Монголын шигшээ баг 2027 оны Ази тивийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээний урьдчилсан playoffs шатны хоёр дахь тоглолтоо Зүүн Тиморын шигшээ багтай хийх гэж байна. Тоглолт өнөөдөр 16:00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны талбайд болно. 19 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн буюу “AFC Asian Cup 2027”-д оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолтууд ийнхүү үргэлжилж байгаа бөгөөд эхний тоглолт Зүүн Тиморын талбайд буюу Индонезийн Бали хотод энэ сарын 5-нд болсон билээ.
Энэхүү тоглолтод Зүүн Тиморын баг манай шигшээ багийг 4-1 харьцаагаар хожоод буй. Монголын шигшээ багийн тамирчид ийнхүү маргааш өөрийн талбайд Зүүн Тимороос “даагаа нэхэх” юм. Хэрэв оноо тэнцвэл финалын тоглолтын хугацаа сунаж, манай шигшээ баг ялалтыг авах боломж бүрдэнэ. Тэмцээнд ялсан баг гуравдугаар шатанд тоглох эрхтэй болно. Сонирхуулахад 19 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн буюу “AFC Asian Cup” 2027 оны нэгдүгээр сард Саудын Араб улсад болно. 2019 оноос хойш Азийн аваргад 24 баг оролцдог болсон бөгөөд энэ жил 46 улсын шигшээ баг урьдчилсан шатанд өрсөлдсөн. Өнөөдөр болох тоглолтын тасалбар 20.000 төгрөгийн үнэтэй бөгөөд үзэгч, хөгжөөн дэмжигч нарт 14:00 цагаас эхлээд үүдээ нээнэ.