Хоол хийх хоббигоо амжилттай бизнес болгож, хүнс үйлдвэрлэл, катерингийн үйлчилгээний салбарт шинэ өнгө төрх авчирч буй М.Болормаа “Болор Импекс МБ” компаниараа дамжуулж гадаад зах зээлд хөл тавихаар зорьж байна.
Дайлъя
“Дайлъя” контентоороо үзэгчдийн ходоодыг байлдан дагуулж байгаа “Болор импекс МБ” ХХК-ийн захирал М.Болормаатай сэтгүүлч миний бие олон жилийн өмнөөс “нүүр ном”-ын найз. Харахад л хамаг арааны шүлс ялгарам хачин сайхан хоол хийнэ. Бас ч үгүй түүнийгээ нүнжигтэй нь аргагүй идэж үзүүлнэ. Гадны мукбанг влоггеруудаас дутахгүй. Бараг л хамт идэж байгаа юм шиг болно. Мөн би түүнийг хэзээний загвар өмсөгч гэдгийг мэднэ. 13 наснаасаа загварын ертөнцөд хөл тавьж, хилийн дээс алхан суралцахдаа ч тэрбээр хувцас загвараа орхиогүй. БНХАУ-д олон улсын эрхзүйн чиглэлээр суралцаж байхдаа М.Болормаа загварын шоу, тэмцээнүүдэд өөрийгөө сорьсоор иржээ. Австралийн “Vogue” сэтгүүлд ажилласан монгол моделиудын анхдагч тэрбээр өнөө ч загварын тайзаа орхиогүй.
Ийм нэгэн үзэсгэлэнтэй бөгөөд эрч хүч дүүрэн бүсгүйд Монголоо гэх чин зүрх, маш том зорилго байгааг түүнтэй ярилцах явцад мэдэж авсан юм. Тэрбээр 2015 онд үүсгэн байгуулагдсан “Болор Импекс МБ” компанийг удирдаж, хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүний боловсруулалт, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Болор импекс МБ” компани нь 2017 онд “Bolor catering” явуулын ресторан, катерингийн үйлчилгээний чиглэлээр хаяагаа тэлж, өдгөө энэ салбарт хэдийнээ олонд танигдаад байгаа билээ.
“Bolor catering”-ийн тухайд, бүтээгдэхүүний түүхий эд боловсруулалт, үйлдвэрлэлээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хүртэл бүгдийг хариуцдагт гол ялгарал нь оршино”
Монголчууд бид маш завгүй амьдарч байна. Завгүй амьдралын хэмнэлд замын түгжрэл ч бас нэрмээс болж буй. Арай хийн хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөж байгаа ээж аавууд, асран хамгаалагчдад үсний найр, төрсөн өдөр, зочин хүлээж авах товлолт өдрүүд нь дарамт мэдрүүлж, яаж тогоо шанага барина аа гэх “айдас”-ыг гэрийн эзэгтэй нарт мэдрүүлдэг нь нууц биш.
Уламжлалт байдлаар зочин хүлээж авахад гэрийн эзэгтэй хоол, цай бэлтгэхээс гадна өглөөнөөс үдэш хүртэл борви бохис хийлгүй зочдодоо үйлчилдэг. Өөрсдөө ч баярын ширээндээ тайван сууна гэж үгүй. Харин “Bolor catering”-д энэ их ажлаа даатгаснаар тус хамт олон зочдод амтат хоол хийж, үйлчлээд зогсохгүй бүх бохироо хурааж цэвэрлээд явдаг нь өнөөгийн завгүй амьдралын урсгалд маш таатай шийдэл юм.
Дан ганц тэмдэглэлт баяр гэлтгүй албан байгууллагуудын хурал зөвлөгөөний үеэр ч катерингийн үйлчилгээ нь хамгийн оновчтой сонголт болсоор байна. Томоохон хурал зөвлөгөөний үеэр өөрсдөө кофе, цайгаа найруулаад явж байдаг үе бараг л ард хоцроод байгааг ажил хэрэгч хэн бүхэн анзаарч байгаа биз ээ. Ялангуяа сүүлийн таван жилд катерингийн үйлчилгээ маш хурдацтай хөгжиж байгааг М.Болормаа онцолж байлаа. Цаашид хотын амьдрал улам завгүй болохын хэрээр энэ төрлийн үйлчилгээний эрэлт өсөх хандлагатай байна. “Bolor catering” ч зах зээлийн энэ эрэлтэд байр сууриа улам тэлж, таны зочдыг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хүндлэн дайлах болно. Яагаад “эрүүл, аюулгүй” хэмээн тодотгосныг “Bolor catering”-ийн бусдаас ялгарах давуу тал, онцлогоор тайлбарлая.
