“Улсын эмнэлэгт очихоор нэг юм хэлээд, хувийн эмнэлэгт очихоор бас өөрийг хэлээд хаана очихоо мэдэхээ байлаа” гэж гайхширан ярих хүмүүс бий. Бас өвчнийхөө асуудлыг мэдэхийн тулд эхлээд хаана очихоо мэдэхгүй суух ч нэгэн байдаг. Энэ нь бид мэдээллээр, тэр дундаа эрүүл мэндийнхээ талаар бодитой зөв мэдээллээр маш их цангасныг харуулж байна. Олон хоногийн дараалал хүлээн оношилгоонд хамрагдаж, эмчид үзүүлдэг ч антибиотик бичүүлээд л эмчилгээ дуусах нь нийтлэг бөгөөд энэ нь жинхэнэ эмчилгээ болж чадахгүй байх нь элбэг. Учир нь зөв мэдээлэл, зөвлөгөө, чиглүүлэг оновчтой, тохирсон эмчилгээ болдог.
Харин “ОНОШМЕД” лабораторийн Нараа эрхлэгч дээр очоод олон юмны зангилааг тайлж, ямар мэргэжлийн эмч дээр очихоо хүртэл аваад гардаг хүн олон. Бүр хэдэн арван жилээр түүний үнэнч харилцагч байж, үргэлжлүүлээд үр хүүхэд нь үйлчлүүлээд явж байна.
Түүнд ийнхүү итгэж үйлчлүүлдэг байнгын харилцагчдаас гадна өвчнийхөө зүг чиг гаргах гэж сургаар ирсэн хүмүүс хүртэл хэрэгтэй бүх мэдээллээ түүнээс авч чаддаг. Эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийн хувьд жинхэнэ цангаагаа тайлах шиг болдог. Тэр өдөрт 10-12 цаг ажиллаж, үүнээс багадаа 7 цагийг шинжилгээ хийлгэсэн хүмүүст шинжилгээний хариунуудыг нь тайлбарлаж, чиглүүлж, зөвлөгөө өгч өнгөрөөдөг. Ингэхдээ нэг хүнтэй хамгийн багадаа 30 минут, цаашилбал хоёр цаг ярьж суух ч хэрэг гарна. “Би ажлын цаг дуусчихлаа гээд гараад явж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүнд үнэхээр хэрэгтэй байгаа учраас” гэж “ОНОШМЕД” эмнэлзүйн лабораторийн эрхлэгч Н.Нарантуяа ярьж байна.
Үйлчлүүлэгчид төвлөрсөн энэхүү зарчим тэдний үнэнч, байнгын үйлчлүүлэгчийн тоог тогтмол нэмж, 20 гаруй жил зөвхөн тэднийхээр шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийнхээ хөтөч нь болгосон үйлчлүүлэгчид олон болжээ.
Шинжилгээний газрын бизнесийг шинжлэхүй
Бидний хэлж заншсанаар шинжилгээний төв буюу албан ёсоор эмнэлзүйн лабораторийн бизнесийн чанар, өрсөлдөх чадвар чухам юундаа байдаг, нэг үгээр ямар төвд очвол илүү найдвартай гэдгийг олон нийт тэр болгон мэддэггүй. Бас эндээс гарсан анхны шинжилгээ хамгийн найдвартай, чанартай байж чадахгүй бол ирээдүйн хувь заяаг нь яаж өөрчилж болох талаар хүмүүс тэр бүр эргэцүүлдэггүй.
Лабораторийн ажилтнуудын ур чадвар, оношлуурын чанар ямар чухал байхыг, стандартыг ягштал барьдаг эсэх нь энгийн үйлчлүүлэгч нарт тийм ч чухал байдаггүй. Хариу юу гэж гарсан түүнд итгээд л явдаг. Гэтэл энэ бол эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж байгаа хэн бүхэнд хамгийн түрүүнд анхаарах ёстой, хаана ямар лабораторид, ямар газарт итгэх хэрэгтэйгээ хариуцлагатай шийдэх ёстой эхний алхам байдаг.
