Олон улсын көүч, орлох сэтгэл засалч Б.Болормаатай ярилцлаа.
Гадаадад очсон монголчууд эхэндээ хэн ч биш гэдгээ мэдрэх, эгоны хугаралд орох тохиолдол цөөнгүй
Та шинэ өвөрмөц салбарт бизнес эрхэлж байгаа учраас шинэ мэдлэгийг олон нийтэд түгээх ажил хийдэг гэж ойлгож байна. Та ярилцлагын эхэнд карьерын замналаасаа манай уншигчдад хуваалцахгүй юу?
МУИС-ийн ГХСС-ийг англи хэлний чиглэлээр суралцаж төгссөн. Улсын сургууль төгссөн, өөрийгөө англиар бүрэн гүйцэт танилцуулж чадахгүй тийм л хүн оюутан болж байлаа. Гэр бүлийн хувьд аз жаргалтай гэр бүлд элбэг хангалуун биш ч гэлээ дутах зүйлгүй өссөн.
Гэхдээ нэгдүгээр курст орох жил аав маань нас барсан нь хүнд цохилт болсон. Сэтгэл санаа, санхүү мөнгөний хувьд ч манай гэр бүл сорилттой тулгарсан. Ээж маань улсын эмнэлгийн эмч. Цаг наргүй ажиллаад 300 мянган төгрөгийн л цалин авдаг байсан. Аав маань инженер хүн байсан. Ааваас хойш ээж минь гурван хүүхэдтэй үлдэж хамаг байдгаараа зүтгэсэн. Аавыг өөд болдог жил би нэгдүгээр курс, эгч маань төгсөх курс. Харин дүү 16 настай, удахгүй оюутан болох насан дээрээ байлаа.
Би аавын хайртай охин. Харамсалтай нь аавыгаа өөд болоход хөдөө байсан учраас уулзаж чадаагүй. Ёстой л тэнгэр хөмрөх шиг болсон. Тэр үед яагаад миний аав гэж бодоод л ертөнцтэй тэрсэлдмээр санагддаг байсан. Хүмүүсийг үзэн ядаад л, ааш зан эвдрээд л, эмзэгшээд л. Хүмүүстэй муудахаараа “чи намайг аавгүй болохоор ингэж байна уу” гэж дайрч гомдоллоод л. Ерөнхийдөө тэр их сэтгэлийн өвдөлтийг суралцахаар дамжуулж илааршуулсан.
Би бас эмээ өвөөгийн ажилсаг охин нь байсан. Хөдөө гэрийн ажлуудаа хийнэ, эмнэг даага сургана, морь унана. Багаасаа л дайчин, эрч хүчтэй, махруу тийм л охин байсан. Тэр зан чанартай маань ч холбоотой юм уу, сэтгэлийн өвдөлтийг сурахад зориулж байсан.
Ангийнхан маань англиар ярьж байхад би яагаад чаддаггүй юм, би хэнээс ч дутуу байхгүй гээд л маш их хичээж сурч байсан. Хичээл өдөр нэг цагт тарахад гэртээ очиж цайгаа уучхаад л үдийн 3 цагаас оройн 8 цаг хүртэл Нацагдоржийн номын санд хичээлээ давтдаг байсан. Залгуулаад шөнийн номын санд сууна. Бүр солиорчихсон юм шиг л хичээлээ хийдэг байлаа. Гэр бүлийнхэн “чи арай аймаарих суугаад байгаа юм биш үү, зүгээр үү” гэнэ.
Цуглаанд явдаг хүүхдүүдтэй танилцаад сүмд очиж уйлдаг, тэр нь дотор буглаад байсан сэтгэлийн өвдөлтийг нимгэлж, эдгээсэн юм шиг санагддаг. Тухайн үед сэтгэл зүйн дэмжлэг мэргэжлийн хүнээс авч болох тухай ойлголт ч үгүй байлаа. Хоёр жил сүмд үйлчлэгч шиг л амьдарсан. Ингээд хүүхдүүдэд англи хэл заах хэмжээнд хүрсэн. Англи хэлний хичээлээ толгой өөд татахгүй бүтэн жил давтаад хоёрдугаар курстээ ороход “Айлаас айлуудад” төслийн Америк захирал Занжен гуайтай англиар ярилцаж тэнцэж орсон. Төгстөлөө тэнд ажиллаж, сургалтын төлбөрөө өөрөө төлөөд сургуулиа төгссөн.
Ингээд 2010 онд сургуулиа төгсөөд тухайн үеийн хамгийн дажгүй цалинтай, хамгийн сайн англи хэлтэй мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж байсан Оюутолгой компанид ажилд орсон. Зөвхөн Оюутолгойд л ажиллана гэдэг зорилго тавьчихсан. Төслийнхөн маань анхнаас нь бэлтгэсэн ирээдүйтэй хүнээ алдах нь гээд л. Таван удаа ярилцлагад ороод зургаа дахь дээрээ тэнцэж Оюутолгойд орж байсан. Дэлхийн 10 гаруй орны 7000 гаруй хүн мөр зэрэгцэн ажилладаг орчин тэс өөр байсан. Анх аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ороод сүүлдээ техникийн орчуулагч нь болж дөрвөн жил ажилласан.
