Өнөөдрийн зочныг бизнес эрхлэгч, эсвэл улстөрч байснаар нь хүмүүс сайн мэднэ. Мөн түүнийг “Моносын Эрдэнэчимэг” хэмээн овоглох нь ч бий. Олон жилийн туршлагатай удирдагч, бизнес эрхлэгч тэрбээр өөрийн цэлгэр саруулхан оффистоо биднийг хүлээн авсан юм. Бидний ярилцах сэдэв уулын цанын спорт болон усан сэлэлтээр бага залуугаасаа хичээллэсэн тухай түүний түүх. Тэр эртнээс тун завгүй ажиллаж ирсэн ч өөрийн сонирхол, хоббигоо орхигдуулалгүй, хослуулан авч явж иржээ. Өдгөө “Моносфарм Трейд” ХХК -ийн ТУЗ -ийн даргаар ажиллахын зэрэгцээ хоббигоо мөн л хөгжүүлсээр яваа уйгагүй нэгэн.
“Өндөр уулын орой дээр гарахад диваажин гэж ийм л байдаг болов уу гэмээр сэтгэгдэл төрдөг. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр байдал, өндөрт гарч тэнгэртэй ойрхон байх, өөрөөрөө бахархах мэдрэмж гоё. Харин тэндээсээ буухад маш их техник шаардана. Зам ч янз бүр байдаг нь сорилт болдог”
Л.Эрдэнэчимэгийн бага нас Улаанбаатар хотын захад, дөрвөн уулын дунд орших Сонгино тосгонд, Туул голын эрэг дээр өнгөрчээ. Багаасаа л хөдөлгөөнтэй охин байсан тэрбээр тосгоныг тойрон хүрээлэх дөрвөн уул руу өдрийн хэд өгсөж, буудаг байв. Мойл тэргүүтэй жимсний мод их ургадаг тул мод руу авирч гараад л жимс түүнэ. Ер нь л байгальд их ойр өсөж торнижээ. Сургуульд ороод хөнгөн атлетикаар, тэр дундаа, уртын харайлт, өндрийн харайлт, ойрын зайн гүйлтээр идэвхтэй хичээллэх болсон байна. Түүнийг сурагч байх 1970, 80-иад оны үед хөнгөн атлетикийн тэмцээн их зохиогддог, тэр тоолонд оролцоод л явдаг идэвхтэй охин байв. Байр эзэлсэн хүүхдүүдэд медаль биш, голдуу л баярын бичиг өгнө. Харин 8-10 дугаар ангидаа Хөдөлмөр нийгэмлэгт албан ёсоор гүйлтийн тэшүүрийн тамирчны хувиар бэлтгэл хийх болжээ. Ийнхүү Н.Долгорсүрэн багшийнхаа удирдлагад хичээллэж, анхны УАШТ -дээ оролцож байв. Тухайн үед Шувуун фабрик, Биокомбинат гэх мэт Туул гол дагасан тосгоныхон, Хөвсгөл аймгийнхан гүйлтийн тэшүүрээр толгой цохидог байсан нь нуур, гол устай ойрхон өссөнийх. Өвөл болж гол хөлдмөгц хүүхдүүд эсгий гутал өмсөөд их гулгадаг, чухам тэндээс л ирээдүйн тамирчид, спортын мастерууд төрдөг байж.
Цанын спорттой хамт 40 жил
1984 онд арван жилээ дүүргэсэн 17 -хон настай охин алс холын Болгар улсад оюутан болж очсоноор уулын цанын спорттой анх танилцжээ. Тэнд бүх оюутан тодорхой спортуудаар заавал хичээллэж, заасан үр дүнд хүрсэн байх шаардлагыг тавьдаг байв. Тэдгээр спортын нэг нь цанын спорт. Эндээс л цанын спортоор хичээллэж, улмаар өнөөг хүртэл 40 жил тасралтгүй уулын цанаар гулгаж буй Л.Эрдэнэчимэг “Оюутнуудыг албан ёсоор сургасны дараа уралдаан тэмцээн зохион байгуулахад эхний гурван байрыг дандаа л монголчууд эзэлдэг байлаа. Манайхан байгалиасаа өгөгдөлтэй шиг байгаа юм. Бид хүйтэн сэрүүн цаг агаарт, цас мөсөн дунд өсөж торнидог нь ч нөлөөлдөг байх” хэмээн өгүүллээ.
