудлыг л хямдралтай үнээр, бусад суудлыг өөр өөр үнээр борлуулах нь энэ салбарын нэг онцлог юм. Улмаар билетийн кассуудад хуваарилагдсан тодорхой тооны хямдралтай тасалбарын хамгийн түрүүнд борлуулагдаж дуусах магадлал өндөр байдаг. Хэрэв тухайн хямдралтай тасалбарын сурталчилгаа, маркетингт өндөр төсөв зарцуулсан бол үйлчлүүлэгч захиалга өгөх үед тасалбар нэгэнт дууссан байх эрсдэл үүснэ. Тийм учраас хамгийн хямд, байнга хямд үнээр борлуулдаг гэсэн үгсийг маркетингтаа ашиглахаас татгалздаг тухай Г.Намуунцэцэг өгүүлж байв. Харин тухайн чиглэлд өөрөө нисэх гэж байгаа мэт сэтгэл гаргаж, аль болох таатай, боломжийн үнэтэй хувилбарыг үйлчлүүлэгч нартаа гаргаж өгөхийг тэд хичээдэг. Хоёр өдрийн хоорондох тийзний үнийн зөрүү нь өдөр шөнө шиг ялгаатай байх нь бий.
Үйлчлүүлэгч нартаа таатай сонголт гаргаж өгөхийн тулд анхааралтай, маш сайн мэдээлэлтэй ажиллахаас өөр аргагүй болдог. Тийм болохоор л “Nandinway”-г харьцангуй хямд тасалбар борлуулдаг гэж сонгон захиалга өгөх хүмүүс олон байдаг аж.
Ийм онцлогтой, ийм түүхтэй бизнесийг сууриас нь эхлэн босгосон Г.Намуунцэцэг өдгөө нэгэн зүйлд анхаарлаа хандуулж явна. Үйлчилгээний салбарт олон жил ажиллаж, байнга хүмүүстэй харилцдаг түүний анхаарлыг сэтгэл судлалын салбар ихээхэн татах болжээ. Маш их ачаалалтай ажиллаж, завгүй амьдралын хэмнэлд ууссанаа ч өөрөө нэг өдөр ойлгосон байна. Ингээд энэ чиглэлээр магистрт суралцахаар шийдвэрлэж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2024 онд төгсжээ. Түүний цаашдын зорилго бол нийгмийн сэтгэл зүйд гэрэл гэгээ өгсөн ажил хийх, тэр дундаа алслагдсан дүүргүүдэд амьдардаг хүүхдүүдэд сэтгэл зүйн үнэгүй зөвлөгөө өгөх юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд төрийн бус байгууллага байгуулжээ. Гүйцэтгэх захирлын ажлын хажуугаар нэмж ачаалал авах амаргүй хэдий ч тэрбээр “Бизнес маань цаашдаа хувьсаад хөгжөөд явна. Тийм болохоор хувь хүний хувьд нийгэмдээ үр бүтээлтэй амьдрахыг хүссэн юм. Өнөөдөр манай нийгмийн сэтгэлзүй хүнд байгаа нь анзаарагдаж байна. Хүүхдүүд маань ирээдүйдээ итгэх итгэлтэй, эрүүл сэтгэлзүйтэй болж байж л энэ нийгэм өөрчлөгдөнө. Үүнд л би хувь нэмрээ оруулахыг хүсэж байна” хэмээн өгүүлсэн юм.
Салбартаа өөрийн гэсэн өнгө төрхтэй бизнесийг босгосон түүнээс компаниа яагаад “Nandinway” гэж нэрлэснийг нь асуухад “Компаниа хамтран үүсгэн байгуулсан дүүг маань Г.Нандинчимэг гэдэг юм. Nandinway гэхээр их содон, гоё нэр санагдсан. Хүмүүст нандин дурсамж өгөх эхлэлийн цэг нь болохыг хичээж ажиллах урам зориг, эрч хүчийг бидэнд нэр маань өгдөг юм” гэж хариулав. Мэдээж нандин сайхан дурсамжийг нь эхлүүлэхийн тулд үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд хүрсэн үйлчилгээг үзүүлэх нь чухал. Энэхүү зарчимдаа “Nandinway” компанийнхан үнэнч явсаар байна.