ХААН Банкны Жижиг дунд бизнесийн газрын захирал С.Энх-Ирээдүйтэй санхүү, хөрөнгө оруулалтын сэдвээр ярилцлаа. Ярилцлагыг подкаст хэлбэрээр сонсох бол энд дарна уу
Жижиг дунд бизнес нь бусад оронтой харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь харьцангуй бага ч гэсэн ажлын байрыг бий болгон бүрдүүлж байгаа нь их байдаг. Ийм өндөр үүрэг гүйцэтгэж байгаа энэ чиглэлийг үр дүнтэй санхүүжүүлж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?
Улс оронд хэрэгтэй томоохон хөтөлбөрүүд хөгжлийн банкны зарчмаар шийдэгддэг бөгөөд хөгжлийн санхүүжилт, арилжааны банкны санхүүжилт хоёр бол тэс өөр зүйлс. Харин манай улсад хөрөнгө оруулалт арилжааны банкаар дамждаг явдаг болохоор банкнууд нь нийгэмд хэрэгтэй байгаа чухал бизнесийг дэмжихээсээ илүүтэйгээр буцаан төлөх боломжтой, эрсдэлгүй гэж үзсэн харилцагчдад түрүүлж санхүүжилтээ өгдөгт учир байгаа юм. Энэ нь жижиг бизнесүүд тэлэхэд саад болдог нэг том хүчин зүйл.
Түүнээс гадна Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчдээс хамгийн их анзаарагддаг зүйл бол санхүүгийн сахилга бат дутуу, мөн мөнгөтэй харьцах нь тэдний хувьд харьцангуй шинэ зүйл байдаг. Бусдаас дутахгүй гэсэн хандлагаараа санхүүгийн бодит өгөөжгүй зүйлд мөнгөө зарцуулдаг хандлага нийтлэг. Энэ хандлага хүчээ авахад нөлөөлж байгаа зүйл нь арилжааны банкнууд зээл олгохдоо барьцаа шаарддаг явдал гэдгийг хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл эрсдэл гарсан тохиолдолд яах вэ гэсэн өнцгөөс харилцагчаа хараад сурчихсан.
Гэхдээ харилцагч бизнесээ хийж байхдаа тэртээ тэргүй бөөн эрсдэл дунд явж байдаг шүү дээ. Гэтэл бизнес хийх гэж байгаа хүнд эргэлтийн мөнгө хэрэгтэй, банканд ч гэсэн харилцагч хэрэгтэй байдаг?
Хэн нэгний санхүүгийн илүүдэлтэй мөнгийг аваад санхүүгийн дутагдалтай тал руу дамжуулах байдлаар холбон тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг газрыг банк гэж нэрлэж байна. Тэгмэгц тэр мөнгийг байнга эрсдэлтэй хэсэг рүү өгөөд байвал санхүүгийн хувьд илүүдсэн байсан нөгөө харилцагч ч мөн хүндрэлд орж эхэлнэ. Тийм болохоор эрсдэлгүй гэж үзсэн харилцагчаа ялгаж харахаас өөр аргагүй юм. Барьцаа хөрөнгөтэй байна гэдэг нь баян байж банкнаас мөнгө авах гэж байна гэдэгтэй адилхан сонсогдохоор болчихсон.
Харин богино хугацааны зээлийн төрлүүдийг хөгжүүлж чадвал арилжааны банкнаас зээл авахдаа харилцагч заавал барьцаанд өгөх байртай, хаустай байх, мөнгөтэй болохын тулд хөрөнгөтэй байх шаардлагагүй болно.
Цалингийн зээл бол барьцаагүй зээлийн нэг жишээ юм. Хүн ажлаасаа гарсан ч дараагийн ажилд хурдан орох хэрэгцээ нь үүсдэг учраас эрсдэл үүсэх нь харьцангуй бага байдаг. Үүн шиг бизнесийн салбарт мөн адил барьцаа хөрөнгөгүй зээлийг хөгжүүлэх нь чухал байгаа юм.
Мөн чанартаа барьцаатай гэхээс илүү хүн мөнгөтэй байвал түүнийгээ эргэлдүүлээд хурдан хугацаанд санхүүгийн өгөөжөө авах боломжтой байдаг. Гэвч ямар нэгэн байшинд хөрөнгөө оруулаад олон жилээр мөнгөө түгждэг хандлага нийтлэг. Харин мөнгөө банк санхүүгийн байгууллагад өгөөд цэвэр эргэлт болгож өөрсдийн бизнесийнхээ түүхий эдээ татах гэх мэт чухал шаардлагатай зүйлсээ хийвэл илүү үр өгөөжтэй санагддаг. Гэтэл яг одоогоор банкнууд дөрвөн тэрбумын зээл гаргахын тулд гурван тэрбумын барьцаа хөрөнгийг шаардаад буцаагаад нэг нэгнээ түгждэг процессыг ашигласаар байна.
