Өнгөрсөн тавдугаар сард Төв аймгийн Сэргэлэн суманд олон улсын стандартад нийцсэн морин тойруулга ашиглалтад орж, “HiPay Cup 2024” холын зайн морин тойруулгын уралдаан зохион байгуулагдсан нь морь сонирхогчдын хувьд чихэнд чимэгтэй мэдээ болсон билээ. Энэхүү төслийг санаачилж, гардан удирдаж буй Б.Наранбат “Өнөөдөр Монголд 50 мянга гаруй уяач бий” хэмээн онцолсон нь төсөөлснөөс ‘том тоо’ байв. “Монголын финтек групп” -ийн гүйцэтгэх захирал тэрбээр өнгөрсөн долоон жилийн турш хамтрагч, хөрөнгө оруулагч, баг хамт олны хамтаар HiPay, Sendly, Stocklab, Money Market fund тэргүүтэй төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж, нийт 10 орчим охин компанитай санхүүгийн чиглэлээр төвлөрсөн группийг цогцлоосон юм.
Харин сүүлийн гурван жилийн хугацаанд цаасан дээрх судалгаа, төлөвлөгөөнөөс бодит бүтээн байгуулалт болж чадсан морин тойруулгыг тойрсон асуулт, сэтгэгдэл, шүүмж хөвөрсөөр байгаа энэ үед түүнтэй уулзаж, хамгийн их давтамжтай ирдэг “Санхүүгийн салбарт финтек бизнес эрхэлдэг залуу яагаад гэнэт морин тойруулга, морь ярих болов оо?” гэсэн асуултад хариулт авлаа. Монголчуудын хүндэтгэн дээдэлдэг “Молор эрдэнэ” хэмээх морины хоббиныхоо талаар тэр ингэж ярьсан юм.
Ази тивийн хамгийн том морин тойруулга
“Манай бизнесийн хамтрагч М.Цолмон бид хоёр хурдан морины хоббитой. Тиймээс ч сүүлийн зургаан жил хурдан морь үржүүлж байна. Бидний морь сайн хурдалж улс, бүсийн наадмуудад тогтмол амжилт үзүүлэх болсон. Багагүй хугацаанд морины ертөнцтэй холбогдож, гүнзгий танилцаад ирэхээр хурдан морины салбарыг хөгжүүлэх ёстой гэдгийг сайтар ойлгосон. Монголчууд морин туурайн хүчээр дэлхийн талыг туулсан гэж бахархаж, омогшдог. Гэтэл гаднаас ирсэн жуулчид төдийгүй бид өөрсдөө ч морь уная гэхээр тав тухтай, стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг морин тойруулга, морь уналгын газар хараахан байхгүй байсан. Энэ чиглэлээр эвент, үйл ажиллагаа ч харьцангуй цөөн болдог. Үүнийг ойлгож, анх олж харсан учраас энэ салбарыг хөгжүүлэхээр зориглож, гурван жилийн өмнөөс судалгаа хийж, төслөө бичихээс эхлээд хөрөнгө оруулалтаа ч шийдээд ажиллаж байна. Үр дүнд нь, өнгөрсөн тавдугаар сард Төв аймгийн Сэргэлэн суманд дөрвөн км -ийн тойрогтой буюу Ази тивдээ хамгийн томд тооцогдох морин тойруулгыг барьж, ашиглалтад оруулсан. Нээлтээ хийх үеэрээ “HiPay Cup 2024” холын зайн анхдугаар морин уралдааныг зохион байгууллаа. Яг ийм хэмжээтэй, олон улсын стандартад нийцсэн морин тойруулгыг бид Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт барихаар төлөвлөж, бэлтгэл ажлууд хангагдаад явж байна.
Монголд ирж буй жуулчдад бид өв соёлоо л зарна. Үүний нэг нь морь, мөн түүнийг дагасан соёл байх боломжтой.