Энэ хугацаанд дөрвөн удаа карьерын өсөлт хийсэн. Оюутолгойд эхний хоёр жил уйгагүй хичээж ажиллаад хоёр дахь жилээсээ л найз нөхөдтэйгөө гарч ордог болж байлаа. Хүүхэдгүй, дажгүй цалинтай, тэгээд л ажлаасаа хоцроод бага зэрэг хариуцлага алдаж эхэлсэн. Тэр үед австрали захирал маань дуудаад “чиний амьдралын зорилго юу вэ” гэж асуусан. Хэн ч надаас ийм асуулт асууж байгаагүй. Би бүр хариулж чадахгүй шоконд орсон. Түүнээс хойш бага зэрэг ухаан сууж, гадаадад суръя гэж бодсон.
Хүний хэрэгцээ хангагдаад ирэхээр суръя гэж бодохоо больж, тайвширдаг юм билээ. Харин захирлаа тэгж асуухад л толгой руу тоншоод авах шиг болсон. Ингээд л IELTS шалгалтад бэлдье, тэтгэлэгт материалаа явуулъя гэж шийдсэн. Гэхдээ гадаадад сурахдаа би тэтгэлгээр л сурна, ажил хийхгүй гэж бодсон болохоор гурван жилийн хугацаанд 23 сургууль руу тэтгэлэг горилж материалаа явуулсан.
Ингээд Австралийн Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр хүний нөөцийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2014 онд 150 мянган ам.долларын тэтгэлгийн гэрээнд гарын үсэг зурахдаа гурван жилийн хөдөлмөрөөрөө 150 мянган ам.доллар хийлээ шүү дээ гээд үнэхээр баярлаж байлаа.
Австралийн тэтгэлгээр суралцсан бол эх орондоо ирж, хоёр жил ажиллах ёстой байдаг. Гэхдээ Австралид сурсан зүйл маань онолын түвшинд байсан учраас бүгдийг эхнээс нь эхэлж байгаагаас ялгаагүй байсан. Эхлээд англи хэлний сургалт явуулсан ч хүмүүсээс мөнгөө авч чадахгүй дампуурсан. Ээжээсээ хөрөнгө оруулалт авснаа үгүй болгочихсон.
Ингээд цалингийн орлоготой байх хэрэгтэй болсон учраас Таванбогд компанид ажиллаж, онолоор сурсан хүний нөөцийн мэдлэгээ энэ компанид бодит туршлага болгож байлаа. Хоёр жилийн дараагаас хувиараа хүний нөөцийн консалтинг хийж, “Монгол Эйч Ди” телевизийн хүний нөөцийн зөвлөхөөр ажиллан гүйцэтгэлийн удирдлагыг нэвтрүүлэх ажлыг бараг гурван жил хийсэн.
Уг өөрчлөлтийг хийх нь надад их хүнд байсан.тун сорилттой байлаа. Уран бүтээлчдийн бараг тал хувь нь миний ажлыг эсэргүүцэж байв. Уран бүтээлчдийг, уран бүтээлийг хэмжиж, хэлбэрт оруулж болохгүй гээд л. Харин захирал “энэ бүтээлч үйлдвэрлэл учраас заавал өөрчлөлт нэвтрүүлнэ” гээд л ажлаа эхлүүлж байлаа. Ингэж ажиллах явцдаа көүчинг бол хүнийг өөрчлөлт хүлээж авахад нь тусалдаг шинжлэх ухаанаар нотлогдсон арга юм гэж ойлгосон. Би албан ёсоор көүч болох ёстой, ингэж байж хүмүүст нөлөөлнө, өөрчлөгдөхөд нь тусална гээд ирээдүйд юунд зорьж ажиллахаа зурагласан.
Тэр үед манай нөхөр Канадаас Оюутолгойд хоёр жил ажиллахаар ирж Аласка дахь ажлаа орхиод Монгол нүүж ирээд хэсэг хугацааны дараа Оюу Толгойд ажиллаж эхэлсэн, би харин консалтинг чиглэлээр ажиллахаар эргэлт буцалтгүй шийдэж, ажлаа эхэлсэн байлаа. Гэтэл нөхөр маань Монголд идээшихгүй нь ээ гээд буцах болсон учир амьдралын шаардлагаар Канад явсан. Бүхнээ орхиод Монгол нүүж ирсэн ч Канаддаа суурьшиж амьдрах хүсэл нь дийлээд буцах санал тавьсан.
Энэ удаа би эхлүүлсэн зүйлсээ орхиод Канад руу дагаад нүүсэн дээ. . Гэхдээ “Монгол Эйч Ди”-д онлайнаар болон үе үе Монголд ирж тулж ажилладаг болсон. Жил орчим ийм байдлаар ажиллаад Канадад бүрэн суурьшиж амьдарсан.
Би уг нь долоо хоногийн долоон өдөр ажилладаг, хүн эвшээхэд л ямар залхуу юм бэ гэж төвөгшөөдөг ажлын хэнээтэй байсан бол Канадад огт өөр амьдралын хэв маягт шилжсэн. Нөхрөө дагаад Канадад нам гүм амьдрахад надтай утсаар ярьдаг хүн байхгүй, хэн ч намайг танихгүй, хэн ч над руу мэйл бичихгүй. Дахиад л бүхний тэгээс нь эхлэх болсон.
Ийм байдалдаа бачуураад ажилд оръё гэхээр Канадад зөвхөн Канадын боловсролыг чухалчилдаг учраас мэргэжлийн ажил олдоогүй. Мөн Монголтой төстэй нэг зүйл нь танил талаараа ажилд их ордог. Цагаачид их болохоор тэгдэх юм болов уу. Ингээд эгоны хямралд ороод нөхөртэйгөө фитнесст явж сэтгэл санаагаа өргөх гэтэл дасгалжуулагчдаа ч өөрийгөө илэрхийлж чадахгүй байсан.
