Монгол Улсын засгийн газар аравдугаар сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр” хэмээн 2016 онд баталсан. Улмаар тус салбарын мэргэжилтнүүд нэгдэн ирээдүйн хөгжил, өөрчлөлт, гарц гаргалгааг жил бүр хэлэлцэн зөвлөлдөж, тэмдэглэсээр өдийг хүрчээ.
Хэдхэн жилийн өмнө хүний нөөцийн ажилтан хөдөлмөрийн гэрээн дээр ажиллаж, цаг бүртгэж, цалин хасдаг гэх ойлголттой байсан. Гэвч хүний нөөцийн ажилтан нь ажилтны бүтээмж, ажиллах орчин цаашлаад байгууллагын эерэг тогтолцоог хангах чухал үүрэгтэй. Энэ ч үүднээс салбар бүр ажилтныхаа аз жаргалтай ажиллах орчинд нэн анхаарах болжээ. Тус салбарынхан энэ оны “Хүний нөөцийн ажилтны өдөр”-өөр олон улсын хүний нөөцийн менежментийн хувьсал, шинэчлэлт, түүнд хэрхэн бэлэн байх, бэлдэх зэргийг зөвлөлдөн хэлэлцэж, салбарын экспертүүдээс үнэтэй илтгэл, зөвлөгөө сонсож, топ компаниудын тэргүүн туршлагыг судлан мэдлэгтээ хөрөнгө оруулалт хийж, туршлага судалсан арга хэмжээ боллоо.
Цалин ажилтныг хүчтэй идэвхжүүлэх мотиваци биш
Менежментийн ухааны нэрт судлаач Абрахам Маслов 1940-д оны үед хэрэгцээний таван шатлалын онолыг боловсруулсан. Товчхондоо тус онол нь хүний хэрэгцээг суурь буюу энгийнээс чухал байдал хүртэл нь эрэмбэлсэн. Харин К. Альдерфер түүний онолыг хэрэгжүүлэхэд хэтэрхий хөшүүн гэж үзэж, илүү хөгжүүлэн, гурван бүлэгт хувааж, тодорхойлсон байдаг.
Харин “Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн”-гээс “Есөн хүслийн судалгаа”-г хийх явцад монгол залуус ажлаас цалин хөлс, эерэг хамт олон зэргийг нэн тэргүүнд хүсдэг гэх үр дүн гарчээ. Угтаа бол цалин хөлс нь үндсэн гол хэрэгцээ бус үүнийг бүрдүүлэгч нөхцөл гэж дээрх онолуудад тусгасан байдаг. “Цалин сэтгэл ханамжгүй байдлыг байхгүй болгохоос тухайн ажилтныг хүчтэй идэвхжүүлэх, мотиваци болж чаддаггүй. Жинхэнэ мотиваци бол урам зориг, хүсэл эрмэлзэл, сэтгэл юм” гэдгийг Хүний нөөцийн хүрээлэнгийн Тэргүүн Б.Тэгшбүрэн тодорхойлж байлаа.
Тэгэхээр ажилтны аз жаргалд гол нөлөөлж буй хүчин зүйлсийг төрөл бүрийн шинжлэх ухаанд тодорхойлсон байдаг. Жишээ нь:
- Сэтгэлзүйн шинжлэх ухаанд: Сэтгэл ханамж, урам зориг, сэтгэцийн эрүүл мэнд,
- Эдийн засгийн шинжлэх ухаанд: Цалин хөлс, ажлын хөлс, нийгмийн баталгаа,
- Нийгмийн шинжлэх ухаанд: Ажил амьдралын уян хатан байдал, ажлын ачаалал,
- Удирдахуйн ухаанд: Удирдлагын арга барил, байгууллагын соёл, хамтын ажиллагаа,
- Хүн судлалын ухаанд: Ажилтны хандлага, үнэт зүйлс, авьяас билэг зэрэг нь ажилтны аз жаргалд нөлөөлдөг гэж тодорхойлдог аж.
Өнөө цагт эдгээр шинжлэх ухааныг цогцоор нь бүрэлдүүлсний үр дүнд ажилтны аз жаргалтай ажиллах нөхцөл бүрэлдэнэ гэж үзэж байгаа юм байна.
Хүний нөөцийн хүрээлэнгийн Тэргүүн Б.Тэгшбүрэн:
-Ер нь орчлон хорвоод хүн азаар заяаж, жаргахаар төрсөн гэдэг. Тэгэхээр бид ажилтны сэтгэл ханамж, урам зориг, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг хүчин зүйлийг нэн тэргүүнд нарийвчлан авч үзэх хэрэгтэй. “Сэтгэцийн эрүүл мэндийн талаар цар тахлаас хойш бүх салбарт яригдах болсон. Хүн өглөө тайван амгалан ажиллаа эхлүүлдэг. Улмаар бүтээмж алгуурхан өсдөг. 11:00 цагаас эхэлж бүтээмж нэмэгдэхийн хэрээр стресс мөн адил нэмэгддэг. Харин өдрийн 13:00 цагт стресс дээд цэгтээ хүрч бүтээмж буурдаг бол үдийн цайны дараагаар бүтээмж ахин өснө. Харин үдээс хойшоос эхэлж бүтээмж алгуурхан доошилно.
