Мэдээллийн технологийн зөв шийдэл, программ хангамжийн чанартай, чадамжтай бүтээгдэхүүн, үйлчилгээ нь таны бизнесийн урт хугацааны тогтвортой байдлыг бий болгож, нэр хүндийн баталгаа болдог гэдгийг анхаарах нь зүйтэй.
***
Та бүтэлгүйтэхэд ойрхон байгаа төсөл дээр ажиллаж байгаа юм биш биз? Хэрэв та мэдээлэл хариуцсан захирал (CIO), технологи хариуцсан захирлаар (CTO) ажилладаг эсвэл төслийн захиалагч, удирдагчийн үүрэг гүйцэтгэж байгаа, мэдээллийн технологийн төслүүд тань эрч хүчээ алдаж, удаашралтай болж, дэмжлэг үзүүлэхэд хүндрэлтэй болж байгааг мэдэрч байвал ямар нэгэн арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай болжээ гэсэн үг. Эсвэл эртхэн шийдвэрээ гаргаж SHUTDOWN хийсэн нь зөв алхам болно.
Анхны хөрөнгө оруулалт, санаачилга, урам зоригтойгоор эхлүүлсэн төсөл чинь ганхаж байгааг илтгэх олон шалтгаан байдаг бөгөөд дараах хэдэн шалтгааныг анхааралтай ажиглаарай.
Хөрөнгө оруулагчийн сэтгэл ханамжгүй байдал, хөрөнгө оруулалт буцаан татах үзэгдэл
Монголын зах зээлд мэдээллийн технологи, тэр дундаа программ хангамжийн төслүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ, давтамж багасаж, урсгал зардлаа багасгахыг хөрөнгө оруулагчдын зүгээс шаардах хандлагатай болжээ. Магадгүй төслийн удирдагч, оролцогч та өөрөө хөрөнгө оруулагч бол үүнд илүүр анхаарч зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчийн сэтгэл ханамжийг сайтар ажигла, анхаарал хандуул. Энэ нь төслийг амжилттай, үр дүнд хүргэх чухал хүчин зүйл юм.
Хэрэглэгчийн хандалт багасах үзэгдэл
Та хэрэглэгчийн хандалт бүхий систем, платформ эсвэл программ хангамжийн төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй бол үүндээ анхаарлаа хандуулаарай. Та системдээ сайжруулалт тогтмол хийж байгаа ч сүүлийн хэдэн сарын хугацаанд хэрэглэгчийн хандалт тогтмол буурч байгааг анзаарсан уу? Энэ нь хэрэглэгчид энэ системийг өмнөх шигээ үнэ цэнтэй гэж үзэхгүй байгаагийн шинж байж болох уу? Магадгүй таны хэрэглэгч дараагийн сонголтоо хийх цаг нь болсон, эсвэл бүр илүү боломж бүхий системд татагдаад байгаа юм биш биз? Тийм бол хэрэглэгчтэйгээ ярилцах цаг болжээ.
Хэрэглэгчийн сэтгэл ханамж тогтмол өөрчлөгдөж, дийлэнхдээ буурах магадлал өндөр байдаг. Энэ нь технологийн хөгжил, бизнесийн чиг хандлага тогтмол өөрчлөгддөгөөс шууд хамааралтай ч таны хэрэглэгч бол хүн юм, хүн бол уйдамтгай.
Тиймээс та хэрэглэгчийн сэтгэл ханамжийг илэрхийлэх хэмжүүрийг бий болгож, түүнийгээ тогтмол хянаж, тэдний хэрэгцээ, сонирхлыг илүү сайнаар тодорхойлж, түүнд суурилсан арга хэмжээг системийн сайжруулалт болгон шингээж байх ёстой юм.
Төслийн эцсийн хугацааг хэлэлцсээр байна уу?
Танай төсөл эрч хүч, тэсрэлтээр эхэлж, хэрэглэгчид болон МТ-ийн баг сэтгэл догдлолтой, идэвхтэй, оролцоотой байгаа ч хөрөнгө оруулагч, санхүүжилтийн эх үүсвэр тань төслийн багийн хаалгыг тогшиж “бусад яаралтай асуудлууд байна, танай багийг өөр төсөлд ашиглаж болох уу, төслийн хугацааг хойшлуулах уу, ер нь явц хэр байна гэх мэт яриа агрч байна уу? Иймэрхүү яриа ойр ойрхон гараад байгаа нь нэгэн цагт өндөр байсан төслийн итгэл алдарч, өндрөө алдаж байгаагийн шинж байж болох уу?
Хэрэв асуудал танд тулгарч байвал бизнесийн оролцогч талууд яагаад сонирхолгүй байгаад дүгнэлт хийж, өөрийн төслийн давуу тал, явцыг хэмжих нэгж, баримттайгаар тайлбарлах нь чухал юм. Гэхдээ энэ арга тийм ч үр дүнтэй биш, гол нь тэднийг төслийн гишүүн болгож, өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэх нь найдвартай байдаг. Үүний тулд төслийн удирдагч та ур чадвар, оюун ухаанаа уралдуулах үлдлээ.
Төслийн санхүүжилт багассан эсвэл хойшилсон уу?
Төслийн эхэн үе болон дунд шатанд хүн бүр төслийн талаар ам сайтай, маш баяртай, төслийн баг хүссэн санхүүжилтээ авч чадсан. Харин одоо хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нь төслийн багт эелдгээр тайлбар өгч, санхүүжилтийг багасгах, зарим хөгжүүлэлтийн процессыг танах, эсвэл компанийн санхүүгийн нөхцөл байдлыг тайлбарлах, нөхцөл байдал сайжиртал хойшлуулах гэх мэт хандлага гаргаж байна.