Сэтгэлзүйн өвдөлтөө намдаахын тулд көүчинг мэргэжлээрээ өдөр бүр суралцаж, дотоод мэдрэмж, хямрал болон сурч байгаа зүйлээ нэгтгэн гурван сар влог бичиж байж сэтгэл санаа арай дээрдсэн. Хэн ч биш гэдгээ мэдрэх, эгоны хугаралд орох гээд хилийн чанадыг зорьсон монгол хүн болгонд мэдрэгддэг зүйлийг мэдэрсэн.
Бид өөрсдөө амьдралынхаа төв нь, хамтран бүтээгч нь. Үнэндээ лам, бөө биш та өөрөө тэнгэрлэг оршихуй. Таны сэтгэл, тархи оюунд бүх юм бий.
Дээрээс нь маш их ганцаардсан. Монголчуудаа онлайнаар нэгтгэж, коммунити үүсгэх гэтэл гадаадад байгаа монголчууд бие биеэсээ маш их сэтгэлийн шарх авчихсан, маш хэцүү байгаа гэдгээ онлайнаар ч хуваалцах дургүй байсан. Ингээд би көүчийн үнэгүй үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Энэ нь надад өөрийгөө хөгжүүлэх, туршлагажихад ч чухал нөлөөтэй байлаа. Хүн асуудлаа шууд нээлттэй ярьдаггүй юм байна, тиймээс надаар дамжуулж өөрийгөө нээх боломжийг нь бүрдүүлье гэж ажиллаж эхэлсэн.
Гадаадад байгаа монголчуудтай ажилладаг гэлээ. Хэдэн хүнд көүчийн үйлчилгээ үзүүлсэн бэ?
Сүүлийн гурван жилд өөрийн Sage платформоор дамжуулан үйлчлүүлэгчдээ авч байна. Уг платформ дээрх үйлчлүүлэгчдийн маань тоо 1100 болсон. Мөн тус платформ дээр бүртгүүлээгүй 1000 орчим харилцагч бий. Ер нь ихэнх үйлчлүүлэгч маань давтан үйлчилгээ авдаг. Харин BetterUp компани дээр нийт 1600 цагийн көүчийн үйлчилгээ үзүүлжээ. Нийт цагаар нь тооцвол 5000-6000 цагийн көүчийн үйлчилгээ үзүүлсэн гэж бодож байна.
Көүч бол хүмүүсийн одоо байгаа нөхцөл байдал, чадамж дээр суурилж ажилладаг. Өнгөрсөнтэй нь ажиллах бол сэтгэл зүйчийн ажил. ICF стандарт буюу Олон улсын көүчийн холбооны ёс зүйн дүрэмд хүний өнгөрсөнтэй бус одоо цаг дээр ажиллах нь көүчийн үүрэг гэж тусгасан байдаг.
Монгол хүнээс нэг онцлог мэдрэгддэг. Ихэнхдээ тун хүнд байдалд орсон үедээ мэргэжлийн хүнд ханддаг. Та өнгөрсөнд байгаа асуудлаа шийдээд ирээрэй, тэгвэл өсөж хөгжих боломжийг зааж зөвлөе гэхээр хүмүүс маш уурладагдургүйлхдэг. Тиймээс би сэтгэл зүйн асуудлуудад ч мэргэжлийн, ул суурьтай хандах туслалцаа үзүүлэх хэрэгтэй гэж дүгнээд орлох сэтгэл засалд суралцаж эхэлсэн.
Тодруулбал, ховс, соматик сэтгэл засал (Somatic experiencing), дотоод гэр бүлийн систем (Internal family systems) зэрэг зүрх сэтгэлийг хааж байдаг механизмуудтай ажилладаг систем гэх мэтээр хүнд өгөөжтэй гэдэг нь судалгаагаар батлагдсан сэтгэл заслын аргуудад мэргэшиж эхэлсэн. Эхэн үедээ 7000 канад долларын зээл санхүүгийн байгууллагаас авч орлох сэтгэл заслаар мэргэших боломжтой болсон. Үр дүнд нь би өөрийнхөө асуудлыг ч шийдсэн. Хүнээс мөнгө авч чаддаггүй, мөнгөний тухай ярианаас зугтдаг, үнэгүй үйлчлэх ёстой гэх мэт өөрт байсан блокуудаа ч гаргасан.
Өөрийгөө үнэлэх үнэлэмж сайжирч, хүмүүст хүрэх чадамж нэмэгдэхээр орлоготой болж байгаа юм. Орлогоороо зээлээ төлөхөөс гадна жилдээ орлогынхоо 30-40 хувийг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд зарцуулдаг. Энэ бол өөртөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт.
Энэ салбар луу ороод зургаан жил болоход дэлхийн 15 оронд байгаа монголчууддаа үйлчилгээ үзүүлж, Fortune 500 жагсаалтад багтсан компаниудад талент хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг BetterUp компанид ахлах көүчөөр дөрвөн жилийн хугацаанд ажилласан байна.
Гадаадад болон Монголд ажиллаж байгаа монголчуудын ажилдаа хандах сэтгэлгээний ялгаа нь юунд байна вэ?
Миний бодлоор гадаадад боловсрол эзэмшсэн хүн өөр гэдэг үзэл хандлага Монголын нийгэмд нэвт шингэсэн юм шиг санагддаг. Монголдоо сурч, ажилладаг хүмүүсээс илүү үнэлээд байгаа учраас гадаадад суръя, ажиллая гэж нийтээрээ тэмүүлдэг болсон байна.