Энэ бүс нутаг хил орчмын аялал жуулчлалд маш тохиромжтой гэдгээрээ онцлог. Ер нь Монголд ирж буй жуулчдад бид өв соёлоо л зарна. Үүний нэг нь морь, мөн түүнийг дагасан соёл байх боломжтой. Тиймээс юун түрүүнд, морин тойруулга бүхий энтертайнмент төв бий болгож, үзэгчдийг татах орчин бүрдүүлсний дараа бусад ажил эхэлнэ. Жишээлбэл, ийм төвд олон төрлийн үйлчилгээ байх боломжтой бөгөөд үүнийг дагаад салбар бизнесүүд ч хөгжинө. Харин бид зөвхөн дэд бүтэц, төлбөр тооцооны асуудлыг л шийднэ”.
Таван наснаас эхэлсэн хобби
“Би есөн сартайгаасаа эхлэн зун бүр Өвөрхангай аймагт өвөө, эмээ дээрээ очдог байлаа. Анх морь унаж сурах үедээ таван настай байсан. Тэр цагаас хойш морь унах дуртай болж, эндээс морины хобби эхэлсэн гэж болно. Харин одоогоос хэдэн жилийн өмнө бизнес хамтрагч, найз М.Цолмон надад үржүүлэг хийх санал тавьсныг хүлээн авснаар бид Итали, Ирланд, ОХУ-аас цэвэр үүлдрийн азарга оруулж ирэн, үржүүлж эхэлсэн. 2017 оноос эхлүүлсэн энэ ажлын үр дүн гарч, 10 гаруй адуу маань улс, бүсийн наадамд эхнээсээ түрүүлж, айрагдаад байна. Цаанаасаа л морины салбарыг хөгжүүл гэж байгаа юм шиг бид их азтай байсан. Учир нь ихэнх хүн олон жилийн хөдөлмөр, олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулж байж тодорхой амжилтад хүрдэг бол бид тэгээгүй. Тухайлбал, надад 2022 оноос эхлээд улс, бүсийн наадамд дөрөв түрүүлсэн халтар азарга бий. Мөн ноднин улсын наадмаар түрүүлсэн даага ч байна. Эдгээр морь уралдаанд ороод л шууд түрүүлж эхэлснээрээ онцлог. Ингэж бидний ажил үр дүнд хүрснээр хурдан моринд шинээр орж буй залуус заавал өндөр үнээр хурдан морь худалдан авах биш өөрсдөө үржүүлэг хийх гэсэн өөр сонголт байгааг харуулж, эвдэж чадсан. Үүнийг харсан маш олон залуус өөрсдөө үржүүлэг хийж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, бид оролцоог нэмэгдүүлсэн. Ингэснээр салбар дагаад хөгжинө, өрсөлдөөн нэмэгдэнэ, эргэлдэж буй мөнгөн дүн ч өснө.
Цаанаасаа л морины салбарыг хөгжүүл гэж байгаа юм шиг бид их азтай байсан.
Нөгөө талаар, биднийг ашиггүй хөрөнгө оруулалт хийж байна, хоббигоороо хий дэмий мөнгө үрлээ, ажил болохгүй зүйлд цагаа зарцуулж байна гэх зэргээр шүүмжилж байсан ч морин тойруулгаа ашиглалтад оруулсны дараа өөрсдийн нүдээр уралдаан ирж үзээд сэтгэгдэл нь өөрчлөгдөж, магтаж сайшааж буй хүмүүс ч байна. Харин уяач, моринд хайртай, хурдан морь сонирхогч олон нийт их баяртай, эергээр хүлээн авсан. Нэгт, энэ бизнес ашиг олох потенциалтай. Товчхондоо, бид хоббигоо бизнес болгосон. Хоёрт, манай хамтрагч бид хоёрын хувьд ч, “Монголын финтек групп”-ийн хувьд ч энэ бол нэг номерын бизнес биш. Өнөөдөр бид үндсэн санхүүгийн бизнесээ эрхэлж, олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ ч үүднээс зөвхөн бид энэ морин тойруулгыг ажиллуулахгүй, эзэмшихгүй. Оронд нь олон уяачийн хамтарсан хөрөнгө оруулалттай, хамтын эзэмшилтэй байхаар төлөвлөсөн”.
