Хавар болоод ч тэр үү, сэтгэл гэгэлзэж, хаа нэг тийш явмаар, гадаадад аялмаар л байна уу? Хамт олноороо, гэр бүлээрээ, хайртыгаа хөтлөөд, анд найзыгаа дагуулаад гадаад явж, галуу шувууны мах идмээр, өөр улсын өндөр хөгжил, соёл, заншлыг үзмээр. Танилын хүрээгээ тэлж, тааваараа цэнгэн хөгжилдөж, амьдралдаа нэгэн шинэ түүх бүтээх үү?
Ер нь хүн амьдралынхаа эцсийн мөчид бага хайрлаж, бага аялсандаа л харамсдаг гэдэг шүү дээ. Аялаад л, хайрлаад л байвал амьдрал илүү амттай болдог байх нь. Тиймдээ ч хүн төрөлхтөн улам л аялах дуртай болж, аяллын компаниуд ч олширчээ. Манай улсын хувьд, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг 100 орчим компани бий.Харин энэ олон компаниас алийг нь сонгож аялах вэ? Хэн нь илүү үнэ цэнтэй, утга учиртай аялал зохион байгуулж, найрсаг, тухтай үйлчилгээ үзүүлдэг вэ? Ингэж асуухын учир нь компаниуд аялах хүмүүсийг бүртгээд, гадаад дахь харилцагчид руугаа явуулчихдаг, олон компанийн аялагчид бүгд ижил хөтөлбөрөөр, адилхан зочид буудалд байрлана. Аяллын компани нэртэй ч зүгээр л зуучийн үүрэг гүйцэтгэдэг байх нь элбэг. Үр дүнд нь, аялал тав тухгүй болох эрсдэлтэй. Ямар ч компанийн аялалд хамрагдсан ялгаагүй, цаанаа очоод нийлчихдэг гэх ойлголт хүмүүсийн дунд бий. Бас хүний тоо бүрдээгүй тохиолдолд тухайн аялал цуцлагдах нь түгээмэл.
“Гоё аялал” -ынхан зуучаар дамжуулалгүй зөвхөн өөрсдөө бие даан аялал зохион байгуулдаг бөгөөд хоёр хүн бүртгүүлсэн ч бай баг бүрдээгүй гэх шалтгаанаар бусдын адил аяллаа цуцлалгүй заавал аялалдаа гардаг онцлогтой.
Тэгвэл дээрх асуудлыг эергээр шийдэж чадсан, шинэлэг менежменттэй аяллын компани ч байна. Аялагчдаа өөрсдөө хариуцан авч явж, бүрэн үйлчилдэг бөгөөд хоёр хүн бүртгүүлсэн ч хамаагүй тухайн аялалдаа гардаг “Гоё аялал” ХХК-ийн үүсгэн байгуулагчид болох залуу хос аяллын салбарт гялалзаж явна. Сүүлийн үед тэд компанийнхаа нэрээс санаа аван Nice Tour хэмээн аяллаа нэрлэж, хүмүүст санал болгож эхлээд байна.
Уулзсан хүн бүхэн эргэн холбогддог
Хүн чанар, залуу насны зориг хослуулсан Nice Tour-ийн Ё.Эрдэмбилэг, Ц.Оюун-Эрдэнэ хоёр хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 20 гаруйхан настай гэхэд хоёр, гурван ч салбарт бизнес хийгээд үзчихсэн аж. Ц.Оюун-Эрдэнийн аав, ээж хоёр энэхүү “Гоё аялал ХХК”-ийг 2015 онд байгуулсан байна. Тухайн үед Ц.Оюун-Эрдэнэ хүүхэд байсан ч зарын хуудас хэвлэх, хувилах, тараах зэргээр гэр бүлийнхээ бизнест тусалдаг байжээ. Харин өдгөө энэ бизнесээ өвлөн авч, нөхөртэйгөө хамтран аяллын салбарт үнэнчээр зүтгээд хоёр жил болж байна. Өнгөрсөн хоёр жилд мэдээлэл авахаар ирсэн бараг бүх хүн гэрээ хийж, аялалд нь хамрагдсан аж. Энэ хугацаанд уулзсан хүмүүсээс зөвхөн хоёр нь л гэрээ хийгээгүй түүхтэй.