Уулын цанаар гулгаж эхлэх цэг хамгийн багадаа л 3000 метрийн өндрөөс эхэлнэ. Тамирчны ур чадвар сайжрах тусам өндрийн хэмжээ улам нэмэгдэнэ. Цанын баазаа сайтар хөгжүүлсэн улс оронд эхлэн суралцагчдын, мэргэжлийн зам гэх мэтээр маш олон төрлийн зам бий. Харин сүүлийн үед илүү экстрим болгохын тулд замгүй газраар цанаар гулгах спорт сонирхогчдын тоо олширч байгаа аж. “Би замгүй газраар гулгах гэж оролдоод л байгаа. Хэдий сонирхол байвч нас минь үнэхээр давахгүй л байна (инээв)” хэмээн хэлээд тэр инээж байлаа. Мэдээж үүнээс гадна цасан нуранги болох, унаж бэртэх гэх мэт эрсдэл үргэлж дагана. Энэ эрсдэл Л.Эрдэнэчимэгийг ч тойроогүй юм. Өнгөрсөн хэдэн арваны хугацаанд тэр хөл, гараа хугалж, хүчтэй унаж гэмтсэн тохиолдол бишгүй. Тэр бүү хэл бие давхар байхдаа ч цанаар гулгаж л байв. Төөрч будилах ч бүр энүүхэнд.
Хэн бүхний сонирхон хичээллэхгүй ийм эрсдэлтэй спортод дурлах болсноо тэрбээр “Өндөр уулын орой дээр гарахад диваажин гэж ийм л байдаг болов уу гэмээр сэтгэгдэл төрдөг. Ууланд битүү цастай байхад тэр доор буй тосгонд нов ногоон байх жишээтэй. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр байдал, өндөрт гарч тэнгэртэй ойрхон байх, өөрөөрөө бахархах мэдрэмж гоё. Харин тэндээсээ буухад маш их техник шаардана. Зам ч янз бүр байдаг нь сорилт болдог” хэмээн тайлбарлалаа.
Гурван үеэрээ цаначин
Өнгөрсөн жил Л.Эрдэнэчимэг Итали улсын Монблан уулын 4350 метр орчмын өндөр оргилоос цанаар гулгаад иржээ. Цанаар гулгангаа аялах нь түүний хийж дадсан зүйлсийн нэг. Альпийн нуруу Европийн цөөнгүй улс орны нутаг дамнан оршдог тул тэрбээр Австри, Швейцарь, Итали, Франц улсын талаас тус тус цанаар гулгажээ. Үүнээс гадна Казахстан, Киргизстан улсын нутаг дэвсгэр дамнан орших Алтайн нурууны үргэлжлэл Тяньшины нуруунд буюу хоёр улсад тус бүр очиж цанаар гулгаж байв.
“Уулын цанын спортын өөр нэг сайхан тал нь тухайн газартаа очоод зөвхөн замаараа гулгаад л болчихдоггүй, олон шинэ газар орон, соёл заншилтай танилцаж, олон үндэстэн ястны хүмүүстэй танилцан нөхөрлөж хамт цанаар гулгах боломж бүрддэг нь юм” хэмээн тэр хариулж байна. Уулын цанаар гулгахад тохиромжтой үе арваннэгдүгээр сарын сүүлчээс 3-4 дүгээр сарын дунд хүртэл үргэлжилдэг. Энэ жилийн тухайд Л.Эрдэнэчимэг Гүрж улс руу явахаар төлөвлөжээ. Мөн түүний төлөвлөгөөнд Латин Америкийн улс орнууд, тодруулбал, алдарт Андын нуруунд очиж цанаар гулгах зорилго бий. Андын нуруу бол мөн л олон улс орны нутаг дэвсгэр дамнан оршдог онцлогтой.
