Дэлхийн шилдэг гоо сайхны брэндүүдийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж, арьсны асуудлын шалтгаан бүрд шийдэл санал болгож, хүн тус бүрийн онцлогт тохирсон арьсны менторын үйлчилгээг нэвтрүүлээд буй FLAMME COMPLEX-ийг онцолж байна.
Гоо сайхны боловсрол түгээгч
Арьс арчилгаагаар дамжуулаад хүнийг эрүүл зөв амьдралын хэв маягт хөтлөх алсын хараатай Flamme Complexе компани найман жилийн өмнө байгуулагджээ. Тус компанийн үүсгэн байгуулагч Э.Гэрэлжаргал нь гоо сайхны салбарт илүү бүтээлч байдлаар орж ирсэн бөгөөд хэрэглэгчээ эрхэмлэсэн, судалгаа, мэдлэг боловсролд суурилсан гоо сайхны бизнесийн өвөрмөц загварыг хөгжүүлж чаджээ. Тэрээр салбартаа арьсны ментор хэмээх мэргэжлийн үйл ажиллагааны шинэ чиглэлийг бий болгож, өөрийн гаргасан замаар олон мэргэжилтнүүдийг бэлдэж байна. Ингэхдээ тэр олон жилийн эрэл хайгуулын үр дүнд хуримтлуулсан гоо сайхны мэдлэг, туршлагаа монгол эмэгтэйчүүддээ энгийн ойлгомжтой хэлбэрээр түгээх ажлыг хийж яваа салбартаа анхдагчийн нэг юм. Тэрбээр МУИС-ийг олон улсын эрхзүйч мэргэжлээр төгссөн ч оюутан байх хугацаандаа гоо сайхан, арьс арчилгааны чиглэлээр ажиллах ёстой гэдгээ ойлгож бизнесийн замналаа эхэлсэн. Цэл залуухан 22 насандаа хуримтлалаараа нүүр будалтын бүтээгдэхүүн борлуулах хувийн бизнес хийж эхэлсэн нь өдгөө гоо сайхны салбарт түүчээ болсон Flamme Complexе компани юм.
Э.Гэрэлжаргал ОХУ-ын Новосибирскийн их сургуулийн онлайн курсыг дерматологи чиглэлээр суралцан төгссөн бөгөөд тасралтгүй судалж, суралцаж явсаар гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлага, арьс арчилгааны сэдвээр гүнзгий мэргэшсэн эксперт болсон байна. Түүнийг хэрэглэгчидтэй уулзаж, арьсны талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үед “Та хэн бэ? Арьсны эмч үү?” гэж асуух нь бий. Эндээс тэр өөрийгөө арьсны ментор хэмээн нэрлэх болжээ. Арьсны ментор гэдэг нь худалдааны зөвлөхөөс хэд дахин ахисан шатны мэдлэгтэй, хэрэглэгчийг арьс арчилгааны тохирсон бүтээгдэхүүн сонгож, зөв дадлаар тогтмол арчлах соёлд сургах чадвартай хүнийг хэлдэг байна. Одоогоор дөрвөн жилийн турш бэлтгэсэн гурван арьсны ментортой бөгөөд тэдгээр мэргэжилтнүүд Flamme Complexе дэлгүүрийнхээ Зайсан салбарт хэрэглэгчидтэй ажиллаад эхэлжээ.
Шинэ брэнд нэвтрүүлэхээсээ өмнө судалгааг тогтмол хийж зөвхөн хамгийн сайн чанарын орц найрлагатай, хүчтэй алсын хараатай брэндийг сонгодог.