Эмнэлзүйн лаборатори нь эрүүл мэндийн салбар дотроо харьцангуй эрт хувийн хэвшилд орж ирсэн чиглэл. Улсын хэмжээнд сумын эрүүл мэндийн төвөөс эхлээд гуравдугаар шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг хүртэлх бүх шатлалын хувь, хувьсгалын эрүүл мэндийн байгууллагын 500 гаруй лаборатори байдаг гэсэн тоо бий.
Н.Нарантуяа хуучнаар Анагаах ухааны их сургуулийг Хүүхдийн их эмч мэргэжлээр төгсөж, нярайн эмч болох зорилготой Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд (Хуучин нэршлээр Эх нялхсын эрдэм шинжилгээний төв) ажиллахаар очиход тухайн үеийн удирдлага шинэ залуу боловсон хүчнийг лабораторийн мэргэжлээр мэргэшүүлэх шийдвэр гаргаснаар тэр лабораторийн эмчээр ажлын гараагаа эхэлсэн.
Тус төвд 10 гаруй жил лабораторийн их эмч, эрхлэгчээр ажиллаж, лабораторийн оношилгоо, шинжилгээ нь жирэмсэн эх, ураг, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ямар их нөлөөтэй байдаг, бас сайжруулах, шийдэх асуудал их байдгийг анзаарчээ. Лабораторийн анагаах ухааны хамгийн гол зорилго нь өвчин, эмгэгийг алдаагүй, зөв оношлох боломжийг бүрдүүлэх бөгөөд нотолгоонд суурилсан, анагаах ухаанаар батлагдсан оношилгооны үр дүнгийн 70 хувь нь шинжилгээнээс хамаардаг гэсэн үзэл баримтлал бий.
Гэхдээ шинжилгээний хариу бодитой, үнэн зөв гарахын тулд чанарын баталгаатай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн арга технологи бүхий сайн тоног төхөөрөмж, урвалж оношлуур, лабораторийн мэргэшсэн, туршлагатай, мэргэжилтнүүд, судалгаа шинжилгээний бааз суурь, үйл ажиллагааны стандартын дагуух процесс, чанартай зөвлөгөө, мэдээлэл зэрэг олон хүчин зүйл шаардлагатай.
Н.Нарантуяаг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд ажиллаж байхад аппарат, тоног төхөөрөмж автомат биш, шинжилгээг химийн болон гар аргаар хийдэг гэх мэтээр лабораторийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгохын тулд өөрчлөх, хийх зүйл их байлаа. Гэвч төсвийн байгууллагын хувьд энэ бүхэн санаагаар болохгүй. Тиймээс дараагийн шатанд ахиулахын тулд 2004 онд өөрөө хувийн оношилгооны лаборатори байгуулахаар шийджээ.
Түүний энэ санааг гэр бүлийн хүн нь дэмжиж, лабораторио байгуулсан нь Монголдоо анхдагч эмнэлзүйн лабораториудын нэг, эдүгээ дотоодод төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлзүйн лаборатори болох эхлэл болсон юм.
Ийнхүү нярайн эмч болно гэж мөрөөдөж байсан бүсгүй эмнэлзүйн эмгэг судлаач (Clinical pathologist) хэмээх мэргэжлээр 30 орчим жил ажиллаж, онол болон практикийн нөр их туршлага хуримтлуулаад байна.
Өнгөрсөн 20 жилд “ОНОШМЕД” нийт 350 мянга гаруй хүн буюу Монголын хүн амын 10 хувьтай тэнцэх тооны хүнд лабораторийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
Олныг хамарч, их хэмжээгээр гэхээсээ цөөн ч гэсэн жинхэнэ стандарт барьж, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой гэсэн бодлогоо хатуу баримталж ирсэн. Энэ хугацаанд оношилгооны арга, технологи, ур чадвар, үйлчилгээний чанарын хувьд тасралтгүй сайжирсаар эдүгээ долоон чиглэлийн, 250 орчим нэр төрлийн эмнэлзүйн шинжилгээ хийж байна. Тэр дундаа гуравдугаар шатлалын эмнэлэг болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн эмч нарт шаардлагатай, эмчилгээний үр дүнд шууд нөлөөлөхүйц, орчин үеийн, шинэ нэр төрлийн оношилгоо, шинжилгээнүүдийг хийж иржээ.
Энэ хэмжээнд үйл ажиллагаа явуулахын тулд мэргэжлийн үйл ажиллагааны олон улсын стандартын шаардлагыг хангах ёстой бөгөөд “стандарт” гэдэг үг энэ салбарт сурталчилгааны хэрэгсэл биш, жинхэнэ чанарыг нь шалгах хэмжүүр болдог. Учир нь хүн амын эрүүл мэндтэй шууд холбогдох учраас энэ бол тоглоом биш. “ОНОШМЕД” “MNS:ISO15189 Эрүүл мэндийн лабораторийн чанар болон чадавхид тавих шаардлага” олон улсын стандартыг хангаж, 2017, 2019, 2023 онуудад гурван удаа давтан итгэмжлэгдсэн байна.
Нөгөө талаар эмнэлзүйн лабораторийн тусламж үйлчилгээг хөндлөнгөөс шууд ажиглах боломж хомс, үндсэн процесс лабораторийн хаагдмал орчинд явагддаг, нарийн мэргэжлийн технологи, мэдлэг ашигладаг учраас энгийн хэрэглэгч “Энэ лаборатори үнэхээр сайн ажилладаг, хариу нь зөв юм байна” гэж дүгнэхэд хэцүү. Тиймээс уг салбарт лабораториудын шинжилгээний чанарыг үнэлдэг, үндэсний болон олон улсын байгууллагаас зохион байгуулдаг гадаад хяналтын тогтолцоо буюу зүйрлэвэл эмнэлзүйн лабораториудын аудитын систем бий.
Энэхүү үнэлгээг хийхэд мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар нэгэн байцаагч ирэхгүй, харин мэдээллийг нь нууцалсан, найрлага нь тодорхойгүй хяналтын сорьц илгээн шинжлүүлэх байдлаар лабораториудын шинжилгээний үнэн зөв байдал, үйл ажиллагааг шалгадаг. Энгийнээр хэлэхэд яг юуных гэдэг нь мэдэгдэхгүй сорьцуудыг ирүүлж, лабораториуд шинжилсэн хариугаа илгээгээд, тэндээс эргүүлээд хариу дүгнэлт авдаг гэсэн үг. Монгол Улсад уг тогтолцоо 2008 оноос “MEQAS” Үндэсний хэмжээний лабораторийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээ нэртэйгээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд “ОНОШМЕД” лаборатори 16 дахь жилдээ тасралтгүй, тогтмол амжилттай оролцож байна.
Тэд 2016 оноос хойш Дэлхийн 134 орны 65000 гаруй лаборатори оролцдог, дэлхийн хамгийн том чанарын гадаад үнэлгээний схем болох Английн Randox компанийн “RIQAS” олон улсын лабораторийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээнд сар бүр амжилттай хамрагдаж, олон улсын түвшинд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэн ажилладаг гэдгээ есөн жилийн турш баталсаар иржээ. Ингэхдээ үнэлгээнд хамрагдах шинжилгээний нэр төрлүүдээ тогтмол нэмсээр ирсэн аж. Ийм ч учраас “ОНОШМЕД” лабораторийг үндэсний тэргүүлэх лабораториудын нэг гэдгийг салбарынхан хүлээн зөвшөөрч, иргэд, олон нийт ч мэддэг болжээ.
