Монгол улсад анх удаа үндэсний хиймэл оюунт виртуал ажилтан зах зээлд нэвтэрлээ.
IVA ямар ур чадварууд эзэмшсэн бэ?
Тэрээр байгууллагын мэдлэгийн сан, дата мэдээлэл, харилцааны түүхээс суралцан харилцах чадвараа богино хугацаанд тогтмол сайжруулах болон олон сувгуудад зэрэг хариу өгөх чадамжтай бөгөөд кирилл, этгээд латин бичвэр, англи, монгол хэлээр ойлгож, яг л хүн шиг харилцах чадвартай юм байна. Аливаа байгууллагын бизнесийн хамгийн чухал боловч хүний нөөцийн эргэц нь маш өндөр байдаг нэгж нь харилцагчийн үйлчилгээ тул виртуал ажилтны хамгийн эхний ажиллах салбар нь энэ болж байна.
IVA цогц системийг виртуал ажилтан болон бодит хүн чөлөөтэй хамтран ажиллах боломжтойгоор бүтээжээ. Харилцагчийн үйлчилгээний төвд үйлчлүүлэгчид дараах асуудлаар ханддаг гэж (State of customer experience 2019 survey by Hotjar) судалгаанд дурджээ.
Нийт хандалтын:
- 45% лавлагаа, мэдээлэл
- 20% тусламж, дэмжлэг
- 15% санал гомдол
- 20% нь бусад
IVA ажилтан нь харилцагчийн төвд хандсан нийт харилцааны 80%-д автоматаар хариулж, ажилтнуудын ачааллыг 3,5 дахин бууруулахын зэрэгцээ үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өсгөж, компанийн зардал бууруулах, ажилтны бүтээмжийг өсгөхөд хувь нэмрээ оруулан ажиллах гэнэ. IVA нь 7/24 турш ядрахгүй, маш эелдгээр харилцаж чадна.
Хүн өдөр тутмын нэгэн хэвийн механик ажил гүйцэтгэхээс илүүтэй бүтээлчээр сэтгэн, сэтгэл ханамжтай ажиллаж, өөрийн үнэлэмж, амьдралын чанараа дээшлүүлэхэд туслах зорилготой юм байна.
“Чимэгэ Системс”-ийн хамт олон виртуал ажилтнаар зогсохгүй түүний ажиллах ажлын талбарыг ч цогцоор нь бүтээж танилцуулсан. Тус ажлын талбар дээр бодит хүн, виртуал ажилтан, виртуал ажилтны туслахууд хамтран ажиллана. IVA виртуал ажилтан 12 сар гэхэд ярих чадвар эзэмшин дуудлагад хариу өгч, харилцааны хандлагыг мэдэрч, харилцаа бүр дээр сентимент дүн шинжилгээ хийж чаддаг болох нь.
IVA цогц системийг бүтээхэд дараах технологиудыг ашигласан бөгөөд 24 сарыг зарцуулжээ.
- “Болорсофт” хэл шинжлэлийн мэдлэг, туршлага, өгөгдөл
- “Эгүнэ” үндэсний үлэмж хэлний загвар
- “Чимэгэ Системс”-ийн бичвэрээс яриа, ярианаас бичвэрт буулгах технологи
Цаашид виртуал борлуулагч, виртуал маркетер, виртуал багш, виртуал хуульч, виртуал нийгмийн даатгалын байцаагч зэрэг салбар бүрд мэргэшсэн хиймэл оюунт виртуал ажилтнууд бий болж, бүх салбарт хувьсгал хийх боломжийг олгох юм байна.