Арьсны менторын үйлчилгээ нь арьс арчилгааны бүтээгдэхүүний маш өргөн сонголтод төөрсөн хэрэглэгчдэд мэдэхгүй, эргэлзсэн зүйлийнх нь зангилааг тайлдаг ихээхэн хэрэгцээтэй үйлчилгээ болоод байгааг Э.Гэрэлжаргал ярьсан юм. Эхэлсэн даруйдаа үзлэгийн цаг дүүрч менторууд ихээхэн ачаалалтай ажиллаж байгааг ч хэллээ. Мөн гоо сайхны боловсролыг хүн бүрт өгөхийг зорьж олон нийтэд зориулсан онлайн гоо сайхны цогц сургалтыг бэлтгэн Юнивишний гэр багцад байршуулжээ. Түүний хийж буй энэ бүх ажлын нөлөөгөөр гоо сайхны салбарт албан ёсны үйлдвэрлэгч эсвэл борлуулагч байдлаар ажиллаж буй бизнес эрхлэгчдийн үнэ цэн, үнэлэмж ч өсөж байна. Тодруулбал, зүгээр л нэг импортын бүтээгдэхүүн борлуулахаас илүүтэй Монголын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд үлгэр дуурайлал болж, өөрийн гэсэн бизнесийн соёлыг түгээж байна. Энэ мэтчилэн тэд бүх насныхныг гоо сайхны мэдлэгтэй, өөрт тохирсон бүтээгдэхүүнээ зөв сонгох чадвартай болгох алсын зорилготой ажиллаж байгаа аж. Flamme Complexe одоогоор 50 гаруй брэндийн 2500 гаруй бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжийг бүрдүүлээд байгаа бөгөөд өөрсдөө албан ёсоор таван брэндийн дистрибьютерээр ажиллаж байна. Харин бусад нэр төрлийн бүтээгдэхүүнийг албан ёсны нийлүүлэгчидтэй хамтрах байдлаар бүтээгдэхүүний сонголтыг солонгоруулжээ. Мөн энэ ондоо багтан дахин шинэ таван брэнд бүтээгдэхүүнийг албан ёсоор борлуулж эхлэх юм байна.
Үнэт зүйлс, чанарт түшиглэсэн сонголт
Манай улсын гоо сайхны бүтээгдэхүүний 88 хувийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг. Гэвч худалдааны эрх зүйн орчин боловсронгуй биш учраас хуурамч, чанаргүй бараа бүтээгдэхүүнүүд ч манай зах зээлийн эргэлтэд ордог. Гоо сайхны чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэснээр арьсаар дамжин хүний элгэнд хүртэл сөргөөр нөлөөлдөг учраас бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс шууд авч, онцгой эрхтэйгээр борлуулдаг албан ёсны борлуулагчид хандах нь зүйтэй. Яагаад гэвэл албан ёсны борлуулагчид тээвэрлэлтийн горим зөрчөөгүй, орц найрлагын чанар алдагдаагүй, эрүүл мэндийн шинжилгээний гэрчилгээ, бүтээгдэхүүнийг, эрүүл аюулгүй орцоос бүрдсэнийг нотлох гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээтэй бүтээгдэхүүн борлуулдаг. Түүнээс гадна, тэд хамтарч ажиллаж буй тухайн брэндийн үнэт зүйлийг зөрчдөггүй, бизнесийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг. Нөгөө талаас манай орон эрс тэс уур амьсгалтай учир монголчуудын арьсанд гадны бүтээгдэхүүнүүд тэр бүр таарах нь ховор. Харин Flamme Complexe үйл ажиллагаа явуулсан олон жилийн хугацаандаа хангалттай ур чадвар, туршлага хуримтлуулж, монгол хүний арьсанд үүсч буй гол асуудлуудыг шийдэхэд чиглэсэн бүтээгдэхүүн санал болгодог нь том давуу тал юм.
Арьс арчилгаагаар дамжуулаад хүнийг эрүүл зөв амьдралын хэв маягт хөтөлнө.
Flamme Complexe компани хэзээ ч муу бүтээгдэхүүн нийлүүлэхгүй гэдэг энгийн бөгөөд хатуу зарчимтай бөгөөд үүнийгээ ч алхам тутамдаа баталж, хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж чадсан. Э.Гэрэлжаргал шинэ брэндийг нэвтрүүлэхээсээ өмнө тогтмол судалгаа хийж, бүтээгдэхүүн өндөр чанартай орц найрлагатай байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Мөн тухайн брэндийн алсын хараа Flamme Complexe-ийн үнэт зүйлстэй нийцэж буй эсэхийг харгалзан үздэг. Ингээд зогсохгүй бүтээгдэхүүний арьсанд өгөх үр нөлөө нь монгол эмэгтэйчүүдийн арьсны асуудлыг шийдэж чадах эсэхэд анхаардаг байна.