Монголдоо сурч, ажиллаж байгаа хүмүүс нэг онцлогтой. Маш махруу ажилладаг ч, бие сэтгэлээ тордохдоо, аливаад уян хатан хандахдаа тааруу санагддаг. Бардам хэвээр байгаагын илрэл юм уу даа. Гадаадад байгаа бидэнд бардамнах эрх, уян хатан бус, бие сул байх эрх байдаггүй. 7 хоног амрахад л ар араасаа төлбөрүүд нэхэгдээд ороод ирдэг, ур чадварын өрсөлдөөн өндөр. Түшээд авах ах дүү, хамаатан садан хол.
Монголд хүмүүс сошиалаар асуудлаа яриад, нэг нэгэнтэй талцаад, зөрчилдсөн хүнээ ичээж гэмшүүлээд тайтгарчихдаг. Түр тайтгарчихаад асуудалтайгаа нүүр тулахгүй байна гэсэн үг. Харилцаа, санхүү ямар ч асуудал бай гадаадад амьдардаг Монголчууд маань нялхрах, гоморхох, хэн нэгнийг буруутгачих боломж тааруу учраас асуудалтай нүүр тулсаар аяар дотроо арай уян хатан, гаднаа арай ур чадвартай болдог юм уу. Асуудалтайгаа тэмцдэг ч уян хатан биш хүмүүс бие, сэтгэлзүйгээрээ шантардаг.
Арга, билгийн хослол шиг зөв үедээ зөөлөрч, суларч чаддаг, тайвшраад асуудлыг хөнгөхөн даваад гарахад суралцаж болно. Энэ бол бэрхшээлийг даван туулах чадамж. Ажлаас халшрах гол шалтгаан нь харилцааны асуудал байдаг. Дотооддоо зөрчилтэй байвал хүн хоорондын харилцаа ч зөрчилтэй хэвээр. Гүндээ байгаа зүйлстэй нүүр тулаад ирэхэд аяар ажил, амьдралын харилцаа зөөлрөөд, хүмүүс хүчийг нь сордог бус хүмүүсээр тэтгэгддэг болох нь бий.
Тэгвэл гадаадад амьдарч байгаа монгол хүний хувьд таны амьдралын үнэт зүйлс, алсын хараа юу вэ? Та юуны төлөө ажиллаж байна вэ?
Миний чин зүрхний хүсэл бол хүмүүст үйлчлэх. Хүмүүст сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйг нь эмчлэх. Ер нь хүний ажил, амьдралын утга учир ямар нэг үйлчлэлтэй буюу энэ хорвоо ертөнцөд юугаар үнэ цэнэ бүтээж, юу өгөх вэ гэдэгтэй холбоотой байдаг.
Миний амьдралын зорилго бол тухайн хүний сэтгэлд хүрсэн үйлчилгээг л үзүүлэх юм… Хүн сэтгэл зүйн гүн хямрал, депресст орсон үедээ эрэл, хайгуул хийж, лам, бөө, эмнэлэг, энергийн төвд очиж, бясалгал хүртэл хийдэг. Эндээс ажиглахад эдгээр газраар үйлчлүүлэхэд ихэнхдээ тухайн хүний буруу болдог. Чи өөрөө болоогүй байна, чиний хийсэн үйлдэл буруу байж зэргээр буруутгасан өнцгөөс хандах нь олонтоо.
Мэдээллийн урсгал нэг тийшээ буюу зөвлөсөн, заасан шинжтэй. Мөн тухайн хүнийг бодит амьдрал дээр нь буулгадаггүй. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын амьдралдаа өөрийгөө хэрхэн тайвшруулах вэ гэдгийг хэлж өгдөггүй, заадаггүй. Ихэвчлэн бодит амьдралд наалдахгүй зүйл ярьдаг.
Зарим шинэ үйлчлүүлэгч нар маань тэнгэрийн, сүнслэг зүйл ярьсаар орж ирдэг. Тухайлбал, дээд тэнгэрээс ийм мэдээлэл орж ирлээ, би тэгж зүүдлээд, тэндээс ийм ухаарал авлаа гэх мэт.
Хүний амжилтын 80 хувь харилцаанаас үүдэлтэй. Гэтэл аливаа харилцаанд сөрөг хандлагатай оролцоод байхаар амжилтад хүрэхгүй.
Үнэндээ хүний бие, сэтгэл нэг болсон цагт энэ мэдээллүүд аяндаа орж ирнэ. Гэтэл бие, сэтгэл хоёр нь тусдаа, нэгнээсээ салангид, бие нь одоо цагт оршоогүй байх нь элбэг. Ялангуяа травматай хүний оюун санаа биеэсээ тасарсан байдаг. Тухайлбал, эхнэр нөхрийн харилцаанд сэв суусан, үр хүүхэд, ээж аавтайгаа үл ойлголцдог зэрэг олон асуудалтай хэрнээ тэнгэрийн, бурханлаг зүйл ярьсаар орж ирдэг байх нь бий.
Бясалгал нь хүнийг тухайн үед нь л тайвшруулдаг. Тайвшраад гэртээ очиход асуудлууд нь хэвээрээ хэвэндээ, хэрүүл маргаан нь дахиад л үргэлжилнэ. Энэ бол эдгэрэл биш, хүнийг дахин өөр төөрөгдөлд оруулдаг. Жинхэнэ эдгэрэхийн тулд бие, оюун санааны хувьд нэгэн цул болж бодит амьдралтай нүүр тулах ёстой. Энэ асуудалд би яаж оролцох ёстой вэ, аль өнцгөөс хэрхэн хандвал цэгцэрч, шийдэгдэх вэ, асуудал үүсэхэд миний бие, сэтгэл хэрхэн реакцалж, чангардаг вэ, хэрхэн суллах вэ гэж асуух.
