Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн олимпод 200 гаруй орны 11 мянга орчим тамирчид 32 спортын төрөлд хурд хүч, ур чадвараа гайхуулж алдарших юм. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог энэхүү олимпын наадамд дэлхийн өндөр чансаатай тамирчид болоод үзэгчид нэгэн дээвэр дор цугларах ховорхон мөч дахин тохиох гэж байна.
Тамирчидтайгаа хамтдаа ялж, ялагдаж, баярлаж гуниглах эдгээр өдрүүдэд зөвхөн спортын наадмаар дуусахгүй дэлхийн улс гүрнийг нэгтгэн, нэг нэгнээ таньж мэдэх, өөр орны соёлыг ойлгон, хүндэтгэлтэй хандах орчин нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймдээ ч үндсэн тэмцээнээс гадна соёлын наадам, хөгжөөн дэмжигчдийн бүс, олон нийтийн оролцооны хөтөлбөр зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
Тухайлбал, олимпын тэмцээн зохиогдох үеэр House төслүүд хэрэгжих ба 15 орчим улсын төлөөлөл байгууллагууд өөрсдийн сэдэвчилсэн онцлогийг шингээсэн өвөрмөц хотхоноор дамжуулан улс орныхоо өв соёл уламжлал, ёс заншил, үүх түүхээ олон улсын иргэдэд таниулах гэж байна.
Үүнтэй холбоотойгоор Монголын Үндэсний Олимпын Хорооны санаачилгаар Монгол улсаас анх удаа Эх орныхоо өв уламжлалыг тээн, түгээн дэлгэрүүлж яваа байгууллагуудаа нэгтгэн Mongolia House төслийг “Парис-2024” олимпын наадмын үеэр Парис хотын зүүн хойд хэсэгт байрлах Ла Виллет /Parc de la Villette/ цэцэрлэгт хүрээлэнд долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 10-ны өдрүүдэд хэрэгжүүлэх гэж байна.
Орд Гэр ХХК нь нүүдэлчдийн уламжлалт ахуй соёлыг орчин үеийн амьдралын хэв маяг, технологийн дэвшилттэй хослуулан Монгол гэрийн уламжлалт байдлыг нь алдагдуулахгүйгээр орчин цагийн өдөр тутмын хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэн үйлдвэрлэдэг.
Бүтээгдэхүүний төрлийн хувьд Уламжлалт Монгол гэр, Модуль хийцлэлтэй угсармал орчин үеийн гэр, Доум хийцлэлтэй гэр гэсэн үндсэн гурван төрлөөр хэмжээний өргөн сонголттойгоор инновац шингээн хөгжүүлэн үйлдвэрлэж үндэсний биет өв соёлоо түгээн дэлгэрүүлж, орчин цагийн амьдралын хэв маягт тохируулан хэрэглэх боломжийг бүрдүүлээд буй юм.
Харин энэхүү Парис хотын зүрхэнд сүндэрлүүлэхээр тус компани нь хоёр төрлийн гэрийг сонгон танилцуулах юм. Тус Орд Гэр ХХК-ийн Модуль хийцлэлтэй угсармал гэр нь 7,5метрийн диаметртэй, европ хүмүүсийн нурууны өндөрт тохируулан хананы өндрийг 2.2 метр өндөр, нийт гэрийн өндөр 4метр ба 44.2м2 талбайн хэмжээтэй, баганагүй тул зай талбай уужим саруулхан байдгаараа онцлогтой. Гэрийн араг бүтцийн хувьд хана, дээвэр, тооно гэсэн 17 хэсэг салангид модулиас бүрдэж тэдгээрийг хооронд нь эвлүүлэн угсрах зарчмаар барьдаг тул Монгол гэр барих мэдлэггүй гадаад хүмүүс ч лего угсарч буй мэт гэрийг барих явцыг хялбаршуулсан ба энэ модульчилсан загвар нь олон дахин буулгаж, дахин барих боломжтой гэдгээрээ давуу талтай.
Тус Модуль хийцлэлтэй гэрийн ханын дулаалгын хувьд 10 сантиметрийн зузаан угаасан цэвэр хонины ноосоор дулаалгыг хийж, ханыг нэг давхар, дээврийг хоёр давхар эсгийгээр дулаалах бөгөөд эдгээр дулаалгын материалыг ус чийгээс хамгаалсан амьсгалдаг мембран материал, хамгийн гадна талаар ус чийгийн, нарны хэт ягаан туяаны, тоосжилтын эсрэг хамгаалалт бүхий цагаан бүрээс гэсэн байдлаар шийдсэн нь дулаан алдалтыг 65 хүртэл хувиар бууруулсан эрчим хүчний аудиторын гэрчилгээтэй, тооно нь автоматаар нээгддэг тул уламжлалт монгол гэрийн адил агаар сэлгэлт, гэрлийн тархалт жигд сайн байдаг аж.
