“BLF” Бизнесийн хуулийн фирм-ийн зөвлөгөө, хууль зүйн туслалцаа нь зөвхөн өнөөгийн асуудлыг шийдэхэд бус, бизнес эрхлэгчдийг урт хугацаанд тогтвортой, амжилттай ажиллахад чиглэдэг.
Хууль, эрх зүйн чийрэгжилт
Эрт урьдын биш, энэ л орчин цагт гэнэ. Хичээнгүй, Сэргэлэн хоёр хамтарч гарааны компани байгуулжээ. Хичээнгүй инженер мэргэжилтэй, харин Сэргэлэн олон нийтийн харилцаагаар боловсрол эзэмшсэн бөгөөд хоёр талаас багахан хадгаламж, үл хөдлөх барьцаалсан зээл байдлаар хөрөнгө оруулалт хийлээ. Тэдний санаачилсан бүтээгдэхүүнийг тун ирээдүйтэй зах зээл хүлээж байлаа. Компанийнхаа гэрчилгээг авах үед компанийн дүрэм хэрэгтэй гэхээр нь улсын бүртгэл дээр байсан нэг хүнд 20 мянган төгрөг төлөөд бэлэн дүрэм авч бөглөөд гарын үсэг зураад өгчихлөө. Татвар төлөгчийн гэрчилгээ авахад нь хувьцаа эзэмшигчийн гэрээ байгуулбал дээр шүү гэж хэлсэн ч энэ нь нэлээн төвөгтэй бичиг цаасны ажил байсан учраас орхилоо. Тэд аль болох богино хугацаанд ахиухан борлуулалт хийж мөнгөний эргэлттэй болохыг хүсэж байлаа. Хичээнгүй бүтээгдэхүүнээ илүү сайн мэддэг учраас үйлдвэрлэл талаа хариуцаж, Сэргэлэн санхүү, борлуулалтаа дааж авлаа. Ингээд хоёул ямар ч чөлөөт цаггүй компанийнхаа төлөө ажиллав. Гар нийлж байгаа ч гэж жигтэйхэн. Үүний хүчинд жил гаруй болоход бүтээгдэхүүнийг нь мэддэг харилцагчдын хүрээ бий боллоо. Захиалга нэмэгдээд байгаа учраас нэмэлтээр тоног төхөөрөмж, ажиллах хүч хэрэгтэй боллоо.
Хичээнгүй үүнд шаардлагатай тооцоолол хийхийн тулд өнгөрсөн хугацааны тайланг гэрээт нягтлангаасаа авлаа. Тэрээр хамгийн сүүлийн нэг сарын гүйлгээнүүдийг харж байгаад нэг сэжигтэй зарлага байгааг анзаарч Сэргэлэнгээс учрыг асуутал “Найз нь эхнэртээ төрсөн өдрөөр нь жаахан сюрприз барьсан юм аа. Гэхдээ энэ нэг их сүртэй зүйл биш биз дээ” гэж хэллээ. Гэвч энэ хариулт Хичээнгүйд огт таалагдсангүй. Тэрээр мэргэшсэн нягтлан нэгэн найздаа хандаж тайландаа аудит хийлгэв. Гэтэл тэдний компани татварын албанд нэлээдгүй өртэй болсон нь мэдэгдэв. Хэдийгээр сүүлийн үед ашигт ажиллагаа муугүй байгаа ч Сэргэлэн санхүү хариуцсан хүний хувьд үүнд огтхон ч санаа тавиагүй нь илт байлаа. Түүгээр барахгүй одоо захиалга дээр нь ажиллаж буй зарим гэрээний төлбөр Сэргэлэнгийн дансаар дамжсан нь илрэв. Эндээс тэдний түнжин хагарч, асуудал шүүх дээр очив. Гэвч компанийн дүрмээ зөв боловсруулаагүй, хувьцаа эзэмшигчдийн хувиар хоорондын харилцаагаа зохицуулсан гэрээ байгуулаагүй зэргээс болж одоо ч шүүхэдсээр яваа. Энэ хооронд бизнес нь харилцагчдаа алдаж, алдагдал хүлээсээр.