Хүүхэдтэйгээ харилцаж чадахгүй, үл ойлголцол үүссэн нь, хүүхэд өвдсөн нь заавал гадны нөлөөлөлтэй байх албагүй. Магадгүй өнөөдөр миний хүүхдэд ямар нэг эрдэс, витамин нь дутагдсан уу, эсвэл шилжилтийн нас нь явагдаад илүү их анхаарал халамж хэрэгтэй байна уу, нээлттэй ярилцах хүнгүй учраас дотогшоо, хаагдмал болоод байна уу гэдгийг нь олж тогтоох ёстой болохоос хар, цагаан хэл амнаас боллоо гээд лам, бөө дээр очиж засал хийлгээд асуудлыг шийдэхгүй. Бид өөрсдөө амьдралын төв нь, хамтран бүтээгч нь шүү дээ.
Үнэндээ лам, бөө биш та өөрөө тэнгэрлэг оршихуй. Таны сэтгэл, тархи оюунд бүх юм бий. Сэтгэл рүүгээ өнгийж, өөрийгөө эдгээх энергийг үүсгэж, асуудалтайгаа нүүр тулаад сэтгэл доторх гацаагаа гаргадаг болоосой гэсэн үүднээс сэтгэл зүйн боловсрол олгохыг би зорьдог. Физик талаасаа та дотоод сэтгэлдээ өөрийгөө анагаах, сэтгэл зүйгээ тогтвортой болгох, хүчирхэг байлгах чадамжтай. Энэ чадамжаа амилуулахын тулд та ийм аргаар, ингэж өөртэйгөө ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг хүсдэг.
Хүн бие сэтгэлээ ойлгоод, бодь амьдрал дээр юу болоод байгааг ойлгож асуудалтайгаа нүүр тулах хэрэгтэй. Ингэхээр хүн хариуцлагаа ухамсарлаж эхэлдэг. Энэ асуудалд би ийм байдлаар оролцох ёстой байж, би ийм алдаа гаргасан байна, тиймээс би уучлалт гуйя, ингэж зохицуулах нь зөв байжээ зэргээр асуудалд шийдэл талаас хандаж эхэлдэг.
Бие, оюун санаа нэг болоогүй цагт үргэлж хэн нэгэн рүү буруугаа чихдэг. Лам дээр очиж засал хийлгүүлье, хар, цагаан хэл амнаас хамгаалах ном уншуулъя гэх зэргээр хандах нь бий. Эдгээрийг буруутгахгүй. Энэ бол монголчуудын соёлын нэгээхэн хэсэг. Хамгийн гол нь өөртэйгөө нүүр тулах, ажиллах чадавхаа нээх нь чухал юм.
Хүн заримдаа стрессийн горим, хязгаарлагдмал байдлаа бодит амьдрал гэж эндүүрдэг
Таны ажлын гол чиглэл бол альтернатив буюу орлох сэтгэл засал. Орлох сэтгэл засал гэж юу вэ? Та яагаад энэ чиглэлээр ажиллах болсон бэ?
Фройдын үеэс гаралтай, хүний оюун санаа, итгэл үнэмшил дээр тулгуурлан ярилцаж эмчилдэг сэтгэл заслын нэг хэлбэр юм. “Psychotherapy, talk therapy” гэсэн утгаар илүү хөгжиж байна. Даатгалын болон хуулийн байгууллага, олон нийтээр хүлээн зөвшөөрсөн хэлбэр.
Хүн зөвхөн яриад байхаар нэг газраа гацчихдаг. Сэтгэл засалч тухайн хүнийг хайрцаглаад нэг аргаар эмчлэх гэж оролдох нь үр дүнд хүрэхгүйг Барууны сэтгэл зүйчид ойлгоод удаж байна. Тиймдээ ч нэмэлтээр орлох сэтгэл засалд суралцаж байна. Орлох сэтгэл засалд psychoptherapy-аас бусад сэтгэл засал багтана.
Миний хувьд соматик буюу хүртэхүй дээрх гацаануудыг гаргах чиглэлээр суралцсан. Хүнтэй зөвхөн ярилцах бус хөдөлгөөн, дуу авиа, нарийн хүртэхүйг нь идэвхжүүлж, көүчинг арга барилтай хослуулж мэдрэлийн системтэй нь ажилладаг. Соматик сэтгэл засалд тухайн хүнээр хоёр, гурван өгүүлбэр яриулж хэсэг завсарлага аваад биед, мэдрэлийн тогтолцоонд юу болж байна вэ гэдэг мэдээлэлтэй ажиллана.
Хүний бие, оюун санаа өнгөрсөнд болсон бүх мэдээллийг бичсэн байдаг. Өнгөрсөнд болсон зүйлээ ярих агшинд тухайн үед мэдэрч байсан мэдрэмж, биед нь ямар өөрчлөлт гарсан тэр бүхэн дахин бие организмд нь явагддаг. Тиймээс өнгөрсөн явдлыг нь яриулж зогсолт хийгээд бие сэтгэлийг нь ажиглана. Тэр үед авч чадаагүй хэрэгцээ, гүйцээж чадаагүй үйлдэл, хэрэгтэй байсан сэтгэл зүйн дэмжлэгийг өгөх үед бие нь суларч тайвширдаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөнд болсон таагүй үйл явдлуудад өгсөн утга учрыг нь өөрчлөх гэж хэлж болно.