Бүс чангалах нь бүхий л салбар дахь бизнесийн хувьд ойлгомжтой байдаг ч хэрвээ төслийн бүс чангалах хүсэлт, яриа хоёр ба түүнээс илүү удаа гарвал төслийн үр ашигтай эсэхэд эргэлзэх цаг болсон гэсэн үг. Тэд бүгд илүү нөхцөл байдлыг мэдэрч, бизнесийн ашигт санаа тавьдаг тул мэдрэмж өндөртэй байдаг.
Шилдгүүд явцгааж байна
Төслийн багаас шилдгүүдээ алдах нь анхаарал хандуулах асуудал юм. Тэд зүгээр явчихдаггүй. Шилдгүүдийн илүү сайхан боломж, илүү санал, илүү цалингийн хүлээлтийг үүнд дурдахгүйгээр ажиглавал тэд төслийн амжилт, эцсийн үр дүн, санхүүжилт гэх мэт бүх зүйлд оролцоод байдаггүй ч шууд мэдэрч байдаг. Тиймээс тэд чимээгүйхэн явцгааж эхэлдэг. Энэ нь мэдээж төслийн үр дүнд сөрөг нөлөөтэй ба хөрөнгө оруулагчид үүнийг ажиглаж байдаг.
Мэдээж шилдгүүдийг хадгалах хүчин чармайлт сайн байгаа ч нэг л болж өгөхгүй, гайхширлыг төрүүлж байгаа бол та заавал арга хэмжээ авах ёстой. Магадгүй зоригтой шийдвэр гаргаж төслийг орхих нь дараагийн амжилттай эхлэл болдог.
Дэмжигч өөрчлөгдсөн үү?
Хэрэв таны төслийг анхнаас нь дэмжиж байсан нөлөөлөгч, удирдлага өөрчлөгдсөн бол төсөл амжилттай үргэлжлэх эсэхэд анхаарах цаг ирснийг илтгэнэ. Магадгүй таны бүтээгдэхүүний гол хэрэглэгч, чадварлаг борлуулагч тань таныг орхивол нэгийг бодож эргэцүүлээрэй.
Танай төслийн гол ивээн тэтгэгч, хөрөнгө оруулагч өөрчлөгдөх нь төслийн анхны зорилго, зорилтыг өөрчлөх өндөр магадлалтай. Тэд бүгд өөрийн бодол, арга барил, шийдлийг тусгахыг хичээдэг, бүр шинээр эхлэхийг ч хүсэх тохиолдол байдаг. Тиймээс одоогийн төслийг дэмжиж байгаа эсэхийг шууд асуух нь цаг хэмнэнэ.
Төслийн ирээдүй үргэлж дотроос бус гаднаас ирэх хүчин зүйлээс хамааралтай байдаг гэдгийг санаарай.
Үйл ажиллагаа, бизнесийн чиглэл өөрчлөгдөх
Мэдээллийн технологийн хөгжлийн салбар бүрд үзүүлэх нөлөө өндөр болсон дижитал шилжилтийн эринд уламжлалт бизнесийн арга барил, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх шаардлагатай тулгараад удаж байна. Энэ нь таны төслийг бүрэн зогсоох гол хүчин зүйл байж магадгүй юм.
Эцсийн хэрэглэгч тань хувь хүн эсвэл албан байгууллага байхаас үл хамааран онлайнаар, утсаар, мэйлээр, биечлэн гэх мэт борлуулалт, хэрэглээний харилцааг зохицуулах олон талт сувгийг нэгтгэх мэдээллийн технологийн шийдэл, интеграцийг бий болгох төслийг эхлүүлээрэй. Өнөөдрийн төслийн явцад зах зээлийн хэт их, урьдчилан тооцоолоогүй дарамт шахалт, зайлшгүй даван туулах нөхцөлүүд ирсээр байна. Гүйцэтгэх удирдлагуудын 72% нь цахим шилжилт, технологийн хөгжилд суурилсан үйл ажиллагаа, бизнесийн чиглэлээ өөрчлөх нь зөв гэж үзэж байна.
Таны төсөл одоо ч жигдрээгүй байхад гэнэт гацаж эхлэх, эсвэл бизнесийн болон хүрээлэн буй орчны нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, төслийн ирээдүйд эргэлзэхэд хүрч, амьдрах чадвартай эсэх нь тодорхойгүй байдлыг үүсгэж байна уу? Тийм бол одоогийн төслөө эргэн харж, зөвшилцөлд сууж, тодорхой стратегийн чиглэлийг олж аваарай.
Эцэст нь:
Хэрэв та мэдээллийн технологийн төсөл, компанийн үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа бол Төлөвлөлт ба хамрах хүрээ, Тэргүүлэх чиглэл, зохион байгуулалт, Эрсдэлийг сайтар тооцож бодит бус хүлээлтээс хол байх нь чухал юм. Танд хүний нөөцийн, харилцааны, технологийн сорилтууд ирэх нь ойлгомжтой тул бэлтгэлтэй байж, шүүмжлэлээс үл айж, сайн шүүмжлэгч, сайн зөвлөгчидтэй хамтарч ажиллах нь чухал юм.
Мэдээллийн технологийн зөв шийдэл, программ хангамжийн чанартай, чадамжтай бүтээгдэхүүн, үйлчилгээ нь таны бизнесийн урт хугацааны тогтвортой байдлыг бий болгож, нэр хүндийн баталгаа болдог гэдгийг анхаарах нь зүйтэй.
Смарт Куалити ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэболд