– Business.MN сэтгүүлийн 2024 оны 06 дугаар сарын дугаар (№67) -т хэвлэгдсэн нийтлэл –
Зургаадугаар сарын нэгэн нарлаг өдөр Khan Tower -ийн 22 давхрыг зорилоо. Энд өнөөдрийн зочин Могул группийн ерөнхийлөгч Н.Баттулгын албан өрөө бий. Гэхдээ энэ удаа түүний 27 жилээ зориулсан бизнес, ажил хэрэг, технологийн салбарын тухай ярилцахгүй. Харин цөөнгүй жил сонирхон хичээллэж буй гольфийн спортын талаар ярилцах болно.
Өрөөнд нь зөөврийн гольфоос гадна янз бүрийн хэмжээтэй хэд хэдэн бухын баримал, мөн гитар харагдах аж. Хамгийн сүүлчийн бухаа дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг Нью-Йорк руу тун саяхан яваад ирэхдээ авчирсан хэмээн тэр тайлбарлав. Цоо шинэ гитарын тухайд “Нисванис” хамтлагийн басс гитарчин, найз Дархаа (Д.Дарханбат) -даа дурсгахаар амласан тул зориуд захиж авчруулсан гэлээ. Тэрбээр “Нисванис” хамтлагийн фэн хэмээн өөрийгөө тодорхойлсон бөгөөд найз нөхдийн харилцаатай байдаг аж. Өөрөө ч гитар тоглодог агаад сурагч байхаасаа энэ хөгжимтэй “найзалжээ”.
Гольфийн улирлын нээлтийг тохиолдуулан тэмцээн уралдаан зохиогдож эхэлдэг зун цаг бол Монголын гольф сонирхогчдын хувьд тун таатай үе. Хэдий манай улсад 20 гаруй жилийн өмнөөс гольф идэвхтэй тоглодог хүмүүс бий болж, харьцангуй шинэ тутам хөгжиж буй спорт ч гэлээ сүүлийн жилүүдэд сонирхогчдын тоо эрс нэмэгдэж, тэмцээн уралдаан ч идэвхтэй зохиогдож, наймаас 80 настан хүртэлх бүх үеийн төлөөлөл сонирхон хичээллэдэг спорт болжээ.
Гольфтой танилцсан түүх
“Гадаад томилолтоор анх явж байхад онгоцны буудлууд дээр гаднын бизнесменүүд том, том цүнх бариад л алхаж явааг хараад их гайхдаг байлаа. Сонирхон асууж үзэхэд “Гольфийн цүнх байгаа юм аа. Гольф тоглодог юм” гэж хариулж байсан. Тэндээс бизнесийн аялал хийгээд явж байхдаа хажуугаар нь гольф тоглодог соёл байдаг юм байна гэсэн анхны ойлголттой болсон. Олон улсын томоохон компаниуд дистрибьютер байгууллагууддаа зориулж янз бүрийн хурал чуулган, арга хэмжээ зохион байгуулахад зарим тохиолдолд гольф тоглох нь бий. Менежментийн багт нь гольф тоглодог хүмүүстэй компаниуд өөрсдөө ч гольфийн тэмцээн зохиодог.
Бөмбөгтэй тоглодог бусад спортоос ялгарах онцлог нь гольф илүү сэтгэл зүйн төвлөрөл шаарддаг.
Харин анх цохиур барьж үзсэн нь “М-Си-Эс Электроникс” компанид байхдаа ажлынхаа залуучуудтай нийлж гольфийн талбайд очсон өдөр. Одоогийн “Премиум Корпорэйшн”-ын үүсгэн байгуулагч А.Ганхуяг анх энэ спорттой танилцуулж байж билээ. Тэгэхэд цаашид гольф тоглож болмоор ч юм шиг санагдсан. Ер нь би багаасаа төрөл бүрийн бөмбөгтэй спортод их сонирхолтой байсан нь ч нөлөөлсөн байх. Яг хичээллэж эхэлсэн гэвэл 2010 онд найзууд маань дэлгэцийн гольфийн төв нээснээр олон цагаар хичээллэх боломж бүрдэж, мэргэжлийн багштай ч болж амжсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 14 жил энэ спортоор хичээллэж, хөглөгдөж явна”.