Энэ түүхэнд хөндсөн асуудал олон компанид түгээмэл тулгардаг бөгөөд энэ нь бизнест бий болдог хууль, эрх зүйн эрсдэлүүдийн зөвхөн нэг нь юм. Бизнес эрхлэгч бүр, үүсгэн байгуулагч болгон хуулийн мэдлэгтэй байх боломжгүй. Гэвч эдгээр эрсдэл яг л манан дундаас гэнэт гарч ирж хөлөг онгоцонд заналхийлэх хадан хясаанууд шиг хэдийд ч хамаагүй нэг нэгээрээ бий болдог. Гэхдээ аз болж хуулийн болон санхүү татварын эрсдэлийг мэддэг, удирддаг мэргэшсэн хүмүүс байдаг. Тэдний тод төлөөлөл болсон, бизнесийн эрх зүйгээр мэргэшсэн “BLF” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, партнер Ц.Азбаяртай ярилцаж, бизнесийн хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээний үнэ цэний талаар илүү тодорхой ойлголттой болсон юм.
Тэрээр харилцагч нараасаа “Та одоо байгаа түвшиндээ шилдэг нь баймаар байна уу, эсвэл түвшин ахин тогломоор байна уу” гэж асуудаг.
Тэрээр “Компанийн дүрэм гэдэг бол тухайн компанийн үндсэн хууль гэсэн үг” гэж товч тодорхой томьёолов. Сэргэлэн, Хичээнгүй хоёрын хувьд компанийн дүрмийг зөв боловсруулж, гэрээ байгуулаагүйгээс гадна санхүүгийн сахилга бат алдагдаж хувь, хувьсгалын дансаа хольсон гэх мэт багагүй алдаа гаргасан. Хамгийн гол нь, компанийн дүрэм нь нэг талаас хууль эрх зүйн баримт бичиг мөн боловч нөгөө талаас үнэндээ энэ нь компанийн урт хугацааны тогтвортой үйл ажиллагааны замыг засдаг менежментийн баримт бичиг гэдгийг тэд ойлгоогүй.
Ц.Азбаярын хувьд хууль, эрх зүйн эрсдэл гэж юу вэ гэдгийг сайн мэднэ. Тиймээс “BLF” Бизнесийн хуулийн фирмтэй хамтарч буй байгууллагууд олон чиглэлд маш олон эрсдэлийг тойрч гарч чаддаг. “Аливаа бизнесийг эхлэхэд тоглоомын дүрмээ анхнаасаа зөв зохиох хэрэгтэй. Ихэнх бизнес хамтрагчид ашгаа хэрхэн хуваахаа ярилцсан хэр нээ хариуцлагаа хэрхэн үүрэхээ тохирдоггүй. Учир нь бизнес бол итгэлийн төлөөх өрсөлдөөн” гэж Ц.Азбаяр онцоллоо. Ер нь аливаа бизнест үүсгэн байгуулагдах, тодорхой зах зээлд нэвтрэх, тогтворжих, хөрөнгө оруулалт шинээр татаж тэлэх гэх мэт хөгжлийн үе шатууд байдаг. Өөрөөр хэлбэл, байгууллага томорч, үйл ажиллагаа нь илүү комплекс болохын хэрээр төрөл бүрийн дүрэм, журам, стандарт, хэм хэмжээнүүдийг нарийн баримтлах ёстой болдог.
“BLF” Бизнесийн хуулийн фирм нь бизнесийн хөгжлийн мөчлөг бүрт тохирсон, урт хугацааны хөгжлийн стратегид чиглэсэн хууль зүй, менежментийн шийдлийг зөвлөх үйлчилгээ болон сургалтын хэлбэрээр үзүүлдэг байна. Ингэхдээ бизнесийн эзэн, ТУЗ, гүйцэтгэх удирдлага гэсэн хяналтын “Алтан гурвалжин” нь эвдрэхгүй байх харьцааг үйлчлүүлэгч байгууллагуудад бий болгохыг зорьдог. Энгийнээр хэлбэл, “хууль ийм байна, одоо өөр алга” гэхээс илүү тухайн бизнесийн алсын хараа, эрхэм зорилго, бизнес загвар зэрэг стратегийн асуудлуудад нийцсэн эрсдэлийн менежментийн гаргалгаанууд боловсруулж хамтран ажилладаг. Гэвч компаниуд ихэнх тохиолдолд хууль эрх зүйн эрсдэл үүссэн үед хуулийн зөвлөгөө авдаг боловч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тал дээр дутмаг байдал ажиглагддагийг Ц.Азбаяр ярьж байлаа. Зөвлөх үйлчилгээ болон өмгөөллийн үйл ажиллагаа явуулах үед компаниуд дээр засаглал ба зохион байгуулалт, компанийн эрх зүй, комплайнс, татвар, санхүү, хөдөлмөрийн маргаан, гэрээний эрх зүй, хөрөнгө оруулалт, үнэт цаас, оюуны өмчтэй холбоотой хүндрэл, сорилтууд хамгийн нийтлэг гардаг аж.