Хүртэхүй дээр үүссэн гацаанууд тайлагдах үед зарим хүний хөлс гарна, эвшээнэ, инээнэ, уйлна, гар нь чилж бадайрна, бие чимчигнэх зэргээр хариу үйлдэл үзүүлдэг. Сэтгэл заслын эмчилгээний үндсэн зорилго эхлээд тэр хүний мэдрэлийн системд тайтгарал өгөх, дараа нь гацааг гаргах байдаг.
Маш хүчтэй травматай хүний биед үүссэн гацаанууд арилахдаа удаан. Аз жаргалыг мэдрэх чадамж нь бага. Тайтгарал, аз жаргалыг мэдрэх гэж байтал айдас, түгшүүр, хариуцлага, чангарал явагддаг. Тиймээс энэ хоёрыг салгах ажил гэж болно. Бие, оюун санаа нь амар амгаланг мэдэрч эхлэхэд сэтгэл заслын эмчилгээгээ үргэлжлүүлнэ.
Та 2000 гаруй хүнтэй ажилласан. Энэ дундаас онцлох, маш амжилттай тусалж чадсан кэйсээс хуваалцана уу?
-Би оношийн түвшинд ажилладаггүй учраас энэ хүн сэтгэл гутралтай, сэтгэлийн түгшүүр ихтэй гэж ярьдаггүй. Харин мэдрэлийн систем нь ямар түвшинд гацсан байна вэ гэдгийг илрүүлдэг. Сэтгэлийн түгшүүртэй хүн ихэнхдээ дайрч давшилдаг, асуудлаас зугтаадаг. Сэтгэл гутралтай хүн бол хаагдмал, бусдаас тусгаарлагдсан, нуугддаг төлөвт гацсан байдаг.
Монголчууд ихэвчлэн хоёр төрлийн төлөвт гацчихсан байх нь олон. Нэг нь маш их тэмцдэг, зогсолтгүй хийж бүтээх гэж оролддог, үүнээсээ болж уурлана, хямарна, ямар ч үнэ цэнээр хамаагүй бүтээхийн төлөө үхэн хатан явна. Үүнийг мэдрэлийн систем талаасаа дайрах, давших төлөвтэй хүн гэж болно.
Нөгөө гацаа нь нийгэмд байр сууриа олоогүй, ажил хийж чадахгүй, халшрамтгай, ажил хийх явцдаа уначихдаг байдал. Байсхийгээд сэтгэл гутралд ордог эсвэл бие, сэтгэл нь өвдөөд эмнэлэгт хэвтдэг шинжтэй.
Ийм тохиолдолд би гурав дахь төлөв буюу амар амгаланг мэдрүүлэх, тайвшрал өгөхийг зорьдог. Мэдрэлийн системийн дээд төлөв болох Ventral Vagal -ийг бага багаар мэдрүүлэхэд тухайн хүний амьсгал уужирч тайвширдаг. Амьсгал нь мэдрэгдэхүй байгаа хүнээр хөдөлгөөн хийлгүүлж, амьсгалыг нь дээшлүүлж нааш нь гаргах, биед нь хүрэх гэх мэт арга барилаар ажиллана. Дорсал буюу “Би чадахгүй” төлөвт байгаа хүнийг симпатик буюу “Би чадна” төлөв рүү оруулаад, улмаар дээд талын парасимпатик буюу “Амьдрах сайхан” төлөв рүү оруулна.
Нэг хором ч гэсэн амар амгалан, тайвшралыг мэдрэх нь эдгэрлийн үндэс юм. Өдөр тутмын асар их стресс, уур бухимдал, ачаалалтай ч өөрийгөө тайтгаруулах, тайвшруулах чадамж хүн бүрд байгаа. Энэ ертөнцөөс хүн юу харахыг хүснэ түүнийгээ л олж хардаг. Симпатик төлөвтэй хүн дандаа бусдыг шүүмжилж, энэ ч болохгүй байна, тэр ч буруу зүйл хийлээ гэх мэтээр аливаад ханддаг. Харин дорсал төлөвтэй хүн бусдын тухай бодохгүй, ертөнцөөс тасарч, хаагдмал, харц нь хүртэл төвөгтэй болсон байдаг.
Гол эдгэрлийн агшин бол одоо цагт ямх, ямхаар амар амгалан, аз жаргалыг мэдрэх юм. Энэ нь бага багаар нэмэгдсээр тухайн хүн аз жаргалтай, сэтгэлийн айдас, түгшүүр суларч, хямрал нь багасдаг.
Хүн сэтгэл зүйн дэмжлэг авахаасаа өмнө үргэлж болохгүй, бүтэхгүйг л олж хардаг шүүмжилсэн сэтгэхүйтэй болж, тэрийгээ өөрөө ч мэддэггүй. Амьд үлдэх зөнгөө дагаад зөнгөөрөө л хүн ийм болох нь бий. Харин сэтгэл зүйн дасгал хийж эдгэрлийн процесс явагдсанаар ямар ч нөхцөлд гэрэл гэгээг олж хардаг болно. Бодь амьдрал дээрээ сэтгэлийн диваажинг бүтээх чадамжтай болно гэсэн үг. Зөв цагтаа, зөв газраа, зөв сэтгэл хөдлөл, үйлдлээ илэрхийлэх буюу уурлах үедээ уурлаж, инээх жаргах үедээ жаргалаа шингээж чаддаг болдог.