Тэд “Бидэнтэй уулзсан л бол эргэж холбогдоод, эсвэл тэр дороо гэрээ хийгээд заавал аялдаг. Нэг аялсан хүн ах дүү, найз нөхдөө мөн манайхаар аялуулдаг. Бидэнд итгэдэг үйлчлүүлэгчдэдээ маш их баярлаж, итгэлийг нь алдахгүй, амьдралд нь гоё аялал “бүтээж өгөх”-ийг хүсдэг. Гэрээ хийхдээ хүмүүст эрсдэлтэй тал, аяллын сайхан, муухайг илэн далангүй тайлбарладаг юм. Бид хоёр үнэн байхыг л хүсдэг. Худал амлахгүй үнэнээрээ байдаг болохоор хүмүүс бидэнд их итгэж, хайрлаад л байх шиг санагддаг” хэмээн ярьж байна.
Өмнө нь аяллаар явсан газрууддаа эргээд очиход зарим зүйл нь өөрчлөгдчихсөн, орц, гарц нь хүртэл солигдчихсон байх үе бий. Энэ тохиолдолд Ё.Эрдэмбилэг “За, хэдүүлээ учраа олно оо, дүү нь гялс мэдчихнэ. Жаахан өөрчлөгдчихөж гээд л инээмсэглэдэг” гэнэ. Ингэж үнэнээрээ, аливаад сэтгэлээсээ хандахаар аялагчид хүртэл ах дүү, найз нөхөд шиг дотно зөвлөгөө өгч, ярилцаж, урам хайрладаг гэлээ. Одоогоор “Гоё аялал”-аар аялсан хүмүүсийн дийлэнх 30-40 насныхан бөгөөд дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг ажээ.
Бэрхшээлийг хөнгөн хүлээж авдаг
Ё.Эрдэмбилэг, Ц.Оюун-Эрдэнэ хоёр аяллын үеэр тохиолддог бэрхшээлтэй талуудыг тайлбарлахдаа “Хөгжилтэй шүү дээ. Дурсамж болоод л үлдэнэ. Хөөрхөн шүү дээ, манай ах эгч нар чинь” гээд л ямар ч асуудлыг хөнгөн хүлээж авдаг нь илт. Аргагүй л хорвоог өнгөтөөр хардаг өөдрөг, цэл залуухан хос аж.
Тухайлбал, аяллын багийнхан хөтөлбөрөө гэнэт өөрчлөх, өөр хот руу явах, буцах хугацаагаа сунгах зэрэг бэрхшээл тулгарна. Урд өдөр нь хэтрүүлж уугаад, маргааш нь аялалдаа ядарч уцаарлах. Автобуснаасаа буухгүйгээр бүх зүйлийг харах гэж зөрүүдлэх гэх мэтээр хүүхэд шиг аашлах нь ч бий. Мөн 20 хүнтэй групп аялуулахад ганцхан хүнд л таалагдалгүй, мөнгөө буцааж авна гэх тохиолдол ч гардаг байна.
Гэхдээ энэ мэт асуудлыг хөнгөн хүлээн авч, дараа дараагийн аяллаа улам сайжруулахыг хичээдэг гэлээ. Хүмүүс аяллын хөтөлбөр, гэрээгээ сайн унших ёстой байдаг боловч хэчнээн сануулсан ч барагтай л бол уншдаггүй. Дараа нь хөтөлбөрт байхгүй зүйл нэхэж шаардах асуудал үүсэх нь энүүхэнд.