Ялангуяа, шинэ бизнес эрхлэгчдийн хувьд компани гэдэг зүйл байгуулагдсан цагаасаа эхлээд хувь хүнээс тэс өөрөөр “амьдардаг” бөгөөд энэ нь үүсгэн байгуулагчийн ажлын газар төдий биш, өөрийн замаар хөгждөг систем гэдгийг дутуу ойлгох хандлага байдаг. Тодруулбал, хуулийн этгээд бол өөрийн нэрээр эрх олж, өөрийн нэрээр үүрэг хүлээж, үйл ажиллагааныхаа хариуцлагыг эд хөрөнгөөрөө хүлээдэг, шүүхийн өмнө субъект болдог, нэг талаар маш хүчтэй, нөгөө талаар хариуцлагатай субъект юм. Тиймээс мэргэжлийн хүмүүсээс зөвлөх үйлчилгээ авч эрх зүйн болон санхүүгийн эрсдэлээ шилжүүлж, хааж явахын чухлыг Ц.Азбаяр онцолж байв.
Детальд чөтгөр нуугддаг
Англи хэлний “The devil is in the details” гэсэн хэлц үг байдаг. Энэ нь аливаа ажлын деталиудад хамгийн их эрсдэл нуугддаг гэсэн санаа бөгөөд гэрээ байгуулах үед хуульчдын баримталдаг гол зарчмуудын нэг. Гэхдээ монголчуудын хувьд гэрээний дүнд голлон анхаараад бусад деталийг хайхрахгүй орхидог талтай. Тэр дундаа бизнес эрхлэгчид загвар гэрээ ашигласнаас болж бизнестээ эрсдэл үүсгэдэг. Тодруулбал, өөрийн бизнесийн онцлог, эрсдэлүүдийг нарийн тооцож үзэлгүй гэрээний бэлэн загвар ашиглаад гарын үсэг зурчихдаг, эсхүл нөгөө талын боловсруулсан, хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан гэрээг хяналгүй байгуулдаг. Иймэрхүү хайнга хандлагаас болж асуудал шүүх дээр очиход гэрээний маргаан шал өөр талд шийдэгддэг тохиолдол цөөнгүй. Харин “BLF” шиг Бизнесийн хуулийн фирмүүдтэй хамтарсан тохиолдолд мэргэжлийн хуульчид тухайн бизнесийн эрсдэлүүдийг хамгаалсан хуулийн гаргалгааг хэлцэл хийхэд явцад хийж өгдөгт энэ төрлийн үйлчилгээний үнэ цэн оршдог.
Хөрөнгө оруулалт татах, компаниуд нэгдэх, худалдан авах хэлцэл хийх (M&A) үед Ц.Азбаяр шиг хуульчдын зөвлөгөө нь зайлшгүй хэрэгтэй бөгөөд тэд хэлцлийн нөхцөл, эрх зүйн эрсдэлийг үнэлэх, компаниудын хоорондын хэлцлүүдийг оновчтой, хууль ёсны байдлаар байгуулахад тусалдаг. Бизнесийн байгууллага татварын хуулийн зөвлөгөө авах нь татварын хууль, тогтоомж, дүрэм журмыг зөв ойлгох, улмаар хуулийн хүрээнд хөнгөлөлт эдэлж, зардлыг бууруулах, татварын хариуцлага хүлээх эрсдэлээс ангид байхад хэрэгтэй. Оюуны өмчийн тухайд гэвэл дэлхийн шилдэг 500 компанийн зах зээлийн үнэлгээний 80 гаруй хувь нь биет бус хөрөнгө нь байдаг. Харин монгол компаниудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээний оюуны өмчийг хамгаалах, гуравдагч этгээдээс оюуны өмчийн зөрчилтэй холбоотой эрсдэлээс хамгаалах асуудал нийтлэг тулгардаг байна. Оюуны өмчийн хуулийн зөвлөгөө нь бизнесийн шинэ санаа, технологи, бүтээгдэхүүнүүдийг үндэсний болон олон улсын түвшинд хуулиар хамгаалж, тэр хэрээр бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хөрөнгө оруулагчдын өмнө үнэ цэн, үнэлгээг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Энэ мэтээр бизнест тулгардаг хууль, эрх зүйн эрсдэлүүдийг тоочоод байвал урт жагсаалт үүсгэж болно. Ер нь “70/30”-ийн зарчмаар хууль, эрх зүйн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, засаж залруулах ажлыг хийх ёстой гэдгийг Ц.Азбаяр харилцагч нартаа зөвлөдөг. Түүний үүсгэн байгуулсан “BLF” Бизнесийн хуулийн фирмийн үйл ажиллагааны мөн чанарыг илүү ойлгомжтой байдлаар зүйрлэвэл “Хууль, эрх зүйн чийрэгжилт” гэж томьёолж болох юм. Өөрөөр хэлбэл, хүн дасгал хөдөлгөөн хийж, нойр, хоолоо зохицуулж чадвал эрүүл, чийрэг байж өвчлөх эрсдэл багасдагтай адил компани ч бас хууль, эрх зүй болон санхүүгийн хувьд эрүүл, цэгцтэй, ойлгомжтой байвал тэр хэрээрээ эрсдэлгүй, өрсөлдөх чадвартай бизнесийг бүтээдэг.