“Bolor catering” бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, стандартыг эрхэмлэнэ
“Bolor catering” нь хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан тохирлын гэрчилгээгээр баталгаажсан үйлдвэрийн орчинд байнгын дотоод хяналттайгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Хамгийн чухал нь “Болор импекс” мах, махан бүтээгдэхүүний үйлдвэртэй хаяа залгаж, салбар бизнес нь болж үүсгэн байгуулагдсан учраас түүхий эдийн, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний гарал үүсэл нь маш тодорхой байдаг. Хэрэглэж байгаа мах, махан бүтээгдэхүүндээ итгэл төгс байна гэдэг хамгийн том давуу тал юм.
“Катерингийн хоол гэхээр захаас худалдаж авсан эсвэл хаанаас ирсэн нь тодорхойгүй мах ногоогоор хийсэн хоол байж таарна. Орц найрлага, гарал үүслийг нь үйлчлүүлэгч асуух ч үгүй, асуух талаар бодох ч үгүй байна гэдэг өрөөсгөл тогтсон хандлага” гэж М.Болормаа ярьж байлаа. Угтаа хоол үйлдвэрлэлийн бизнес бол хамгийн ил тод, хариуцлагатай байх ёстой бизнесийн талбар юм. Тэр дундаа катерингийн үйлчилгээ нь хүний өмнөөс хамт олон, хайртай дотнын хүмүүсийг нь хүндлэн дайлж буй үйл ажиллагаа учраас сэтгэлтэй хандах ёстой. Тиймээс зочдоо дайлах катерингийг сонгохдоо бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой, чанар стандартыг ном ёсоор нь сахиулдаг газрыг сонгож үйлчлүүлэх нь чухал гэж тэрбээр зөвлөж байна.
Дийлэнх катерингийн хувьд, гал тогоо маягаар, явуулын ресторан маягаар үйл ажиллагаа явуулах нь түгээмэл. Харин “Bolor catering”-ийн тухайд бүтээгдэхүүний түүхий эд боловсруулалт, үйлдвэрлэлээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээ хүртэл бүгдийг хариуцдагт гол ялгарал нь оршино. Мах махан бүтээгдэхүүн, тэр дундаа хагас боловсруулсан бүтээгдэхүүн, банш, бууз, котлет гээд хөлдөөсөн бүтээгдэхүүний чанар стандартад тэд дээд зэргээр анхаардаг.
“Bolor catering” гал тогоонд эрүүл ахуйн нормуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар, үйлдвэрт хэрхэн зохистой дадал бий болгох талаар тогтмол сургалт зохион байгуулж, заавар зөвлөмжүүдийг бүх ажилчдын нүдэнд ил байдлаар үйлдвэрийн ханандаа байрлуулсан байдаг. Мөн ISO 9001, 2015 гэх мэт стандартуудыг нэвтрүүлээд буй тус хамт олон өдгөө үйлдвэрлэлдээ НАССР буюу “Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянах тогтолцоо” нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Катерингийн салбарт үүнийг хэрэгжүүлсэн бизнес эрхлэгчид тун ховор байгааг ч мөн энд онцлох нь зүйтэй болов уу.