Ёс зүй хэмээх код
“Гольфийн спорт анх Англид үүссэн цагаасаа эхлээд дүрмийн хувьд их нарийн хөгжиж ирсэн байдаг. Хувцаслалтаас эхлээд биеэ авч явахад хүртэл энэ бүхэн хамаатай. Яг л дүрмийн дагуу хувцаслах ёстой, мөн нэгнийгээ цохиж байхад хамаагүй дуу чимээ гаргаж болохгүй, цохиж байгаа хүний харааны түвшинд байж болохгүй гэх мэт цөөнгүй дүрэм бий. Дүрмээ яс баримтлах нь өөрөө ёс зүй (этик). Хэрэв дүрмээ баримтлахгүй бол ёс зүйгүй хүн болж хувирна. Гольф тоглох нь өөрөө үнэнч шударга байдлыг шаарддаг. Худлаа байвал тэр дороо л баригдана. Ер нь ёс зүй гэдэг хаана ч хэрэгтэй. Бизнес хийж байхад ч гэсэн харилцан ашигтай байх, хоорондоо ёс зүйтэй байх хэрэгтэй болдог шүү дээ. Тиймээс бид бизнесийн орчныг илүү ёс зүйтэй байлгая гэх уриан дор Dell Technology Championship тэмцээнийг санаачилж, Dell компанийн дэмжлэгтэйгээр жил бүр зохион байгуулах болсон. Энэ жил зургаа дахь удаагаа болно. Манай тэмцээн Ковид-19 цар тахлын дараахан үеэр ч тасраагүй цорын ганц тэмцээн болсон. Гольфийн спортыг сурталчлан дэлгэрүүлэх, залуучуудын оролцоог дэмжих зорилгоор уг тэмцээнийг бид тогтмол зохион байгуулж байна”.
Өөрөө өөртөө тулаанч
Бөмбөгтэй тоглодог бусад спортоос ялгарах онцлог нь гольф илүү сэтгэл зүйн төвлөрөл шаарддаг. Нэг үгээр, өөрөө өөртэйгөө тулах, өөртөө хариуцлагатай байж, хувийн амжилтаа эвдэхийн төлөө байдаг гэж ойлгож болно. Мэдээж бусад тоглогчтой өрсөлдөөн үүсгэх нь ойлгомжтой. Гэхдээ үүнээс илүү өөртэйгөө ажиллаж, хувийн амжилтаараа өрсөлддөг спорт учраас маш их төвлөрөл, нарийн мэдрэмж шаарддагийг Н.Баттулга онцолж байлаа.
Мөн байгальд, цэвэр агаарт 7-8 км алхаж, 4-5 цаг зарцуулж байж 18 нүхээ тойрч, бүтэн нэг тоглолтыг дуусгадаг. Дээр нь биеийн бүх булчин ажилладаг учраас хөдөлгөөн багатай, байнгын суугаа ажил эрхэлдэг хүмүүст идэвхтэй хөдөлгөөн болдог эрүүл спорт.
Гольф бол бие даасан экосистемтэй, бизнесийн ач холбогдол, агуулга өндөр спорт. Гольфийн ногоон талбайд сонирхолтой нетворкинг, бизнесийн яриа хэлцлүүд ч өрнөх нь бий.