Аливаа бизнесийг эхлэхэд тоглоомын дүрмээ анхнаасаа зөв зохиох хэрэгтэй. Ихэнх бизнес хамтрагчид ашгаа хэрхэн хуваахаа ярилцсан хэр нээ хариуцлагаа хэрхэн үүрэхээ тохирдоггүй. Бизнес бол итгэлийн төлөөх өрсөлдөөн.
Must-to-have or Nice-to-have?
Энд өгүүлэх санааг илүү тодруулахын тулд манай бизнесийн ертөнцөд нийтлэг байдаг нөхцөлийг нэгэн зохиомол түүхээр өгүүлье. Улаанбаатар хотын хаа нэгтээ “Greenopolis” ба “FastProfit Enterprise” гэсэн хоёр компани үйл ажиллагаа явуулдаг байж. Greenopolis бол эрчим хүчний компани. Тэдний үйл ажиллагаа зүгээр нэг бизнес биш, харин том алсын хараа, үнэт зүйлсийн тогтолцоо байлаа. Тэдний уриа нь “Ногоон сэтгэлгээ, тогтуун ирээдүй”.
Гэхдээ энэ компанийн боловсруулсан төвийн сүлжээнд холбогдоогүй сэргээгдэх эрчим хүчний бие даасан систем, цахилгаан машины батерей цэнэглэх станцын сүлжээ зэрэг бизнесийн концепцыг нь дэмжих хөрөнгө оруулагч олдохгүй олон жил явжээ. Хэдийгээр ашигт ажиллагаа тааруу байсан ч “Greenopolis” алсын хараандаа үнэнч байж, өөрийн цагийг тэвчээртэй хүлээж байв. Тэд НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын дор хаяж 10-ыг нь хэрэгжүүлэхийг хичээж, жил бүр Тогтвортой хөгжлийн тайлан гаргаж, түүнийгээ англиар орчуулж веб сайтдаа нийтэлдэг байв. Мөн Хөдөлмөрийн шинэчилсэн хуульд тусгасан хүний эрхийг дээдлэхтэй холбоотой шинэ заалтуудыг нарийвчлан судалж, зөвлөхүүдээс сургалт авч, бүх хөдөлмөрийн гэрээ, дотоод журмуудаа уг хуульд нийцүүлэн шинэчлэв.
Харин тэдний зэргэлдээ өөрийн оффист “FastProfit Enterprise” байрладаг. Энэ бол нэлээд олон жил болж буй, барилгын чиглэлийн гэр бүлийн бизнес. Тэд сургууль, цэцэрлэгийн олон тендерийг яаман дахь танилын сүлжээгээрээ авч чаддаг. Түүнчлэн барилгын ажил гүйцэтгэх явцдаа хямд материал ашигладаг, мэргэжлийн хяналтын байцаагч нарыг аргалаад сурчихсан байв. “FastProfit Enterprise” нь голдуу PR хийж, имижээ сайжруулах зорилгоор “нийгмийн хариуцлагын хүрээнд” гэсэн тодотголтойгоор асрамжийн газрын хүүхдүүдэд, Цагаан сараар дүүргийнхээ өндөр настнуудад бэлэг тараах ажлууд зохион байгуулна. Нэг үгээр, тэдний хувьд байгаль орчинд ээлтэй байх, хүний эрхийг дээдлэх зэрэг ойлголт нь “байх ёстой” бус “байхад илүүдэхгүй” (Must-to-have биш, харин Nice-to-have) зүйлс байлаа.