“50 гаруй хүний хүч хөдөлмөрөөр катерингийн үйлчилгээ үзүүлж буй тус хамт олон 3000 хүртэлх хүний хүлээн авалтыг бүрэн хариуцах хүчин чадалтай”
Түүнчлэн “Bolor catering” нь дотооддоо лабораторитой гэдгээрээ давуу талтай. Тэд лабораторидоо өдөр бүр бүтээгдэхүүний дээжээс шинжилгээ авч шинжилдгээс гадна бусад мэргэжлийн байгууллагуудаар ч хяналт шалгалт тогтмол хийлгэдэг. Бүтээгдэхүүний гарал үүслийн тодорхой байдал, эрүүл ахуйн чанар стандарт, бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт зэрэг нь зах зээлийн өрсөлдөөнд хүчтэй байх гол суурь нь гэж тэд үздэг. Өдгөө “Bolor catering” нь найман өрөө бүхий гал тогоо, ангилсан мах болон утлагын өрөө, 500 зоорь, хөргүүр бүхий хүргэлтийн машины авто баазтай хоол үйлдвэрлэлийн салбарын томоохон тоглогч болтлоо өргөжин тэлээд байна. Жолооч нар нь л гэхэд тээвэрлэлт хийхдээ хэдэн градуст ямар бүтээгдэхүүн тээвэрлэсэн талаараа хөргүүрийн бүртгэлийг нарийн хөтөлдөг байна. 50 гаруй хүний хүч хөдөлмөрөөр катерингийн үйлчилгээ үзүүлж буй тус хамт олон 3000 хүртэлх хүний хүлээн авалтыг бүрэн хариуцах хүчин чадалтай аж.
Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд гал тогоо жижиг, агуулах зоорь муу, түүхий эд татан авалтын систем нь хангалттай сайн бишээс өсөж, тэлж чаддаггүй. Харин “Bolor catering” эдгээр хүчин зүйлсийг эртнээс тодорхойлж хөрөнгө оруулалтыг оновчтой чиглүүлж чадсанаараа ийм хэмжээнд өсөн дэвжиж чаджээ. Энэ талбарт хөл тавьсан томоохон ресторануудын зарим нь европ хоолыг хэт дээд зэрэглэлийн байдлаар ойлгож, порц багатай, үнэтэй хоол санал болгох нь олон хүний хүлээн авалтад учир дутагдалтай байдаг аж. Харин “Bolor catering” нь зах зээл, эрэлт хэрэгцээгээ сайтар судалсны үр дүнд монголчуудын хүсэл сонирхолд нийцсэн мах арвинтай, порц ихтэй, олон хүнд хүртээмжтэй багцуудыг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог байна.
Амтны хувьд, монголчууд хэт халуун ногоотой хоол идэж чаддаггүй учраас солонгос хоол ч бай, европ хоол ч бай бүтээгдэхүүнийг олноор гаргаж байгаа тохиолдолд дунджийг баримталж, ямар ч хүнд таатай санагдах байдлаар амтаа тохируулдаг байна. Мөн мэдээж, цөөн тооны хүнтэй хүлээн авалтыг хариуцахаар бол хоолны амт ямар байх талаар тусгайлан ярилцсаны үндсэн дээр захиалга хүлээн авдаг. Хамгийн чухал нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд суурилсан түүхий эдийн бааз суурьтай учраас үнийн тал дээр харьцангуй боломжийн.
Үйлчлүүлэгчид нь “Хоол амттай байлаа, зочид маань дуртай идлээ, дутах вий гэж санаа зовсонгүй, илүү гарлаа” гэх зэргээр баярласан сэтгэлээ ч хангалттай илэрхийлдэг. Уул уурхайн ажилчдын өдрийн хоол, хүлээн авалт, хурал зөвлөгөөн, төрсөн өдөр, үсний найр, буяны ажил, шинэ жил, үдийн цай болон өглөөний уулзалтын хоол цай, зууш амттан зэргийг хариуцдаг “Bolor catering” нь 2019 оны зунаас үйл ажиллагаагаа эрчимжүүлэн нийслэлд салбар заалтай гал тогоотой болж, Орхон аймгийн Эрдэнэт хотод ч шинэ салбар нээгээд байна. Байгуулагдсан цагаасаа хойш “Bolor catering” нь 70 гаруй байгууллага, 1000 гаруй хүнээс захиалга авч, тэдний хамтран ажиллагч, хайртай дотнын нь зуу зуун хүнийг зочлон дайлжээ.