Сүүлийн үед өртгийн сүлжээгээр бүхэлд санхүүжүүлэх практик нэвтэрч байна. Энэ шийдэл ер нь зөв шийдэл болж үр дүнгээ өгч чадаж байна уу?
Өртгийн сүлжээний санхүүжилт, кластерын санхүүжилт гэдгийг микрофоны үгийн түвшинд ашиглаад байна. Мөн чанараараа бол бизнесийн бүтэн цикл болох түүхий эд материалаас эхлээд тээвэрлэлт, хагас боловсруулсан эсвэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түгээлт, худалдааны сүлжээ, эцсийн хэрэглэгчийн хооронд явагдаж буй энэ бүх процессыг өртгийн сүлжээ гэнэ.
Америкийн саятнуудын 80% нь өөрийнхөө хөдөлмөрөөр баяжсан, мөн худалдан авах чадамжаасаа хэд дахин даруухан амьдардаг хүмүүс байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй.
Үүнийг цогцоор нь хараад удирдах асар хэцүү. Жишээ нь сүү бэлтгэдэг хувь хүн байлаа гэхэд улирлаас шалтгаалаад чанар болон үнэ нь өөрчлөгддөг. Литр тутамд байнга ямар ч улиралд литр тутмын үнэ, өртөг өөрчлөгдөхгүй байхаар санхүүгийн тооцоолол гаргахад хүндрэлтэй. Эцсийн бүтээгдэхүүн түгээх болон дамжуулах хоёр үе шатанд учраа олчихлоо гэж бодоход бэлтгэгч талын ажиллах хүчний тооцооллыг гаргах хэцүү. Ямар ч санхүүжилтийг олгоход төлөвлөгөө тодорхой байх ёстой учраас өртгийн сүлжээн дэх процессууд тогтсон төлөвлөгөө, хуваарьтай явагддаг, оролцогч талууд бизнес, санхүүгийн мэдлэгтэй байх хэрэгтэй болдог.
Жижиг дунд бизнесийнхэнд санхүүжилт өгөхдөө тухайн хүний санхүүгийн сахилга бат, бизнесийн мэдлэгийг анхаардаг болсон. Тэгэхээр бизнест шаардагдах санхүүгийн мэдлэгийг сургаад зээл өгөх нь ямар давуу тал бий болгодог вэ?
Жижиг дунд бизнесийг дэмжих төвд хэрэгждэг ажлыг шалгаж үздэг хэд хэдэн шалгууд байдаг. Тэрнээс дурдвал эхний уулзалтаар тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, борлуулалтын хэмжээ, хэдэн ажилтантай гэх зэрэг мэдээллээ авчихдаг. Дараа нь сургалтад хамруулна. Сургалт дууссаны дараа энэ хугацаанд бичиг баримт боловсруулах чадвар нэмэгдсэн байна уу, ажлын байр нэмэгдүүлж үү гэдгийг хардаг. Яагаад гэвэл энэ сургалтаас үнэхээр тухайн байгууллага өгөөж авч чадсан бол санхүүгээ төлөвлөж сурдаг, харилцагчидтайгаа яаж харилцах вэ, борлуулалтаа ямар байдлаар нэмэгдүүлэх вэ гэх мэт олон зүйлсийг сурч хэрэгжүүлэх оролдлого хийсэн байдаг. Энэ судалгааг манайхаас жил бүр хийдэг. Зүгээр л сургалт ороод орхих биш юм суръя гэсэн харилцагчдаа сургаад өөрчлөлт гарч эхэлсэн хүмүүстээ зээл олгохыг зорьдог.
Нэг мужаан байлаа гэхэд үнэхээр мужааны ажлаа маш сайн хийдэг, хүмүүс тэр хүний бүтээлийг авах маш дуртай байлаа гэж бодъё. Гэвч мужааны бизнесээ өргөжүүлэхэд нөлөөлөх зээл авмаар байвч санхүүгийн мэдлэг, тайлан төлөвлөгөө гаргаж чадахгүй байвал энэ тохиолдолд яах вэ? Тэр хүн санхүү, мэдлэг, ур чадварын хувьд өөрийгөө яаж бэлдэж болох вэ?
Яг энэхүү кэйсийг ашиглаж тайлбарлая. Хэрвээ тийм чадварлаг мужаан хүн бол шууд адилхан үйлчилгээ явуулдаг цехэд ажилд орно. Үнэхээр сайн мужаан хүн бол цалингийн үнэлгээ өндөр гарна. Тэр ажлыг хамгийн багадаа зургаан сар хийнэ. Тэр хугацаандаа үндсэн цалингаасаа сар бүр 700 мянган төгрөг хадгална. Ажиллах хугацаандаа нийгмийн даатгалаа төлнө.