Гэвч нэгэн хавар энэ компанийн хувьд эргэлтийн мөчлөг болсон юм. Учир нь тэдний барьсан нэгэн сургуульд гал гарч, хүүхдийн амь нас эндэж, нийгэм даяар шуугиан тарив. Мөрдөн байцаалтын явцад стандартад нийцээгүй дулаалгын материал ашигласан нь илрэв. Үүнтэй зэрэгцээд тус компанид ажиллаж байсан хэд хэдэн эмэгтэй компанийн дээд шатны удирдлагууд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн шүүхэд гомдол гаргалаа. Энэ цагаас эхлэн “FastProfit Enterprise”-аас ихэнх харилцагч нар, түлхүүр ажилтнууд дайжиж, бүтээмж, гүйцэтгэл унаж, ашиг орлого ч гэж авах юмгүй болов. Харин “Greenopolis”-ийн тогтвортой хөгжлийн тайлангууд гаднын санхүүгийн байгууллагын хараанд өртөж, тэдэнд урт хугацааны хөнгөлөлттэй ногоон зээл олгох санал тавьсан байна.
Одоо харин “BLF” Бизнесийн хуулийн фирм рүүгээ эргэн оръё. Тэд хуулийн зөвлөгөө өгөхөөс илүү бизнесийн шийдэл талаас нь зөвлөж, хамтарч ажилладаг гэдгийн цаад агуулга нь тухайн бизнесийг цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад нь тусалдаг гэсэн үг юм. Харин ийн хөл нийлүүлэн алхах компаниуд тогтвортой хөгжил, хүний эрх, ёс зүйн дүрэм, авлигын эрсдэл, комплаенс гэх мэт хэм хэмжээг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог. “Өнөөдөр бизнес эрхлэгчид олон нийтэд таатай харагдахаас илүүтэй бизнесийн тогтвортой байдлыг эрхэмлэж байна. Нэг үгээр бол өндөр ашигтай ажиллахыг зорих бус урт хугацаанд хариуцлагатай, тогтвортой ажиллаж үнэ цэнээ өсгөх нь чухал гэх бодлогыг баримталж байна. Харин ашиг бол үнэ цэнтэй явсны “бонус” юм” Ц.Азбаяр ярив.
Компаниуд саяхныг болтол хүний эрх, тогтвортой хөгжил, авлигаас ангид байх зэрэг ойлголтыг хөрөнгийн зах зээлд гарахад Due diligence буюу нийцэл, магадлан шинжилгээ, шалгуур талаас нь түлхүү хэрэглэж байсан бол эдүгээ эдгээр нь бүх бизнесийн үндсэн загвар, соёл, менежментийн түвшинд хэрэгжүүлэх ёстой хэм хэмжээ болжээ. Учир нь компани гэдэг нь нийгмийн хэсэг гэдэг үүднээс хэрэглэгчээс эхлээд хөрөнгө оруулагч хүртэлх бизнесийн оролцогч тал компаниудаас ёс зүйтэй байхыг шаарддаг болсон. “BLF” Бизнесийн хуулийн фирм нь эдгээр хэм хэмжээг төлөвшүүлэхийн төлөө харилцагчидтайгаа хамтарч ажилладаг. Ингэхдээ “Softlaw” буюу албан ёсоор хуульчлаагүй ч баримталж явах юм бол тухайн бизнес үр ашигтай, өрсөлдөх чадвартай байж, бизнесийг зүй зохистой явуулах сэтгэлгээ, соёлын хандлагыг ашигладаг. Товчхондоо тус фирмийн үйл ажиллагаа зөвхөн өнөөгийн асуудлыг шийдэхэд бус, бизнес эрхлэгчдийг урт хугацаанд тогтвортой, амжилттай ажиллахад чиглэдэг.
Компани гэдэг бол үүсгэн байгуулагчийн ажлын газар төдий биш, өөрийн замаар хөгждөг, өөрийн гэсэн хэрэгцээтэй систем.
Ингэхдээ тасралтгүй өөрчлөгдөж байдаг хууль тогтоомж, дүрэм журмын өөрчлөлтүүдийг цаг тухайд нь судалж, үйлчлүүлэгчдэдээ хууль эрх зүйн хамгийн сүүлийн үеийн шинэ, зөвлөгөө мэдээлэл өгдөг. Түүнчлэн зах зээлийн хэрэгцээ шаардлага, бизнесийн орчныг сайтар ойлгож, тухайн нөхцөл байдалд тохирсон стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь тусалдаг гэдгээ Ц.Азбаяр онцолж байсан юм.
