Дэлхийн улс орнуудын Төв банкууд 2018 онд нийт 651 тонн алт худалдан авсан нь 1971 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Алтыг хамгийн ихээр худалдаж авсан орноор ОХУ, Турк тодорсон бөгөөд тэдний үйлдэл АНУ-тай таарамжгүй харилцаатай байгаагаас үүдэлтэй. Дэлхийн алтны зөвлөлийн гаргасан судалгаагаар үнэт металын хэрэглээ өнгөрсөн онд 4 хувиар нэмэгдснээр сүүлийн долоон жилд гараагүй өсөлт ажиглагдав.
Үүнд нөлөөлсөн хүчин зүйл бол Төв банкууд дахь алтны эрэлт 2018 онд 74 хувиар нэмэгдсэн явдал бөгөөд тус эрэлтийн хэмжээ бүх үеийн судалгааны хоёрдугаарт бичигдэх амжилт болжээ. Үүнээс илүү хэмжээний алтыг тэртээх 1971 онд худалдан авч байв. Тухайн үед 35 америк доллар байсан унц алтны үнэ өнөөдөр 1300 долларыг хол давжээ. Хамгийн сонирхолтой нь, 2017 оны дүнгээр дэлхийн алт худалдан авалтын 94 хувийг хуваан эзэлсэн ОХУ, Турк, Казахтантай өрсөлдөх банкуудын тоо 2018 онд эрс олширсон байна.
Тухайлбал, Энэтхэг, Унгар, Польшийн худалдан авалт мэдэгдэхүйц нэмэгдсэн бол Азербайжан улс нэг дор 14 тонныг авчээ. Дэлхийн эдийн засагт нөлөө бүхий гүрнүүдийн хооронд өрнөж буй худалдааны дайн үнэт металд хөрөнгө оруулах замыг бусад тоглогчдод аргагүй зааж өгч байна. Гэсэн авч сүүлийн жилүүдийн толгой тоглогч хойд хөршийн Төв банк өнгөрсөн онд бусдаас илүү худалдан авалтыг дахин хийж, улсынхаа сан хөмрөгийг Оросын түүхэн дээд амжилт буюу 274.3 тоннд хүргэлээ.
Дэлхийн алтны зөвлөлийн явуулсан судалгаагаар Төв банкуудын 1/5 нь алтныхаа нөөцийг нэмсээр байхаа илэрхийлснээс харахад алт худалдан авалтын зах зээл ирэх онуудад буцалсан хэвээр байх ажээ. Өөрийн эрэлт, хэрэгцээ өндөр байсаар байхад үнэ ердөө 1%-иар буурсан нь баялгийг хадгалах үндсэн үүргээ алт бүрэн биелүүлж байгаагийн илрэл болж байна. Дээр нь өрсөлдөгч бусад активуудын үнэ тогтмол буурахын хамтаар алтны үнэ цэн улам нэмэгдэх болсон.
WGC, CNBC-гийн шинжээчдийн үзэж байгаагаар айсуй макро эдийн засаг болоод геополитикийн тогтворгүй байдалд хамгийн том эрсдлийг долларын нөөц ихтэй хөгжингүй орнууд хүлээж мэдэхээр байна. Энэхүү эрсдлийг удирдах цор ганц болоод зөв арга нь алт нөөцлөх юм. Тиймээс АНУ-тай зөрчилтэй байгаа ОХУ, Туркээс гадна долларын хараат байдлаас салах зорилготой улс орнууд алтны нөөцдөө онцгой анхаарч эхэлсэн хэмээн Европын Төв банкны эдийн засагч Йорг Крэмер ярьж байна.
Харин алтыг ихээр худалдан авах болсон Төв банкуудын цаад зорилго нь “Гэнэтийн эрсдэлд ямагт бэлэн байх бодлого” гэдгийг дэлхийн нэртэй эдийн засагчид нэгэн дуугаар өгүүлж байна. Учир нь 2008, 2011 онд дэлхийг хамарсан санхүү болон өрийн их хямралаас авсан хүнд цохилт нь тэдэнд мартаж боломгүй том сургамжийг өгчээ.