Зургаан сарын дараа цалингийн зээл авах эрх үүснэ. Мөн нөгөө хадгалсан 700 мянган төгрөг нэмэгдсээр таван сая орчим болсон байна. Энэ хугацаандаа баг босгох уу ганцаараа ажиллах уу гэдгээ бодно. Тэгээд компанийнхаа нэр, логог гаргаад пэйж хуудас үүсгэж өмнөх хийсэн материалынхаа зургийг постолно. Удалгүй захиалга өгөх дуудлага орж ирнэ. Тэр үед одоо ажиллаж байгаа цехийнхээ даргаас зарим нэг техникийг ашиглах зөвшөөрлийг асууна. Ингэхдээ хийсэн ажлынхаа орлогоос 30% -ийг авахаар тохирно. Ингэж ажиллаж чадвал хэдэн сарын дараа тухайн хүн санхүүгийн хувьд ч, туршлагын хувьд ч дурын цехийг түрээслээд ажиллуулах боломжтой болчихно. Хамгийн гол нь хамтран ажиллах, өөрийнхөө дутууг нөхөж чадах хамтран зүтгэгчээ олсон байх ёстой.
Ирээдүйд хөрөнгө оруулалт авах зорилготой, өөрийгөө санхүүгийн эрх чөлөөнд хүргэе гэж бодож байгаа хүн хувийн санхүүгийн ямар гол зарчмыг мэдэж байх шаардлагатай вэ?
Монгол улсад бол олон улсын санхүүгийн дүрмүүд болох олон дансны арга эсвэл орлого бүрийнхээ 10-20 хувийг нь хадгал гэдэг зарчим бодит амьдрал дээр хэрэгжихэд хүндрэлтэй. Учир нь цалингийн орлогын дийлэнх нь анхан шатны хэрэгцээндээ яваад дуусчихдаг. Тийм учраас хамгийн эхэнд сарын орлогоо нарийн мэдэх хэрэгтэй. Түүний дараа ерөөсөө л өөрөө өөртөө цалин өгөөд сурчих. Хүн орлого болон зарлагаа яг нарийн хянаж тооцож чаддаггүй. Тэгэхээр сард олдог бүх төрлийн орлогоо жагсааж үзээд нэгдсэн нэг тоо гаргаад түүнээсээ өөртөө цалингаа өгч сурах хэрэгтэй. Тэр үлдсэн мөнгөө ирээдүйд хийх бизнестээ зориулан хадгална. Орлогоо тооцож, олсон бол зарлагыг удирдаж сурах нь маш чухал. Мөнгийг хүн хөдөлмөрлөөд олж чаддаг. Харин зарлагаа огт удирдаж чаддаггүй. Зарлагаа хянах болохоор л манайхан инфляц өссөн, хэрэглээндээ ч хүрэхэд хэцүү байна гэхчлэн шалтаг тоочдог. Мэдээж сайн ажиллаад орлого нэмэгдвэл өөрийгөө урамшуулаад өөртөө өгөх цалингаа нэмж болно.
Зарлагаа удирддаг хүн санхүүгийн эрх чөлөөнд хүрдэг
Зардлаа хянах нь үнэхээр боломжгүй байвал хэмнэх боломжгүй зардал болон хэмнэх боломжтой зардлын жагсаалтаа гаргана. Америкийн саятнуудын 80% нь өөрийнхөө хөдөлмөрөөр баяжсан, мөн худалдан авах чадамжаасаа хэд дахин даруухан амьдардаг хүмүүс байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Жишээ нь хүмүүс гурван саяын борлуулалт хийдэг байснаа дөрвөн сая болмогц гар утсаа солиод эхэлдэг. Тийм болохоор зарлагаа удирдана гэдэг маш чухал.
Хувь хүнээс шалтгаалахгүй эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан ч банкнаас хөрөнгө оруулалт авахын тулд ямар зарчмуудыг хангасан байх шаардлагатай вэ?
Банк юуг голчлон хардаг гэвэл орж ирж байгаа мөнгөний урсгал, зарцуулалт хийгээд үлдэж байгаа үлдэгдэл нь хоёр жилийн хугацаатай зээл авахад, эргэж ирэх орлого нь амьдралд хэрэгжихээр байна уу? Төсөөлж байгаа давуу чанар нь бодитой юу, зээлээ төлөхөд асуудалгүй байж чадах уу гэдгийг л судалж байдаг. Сар бүрийн баланс нь үргэлж нэмэхтэй, тэр нь үргэлж доошлохгүй байж чаддаг бол үргэлж бардам байж болно. Олж байгаа мөнгө, зарж байгаа мөнгөнөөс үргэлж илүү, мөн зардлаа удирдаж чаддаг, борлуулалтаа яаж нэмэгдүүлэхээ мэддэг бол асуудалгүй, тэр бизнес хөл дээрээ босно.