Энэ нийтлэлд байн байн давтаад байгаа “бизнесийн тогтвортой хөгжил” гэдэг ойлголтыг өөр нэгэн энгийн жишээгээр тайлбарлая. Европын орнууд болон Америк, Япон улсад олон зуун жилийн настай компаниуд байдаг. Ийм компаниудын амжилтын гол нууц нь хурдан хугацаанд ашиг хийхдээ бус оршин буй нийгмээ хөгжүүлэх хүчирхэг алсын хараа, үнэт зүйлстэй байсаар ирсэнд оршдог. Энэ бизнесүүд үүсгэн байгуулагчийн хязгаараас халин гарч, эх орныхоо хөгжлийг манлайлдаг, цаг үеэ даган өөрчлөгдөж чаддаг, уян хатан, хүн төрөлхтний нийгэмд үүсэж буй шинэ хэм хэмжээнүүдийг шингээх чадвартай байдаг. Тиймдээ ч тэд гэр бүлийн бизнес эсэхээс үл хамаарч хэдэн үе дамжиж, урт насалдаг.
“BLF” Бизнесийн хуулийн фирмийн үйл ажиллагааны гүн гүнзгий утга учир гэвэл ердөө энэ юм. Тэд бизнесийг хэдэн үе оршин тогтноход туслах мөрөөдөлтэй. Ц.Азбаяраас би үүнийг нь тодруулах зорилгоор Танай байгууллагын Монголын эдийн засаг, бизнесийн хөгжилд оруулж буй хувь нэмэр юу вэ гэж асуухад тэр дөрвөн пункт нэрлэсэн юм. Тэр нь 1) бизнесийн тогтвортой хөгжил, 2) гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, 3) шударга өрсөлдөөнийг хангах, 4) үйлчлүүлэгчдийн урт хугацааны амжилтыг дэмжих юм. Ингэснээрээ Монголын бизнесийн салбарын хууль зүйн орчныг тогтвортой, итгэлтэй болгож, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа гэж тэр хэлсэн юм. Тэрээр харилцагч нараасаа “Та одоо байгаа түвшиндээ шилдэг нь баймаар байна уу, эсвэл түвшин ахиж тогломоор байна уу” гэж асуудаг. Тэр нь олон улсын корпорацуудын баримталдаг хэм хэмжээг мөрддөг болбол дотооддоо төдийгүй дэлхийд ч өрсөлдөх чадвартай болно шүү гэсэн утга юм.
Туршлагаа худалддаг бизнес
“Эмч хүний амийг авардаг бол хуульч хүний амьдралыг авардаг” гэх үг бий. Ц.Азбаяр хүмүүсийн амьдралыг, бас ажил бизнесийг ч хууль, эрх зүйн үүднээс авардаг нэгэн болохыг зорьжээ.
Тэрээр анх бизнесийн салбарт тулгарч буй хууль эрх зүйн нарийн төвөгтэй асуудлуудад чанартай, мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилгоор компаниа үүсгэн байгуулжээ. Хуульчийн хувьд тэр татвар, хөрөнгийн зах зээл, тэр дундаа үнэт цаасны чиглэлээр мэргэшсэн. Тиймээс бонд, хувьцаа гаргагч буй компаниудад хамгийн туршлагатай зөвлөх нь болдог.
Түүн шиг бизнесийн эрх зүйгээр зөвлөгөө өгдөг болохын тулд “commercial awareness” буюу бизнес, эдийн засгийн нарийн мэдлэгтэй байх шаардлагатай болдог. Тиймдээ ч “BLF” Бизнесийн хуулийн фирмийн хуульчдын гол үнэ цэн нь мэргэжлийн ур чадвар ба туршлага байдаг. Хэдий чинээ туршлага, ур чадвартай байна төдий чинээ үнэнч харилцагчдын тоо нэмэгдэж, хуульч болон үйлчлүүлэгчийн хооронд итгэлцлийн харилцаа тогтож, түүнийхээ хүчинд зах зээлд өрсөлдөх чадвар сайжирдаг зүй тогтолтой бөгөөд сайн хуульчийн амжилтын 60 хувь харилцаанд суурилдаг гэсэн үг байдаг. Харин энэ бүхнийг тэжээж байдаг үндсэн “түлш” нь байнга шинэчлэгддэг хууль, эрх зүйн орчны талаарх шинэ мэдлэг юм.
Гэхдээ хууль зүйн шийдвэр гаргахад хугацаа хэрэгтэй боловч бизнесийн ертөнц аливааг хүлээхдээ дургүй тул хурд, чанар хоёрыг зэрэг хангасан зөвлөгөө өгөх нь заримдаа хэцүүхэн даваа байдаг. Тиймээс нэг талаас, туршлагатай хуульчдыг бүрдүүлэх, нөгөө талаас үйлчлүүлэгчдийг тогтвортой хадгалах нь хуулийн фирмүүдэд томоохон сорилт байдаг. Энэ сорилтыг давж гарах нэг арга буюу энэ мэргэжлийн үнэ цэнийг улам нэмдэг нэг зүйл нь төрөлжилт юм. Тухайлбал, “BLF” Бизнесийн хуулийн фирм нь дээр дурдсанчлан бизнесийн эрх зүйгээр, тэр дотроо уул уурхай, эрчим хүч, технологийн салбарт мэргэшихийг зорьж байна. Ингэхдээ олон улсын зах зээлд хөл тавих, гадаадын хууль зүйн фирмүүдтэй стратегийн түншлэл байгуулах, олон улсын бизнесийн төслүүдэд оролцох зорилготой.
Энэ зорилгод хүрэхийн тулд үйлчлүүлэгчдийн нууцлал, мэргэжлийн шийдвэр гаргалт, мэдээллийн ил тод байдал, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс зайлсхийх зэрэг мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг веб сайтдаа байршуулсан тунхаг төдий байлгахгүйгээр, амьдралд бодитоор нь хэрэгжүүлэх ёстой гэдгийг тэр хэлж байв. Байгууллагынхаа үнэт зүйлсийг ч бас мэргэжлийн ёс зүй, шударга байдал, итгэл даах, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг дээдлэх гэж томьёолжээ. Угаас хуульч хүн мэргэшсэн салбартаа л зөвлөгөө өгөх ёстой бөгөөд үүнийг “Мэргэшсэн байдлын хязгаар” гэж нэрлэдэг. Өөрийн мэдэхгүй, туршлагагүй салбарын асуудалд хөнгөн хуумгай зөвлөгөө өгөх нь ёс зүйн зөрчилд хүргэх эрсдэлтэй. Хуулийн салбарын гадна асуудлууд хөндөгдөх үед хуульч өөрийн хязгаарыг ойлгож, мэргэшсэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь чухал байдгийг Ц.Азбаяр тайлбарлалаа.
Мэргэжлийн бизнесийн хуульчийн ажлын мөн чанарын талаар тэр хэлэхдээ “Миний ажил бол бүгдийг мэддэг байхыг бус гүнзгий мэддэг байхыг шаарддаг. Ер нь бүхнийг хийнэ гэдэг бол юуг ч хийхгүйтэй адил. Тиймээс энэ бол туршлагаа худалддаг бизнес” гэж онцолсон юм.
Сонирхогчдын арга барилаас системийн арга барил руу
Дээр дурдсанчлан “BLF” Бизнесийн хуулийн фирм-ийн гол онцлог нь зөвхөн хууль бус бизнес менежментийн зөвлөгөөг өгч ажилладаг. Тэгвэл менежментийн систем, соёл нь бүрэн төлөвшиж амжаагүй байдаг жижиг дунд бизнес эрхлэгчидтэй Ц.Азбаяр хэрхэн ажилладаг вэ?
Жижиг, дунд бизнесүүдэд нэгэн чухал хэрэгцээ байдаг нь үүсгэн байгуулагчийн том мөрөөдөл, бизнесийн алсын харааг хэрэгжүүлэх даацтай системийг бүтээх юм. Тодруулбал, таны бизнес таны хүчээр биш, системийн хүчээр ажиллах ёстой. Хэрэв алсын хараа хаа хүрэхийг тодорхой заадаг бол систем нь тийшээ хүрэх машин нь юм. Ийм машиныг бүтээхийн тулд “BLF” Бизнесийн хуулийн фирм бизнес эрхлэгчид болон багийн гишүүдтэй нь хамтран тодорхой бөгөөд хэмжигдэхүйц зорилгыг тодорхойлж, түүндээ хүрэх стратеги, төлөвлөгөө боловсруулах замаар бизнесийн системийг сайжруулах ажлыг хийдэг.