Уг үнэлгээнд Монголоос цөөн эмнэлэг, лаборатори хамрагддаг. Монголын нийт 500 орчим лабораториос олон улсын гадаад хяналтад хамрагддаг нь ердөө 10 орчим гэхээр чамлалттай. Аль болох олон эмнэлэг, лаборатори хамрагддаг болбол иргэд олон улсын түвшинд хүрсэн, чанарын баталгаатай лабораторийн тусламж үйлчилгээ хүртэж, дагаад иргэдийн эрүүл мэндийн салбарт итгэх итгэл нэмэгдэж, гадагшаа урсах мөнгөний урсгал саарах учиртай.
Эрүүл амьдралд буухиалагчид
“ОНОШМЕД”-ээр тогтмол үйлчлүүлдэг нэгэн эмэгтэй саяхан Сингапурт эмчилгээнд яваад ирэхдээ “Тэндхийн эмнэлгийн хариутай танай хариу яг таарч байна лээ” гэсээр ихэд баяртай иржээ. Харин Н.Нарантуяа эмчийн хувьд тийм байх нь тодорхой учраас тэгтэл гайхсангүй. Гэхдээ үүний төлөө өдөр бүр хичээн ажиллаж ирсэн баг хамт олноороо илүүтэй бахархаж байлаа.
Тэрбээр “Одоо зарим харилцагч манайд шинжилгээ хийлгэчхээд гадаадын эмнэлэг рүү хариуг нь шууд илгээдэг болсон байна лээ” гэж ярилаа. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчид гаднын эмнэлгүүдэд эмчлүүлж, үйлчлүүлэхдээ тэднийд хийлгэсэн шинжилгээний хариуг аваад очдог, тэдний шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг.
Эмнэлзүйн лаборатори энэ түвшинд ажиллахад нөлөөлдөг өөр нэг гол хүчин зүйл бол яах аргагүй багийн ажиллагаа, хүний нөөцийн мэргэжлийн ур чадвар байдаг гэдгийг Н.Нарантуяа эмч байнга хэлдэг. Лабораторид лабораторийн эмч, лабораторийн технологич, лабораторийн техникч гэсэн мэргэжилтнүүд баг болж ажилладаг. “ОНОШМЕД” өнөөдөр 20-35 жилийн мэргэжлийн дадлага туршлагатай, нарийн мэргэшсэн лабораторийн эмч, мэргэжилтэн, судлаачдын багийг бүрдүүлж, нийт 30 орчим хүнтэйгээр лабораторийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Лабораторийн ажлын чанарыг үнэлэхэд шинжилгээний өмнөх, шинжилгээний, шинжилгээний дараах гэж авч үздэг. Үүнд үйлчлүүлэгч биеэ зөв бэлдэх, шинжилгээний сорьц, дээж авах, хадгалах, тээвэрлэх, лабораторид шинжлэх, шинжилгээний дараа өвчтөн болон эмчлэгч эмчид хариуг өгөх, мэдээлэх, зөвлөмж өгөх гэх мэт цогц үйл явц хамаардаг. Энэ хооронд мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг мөрдлөг болгож, лабораторийн бүх үйл ажиллагааг стандартын дагуу хийж гүйцэтгэн, алдаа гарвал тэр дор нь залруулах учиртай.
Дээр дурдсан 250 орчим нэр төрлийн шинжилгээ дунд дэлхий дахинд шинээр хөгжиж буй оношилгооны шинэлэг аргууд, Монгол Улсад хийгдэж байгаагүй, ховор нэр төрлийн, нийгмийн эрүүл мэндийн хувьд өндөр ач холбогдолтой онцлох шинжилгээнүүд ч бий.
Тухайлбал, ДЭМБ-аас 2019 онд Дэлхийн алтан стандарт оношилгооны арга болохыг тодорхойлсон, АНУ болон Европын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс зөвлөмж болгосон, далд хэлбэрийн сүрьеэгийн халдвар илрүүлдэг шинжилгээний аргыг Монгол улсын эмнэлзүйн оношилгооны практикт анх удаа 2022 онд “ОНОШМЕД” нэвтрүүлжээ.
Ялангуяа агаар, орчны бохирдолтой нөхцөлд амьдарч байгаа тохиолдолд сүрьеэгийн далд хэлбэр нь идэвхтэй сүрьеэ болох эрсдэл өндөр байдаг аж. Харин “ОНОШМЕД”-ийн нэвтрүүлсэн дээрх шинжилгээний арга нь уг далд халдварыг эрт илрүүлэх боломжтой. Монголдоо сүрьеэгийн шинжилгээ өгч, эрүүл гэсэн оноштой гадагшаа сургуульд яваад тэнд очоод сүрьеэгийн халдвартай гэгдэж байсан оюутан залуусын хувьд нутагтаа оношлуулаад эдгэж аваад явах бүрэн боломж нээгдсэн гэсэн үг.
Түүнчлэн одоо болтол анагаах ухаанд шалтгаан нь бүрэн судлагдаагүй, эмчилгээний арга төгөлдөр болоогүй байгаа преэклампси буюу жирэмсний хожуу үеийн хордлогыг илрүүлэх Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, Нобелийн шагналт, пренатал илрүүлгийн алтан стандарт шинжилгээний аргыг нэвтрүүлжээ. Жирэмсний хожуу үеийн хордлого нь жирэмсний эхний хагасаас хойших хугацаанд даралт ихсэх, шээсээр уураг алдах, хавагнах гэсэн үндсэн зовууриар илэрдэг, эх болон ургийн амь насанд аюултай хүнд эмгэгт тооцогддог.
“ОНОШМЕД”-ийн хувьд энэ төрлийн хордлогыг эрт илрүүлэх шинжилгээг жирэмсний эхний гурван сард ургийн гажиг (ургийн трисоми) тодорхойлох шинжилгээний хамт хавсран хийдэг. Ингэснээр эх ургийн эрүүл мэндийг хариуцсан эмч, мэргэжилтнүүдэд өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг оношлох, оновчтой хяналт тавих боломж бүрдсэн гэсэн үг.
Түүнчлэн хавдрын шинжилгээ, элэгний үрэвсэл, хатуурал, хавдрын нарийн мэргэшсэн оношилгоо, шээсний шинжилгээний цогц мэргэшсэн оношилгоо, жирэмсэн эх, ураг, хүүхэд, эмэгтэйчүүдийн нарийн мэргэшсэн оношилгоо, менингит буюу тархи, нугасны үрэвслийн шалтгааныг тогтоох шинжилгээ зэргийг олон улсын түвшинд хийж байна.
Н.Нарантуяа эрхлэгчийн онцгой анхаардаг нэг ажил бол цэвэршилтийн насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих оношилгоо, үйлчилгээ юм. Учир нь нөхөн үржихүйн дараах насанд тухайн хүний амьдралын чанар буурах магадлал өндөр байдгаас гадна цэвэршилт улам залуужиж буйд санаа зовнидгоо ярилаа. “Энэ мэтчилэн байнгын судалгаа хийж, хүн амынхаа эрүүл мэндэд тус нэмэр болохуйц шинэ санаа, технологи, аргачлалыг нэвтрүүлж тэр нь үр дүнгээ өгч байгааг харахад үнэхээр сайхан байдаг” гэж тэр хэллээ.
Угаас эмнэлзүйн лабораторийн чиглэлд тасралтгүй суралцаж, байнга судалж, унших байдлаар онолын мэдлэг, ур чадвараа хөгжүүлж явахаас өөр аргагүй. Зав гарвал мэргэжлийн ном унших дуртай, эс бөгөөс шууд хоцрогдоно. Ойлгомжгүй шинжилгээ гарсан бол учрыг нь олохоос нааш санаа амардаггүй гэдгээ Н.Нарантуяа эмч ярилаа.
Нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээнд түшиглэдэг мэргэжлийн энэхүү хандлага нь “ОНОШМЕД”-ийн багийнхныг олон улсын хамтарсан судалгаанд оролцдог түвшинд аваачжээ. Жишээ нь, 2012-2017 онд Монголын Хорт хавдрын үндэсний зөвлөл, Австралийн Мурдокийн хүүхдийн судалгааны төвтэй хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын хэмжээнд хүний хөхөнцөр вирусийн (ХПВ) өндөр эрсдэлт хэв шинжүүдийн тархалт, 4 валентат вакцинжуулалтын аяны 5 жилийн дараах үр дүн” сэдэвт 5 жилийн Когорт судалгааны ажлын Молекулбиологийн шинжилгээг хийж гүйцэтгэн, судалгааны ажлын үр дүн 2019 онд олон улсын “Elsevier” сэтгүүлд хэвлэгджээ.
Мөн ДЭМБ-ын санхүүжилтээр ХӨСҮТ, Австралийн Мурдокийн хүүхдийн судалгааны төв, Австралийн Питер Дохерти институттэй хамтран хэрэгжүүлж байгаа Монгол, Индонез, Австрали улсуудад 2022 оноос зэрэг хийгдсэн “КОВИД-19 халдварын эсрэг вакцины стандарт болон хагас тунгийн нэмэлт дархлаажуулалтын дараах дархлаа тогтоц, аюулгүй байдал, хариу урвалыг үнэлэх нь” сэдэвт судалгаанд Монгол дахь албан ёсны түнш, гүйцэтгэгчээр шалгарч, хамтран ажиллаж байна.
Энэ судалгааны ажлын хүрээнд Монголд хийгдэж байгаагүй гурван төрлийн фермент холбоот иммунологийн ELISA шинжилгээг хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны ажлын эхний үр дүн 2023 оны 11 дүгээр сард олон улсын “Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Найдвартай шинжилгээний товчлуур нь чин сэтгэл
Хамгийн найдвартай, дэвшилтэт, тоног төхөөрөмж худалдаж аван суурилуулах, шилдэг архитектуртай тансаг оффис барих, хамгийн шилдэг брэндийг зах зээлд нэвтрүүлэх зэргээр бизнес эхлүүлж болно. Гэвч тэнд хүнээ бодсон чин сэтгэлийн үйлчилгээ шингээгүй бол тэр нь сүнсгүй бизнес болон хувирч, тогтвортой хөгжиж чадах эсэх нь эргэлзээнд орно. Тиймээс Хэнри Форд чанарын тухай хэлэхдээ “Чанар гэдэг нь ажлаа чин сэтгэлээсээ зөв хийх явдал” гэж хэлсэн байдаг. Тодруулбал, хэн ч таныг харж цагдаагүй байхад зөв хийхэд л чанарын мөн чанар оршдог аж.
“Чанар гэдэг нь ажлаа чин сэтгэлээсээ зөв хийх явдал”
Монгол шиг жижиг зах зээлийн орчинд харилцагч ахин үйлчлүүлэхгүйгээр ашиг, орлоготой байх боломжгүй учраас хэрэглэгчтэй харилцах процесс, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдэлсэн зарчим бизнес удаан оршин тогтноход голлон нөлөөлдөг. Тиймээс бизнесийн бүх зөвлөх хэрэглэгчтэйгээ харилцааны таатай орчныг бүрдүүлж, хэрэгцээг нь таньж, халамжлахыг зөвлөдөг.
Халамж шингэсэн үйлчилгээнээс хэрэглэгч бүтээгдэхүүн гэхээс илүү ямар нэгэн эерэг сэтгэл хөдлөлтэй гарч, энэ нь үнэнч хэрэглэгчдийн хүрээллийг үүсгэдэг. Н.Нарантуяа, түүний үүсгэн байгуулсан “ОНОШМЕД” төв анхнаасаа энэ философийг баримталж, “Чанартай, баталгаатай тусламж, үйлчилгээгээр харилцагчаа олж авна” гэсэн зарчмаар ажиллаж ирсэн байна.