Тасралтгүй суралцагч
“Болор Импекс МБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Болормаа тасралтгүй суралцагч нэгэн. Тэрбээр БНХАУ-д Хууль эрхзүй, шинжлэх ухааны сургуульд Олон улсын эрхзүйн чиглэлээр суралцаж, Австралид ажиллаж, амьдарч байснаас гадна Японд хүний нөөцийн менежерээр сурч байжээ. Мөн Германд ахисан түвшний менежерээр суралцаж ирснийхээ дараахан Удирдлагын академид хүний нөөц, маркетингийн чиглэлээр суралцаж төгссөн байна. Үүгээр барахгүй сургалтын төв, дамжаануудад бизнесийн удирдлага, санхүүгийн менежмент, цагийн менежмент, бичиг баримт хөтлөлт, график дизайны сургалтуудад ч хамрагдаж байжээ. Видео едитийг хүртэл тэрбээр сонирхон суралцсан байна. Сурч сурч байгаад юу хийхээ төлөвлөж, нэг жинтэй хөдөлсөн, б бизнесийн санаагаа Германд байхдаа өвөртөлж ирсэн гэдгээ тэрбээр хэлж байсан юм.
Байгуулагдсан цагаасаа хойш “Bolor catering” нь 70 гаруй байгууллага, 1000 гаруй хүнээс захиалга авч, тэдний хамтран ажиллагч, хайртай дотных нь зуу зуун хүнийг зочлон дайлжээ.
Бизнес санаагаа хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа хойш тэрбээр маш уйгагүй ажилласан. Мөн үндсэн бизнесийнхээ хажуугаар загвар өмсөж, нэвтрүүлэг, контент хийнэ. Түүний монгол ахуй, байгалийн сайханд амтат хоол хийдэг “Дайлъя” контент нь таван телевизийн эфирээр үзэгчдийн хүртээл болохын зэрэгцээ цахим орчинд ч олон хандалттай контентуудын нэг болоод байна. “Зорьсон зүйлийнхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөж, бүх боломжийг хайсан хүн ид шидтэй учирна” гэж тэрбээр сошиал хуудастаа тодотгосон байдаг. Эндээс түүнийг ямар их эрч хүчтэй, уйгагүй зүтгэлтэй эмэгтэй болохыг ойлгож, мэдэрч болох юм. Мэдээж энэ бүх ажлыг амжуулахын тулд М.Болормаа цагийн менежментийг маш чадварлаг төлөвлөж хэрэгжүүлдэг. “Хүн олон нийтийн сүлжээнд үр ашиггүй маш олон цаг өнгөрөөдөг. Үүндээ анхаарвал олон ажил амжуулна. Бас хийх ажлаа урьдаас төлөвлөж хуваарь гаргаж чадвал заримдаа гурван долоо хоногийн ажлыг ч нэг долоо хоногт амжуулж болно” гэж тэрбээр онцолж байсан юм.
Гүйцэтгэх удирдлагын хувьд М.Болормаа өөрийн гэсэн арга барилтай. Өөрөө тасралтгүй суралцагч нэгэн учраас хамт олноо ч мөн сурч хөгжөөсэй гэж тэр хүсдэг. Байгууллагадаа тогтмол сургалт зохион байгуулахаас гадна монгол бичгийн хичээл хүртэл ажилчдадаа заадаг. Монголын гүйцэтгэх удирдлагуудад тулгамдаж байгаа гол асуудал нь хүний нөөцийн хомсдол. 50 орчим хүн удирдаж ажилладаг тэрбээр хүнээ төлөвлөгөө нормоор шахахаас илүүтэй ажилтан нь ямар чадвартай, юу хийх сонирхолтой зэргийг эхлээд таньж мэдэхийг чухалчилдаг. Зөв хүнийг зөв байранд нь ажиллуулах зарчмаар бүтээмжээ нэмэгдүүлэх нь хамгийн оновчтой гэж тэрбээр зөвлөж байсан юм.
Мөн удирдлагын зүгээс ажлаа зураглаж төлөвлөх, төлөвлөснөө хэрэгжүүлэх арга замыг нь ажилчдадаа зааж сургахыг чухалчилдаг байна. Үүгээр барахгүй ажилтнуудынхаа нийгмийн асуудалд ч анхаарах гэж хичээдэг нь хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулахад томоохон хөшүүрэг болдог аж. “Удирдлага болон ажилтнууд нэг зүгт харж гэмээнэ үнэ цэн бүтээж чадна. Бизнесээ төдийгөөс өдийг хүртэл амжилттай тэлж чадсан нь түүний энэ арга барилтай холбоотой” гэж “Болор Импекс МБ” компанийн гүйцэтгэх захирал М.Болормаа онцолж байсан юм.
