“Таны бизнес хаана байршиж байна вэ” гэдэг нь танай бүтээгдэхүүн, ажилчид болон маркетингт онц ач холбогдолтой. Үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа оффис бол үнэ цэн нь цаг ямагт өсөн нэмэгдэж, үр өгөөжөө хамгийн их өгдөг хөрөнгө оруулалт байдаг. Үүний тулд ямар нөхцөлтэй, ямар оффисд байрших нь бизнест нь ихээхэн дэмжлэг болдгийг дэлхий нийтэд түгээмэл дэлгэрсэн дараах найман зөвлөмжөөс харж болох юм.
- Хөл хөдөлгөөн
Тухайн бүс орчмын хүн хөдөлгөөн таны зорилтот хэрэглээний баазад байдаг эсэхийг олж мэдэх. Тухайн бүсд ирж, очих хүмүүсийн замын хөдөлгөөн, амьдралын хэв маягийг тандах хэрэгтэй. Үүнд, хүн ам зүй, нас, ажил мэргэжил, өрхийн орлого зэрэг багтана.
- Өрсөлдөөн
Өрсөлдөгчдөө хаана байгааг судалснаар өөрсдийнхөө байрлалд анализ хийх зардал багасдаг. Тухайлбал, түргэн хоолны сүлжээс нь хүний урсгалаас болж, хоорондоо шууд холбоотой болдог. Өөрөөр хэлбэл, таны өрсөлдөгчдийн байршил бизнес эрхлэх таатай нөхцөл гэх үзүүлэлт болох болно.
- Харагдах байдал
Таны оффисын барилга төв замуудаас харагдахуйц байгаа эсэхийг шалгаарай. Харагдах байдал нь үйл ажиллагааны зүрхэнд байх ёстой гэсэн үг биш ч компани тань байнгын олны хараанд байхад онцгой ач холбогдолтой. Бизнесээ томоохон худалдааны төв, зоогийн газартай ойрхон байрлуулснаар түрээсийн өндөр үнэ төлөлгүйгээр худалдан авагчдын урсгалыг татах бүрэн боломжтой.
- Засвар үйлчилгээ
Нээлттэй байх нь хамгийн чухал. Хэдийгээр өнгө үзэмж сайтай, гайхалтай бүтээгдэхүүн санал болгож байгаа боловч таны худалдан авагчид үүнийг тань хялбархан хүртэх нь л чухал юм. Сайн байрлал нь машины зогсоолтой, шатахуун түгээх станцын ойролцоо байрладаг. Мөн автобусны зогсоолтой аль болох ойрхон байх ёстой бөгөөд хүмүүс танай байршилд хялбархан хүрэх юм.
Оффисын зах зээлийн тухайд, энэ оны хоёрдугаар сарын байдлаар 452 оффисын барилга бүртгэгдсэнээс одоо ашиглагдаж байгаа нь 384 байна. Түрээс нь дунджаар м.кв нь 24 мянган төгрөг байгаа бол тансаг зэрэглэлийн оффис 59 мянган төгрөгөөр түрээслэгддэг. Харин худалдаалагдаж байгаа үнэ м.кв нь дунджаар 3,7 сая төгрөг бол хамгийн өндөр нь ХУД-т зургаан сая төгрөгийн ханштай байгааг “Тэнхлэг зууч” мэдээллээ.
- Харилцаа холбоо
Өөр нэг анхаарах зүйл нь IT-ийн дэд бүтцийн хүртээмж юм. Шилэн кабелын сүлжээнд холбогдсон эсвэл өндөр зурвасын интернетийн холболттой эсэх зэрэг харилцаа холбооны утаснуудын талаарх мэдээллийг оффисын эзэмшигчээс асуух хэрэгтэй. Энэ шаардлага нь зарим бизнесийн хувьд шаардлагагүй байвч алсдаа бизнесээ өргөжүүлэхэд тань асар их нөлөө үзүүлнэ гэдгийг анхаараарай.
- Байршлын зардал
Үндсэн түрээснээс гадна байршил сонгоход гарах бүх зардлыг авч үзье. Үүнд, засвар үйлчилгээ, нийтийн үйлчилгээ, аюулгүй байдлын зардал гэх мэт хамаарна. Мөн оффис тань хотоос зайдуу бол хэрэглэгчдээ танайхыг олох боломжоор хангахын тулд нэмэлт маркетингийн зардал ч гардаг. Түрээсийн хөлсөө хэчнээнийг төлөх ёстойг тодорхойлоход туслах нэг арга нь жижиглэн худалдаа эрхэлдэг ижил төстэй бизнесүүд түрээсэндээ хэдийг төлдгийг мэдэх явдал юм.
- Эрчим хүч
Таны хайж байгаа орон зайд цахилгаан хангамж болон холбооны хувьд хангалттай хүчин чадалтай эсэхийг шалгаарай. Хэрэв та машин, механизм эсвэл өндөр хүчин чадал шаардсан тоног төхөөрөмж ажиллуулдаг бол ямар хэмжээний цахилгаан гүйдэл, цахилгаан үүсгүүрийг ашиглах боломжтойг олж мэд. Компьютерын хэврэг төхөөрөмжтэй бол тухайд тухайн оффис нь хэдэн цагийн агаар сэлгэх боломжтой тухай түрээсийн гэрээнд тусгагдсаныг шалгаж, тохиролцоо хийж болох эсэхийг мэдээрэй.
- Хувийн хүчин зүйлс
Гэрээсээ ажилдаа очих цаг хугацааг бодоорой. Ажлын байр хол байх нь ажил хийхэд дарамттай шүү дээ. Түүнчлэн оффис түрээслүүлэгч болон түрээслэгчдийн зүгээс борлуулалтын эрх чөлөөг хязгаарласан ямар нэг хязгаарлалтыг түрээслэгчид тавьсан эсэхэд анхаарал хандуулах хэрэгтэй.