Н.Нарантуяа бол нийгэм солигдож, зах зээлийн тогтолцоо руу орж, хүмүүс хэрхэхээ сайн ойлгохгүй үймж байсан үеийн оюутан. Тэр үед аав нь “Цаг хатуу болсон энэ үед миний охин шиг үмх махаа хүнд өгихөөд сэтгэл нь цадаад баярлаж суудаг хүн яаж явна даа” гэж зовниж байсан нь бий.
Охиноо хамгаас сайн мэдэх эцэг хүний үг. Гэхдээ тэр унаган зангаа тавиагүй ч буруутаагүй яваа гэж боддог. Заримдаа учраа олохгүй яваа залуу бүсгүй, тэтгэврийн насны хөгшидтэй хэдэн цагаар ярилцаж, зөвлөгөө өгнө. Өрөөнөөсөө гарч ирээд “Энэ шинжилгээний төлбөрийг над дээр биччихээрэй” гээд цааш эргэхэд санхүүгийн ажилтнууд арга баран хоцрох нь бий.
Үнэхээр тус дэм хэрэгтэй байгаа хүнд цагийг нь олж туслах шиг чухал зүйл үгүй гэж тэр санана.Тэдний шинжилгээний чанарыг нэмдэг зүйл бол яах аргагүй мэдээлэл, зөвлөгөө бөгөөд энэ бол эмнэлзүйн лабораторийн стандартад байх ёстой зүйл. Хэдийгээр эмчилгээ зааж өгөхгүй ч “ОНОШМЕД” шиг шинжилгээний хариуг нэг бүрчлэн тайлбарлаж, зөвлөн тусалдаг газар маш ховор.
Учир нь хүмүүс шинжлэх ухаанаар батлагдаагүй эмчилгээний аргуудыг дураар хэрэглэх эсвэл эмчилгээний буруу горим барих зэргээр өвчнөө улам хүндрүүлэх тохиолдол цөөнгүй. Тиймээс тэд өвчтөнд шинжилгээний хариуг тайлбарлах, эмч нартай зөвлөлдөх зэргээр эрүүл мэндийн мэдээлэл, харилцааны гүүр нь болж өгдөг. Үүний үр дүнд анх байгуулагдахад л үйлчлүүлж байсан хүмүүс он жилийн уртад хамт байж одоог хүртэл үйлчлүүлсэн хэвээрээ байна.
Байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллахдаа ч ажилтнуудаа шинжилгээнд хамруулсан гэдэг нэр зүүхээс илүү шинжилгээний үр дүнг бодитой хэрэглэж сурахыг зөвлөж, ямар эмчид хандаж, ямар эмчилгээ хийлгэх талаар чиглүүлж өгдөг.
Түүнчлэн лабораторийн шинжилгээ, эмчийн онош, эмчилгээ гэсэн үе шат явсны дараа үр дүнд нь дүгнэлт хийх ёстой. Гэтэл манай улсад ийм байдал тун дутмаг байдгийг тэр хэллээ. Жишээ нь, бөөрний үрэвсэл гэхэд зүгээр л антибиотик бичээд өгчихдөг тохиолдлууд бий. Энэ нь өвчний шинж тэмдгийг бууруулах төдий л эмчилгээ. Тэр эмчилгээ нь оновол ахиж өвдөхгүй, онохгүй бол өвчин ужгирна. Үүний оронд бөөрний үрэвслийн шалтгааныг бүрэн оношилсны үндсэн дээр хийсэн эмчилгээ илүү үр дүнтэй болдог. Ер нь шинжилгээний хариуны эмнэлзүйн хэрэглээг нэмэгдүүлэхэд мэргэжилтний хувьд санаа тавьж явдгаа тэр ярилаа.