“Монголд ямар боломж байгааг, тэр боломжийг хэрхэн шүүрч авч болохыг биеэрээ үлгэрлэж үзүүлэхийг хүссэн”
Мөн М.Болормаа нийгмийн хариуцлагын хүрээнд ЕБС-иудад биечлэн сургалт орохоос гадна контентоороо дамжуулж, хоол хэрхэн хийхийг заадаг. Түүнийг хоол хийх дуртай найман настай балчир ч, 80 настай буурал ч дагадаг. М.Болормаа мэргэжлийн тогооч биш ч гэлээ хоол хийх асар том хоббитой байсан нь хоол үйлдвэрлэлийн салбарын залуу манлайлагч болоход нөлөөлжээ. Тиймдээ ч түүний контент илүү энгийн, ойлгомжтой байж чаддаг. Мөн түүний контентыг анзаарвал монгол хоолоо түлхүү сурталчилж, хэрхэн хийх талаар нь зааж сургадаг нь анзаарагдана.
Үүний цаана маш том зорилго бий гэж М.Болормаа хэлж байсан юм. Энэ бол монгол хоолыг гаднын жуулчин татах “соронз”-нуудын нэг болгох юм. Иймдээ ч тэрбээр контентын талбарт хөл тавиад байгаа аж. Мөн ирсэн жуулчдаа сэтгэл өндөр буцаахын тулд аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллаж, амтат хоолоороо гадаад, дотоодын жуулчдыг дайлахад анхаарах болжээ.
Гадаад зах зээлд тэмүүлнэ
“Хүнс үйлдвэрлэлийн салбарт асар том ирээдүй бий. Гэвч бид зөвхөн Монголын зах зээлийг булаацалдаад байгаа нь учир дутагдалтай” гэж “Болор Импекс МБ” компанийн захирал М.Болормаа ярьж байсан юм. Монголын уламжлалт мал аж ахуй бол монголчуудын баялаг бүтээх гол талбар. “Малаас хаях зүйл үгүй” гэдэг боловч арьс шир, дайвар бүтээгдэхүүнүүд хаягдсаар байна. Цагаан алт гэгддэг ноолуураа ч бид бүрэн боловсруулж чадахгүй түүхийгээр нь гаргаж байна. Энэ бүхэн М.Болормаад маш том харуусал төрүүлдгийг ч тэрбээр нуугаагүй. Тиймээс бизнес эрхлэгчид хөдөө аж ахуйн салбараас боломжоо шүүрэн авч уйгагүй хөдөлмөрөөр “ид шид” бүтээгээсэй гэж тэрбээр тун их хүсдэг.
М.Болормаа өөрөө ч мөн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ өргөжүүлж, ойрын таван жилдээ гадаад зах зээлд хөл тавихаар тэмүүлж байна. Мөн энэ тэмүүллээ бодит ажил хэрэг болгохын тулд урд хөршийн зах зээлийг судлаад эхэлжээ. “Бид Хятадаас юу оруулж ирж зарах вэ л гэж боддог. Угтаа бид юу бүтээж, яаж экспортлох вэ гэдэгтээ л анхаарах хэрэгтэй. Ингэж байж мөнгөний урсгал Монголыг чиглэнэ. Бид баялаг бүтээж, үйлдвэрлэгч, экспортлогч орон болж байж ирээдүй болсон залуусаа Монголдоо авч үлдэнэ. Тиймдээ ч Монголд ямар боломж байгааг, тэр боломжийг хэрхэн шүүрч авч болохыг биеэрээ үлгэрлэж үзүүлэхийг хүссэн” хэмээн М.Болормаа хэлж байсан. Үнэхээр ч түүний хийдэг хоол, эрхэлдэг бизнес, бүтээж буй контентоос Монголоо сурталчилсан өнгө аяс нэвт харагддагийг түүний хамтран ажиллагчид, гэр бүл, найз нөхөд нь онцлон хэлдэг юм.