Гольф сонирхогчид талбайд гарсан цагаасаа эхлээд л тэмцээнд оролцоод явах нь түгээмэл. Н.Баттулгын хувьд 2011 оноос тэмцээнд оролцож эхэлжээ. Гольфийн спортын нэг онцлог нь туршлагатай, сайн тамирчин болон дөнгөж эхэлж буй тамирчид хоорондоо өрсөлдөх боломжтой байдагт оршино. Энэ нь handicаp индекс буюу тухайн тоглогчийн өмнөх тоглолтуудаас цуглуулсан туршлага, хамгийн өндөр оноонд үндэслэн тохирох handicap оноог дундажлан тооцож өгдөгтэй холбоотой. Дэлхий даяар нэгдсэн handicap системтэй учраас Монголд тооцоолуулсан индекс хаана ч хүчинтэй байдаг онцлогтой. Тиймээс тоглогчид өөрийн цохисон оноо бүрээ “Монголын гольфийн холбоо” -оос тусгайлан хөгжүүлсэн аппликэйшнд бүртгүүлж, идэвхтэй тоглодог.
Бизнес ба гольф
“Гольф бол бие даасан экосистемтэй, бизнесийн ач холбогдол, агуулга өндөр спорт. Гольфийн ногоон талбайд сонирхолтой нетворкинг, бизнесийн яриа хэлцлүүд ч өрнөх нь бий. Бизнесийнхэн илүү татагдан ордог нь ч үүнтэй холбоотой болов уу. Мөн өөр хоорондоо найзалж нөхөрлөх таатай, бас адал явдалтай орчин ч үүсэж байдаг. Ногоон талбай дээр хамт тоглож буй хүний зан чанар, эмоц, араншин гээд бүх зүйл илэрч харагддаг. Энэ нь зүгээр нэг уулзалт товлох, кофе уухаас илүү тухайн хүнийг таньж мэдэх, цаашлаад хамтрах эсэхээ ч шийдэх боломжийг олгодог.
Энэ жилээс “Монголын гольфийн холбоо”-ны дүрэмд өөрчлөлт орж, хувь гишүүнчлэлд суурилсан тогтолцооноос клубүүдийг гишүүнээр элсүүлж, клубийн зохион байгуулалтад шилжсэн. Миний хувьд Vista клубд харьяалагддаг. Манай клубээс гадна “Заан Тэрэлж”, “Соёмбо”, Eagle, Royal Mountain, Star зэрэг хэд хэдэн клуб идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна”.
Цагийн юм цагтаа!
“Ямар ч хүний амьдрал гурван үндсэн хэсгээс бүрдэж байх шиг санагддаг. Нэгт, гэр бүл, хоёрт, ажил, бизнес, найз нөхөд, гуравт, нийгэмших хэрэгцээ. Ажиглаад харвал, энэ гурван зүйл дээр л бид амьдралынхаа ихэнх цагийг зарцуулдаг. Гэр бүлдээ яаж чанартай цаг зарцуулж, ажлаа хэрхэн чанартай сайн хийдэг шигээ гурав дахь хүчин зүйлд ч мөн цаг гаргаж чадвал хүний амьдрал тэнцвэртэй байж чаддаг. Өөрөөр хэлбэл, өөрт байгаа бүх цагаа 100 хувь гэж үзвэл гурвууланд нь эн тэнцүүхэн 33 хувийг зарцуулах тухай юм. Гэхдээ энэ нь мэдээж тухайн хүн хэдэн настайгаас хамаарч өөрчлөгдөх нь тодорхой. Нийгмийн амьдрал гэдэг зөвхөн хоббигоор хязгаарлагдахгүй. Үүнд, янз бүрийн коммюнити, байгууллага, сайн дурын ажил ч багтаж болно. Товчхондоо, ямар ч завгүй байсан хоббиндоо цаг гаргах хэрэгтэй гэсэн үг. Зөвхөн ажил, ажил гээд л яваад байвал тэнцвэр алдагдана. Цагийн юм цагтаа! Тиймээс би хийх ёстой зүйлсээ тухай бүрд нь амжуулахыг чухалчилдаг. Дээр нь маш сайн төлөвлөдөг. Чухал ажлуудаа долоо хоногоор ерөнхийд нь төлөвлөчихдөг. Тэгэхгүй бол гэнэтийн ажлууд гарч ирэхэд бүгдийг зохицуулах гэж зүтгэсээр амарч чадахгүй ядардаг тал бий. Иймд, бүхний түрүүнд төлөвлөгөөгөө маш сайн гаргах хэрэгтэй”.