Алсын хараа
Таван өнчин хүүхэдтэй үлдсэн аав нь Н.Нарантуяад ямар ч ажлыг голохгүй, чин сэтгэлээсээ тууштай хийхийг захидаг байж. “Аавынхаа захиснаар би ажилдаа сэтгэлтэй, тууштай хандсаны хүчинд өдий зэрэгт чадварлаг мэргэжлийн багийг бүрдүүлж, монголчуудаа эрүүл амьдрах зам мөрт нь тулах нэгэн жигүүр нь болоод явж байна даа” гэж ярив.
Гэхдээ улс орны хамгийн чухал үнэт зүйлс болох эрүүл иргэн, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд хийх зүйл олон бий. Тухайлбал нийгэмд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, түүний санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог илүү чанартай, хүртээмжтэй болгох том хэрэгцээ бий.
Тиймээс түүний удирддаг “ОНОШМЕД” лаборатори өнөөдөр монгол хүнийг илүү урт удаан, эрүүл амьдруулах, хүн бүрд амьдралын сайхныг мэдрэх боломж олгох алсын хараатай ажиллаж байгаа. Цаашдаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь хүргэж, бүс нутагтаа тэргүүлэх оношилгоо, эмчилгээний төв клиник болох эрхэм зорилготой. Тэр ч байтугай энэ салбарт олон жил ажилласан мэргэжилтний хувьд хавдрын тохиолдлуудыг бүр генийн түвшинд нь шинжилж судлах том амбицтай ч явдаг. Монгол шиг дэлхийд элэгний хавдрын тохиолдлоороо тэргүүлж байгаа улсын хувьд ийм шинжилгээ судалгаа тун чухал билээ.
Товчхондоо түүний үйл хэрэг хувь хүний талдаа ч, бизнесийн талдаа ч итгэлтэйгээр урагшилж, тэлсээр байна. Гэр бүлийн хүн Ц.Нямсайхан нь компанийнхаа санхүү, менежментийг цэгцтэй авч явдаг. Ханийнх нь зориглосон алхам, мэргэжлийн амбиц өдгөө тэдний гэр бүлийн том зорилго болж, эрүүл мэндийн салбарын нэг чиглэлд зам жим татаж явна.
Ийн ажиллахад инженер мэргэжилтэй Ц.Нямсайханы асуудлыг том зургаар нь харж чаддаг чадвар тун их хэрэг болно. Тэр бол Н.Нарантуяагийн хувьд түшигтэй хамтрагч, бас чадварлаг удирдагч юм. Тэрбээр компаниа мэргэжлийн удирдлагаар хангадгийн ачаар Н.Нарантуяад үндсэн мэргэжлийн ажил, судалгаа, шинжилгээндээ бүрэн төвлөрч, харилцагчидтайгаа тулж ажиллах нөхцөл, орон зай үүсдэг. Ингэснээр тэд олон бизнес дээр тулгардаг, нэг хүн үндсэн ажил болон бизнесийн бусад функциудын хооронд хүчээ тарамддаг тэрхүү бэрхшээлээс зайлсхийж, компани амжилттай, тогтвортой хөгждөг, чанар нь жигд байдаг аж.
Тэд ажил дээр ч, амьдрал дээр ч гайхалтай гар нийлдэг. Хамгийн гол нь нэг нэгэндээ бүрэн итгэдэг. Захирлын хувьд олсон орлогоо ухаалаг зарцуулж, хамгийн сайн тоног төхөөрөмжүүдэд хөрөнгө гаргаж, эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулан, ажлын байр дээрээ хөгжих боломжийг хангаж чаддаг. Эрхлэгч харин эрүүл мэндийн үйлчилгээг хамгийн сайнаар, мэргэжлийн өндөр түвшинд баг хамт олноо удирдан хийх ажлаа үргэлжлүүлсээр байна.