Учир нь цахим орчинд арьс арчилгааны зарим бүтээгдэхүүн тренд болдог ч тренд бүхэн чанартай байдаггүй байх нь олонтой. Тийм учраас Flamme-ийнхан ямар нэгэн тренд бүтээгдэхүүнд илүү няхуур хандан судалгаа хийж, зөвхөн үр дүн өгөхүйц, үйлчлүүлэгчдийнхээ арьсны хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг сонгож ажилласаар иржээ. Сүүлийн үед гоо сайхны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж буй БНСУ-ын брэндүүдээс холбогдон хамтын ажиллагааны санал тавих болжээ. Гэвч тэдний хувьд олон брэнд нэмэхээс илүүтэй чанарт анхаарч, Э.Гэрэлжаргал арьсны ментор хүний хувьд өөрөө тестэлж хэрэглэн орц найрлагуудыг нь нэг бүрчлэн судалсны үндсэн дээрээс хамтарч ажиллах эсэхээ шийддэг гэлээ.
Дотроосоо ч, гаднаасаа ч гэрэлтэхэд тусална
Эрүүл сайхан арьсыг бий болгохын тулд арьс арчилгааны бүтээгдэхүүнээс гадна амьдралын хэв маяг нөлөөлдөг. Учир нь хүний эрүүл мэндийн байдлыг хэр байгааг илтгэдэг эрхтэн бол арьс юм. Flamme Complexe гоо сайхны дэлгүүрийн ялгарал, үнэ цэн бол шинэ санаа, технологи, ур чадварыг хослуулсан нэг удаагийн болон урт хугацааны арьс арчилгааны цогц ментор хөтөлбөр юм. Уг хөтөлбөрүүд нь тухайн хүний арьсны асуудлын гол шалтгааныг илрүүлэн, үйлчлүүлэгчийг илүү мэдлэгтэй болгоход чиглэж байна. Тусгай оношилгооны аппарат ашигладаг, мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн арьсны менторууд хүн тус бүрт нийцсэн зөвлөгөө өгч, арьсны асуудалд нь тохирсон шийдэл санал болгон, арьс арчилгааны долоо хоногийн хуваарийг гаргаж, эрүүл амьдралын дадалд хөтөлдөг. Товчхондоо тэд хэрэглэгчийг дотроосоо ч гаднаасаа гэрэлтэхэд тусалж байна.
Цахим орчинд арьс арчилгааны зарим бүтээгдэхүүнүүд шинэ трендийг үүсгэж алдартай болдог ч тренд бүхэн чанартай байдаггүй.
Монгол шиг жижиг зах зээлийн орчинд гоо сайхны олон брэндийн хооронд хүчтэй өрсөлдөөн байдаг тул Flamme Complexe харилцагч суурьтай бизнесийг эрхэмлэж, хэрэглэгчдэдээ харилцааны таатай орчныг бий болгон халамжилж, тусдаа үзлэг, зөвлөгөөний өрөөг бий болгон тав тухтай орчныг бүрдүүлдгээрээ онцлогтой. Дэлхийн гоо сайхны ертөнцийн чиг хандлага, арьс арчилгааны технологиуд маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө цагт гоо сайхны боловсролыг хүртээмжтэй түгээхийн тулд Flamme Complexe-ын бүх салбар дэлгүүртээ хангалттай менторуудыг ажиллуулахыг зорьж байна. Цаашид арьсны менторыг шинэ чиглэл болгон хөгжүүлж, системчилж, академик боловсрол олгох төлөвлөгөөтэй байгаагаа Э.Гэрэлжаргал ярилаа. Харин орон нутагт гэвэл шууд ямар нэгэн гэрээт салбар нээхээсээ урьтаж зөвлөхүүдээ бэлтгэхэд анхаарч байгаа аж. Учир нь Flamme Complexe нь худалдааны зөвлөхөө нэг сарын хугацаанд дагалдуулж, шат дараатай сургалтаар тасралтгүй бэлтгэсний дараагаар ажлын байранд гаргадаг байна.
Flamme Complexе компани нь Монголын гоо сайхны зах зээлд толгой цохиж яваа ч цаашид улам чанаржин өсөхийг эрмэлзэж ISO:9001 үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх ажилдаа ханцуй шамлан оржээ.