Тал нутгийн амар амгалан
“Хобби маань стресс их тайлдаг. Мэдээллийн эрин зуунд хүмүүс асар их мэдээллийг гар утсаараа авч, тэр хэрээрээ стресстэй болсон байна. Улаанбаатар хотод гэхэд л утаа, түгжрэл, элдэв бохирдол гэх мэт хүнийг стресстүүлдэг хүчин зүйл олон бий. Бидэн шиг бизнес хийж, өрсөлдөөн дунд ажиллаж, амьдарч буй хүмүүс ажлын төвөгшил, асуудал үүсэх тоолонд тодорхой хэмжээнд стрессдэж байдаг. Тиймээс ч стрессээ тайлж байх ёстой. Миний хувьд, морь үржүүлэх, морьдоо эргэж очих, хурдан морь сонирхох зэрэг нь өөрөө стресс тайлдаг. Ууланд алхах, сагс тоглох зэрэг чөлөөт цагаараа хийдэг идэвхтэй хөдөлгөөний үеэр эндорфин даавар ялгарч, тархи амраадаг ч стресстэй нийгэмдээ эргээд л орох хэрэгтэй болдог. Иймд, сард нэг удаа хотоос 650 км-ийн зайд буюу Дорнод аймаг дахь адуун дээрээ очдог. Баасан гарагт өглөөнөөс эхлэн оффистоо ажиллаж байгаад үдээс хойш хотоос гарч, үдэш гэхэд адуун дээрээ очиж, хээр хононо. Ингээд ням гарагийн үд хүртэл сүлжээгүй газар байж байгаад шөнө нь хотдоо ирдэг. Даваа гарагийн өглөөг хүртэл утсаа нээж хардаг ч үгүй. Энэ хооронд үндсэн ажлаасаа тэс өөр зүйл бодож, анхаарал хандуулдаг учир тархинд маш сайн амралт болдог. Энэ ч утгаараа миний ажил, амьдралын хэв маягт хамгийн тохирдог нь морин спорт”.
Хурд дагасан эдийн засаг
“Монголын финтек групп”-ийнхэн морин тойруулгаа ашиглалтад оруулснаар уяачид зөвхөн наадмаар гэлтгүй жилийн дөрвөн улиралд морь уралдуулах боломж нээгдэж байна. Ингэснээр сонгодог спортын хэлбэрт шилжиж буйг ч Б.Наранбат хэлж байлаа. “Гадаадын морин тойруулгад нэг адууг дунджаар 21 хоногийн зайтай жил тойрон уралдуулахад нийт 14-16 удаа уралддаг. Гэтэл монголчууд адуугаа тэжээж, зуны хоёрхон сар уралдуулдаг нь эдийн засгийн хувьд үр ашиггүй байсан” гэдгийг ч онцолсон юм.
Үүнээс гадна сонирхол, хобби талаас авч үзвэл морин спорт гэдэг нэлээд үнэтэйд тооцогдоно. Дэлхий даяар ийм бол Монголд өөрийн гэсэн давуу тал бий. Тухайлбал, бэлчээр үнэгүй, малын хөлийн татварын хэмжээ маш бага зэргээр өртөг зардал харьцангуй боломжийн байдгийг Б.Наранбат дурдаад “Гэхдээ үнэхээр сайн удамтай адууг сайн уяж, улсын наадамд түрүүлгэнэ гэвэл зардал, хөрөнгө оруулалт мэдээж их. Өөртөө витамин авч уухгүй байж адуундаа авч өгдөг гэдэг ч яах аргагүй үнэн (инээв). Энэ бүхэн зөвхөн Монголд ч биш дэлхий нийтэд байдаг л үзэгдэл” гэлээ. Ийм хөрөнгө оруулалтууд зөвхөн моринд “шингэх” бус уяач, адуучин, туслах адуучин, унаач хүүхэд, үржүүлэгч, малын эмч, тээврийн бизнес эрхлэгч, өвс, тэжээл борлуулагч гээд маш олон хүний тогтмол цалин, орлогын эх үүсвэр болж, ажлын байр бий болгож, бүхэл бүтэн “эдийн засаг” дагаад үүсгэж буй.