Монголчуудын амьдралд хамгийн ойр нь бурхан багшийн сургаал. Та сэтгэл засалдаа бурхан багшийн сургаалаас ашигладаг уу?
Хүмүүстэй ажиллахдаа, хичээл заахдаа ч буддын гүн ухаан, сэтгэл заслыг хослуулдаг. Випашяна бясалгал нь миний яриад байгаа нарийн хүртэхүйтэй ажилладаг. Сүүлд квант физикийн сонирхолтой баримт нотолгоог ярьдаг болсон.
Есдүгээр сарын 8-нд “Квант физик үсрэлт” нэртэй арга хэмжээг та зохион байгуулж, туршлага, мэдлэгээ олон нийтэд хуваалцах гэж байна. Яагаад энэ арга хэмжээг зохион байгуулах болсон бэ?
Хүний биеийн хамгийн жижиг эс нь том бүхлийнхээ шинж тэмдгийг агуулдаг. Атом, молекул нь гадаад орчинтой, хорвоотой хэрхэн харилцаж, мэдээлэл солилцдог вэ, бодол, ухамсар гэж юу вэ, хүний биеийн чадамж юу вэ гэдгийг судлах тусам агуу их потенциал нуугдаж байдгийг ухаарсан. Тухайлбал, молекул хоорондын мэдээлэл дамжуулалт 1000м/секунд буюу нерон хоорондын мэдээлэл дамжуулалтаас хэд дахин хурдан байдаг. Хүний зүрхнийзүрхны цахилгаан гүйдэл тархиныхаас 60 дахин илүү болохыг 25 жилийн судалгааны түүхтэй Hearth Math институт тогтоосон байдаг.
Хүний ертөнц тодорхой хэв дардасны давтамжиддардсын давтамж байдаг буюу нэг хэлбэр дахин дахин давтагддаг. Үнэндээ та стрессийн горим, хязгаарлагдмал байдлаа бодит амьдрал гэж итгэсээр нэг л зүйлээ давтаад, нэг газраа эргэлдсээр байдаг. Тэгвэл эндээс үсрэлт хийе. Та аз жаргалтай, амар амгаланг мэдэрч, мэргэн ухаанаар амьдралаа авч явах чадамжтай шүү гэдгийг ойлгуулах юм.
Надаас сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө авдаг хүмүүс ингэж чаддаг. Гэхдээ энэ нь бүх нийтийн мэдлэг байгаасай, бүгдээрээ сэтгэл зүйгээ өөрийн дотоод хүч чадлаараа эмчилж чаддаг, арга барилыг нь мэддэг байгаасай гэж хүсэж байгаа учраас уг арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Квант физикийг хүн төрөлхтөн бүрэн дүүрэн тайлж дуусаагүй, шинжлэх ухаан, физик талаас нь ойлгоход хэцүү. Харин квант физикийг жинхэнэ ойлгоё гэвэл сэтгэл зүрхээ нээх учиртай. Стрессийн тойргоос амар амгалангийн тойрог руу шилжих хөдөлгөөн хийнэ гэж хэлж болно.
Миний зохион байгуулах гэж байгаа “Квант үсрэлт” арга хэмжээн дээр амар амгалан, аз жаргалыг эдлэх боломжийг гэрлээр, хөгжмөөр, таван мэдрэхүйгээр, өөрийн дуу хоолойгоор мэдрэх юм.
Мэдрэлийн системээ амрааж чаддаг хүн бүтээмжтэй ажилладаг
Бизнесийн салбарынхан, ялангуяа удирдлагууд болон дунд түвшний менежерүүд альтернатив буюу орлох сэтгэл заслаас юуг чухалчилж анхаарах ёстой вэ? Өөрөөр хэлбэл, ажил хэрэгч хүмүүс өөрийгөө эмчлэх тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Их хотын дуу чимээ, таван мэдрэхүйгээр дамжин стресстүүлэх мэдээллүүд, мөн өнгөрсөн үеийн травма, ажлын ачаалал, харилцааны дарамт энэ бүхэн нэгдэхээр хүний бие бачуурч, өндөр стресстэй, дэлбэрэхэд бэлэн байх нь хэвийн.
Мөн нарийн мэдрэхүйн чангарал асар их үед тухайн хүний аливааг харах өнцөг хязгаарлагдмал, шинийг олж харах нүд нь хаагдсан байдаг. Шинэ харилцаа, шинэ сонголт хүлээж авах чадваргүй болтлоо асар их мэдээлэлд өртөж, чангарал явагдсан байгаа.
Хүний амжилтын 80 хувь харилцаанаас үүдэлтэй. Гэтэл аливаа харилцаанд сөрөг хандлагатай оролцоод байхаар амжилтад хүрэхгүй. Цаашлаад нойргүйдэлд орно. Тиймээс зориудаар, цаг зав гаргаж сэтгэл зүйн дасгал хийж өөрийгөө чадавхжуулбал сайн.
Миний бодлоор та бизнесээ дараагийн шатанд гаргая гэвэл сэтгэл зүйн хувьд unlock хий. Сэтгэл зүйгээ мэдрэхүйн түгжээснээс гаргаж квант үсрэлт хийх хэрэгтэй. Та биедээ үүссэн чангарлуудыг суллаж, сэтгэлдээ уян хатан байдлыг нээх хэрэгтэй.
Бизнесийнхэн бүтээмж гэж байнга ярьдаг. Та бүтээмжийг юу гэж тайлбарлаж вэ?