Харин Монголд уулын цанын спортоор хичээллэхэд цанын бааз дутмаг бөгөөд гүйлтийн цана илүү эрчимтэй хөгжиж ирснийг тэр онцолсон юм. Дээр нь Монголд цанаар гулгахад маш хүйтэн. Тиймээс Өмнөд Солонгосын тамирчид ирж хүйтний бэлтгэл хийх болсныг ч хэлж байв. Л.Эрдэнэчимэгийн нөхөр, хүүхдүүд, мөн ач нар нь ч цанаар гулгадаг. Хүүхэд, ач нараа төрөхөөс нь өмнө шахам цаныг нь бэлдээд тавьчихдаг гэдгээ ч хуваалцаж байлаа. Ингээд ухаан орох цагаасаа л цанаар гулгаад эхэлдэг аж.
“Өөрөө л хийгээд байвал компани чинь хэзээ ч томрохгүй. Хэрэв томоръё гэж бодож байгаа бол хүмүүсээр хийлгэх ёстой. Гэхдээ тэр хүмүүс чамтай адилхан, магадгүй чамаас ч илүү хэмжээнд сэтгэдэг байх хэрэгтэй”
Ухаан орох цагаасаа л усанд сэлсэн…
“Би хэзээ усанд сэлж сурснаа мэддэггүй. Ухаан орохдоо л усанд сэлдэг байсан. Хүүхэд байхад голын эрэг дээр л өнждөг байлаа. Манай ах, эгч нар ч бүгд “усчин”. Зундаа усанд сэлж, өвөл болж голын ус хөлдмөгц тэшүүрээ углаад л гарцгаадаг байв. Усанд сэлж байгаа хүүхдүүдийг тул загас хөөж тоглодог тийм л том байлаа даа, Туул гол. Хэдий би усанд сайн сэлдэг ч уснаас их айдаг, сүрддэг. Гэсэн атлаа байгалийн ус цаанаасаа л намайг татдаг” хэмээн Л.Эрдэнэчимэг ярьж байна. Аялал зугаалгаар явахдаа ч тэр голдуу гол ус даган явах нь элбэг.
Сүүлийн жилүүдэд тэрбээр ус дагасан өөр нэгэн аялалд дуртай болсон нь намрын дунд сарын шинийн 15 -ны сарны дор байгалийн усанд орох. Энэ ёс уламжлалыг цөөнгүй монголчууд хэрэгжүүлдэг бөгөөд Хэнтий аймгийнхан Онон голдоо, Завханыхан Идэрийн голдоо гэх мэтээр орцгоох нь бий. Л.Эрдэнэчимэг энэ тухай Б.Ганчимэг сэтгүүлчийн бичсэн нийтлэлийг уншсанаар анх олж мэджээ. Байгалийн усанд, тэр дундаа, хүйтэн усанд дуртай учраас тэр өнгөрсөн долоон жилийн турш намрын дунд сарын шинийн 15-ныг алгасаагүй аж.
Эрсдэл даах чадвар
“Бизнес ч, улс төр ч тэр аль аль нь эрсдэлтэй. Зориг, бас эрсдэл хүлээх чадвар үргэлж шаарддаг. Ихэнх хүн болзошгүй бүхнээс зайлсхийдэг тул эрсдэл хүлээх чадвар муутай байдаг. Уулын спорт, гол ус, нууранд сэлэх зэрэг ч мөн эрсдэл ихтэй. Хэрэв чи эрсдэлтэй алхам хийхгүй яваад л байвал түүндээ дасаж, амьдралд ч, бизнест ч эрсдэл хүлээхгүй. Учир нь хүн нас явах тусам аймхай болдог. Харанхуйгаас хүртэл айх нь бий. Айдсаа давж гарахын тулд заавал эрсдэлтэй алхам хийж байх ёстой. Би биологич мэргэжилтэй хүн учраас эрсдэлтэй спортоор хичээллэнэ гэдэг хүний биед хэрхэн нөлөөлж, ямар процесс өрнөдгийг маш сайн мэднэ. Адреналин, эндорфин зэрэг даавар ялгарна. Энэ нь эргээд хүнд баяр баясгаланг өгдөг. Гэтэл энгийн үед адреналин зэрэг даавар хүнээс барагтай бол ялгарахгүй. Тиймээс би хүүхдүүддээ ч ингэж сургадаг. Ер нь Хүн амьдралынхаа туршид бусадтай биш, өөртэйгээ тэмцэл хийдэг”.