Монголд төрсөн хэн ч ялгаагүй өөрөө л хүсвэл хурдан морь уяж улс, бүсийн наадамд түрүүлгэх боломж нээлттэй байдгийг Б.Наранбат хэлээд “Энэ л өөрөө олон түмнийг нэгтгэсэн монгол наадмын гайхамшиг” хэмээн тэмдэглэсэн юм.
Эрсдэл ба үнэ цэн
2022 онд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын УИХ-д өргөн барьсан “Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл” -ийг өнгөрсөн онд хэлэлцэхээр дэмжсэн тухай мэдээлэл цацагдаж байсан билээ. Тэгвэл Б.Наранбат уг хуулийг батлагдах ёстой гэж үздэгээ бидэнд хуваалцсан юм. Уг хууль батлагдвал морин спорт улам л хөгжинө. Энэ спортыг сонирхдог, үздэг хүмүүс нь өөр хоорондоо бага дүнгээр хувиараа бооцоо тавих нь ч элбэг байдаг.
Энэ сэдвээр ярьж эхлэхэд олон хүн мөнгөө алдана гэсэн шүүмж, болгоомжлол дагалддаг. Гэсэн ч монголчууд бооцоот тааварт хэдийнэ автаж, гадаадын энтертайнмент бизнесийг дэмжих болсныг Б.Наранбат дурдаад “Монголдоо үндэсний спортоо дэмжиж, хүн хохирохооргүй бага дүнгээр бооцоо тавьж тогловол хожил нь монгол хүнд, дундын шимтгэл нь мөн л монгол хүнд очно” гэж онцоллоо.
Монголд төрсөн хэн ч ялгаагүй өөрөө л хүсвэл хурдан морь уяж улс, бүсийн наадамд түрүүлгэх боломж нээлттэй байдгийг Б.Наранбат хэлээд “Энэ л өөрөө олон түмнийг нэгтгэсэн монгол наадмын гайхамшиг” хэмээн тэмдэглэсэн юм.
Өөрөөр хэлбэл, тэд хууль, эрх зүйн орчин бүрдэхээс өмнө суурь нөхцөлийг бий болгосон нь нэг талаар эрсдэл, нөгөө талаар хэрэв хууль батлагдчихвал том үнэ цэн болж чадна хэмээн үзэж байна.
“Монголын финтек групп” -ийн бүтээн байгуулсан морин тойруулгыг дагасан өөр нэг шүүмж гарсан нь бага насны хүүхдийг хурдан морь унуулж, бооцоотой уралдаан зохион байгуулсан гэх мэдээлэл байв. Харин үүнд тэд дараах тайлбарыг өгсөн юм. “Бид хурдан морийг 12-оос дээш насны хүүхдээр, хамгаалалтын хувцас хэрэглэлийг заавал өмсгөж уралдуулдаг. Хууль, эрх зүйн орчин бүрдээгүй учраас ямар нэг бооцоотой уралдаан зохион байгуулаагүй. Оролцож буй хүмүүс тодорхой хураамж төлж, нэмээд бид өөрсдөө 50 сая төгрөг гаргаж, уралдаан бүрд автомашины шагналтай байхаар шийдвэрлэсэн. Шинэ тутам учраас хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс ийм шийдвэр гаргасан. Ойрын хугацаанд Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хууль батлагдвал мэргэжлийн түвшин рүү орж, морин тойруулгын уралдаанд 18-аас дээш насны хүмүүс морь унадаг болно” хэмээн ярьсан юм.
– Business.MN сэтгүүлийн 2024 оны 07 дугаар сарын дугаар (№68) -т хэвлэгдсэн нийтлэл –