Аялангаа тоглоно
Монголын гольф сонирхогчдын хувьд цаг уурын онцлогоос шалтгаалан зөвхөн дулааны улиралд буюу 5-9 сарын хооронд л гольфоор хичээллэх боломжтой байдаг. Тиймээс хүйтэн сэрүүний улирал эхэлмэгц Зүүн Өмнөд Азийн улсууд дахь гольфийн талбай дамжин тоглох нь элбэг. Үүгээрээ жилийн дөрвөн улирлын турш халуун дулаан уур амьсгал зонхилдог улс орны гольф сонирхогчдоос ялгаатай.
Гэхдээ өвлийн улиралд ихэнх хүн дурладаг спортоосоо холддог бөгөөд дотор хичээллэх бэлтгэлийн талбай хэдий байдаг ч цаг зав, ажил төрлөөс шалтгаалан тэр бүр хичээллэж чаддаггүй. Н.Баттулгын хувьд зуны улиралд долоо хоногт 2-3 удаа, ингэхдээ аль болох амралтын өдрүүдээ ашиглан гольф тоглохыг хичээдэг аж. Харин наймдугаар сард “Монголын гольфийн холбоо” -оос жил бүр зохион байгуулдаг “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг угтан амралтаа авч, бэлтгэлээ базааж авахыг чухалчилдаг гэлээ.
Гольф тоглох нь өөрөө үнэнч шударга байдлыг шаарддаг. Худлаа байвал тэр дороо л баригдана. Ер нь ёс зүй гэдэг хаана ч хэрэгтэй. Бизнес хийж байхад ч гэсэн харилцан ашигтай байх, хоорондоо ёс зүйтэй байх хэрэгтэй болдог шүү дээ.
Мөн тэрбээр хилийн чанадыг зорих бүрдээ гольфийн шинэ талбайд тоглож, туршлага хуримтлуулахыг илүүд үздэг. Далайн эрэгт амарч тухлахаас илүү шинэ орчинд гольф тоглох нь аяллыг илүү утга учиртай болгодог хэмээсэн юм. Учир нь гольфийн талбай бүр өөрийн гэсэн онцлог шинж чанартай байдаг нь шинэ туршлага, шинэ мэдрэмжээр өөрийгөө цэнэглэх хөшүүрэг болдог аж.
Харин гадаадын тоглогчид Монголын зун цагийг хамгийн таатай нөхцөлтэй хэмээн үзэж, “байгалийн эйр кондишн” гэж нэрлэдгийг гольф сонирхогчид онцолж байсан юм. Учир нь манай улс өндөрлөг бүсэд оршдогоос гадна агаарын чийгшил багатай тул бөмбөгний нисэлт нам дор газрынхаас илүү хол тусдаг аж. Хөгжингүй орны иргэдийн хувьд гольфийн талбайд очихын тулд хэдэн цагийг зарцуулах нь энгийн үзэгдэл бол монголчууд хотоос хэдхэн км зорчиход л гольфийн талбайд очих боломжтой зэрэг давуу тал бийг ч Н.Баттулга дурдаж байв. Түүний хувьд хүүхэд, залуусыг аль болох багаас нь системтэй хичээллүүлж чадвал Монголд гольфийн спорт хөгжих бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, гольфийн улирал хийгээд хөгжлийн хувьд ч ирж яваа цаг нь одоо юм.
– Business.MN сэтгүүлийн 2024 оны 06 дугаар сарын дугаар (№67) -т хэвлэгдсэн нийтлэл –