“Хэрэв чи үргэлж ажилтнуудынхаа хажууд зогсоод байвал тэд чамаас л асууна. Өөрсдөө хэзээ ч шийдвэр гаргахгүй. Тиймээс заавал зай авч, холдох ёстой. Миний амьдралдаа баримталдаг зарчим бол зааж өг, тэгээд өөрөөр нь хийлгэ, дараа нь холдож яв”
Сайн менежер бусдад эрх мэдэл олгож чаддаг
“Сайн менежер гэж хэн бэ?” гэж Л.Эрдэнэчимэг асуугаад “Ажлынхаа тал хувийг өөр хүнээр хийлгэж сур. Үлдсэн талыг нь ч мөн өөр хүнд хуваарил (инээв). Хэрэв чи үргэлж удирдагч, үргэлж ажилтнуудынхаа хажууд зогсоод байвал тэд чамаас л асууна. Өөрсдөө хэзээ ч шийдвэр гаргахгүй. Тиймээс заавал зай авч, холдох ёстой. Миний амьдралдаа баримталдаг зарчим бол зааж өг, тэгээд өөрөөр нь хийлгэ, дараа нь холдож яв. Эрсдэл үргэлж гарч байх ёстой. Тухайн ажилтан ч өөрөө эрсдэл болон алдаа гаргаж байж сайжирна. Тиймээс шийдвэр гаргах эрхийг нь аль болох хурдан өгчихвөл амар байдаг” хэмээн хариуллаа. Энэ утгаараа тэрбээр өөрийн мэддэг, чаддаг бүхнээ ажилтнууддаа хуваалцахын тулд менежментийн төрөл бүрийн сургалтууд ордог. Үүндээ үндэслэн “33 насандаа CEO болох аргачлал” номоо бичжээ.
Өдгөө Монос групп 35 жилийн ойгоо хийхээр зэхэж буй. “Энэ бол нэг хүнээс л эхэлсэн бизнес. Харин дараа нь бага багаар өргөжин тэлсээр өнөөдрийг хүрсэн. Бид тэгээс эхэлж, хийж болох бүхнийг өөрсдөө хариуцан хийж ирсэн. Тиймдээ ч бизнесийнхээ деталь бүрийг сайн мэднэ. Насан туршдаа л бүхнийг бизнестээ зориулж, цаг наргүй ажиллаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд эндээс ойлгосон зүйл бол “Өөрөө л хийгээд байвал компани чинь хэзээ ч томрохгүй. Хэрэв томоръё гэж бодож байгаа бол хүмүүсээр хийлгэх ёстой. Гэхдээ тэр хүмүүс чамтай адилхан, магадгүй чамаас ч илүү хэмжээнд сэтгэдэг байх хэрэгтэй гэсэн зарчмыг баримталдаг” гэлээ.
Өөртөө заавал цаг гарга
“Хоббигүй бол амьдрал маш уйтгартай. Гэхдээ хобби амьдралын туршид их өөрчлөгддөг. Ковид-19 -ийн үеэр би гитар тоглож сурсан. Нэг хэсэг гитарнаасаа салахгүй шахам их тоглож байснаа гэнэт л больчихсон. Мөн зураг зурах сонирхолтой. Чамгүй олон зураг зурсан ч одоо бол хаячихсан. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр эмэгтэйчүүд нөхөр, үр хүүхдэдээ бүхнээ зориулж, өөрийгөө мартдаг. Дээр нь ажил нэмэгдэнэ. Тэгээд л өөртөө цаг гаргах завгүй нэгэн болж хувирдаг. Ингэж явсаар нэг мэдэхэд л 35 нас, ахиад нэг харахад 45 нас хүрчихсэн байдаг. Тэр үед хүн хийгээгүй зүйлсийнхээ төлөө харамсах магадлалтай. Гэтэл амьдралд хийж, туршиж үзэх олон сайхан зүйл бий. Зөвхөн спорт ч биш урлаг сонирхож, хөгжим тоглож сурч ч болно шүү дээ. Тиймээс заавал өөртөө цаг гарга”.