Мөн хятад хоол халуун ногоотой, идэхэд хэцүү, зарим газарт хоол ундны асуудал тулгарч магадгүй гэх мэтээр урьдчилан тайлбарладаг ч, яг аялж байхдаа хоол нь халуун ногоотой байна гэж дургүйцэх хүмүүс ч цөөнгүй. Харин юм үзэж, нүд тайлсан хол, ойр аялж сурсан хүмүүс энэ мэт асуудлыг ер тоодоггүй нь ажиглагддаг гэж байлаа.
“Аливааг яаж хүлээн авах нь хүний тухайн үеийн сэтгэл зүй болон хувийн зан чанараас шалтгаалдаг юм шиг санагддаг. Ямар ч аялал маш олон танилтай болгодог, аяллаа дуусгаад бүгдээрээ тэврэлдээд л, сайн найз нөхөд, ах дүү болоод салцгаадаг нь сайхан шүү дээ” гэж тэд ярилаа.
Салбарынхан дотроо жаахан “шахагддаг”
Тухайлбал, Хятад руу аялал зохион байгуулдаг компаниуд, хүмүүсээ Хятадын талын түнш рүүгээ явуулчихдаг. Ингээд түнш буюу Өвөр монголчууд аялагчдыг тосож аваад дараагийн буудал, хөтчид шилжүүлнэ. Ингэж гурав, дөрвөн дамжлагаар дундын зуучтайгаар аялалд баг гаргадаг байна. Харин “Гоё аялал”-ын хоёр энэ бүгдийг ямар ч дундын зуучгүйгээр өөрсдөө хийдэг. Ингэснээр үнэ хямдрах боломжтой. Хэмнэсэн мөнгөөрөө хамгийн тухтай, зэрэглэл өндөр зочид буудал сонгох, тухтай унаа машинаар үйлчилж, үзүүлэх газруудаа нэмэх зэргээр, зуучлагчдад өгөөгүй мөнгөөрөө үйлчилгээгээ сайжруулдаг аж. Гэвч ингэж бие даасан аялал хийхээр Өвөр монголчууд болон дотоодын аяллын компанийнхан дургүйцэх хандлагатай байдаг. Уулзалт, баяр ёслолдоо урьдаггүй, заримдаа хил гааль дээр хааж боох хүртэл асуудал үүсгэдэг аж.
Ирээдүйд дэлхийн бүх улсад хөтөчтэй болно
Магадгүй 5-10 жилийн дараа аяллын компани гэж байхгүй болоход хүмүүс бие даан чөлөөт аялалд гардаг болохыг ч үгүйсгэхгүй. Тиймээс монгол хэлээр аяллын хөтөлбөр захиалгын аппликейшн бүтээгээд, дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй монголчуудаа хөтчөөр ажиллуулж, дэлхийгээр аялах боломжийг элэг нэгтнүүддээ бүрдүүлж өгөх хүсэл тэдэнд бий.
“Гоё аялал” -ын залуус гадаад аяллын хөтөлбөр захиалгын аппликейшн хөгжүүлж, дэлхийн өнцөг булан бүрд монгол хөтөчтэй болохыг зорьж байна.
Мөн хүүхэд, залуучуудыг дэлхий ертөнцтэй эртхэн танилцаж, өөр улс орны соёл ямар байдгийг мэдэж аваасай гэж боддогоо хуваалцсан юм. Тиймдээ ч өсвөр үеийнхнийг байлдан дагуулдаг контент бүтээгч Mesmerism -ийн залуустай аялсан бол дараагийн удаа youtuber Чамитай аялахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар “Гоё аялал”-ын хамт олон Хятад, Орос, Вьетнамын аялалд гардаг. Дотоодын аялал зохион байгуулах сонирхолтой ч Монголын зочид буудал, амралтын газрууд хэтэрхий өндөр үнэтэй, зөвхөн ашиг олохыг хүсдэг тул хамтарч ажиллахад хүндрэлтэй байдгийг онцолж байсан юм.