Үүнээс гадна манайх банкны харилцааны менежерүүдийг олон жил бизнес хийсэн туршлагатай хүмүүст бизнесээ яаж сайжруулах вэ гэдэг ментор хийж чаддаг байхад анхааран сургаж эхэлсэн. Ингээд ирэхээр харилцагчид ч гэсэн зөвхөн зээлээ шалгуулахаас гадна хэрэгтэй мэдээллээ аваад харилцаа сайтай болж эхэлнэ. Үүнийг хийж чадвал Монгол Улсын ЖДҮ-д санхүүгийн байгууллагын зүгээс том хөрөнгө оруулалт болно.
Барьцаа хөрөнгө шаардсан зээлийн үйлчилгээнд тулгуурлан явж байгаа энэ системээс гарах өөр арга байгаа юу?
Үүнийг арилжааны банкнууд их судалж байгаа. Ямар төрлийн бизнес эерэг нөлөөтэй, хүнд тустай вэ гэдгийг анхаарч байна.
Худалдагч, худалдан авагч, банк гурав гурвуулаа хожиж чаддаг ийм төрлийн зээлийн бүтээгдэхүүн Монголд нэвтрэх цаг нь болсон.
Энэ нь олон улсад хэрэгждэг нийлүүлэлтийн санхүүжилт юм. Эдгээрийг хэрэгжүүлэхэд ашиглах багаж нь факторинг гэсэн бүтээгдэхүүн байгаа. Импортын факторинг нь гадаад орнуудаас бараа, бүтээгдэхүүн импортлох, барааны эргэцийг нэмэгдүүлэхэд туслах богино хугацаатай санхүүжилтийн хэрэгсэл юм. Факторингийн үйлчилгээг ашиглахад экспортлогчийн банкнаас санхүүжилт хийдэг тул тухайн бараа, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж буй талаас факторингийн хүсэлт гаргадаг онцлогтой. Энэ үйлчилгээ нь сүүлийн үед туршигдаад явж байна.
Зээлийн бүтээгдэхүүний дүр зургийг харахаар эцэстээ импортыг санхүүжүүлээд дуусдаг, дотоодоос авч байгаа зүйл нь цөөхөн байдаг. Зээлийн жинхэнэ үр дүн нь дотооддоо баялаг бүтээдэг хэсэг рүү чиглэж чадахгүй байгаад байна. Жишээ нь, хөдөө аж ахуйн бизнес дээр илүүтэй ажиглагддаг?
Үүнийг экспертүүд илүү мэддэг. Нэгэнт асуусан учраас чадах чинээгээрээ тайлбарлая. Хөдөө аж ахуй бол тэс өөр, үйл ажиллагаа нь томорч амжаагүй, улирлын чанартай байдаг, гэхдээ бидэнд маш чухал салбар юм. Засгийн газар сүүлийн жилүүдэд энэ чиглэл рүү харьцангуй анхаарч эхэлсэн. Ерөнхийдөө тариаланчдыг, мөн Мах хөтөлбөрийг дэмжиж байгаа гэхчлэн төр талын институц, арилжааны банкны институцийн дата сайжирч эхэлсэн. Гэвч хамгийн хэцүү нь тариаланчдад олгож байгаа зээл нь 24 сарын хугацаатай байдаг. Гэтэл тэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хугацааг нь тооцоолбол 18 сар зарцуулагддаг. Энэ нь үйлдвэрлэлийн үе шат ажлаа дуусгаад үйлдвэрлэлийн дараагийн ажлууд руу орох үед өртэй, нэмээд дахин зээл авах хүндрэлийг бий болгож байна. Уг нь дэмжих зорилгоор зээл өгч байгаа бол түүнийг нийт гинжин хэлхээ дуусах циклтэй нь тулгаж өөрчлөх хэрэгтэй байна.
Ченжүүд гэж тодорхойлоод байгаа тэр хүмүүстэй хамтран ажиллах боломж байдаг уу?
Ченж гэж нэрлэгддэг бизнес эрхлэгчид бол борлуулалтын муугүй түүхтэй. Борлуулалт хийж байгаа учраас банканд гүйлгээний хуулга нь харагдаж байдаг. Харин төрд татвар төлөх тал дээр учир дутагдалтай. Энэ нь өөрөө Монголын жижиг дунд бизнесийн салбарт байгаа том алдаа дутагдлын нэг. Тодруулбал X тайлан гэж ярьдаг. Энэ тайлан өөрөө орлоготой хэр нь төлөх ёстой зүйлсээ ном журмын дагуу төлдөггүй гэдгийг илтгээд байна. Энэ тал дээр банкнаас илүүтэй төсвийн байгууллагууд сайн мэдээлэлтэй. Үүнийг бодлогын дагуу зөвөөр системчлэн засах хэрэгтэй болж байна.