Уул уурхайн салбарынхан дөрөвдүгээр сарын 3-нд “24 цагийн зогсолт” хийнэ. Гэхдээ уул уурхайн ажил нэг хоногийн турш явагдахгүй гэсэн үг биш бөгөөд олон нийтийн сүлжээнд зогсолт хийнэ гэсэн санаа ажээ. Тодруулбал, сошиал орчинд #ЗогсохЭрхгүй24цаг хэмээх hashtag ашиглан олон нийтэд мэдээ мэдээлэл түгээх юм. Хөдөлгөөний гол зорилго нь уул уурхайн салбар улс орны эдийн засагт ямар үүрэгтэйг макро болон микро түвшинд хийсэн судалгаа, статистик мэдээлэлд тулгуурлан харуулж хариуцлагатай уул уурхайн талаар иргэдэд тодорхой, цэгцтэй ойлголт өгөхөд чиглэх юм байна. Үүний хүрээнд уул уурхайн салбарынхан дөрөвдүгээр сараас эхлэн нэг жил гаруйн хугацаанд уул уурхайн эдийн засаг, хариуцлага, өрсөлдөх чадвар гэсэн сэдвийн хүрээнд гарц, гаргалгаа гаргаж ирэхийг эрэлхийлнэ.
Уул уурхайн салбарынхан дөрөвдүгээр сарын 3-нд сошиал орчинд #ЗогсохЭрхгүй24цаг хэмээх hashtag ашиглан олон нийтэд мэдээ мэдээлэл түгээнэ.
Учир нь байгаль орчин сүйдсэн, уул уурхайгаас үүдэж осол аваар гарсан, хээл хахуулийн хэрэгтэй холбогдсон гэх мэт мэдээлэл түргэн хугацаанд олон нийтийн дунд цацагдаж, тэр хэмжээгээрээ уул уурхайн салбарыхан хамгийн муу нэрийг зүүчихээд байгаа билээ. Энэ хандлага зөвхөн Монгол улсад гэлтгүй дэлхийн бусад улс оронд ч байдаг. Тодруулбал, “Эрнст Энд Янг” олон улсын аудитын компани 2018 оны арванхоёрдугаар сард олон улсын уул уурхайн компаниудад судалгаа хийжээ. Үүнд дэлхийн 600 уул уурхайн компанийн захирлууд хамрагдсан бөгөөд салбартаа тулгарч буй тэргүүн эрсдлийг “Нийгмийн тусгай зөвшөөрөл” гэж тэд хариулжээ.
Уул уурхайн салбар нь хурдтай хөгжлийнхөө эхэн үед олон нийтийн дунд муу нэрт зүүж, тэдний эсэргүүцэлтэй тулгарч байгаагүй. Салбарын “нэр хугарсан” шалтгааныг Монголын Уул Уурхайн Ассоциаци ийн тайлбарлаж байна. Уул уурхайн компаниуд өөрсдийнхөө талаар бодит мэдээллийг тэр бүр хүргэж чаддаггүй. Уг салбарыг олон нийт зөвөөр ойлгохгүй байгаагийн нэг шалтгаан нь салбарынхны өөрсдийнх нь алдаа гэдгийг туё холбоо хүлээн зөвшөөрч байна. Тодруулбал, хариуцлагатай уул уурхай гэж ярьсаар сүүлдээ хариуцлага гэдэг үг нь утга учраа алдчихсан. Тиймээс МУУҮА яг ямар үзүүлэлтийг хариуцлага гэж үзэх вэ? гэдгийг тодорхойлж бодит мэдээллийг түгээхээ мэдэгдсэн.
Хариуцлагатай уул уурхай гэж ярьсаар сүүлдээ хариуцлага гэдэг үг нь утга учраа алдчихсан.
Түүнчлэн #ЗогсохЭрхгүй24цаг хөдөлгөөнийг өрнүүлэх өдөр нэг хоног буюу 24 цагийн дотор уул уурхайн салбар улс орны эдийн засагт ямар хэмжээний үр өгөөж өгдөг вэ? гэдгийг салбарын яам, агентлаг болон Үндэсний статистикийн хорооны гаргасан тооцоонд үндэслэн олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.
Судалгааны зарим дүнгээс сонирхуулахад, 2019 оны нэг, хоёрдугаар сарын дүнгээр уул уурхайн салбараас улсын төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнийг нэг хоногт хуваан тооцож үзэх юм бол 24 цагийн хугацаанд уул уурхайгаас 8.1 тэрбум төгрөг төсөвт орж байгаа аж. Үүгээрээ иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, төрийн албан хаагчийн цалин зэрэг нь уг салбарынхны олох ашиг орлоготой холбогдож болно. Цаашлаад эдийн засагт оруулж буй энэхүү мөнгөн дүнг эергээр харвал бизнес эрхлэгчдэд зориулсан сан, зээл гэх мэт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой ажээ.
Дээр өгүүлснээс харахад уул уурхайн салбар нэг хоног сул зогсох аваас эдийн засагт мөн ийм хэмжээний алдагдал хүлээх магадлалтай. Зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэхээс гадна уул уурхайн үр өгөөжийг нийгмийн олон салбарт оруулах материаллаг болон материаллаг бус ашиг шимээр хэмжиж болно. Энэ талаарх мэдээллүүдийг “Зогсох эрхгүй-24 цаг” хөдөлгөөний үеэр олон нийтэд нээлттэй түгээх ажээ.