Эдгээр сайжруулалт хэд хэдэн төрөлтэй байж болно. Нэгдүгээрт, энэ нь компанийн хамгийн чухал үнэт зүйлс болсон хүнтэй холбогдоно. Тухайлбал, атгасан гар шиг ажилладаг менежментийн баг бүрдүүлэх нь захирал болгоны хүслэн байдаг. Ийм багийг зөв хүмүүсээр бүрдүүлэх нь чухал байдаг. Гэхдээ зөв хүн гэдэг нь бас л шилдэг, сайн гэсэн үг биш, харин зөв суудалдаа очиж, зөв ажлаа хийж буй, хамгийн гол нь таны мөрөөдөл, үнэт зүйлсийг хуваалцаж чадах хүнийг хэлнэ. Хоёрдугаарт, процессын сайжруулалт орох бөгөөд борлуулалт, санхүү, маркетинг, удирдлага гэх мэт бизнесийн олон талыг хамарна. Асуудалд хандахдаа илүү олон ажилтан хөлслөх, сүүлийн үеийн технологи нэвтрүүлэх эсвэл илүү их хөрөнгө оруулалт хэрэгтэй гэхээс процессуудыг сайжруулах нуугдмал боломжуудыг эрэлхийлдэг. Жишээ нь, Бид юуг хамгийн сайн хийдэг вэ? Хаана бид цаг хугацаа, нөөцөө гээгээд байна вэ? Баг хоорондын ажиллагааг яаж сайжруулах вэ гэх мэт асуултын хариултууд олон ээдрээтэй асуудлыг шийдэж болно.
Орчин үеийн компаниуд өндөр ашигтай ажиллахыг зорих бус урт хугацаанд хариуцлагатай, тогтвортой ажиллаж үнэ цэнээ өсгөх нь чухал гэх бодлогыг баримталж байна. Харин ашиг бол үнэ цэнтэй явсны “бонус” юм.
Процессын сайжруулалт нь энгийнээр бол аливаа ажил, зорилтуудыг тодорхой стандарт болгон хувиргах үйл явц байдаг. Энэ нь компани бүх удирдлага болон ажилтныг юуг, яаж хийх тухай ойлгомжтой замын зурагтай болгодог. Гуравдугаарт, сайн системүүд тооны хэлийг өргөнөөр ашигладаг. Өөрөөр хэлбэл, аливаа ажлыг тоо хэмжээтэй, хугацаатай, хэмжих үзүүлэлттэй, эзэнтэй байлгавал компанид хариуцлагын тогтолцоо бүрэлдэж чадна. Энэ мэтээр тухайн бизнест тулгарсан асуудал, бэрхшээлийг нь тодорхойлж, тэдгээрийг шийдэх шийдлийг нь төлөвшүүлдэг. Өөрөөр хэлбэл, бизнесийн өсөлтийг дэмждэг, тэлэх бололцоо олгодог тийм л бүтцийг хамтран бүтээх нь түүний хийдэг ажил юм. Зүйрлэвэл, энэ бүхний эцэст компани гэдэг зүйл бүх эд анги нь жигд ажилладаг машин шиг эсвэл бат бөх суурьтай, аливаа хямралын хүчтэй салхинд тогтож үлдэх байшин шиг болох учиртай. Ийнхүү бизнес эрхлэгч “BLF” Бизнесийн хуулийн фирмийн тусламжтайгаар өдөр тутмын ажилдаа түүртэн бизнес дотроо ажиллах биш, харин бизнестэйгээ ажиллаж эхэлдэг.
Түүнээс гадна, системжсэн бизнест хэд хэдэн давуу тал үүсдэгийг дурдах ёстой. Юун түрүүнд, бизнес захирлаас эсвэл өөр хэн нэгнээс хамаарахгүйгээр тогтмол, чанартай үр дүн гаргадаг. Бас ажил хийх арга барил стандарттай болсон учир шинэ хүмүүс сурахад хялбар. Өөрөөр хэлбэл, системийн ачаар компанид мэдлэг, туршлага дамжуулах тогтолцоо бий болдог. Мөн тооны хэлээр ярих соёл төлөвшдөг болохоор зорилго болон аливаа ажлыг хэмжих боломжтой. Эцэст нь, нэгэнт тогтсон процесстой, хэнээр хийлгэх нь тодорхой, бас хэмжих боломжтой учраас системд шинэ нөөц нэмэх замаар томруулж, төрөлжүүлж, бас хөгжүүлж болно. Энэ бүхнийг дүгнээд хэлэхэд Ц.Азбаярын ажлын үндсэн мөн чанар нь бизнесийн хөгжлийг хурдасгах юм гэж тодорхойлж болно.