Компанийн зүгээс үндэсний илэрхийллийг улам тодотгох зорилгоор Олимпын наадамд зориулан гэрийнхээ гадна бүрээсний дизайныг шинээр боловсруулан чимэглэж өгчээ.
Үүнээс гадна Олимпын наадмын үеэр Эх орныхоо өв соёлыг таниулан сурталчлах хоёр дахь гэрээр Уламжлалт Монгол гэрийг сонгосон бөгөөд, уг гэрийн онцлогоос дурьдвал ханыг 1,9 метр хүртэл өндөрлөж 3 метрийн өндөр болгожээ. Ингэснээр гэрт зочлох зочид төлөөлөгчид бөхийх, тонгойхгүйгээр зогсож болохоор дотор зай саруул уужим болсон байна. Уламжлалт Монгол гэрийн хөгжүүлэлтийг Орд Гэр компани хийхдээ Европын модон барилга байгууламжийн стандартад нийцүүлэн бат бөх байдал, хэмжээ стандарт, аюулгүй байдлыг бүрэн хангахаар шийдэж, Монгол мужааны ур чадвар, уран ухааныг орчин үеийн техник технологитой хослуулан хийжээ.
Орд гэр ХХК бүтээгдэхүүнийхээ араг хийцлэлийн гол түүхий эдийг сонгохдоо сайн чанарын 1-р сортын цэвэр нарс модыг үйлдвэрийн аргаар боловсруулж, чийгшилтийг 6-8 хувь болтол хатаалтад оруулдаг учраас ямар ч тохиолдолд хэв гажилт үүсдэггүй.
Чийглэг уур амьсгалтай оронд удаан хугацаанд ашиглахад ч ус чийг алдахгүй, битүүмжлэл сайтай, арчилгаа энгийн хялбар, гадна бүрээсийг угааж цэвэрлэхдээ усаар шүрших төдийд цэвэрхэн болж чаддаг хялбар шийдэлтэй гэх мэт олон давуу талтай болгон шинэчилж сайжруулсан ажээ.
Мөн үүнээс гадна уламжлалт монгол гэрийг хамтад нь барих юм. Бусад уламжлалт гэрээс ялгарах онцлог нь нэгдүгээр сортын нарс модыг ашиглаж, хананы үдээсийг хөнгөн цагаан тавлагчаар хийж өгснөөр чийглэг уур амьсгалтай оронд удаан хугацааны эдэлгээ даах боломжтой. Бусад хийц болон загварын хувьд эртнээс өвлөгдөн ирсэн монгол гэрт байх бүх л зүйлсийг нэгийг ч алдагдуулахгүйгээр шингээж өгсөн байна.
Орд гэр ХХК захиалагчдадаа зориулан цахилгааны бүх тоноглолыг зориулалтын дагуу хийдэг. Монгол гэрийн хана болон хатавчин дундуур тусгай зориулалтын гуурсаар хамгаалсан цахилгааны утсыг суулгаж өгдөг. Ингэхдээ хэрэглэгчдийн хүсэлтээр шийдвэрлэж хүссэн газарт нь разетка, тогны хамгаалалтыг суурилуулдаг байна.
Монголын ГЭР брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулах томоохон зорилгыг өвөртлөн ийнхүү тасралтгүй хөгжүүлэн ажилласаар дэлхийн улс үндэстэн бүрийг Парис хотын зүрхэнд сүндэрлүүлсэн өргөө цагаан ОРД гэртээ хүлээн авахад бэлэн болжээ.
Тус Mоngolia House төслийн хүрээнд Монгол орны нүүдэлчин ахуй соёл, урлагийн тоглолт, идээ ундааны дээж, үндэсний спортоор дамжуулан Монгол орноо олон улсад сурталчлах томоохон арга хэмжээ болох юм.
7 сарын 27 ноос 8 сарын 10 хооронд өдөр бүр 11:00-10:00 хооронд Парис хотын La Villette цэцэрлэгт хүрээлэнд Mongolia House байршина.
Мөн Орд Гэр ХХК-ийн Парис хотноо танилцуулсан монгол гэрийг сонирхсон хэн бүхэн худалдан авах боломжтой аж.