Хүн стресстэй байхдаа илүү их энерги, эрч хүч зарцуулдаг. Бухимдаж уурласны дараа ямар их ядардаг билээ. Ажлаа тараад туйлдсан хүн гэртээ харьдаг. Харин нарийн хүртэхүйгээ unlock хийгээд сурчихаар асуудал гарч ирэх төдийд чангарлаа бага багаар суллаж, сэтгэл зүйгээ удирддаг. Амьсгал авна, гаргана, түгжинэ, суларна, хаагдана, нээгдэнэ гэдэг нь ертөнцийн хөдөлгөөн. Гэтэл түгжсэн бол тэр чигтээ, чангалсан бол суллахгүй тэр чигт нь орхино гэдэг ертөнцийн хөдөлгөөн, хуулийг дагахгүй байна гэсэн үг.
Амьд үлдэх зөн гэдэг нь өдөр, шөнө солигдох, өгсөх уруудах гэх мэт байгалийн хэмнэлийг сөрж, үргэлж зогсолтгүй урагшилдаг мөн чанартай. Үүнээс болоод хүн бие, сэтгэл, оюун санааны хувьд таазандаа тулж туйлдаад урууддаг мөчлөг бизнест ажиглагддаг. Мэдээж хүн нь тийм учраас бизнес нь ч түрэмгий шинжтэй болдог.
Амьд үлдэх зөндөө хөтлөгдсөнөөр бизнесмэн хүн үргэлж шилдэг нь байх, үргэлж амжилтад хүрэх, хамгийн олон харилцагчтай болох, өөрийгөө нотлох гэх мэтээр өөрийгөө хүчилдэг. Гэхдээ энэ бол бүтээмж биш. Гэнэт өссөн компани тэр өсөлтөө даахгүй унах тохиолдол олон байдаг.
Бүтээмж гэдэг бол ажиллах цагтаа ажиллаж, амрах цагтаа амарч, өөртөө, гэр бүлдээ цаг гаргаж, өөрийгөө суллаж чаддаг байхыг хэлнэ. Ингэснээр тогтвортой хөгжил бий болдог. Өөрөөр хэлбэл, байгалийн хэмнэлийг дагаж, тоормозлох үедээ тоормозлож мэдрэлийн системдээ тайван ажиллах бололцоог нээх хэрэгтэй. Учир нь мэдрэлийн систем эрүүл байх нэгэн хүчин зүйл бол тоормоз гэдэг ухагдахуун. Үргэлж хаазлаад яваад байвал шатаад л дуусна.
Нэг талаар өсөлтийг зориудаар хязгаарлаж, чадамждаа тааруулж алгуур урагшлах. Ухамсартайгаар өөрийн болон бизнесийн хэмнэлээ байгалийн ритм хэмнэлд нийцүүлж гэмээнэ тогтвортойтогтворотой өсөлттэй байдаг.
Товчхондоо ертөнцийн хууль, хэмнэлтэй биеэ нэг болгож чадвал эрч хүчээ ажил, бизнестээ зарцуулсан ч буцаагаад нөхөх чадамжтай болно. Энэ хуулийг мөрдөж чадвал та тасралтгүй урагшилж, дээшилнэ.
Монголчууд үнэт зүйлийн хямралд орсон гэж би боддог. Юуны төлөө, яах гэж гэдгээ ухаарч ойлгоогүй, гацаанд орчихсон. Таны бодлоор монголчуудын үнэт зүйл юу вэ?
Бид 1990 онд социализмаас ардчилсан нийгэм рүү шилжсэн. Тэр үе хүн бүрд асар том цохилт, травма болж, амьд үлдэх зөн асар хүчтэй идэвхэжсэн. Энэ үед хүмүүс үнэт зүйл, дотоод сэтгэлийн талаар бодоогүй. Бодох ч сөхөө байгаагүй. Амьд үлдэх зөн идэвхжихэд дотоод сэтгэлээ хаагаад нийгмийн хямрал, санхүүгийн хямралтай хэрхэн тулалдах вэ гэдгээ л бодсон.
Харин одоо санхүүгийн хувьд тодорхой хэмжээнд дээшилж, амьд үлдэх зөн нь багассан болохоор миний болон бидний үнэт зүйл юу вэ гэдгийг бодох боломжтой болжээ.
Стрессийн төлөвөөс гарч, амар амгалан, аз жаргалыг бага ч гэсэн мэдрээд, амьд үлдэх зөн нь арилчихсан хүний жинхэнэ мөн чанар, нинжин сэтгэл, хайр энэрэл, уян зөөлөн байдаг гэж үздэг. Буддын гүн ухаанд ч энэ талаар дурддаг. Хүний уг мөн чанар нь бурханлаг боловч амьд үлдэх зөндөө хөтлөгдөөд өөрчлөгдсөн гэж үздэг.
Эдгэрэл гэж хүний жинхэнэ мөн чанар болох бурханлаг байдлыг сэтгэл зүйн дасгалаар гаргаж ирэхийг хэлнэ. Хүн өөрөө сэтгэл зүйн дасгалжуулалтаар амьд үлдэх зөнгөө бага багаар арилгаад ирэхийн цагт миний үнэт зүйл юу вэ, энэ дэлхийд би яаж сайн сайхныг тарих вэ, хүүхдүүдээ хэрхэн аз жаргалтай өсгөх вэ гэдэг асуултууд энэ бүгдээс урган гарна. Харин амьд үлдэх зөн хүчтэй байгаа цагт үнэт зүйл огтоос чухал биш.
Маш сайхан яриа байна. Thank you