Ажил, амьдралын тэнцвэр, сэтгэл зүйн эрүүл байдал нь ажилтны аз жаргалд 30-40 хувиар нөлөөлдөг.
Бид бүгд үүнийг мэддэг хэр нь 18 цагаас хойш яагаад ажиллуулдаг юм бэ?
Угтаа бол бид бүтээмж нэмэгдэж буй цагуудад ажилтныг ажиллах нөхцөлөөр хангах хэрэгтэй. Харин бүтээмж буурч, стресс нэмэгдэх үеийг ажилтан өөртөө зарцуул. 40 цагаас илүү ажиллууллаа гээд бүтээмж өндөр ердийнхөөс өндөр гардаггүй. Сүүлийн жилүүдэд “Burn-out at work” гэх ойлголт хүчийг авч байсан бол хүрээ, нөлөөлөл нь нийгмийг хамаарах боллоо буюу “Burn society” хандлага давамгайлах боллоо. Тодруулбал уух дуртай кофеноосоо уйддаг байсан хүн оршин буй нийгмээс залхаж байна хэмээв.
Ажил, амьдралын тэнцвэртэй байдал, ажлын ачаалал, уян хатан байдал зэрэг нийгмийн хүчин зүйлс ажилтны аз жаргалд нөлөөдөг.
- Ажлын ачаалал: Хэт их ажлын ачаалал нь ажилтны стресс ядаргааг нэмэгдүүлж сэтгэл санааны эрүүл мэндэд сөргөөр нөлөөдөг.
- Ажил, амьдралын тэнцвэр: Зохистой тэнцвэртэй байдал нь ажилтны ажил, хувийн амьдралд сэтгэл ханамжтай байх боломжийг олгодог. Ингэснээр ажилтны аз жаргалд эергээр нөлөөлдөг.
- Ажлын сэтгэл зүйн эрүүл байдал: Эерэг, таатай ажлын орчин, удирдлагын урамшуулал, дэмжлэг нь ажилтны сэтгэл зүйд эергээр нөлөөлж, аз жаргалыг нэмэгдүүлдэг.
Эдгээр хүчин зүйлсийн нөлөөллийн хувь хэмжээ нь ажилтнаас хамаарч харилцан адилгүй байдаг. Гэвч ажил, амьдралын тэнцвэр, сэтгэл зүйн эрүүл байдал нь ажилтны аз жаргалд 30-40 хувиар нөлөөлдөг аж. Иймд байгууллагууд ажилтнуудынхаа ажлын ачаалал, ажил, амьдралын тэнцвэр, ажлын сэтгэл зүйн эрүүл байдлыг анхаарч, дэмжлэг үзүүлснээр ажилтны аз жаргалыг дээшлүүлэх боломжтой юм байна.
Ажилтны хандлага, үнэт зүйлс, авьяас чадвар зэрэг хүчин зүйлс ажилтны аз жаргалд нөлөөлдөг.
- Ажил амьдралын зорилго, үнэт зүйл: Тодорхой зорилготой, үнэт зүйлтэй хүн илүү сэтгэл ханамжтай байдаг.
- Хандлага сэтгэлгээ: Эерэг хандлагатай бүтээлч сэтгэлгээтэй хүн илүү аз жаргалтай байдаг.
- Нийгмийн харилцаа, дэмжлэг: Гэр бүл, найз нөхөд, хамт олны дэмжлэг нь хүний аз жаргалд чухал нөлөөтэй.
- Эрүүл мэнд, амралт, чөлөөт цаг: Эрүүл саруул байх, хангалттай амрах, чөлөөт цагаа зөв өнгөрөөх нь аз жаргалыг нэмэгдүүлэг.
- Хувийн хөгжил, суралцах боломж: Өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурах боломжтой байх нь ажилтны аз жаргалыг дээшлүүлдэг.
Аз гэдэг сэтгэл гүн ханамжтайгаар баяр баясалтай байхыг хэлдэг. Харин жаргал гэдэг нь бие сэтгэлийн зовлонгүй баясгалантай байдлыг хэлнэ.
Тэгвэл ажилтны аз жаргал, сайн сайхан байдлыг хангаснаар
- Чадварлаг мэргэжилтнүүдийг татах боломж бий болох
- Одоо ажиллаж буй ажилтны тогтворжилт сайжрах
- Хамт олны уур амьсгал, багийн ойлголцол нягтарч, харилцаа хурдтай болох
- Ажилтнуудын сэтгэл санаа тайван байснаар бүтээмжид эергээр нөлөөлнө
- Үйлчилгээ бүтээгдэхүүн хүнээс хамаарах тул харилцагч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж өсөж, тоо нэмэгдэнэ.
- Ажил олгогч, ажилтан, хэрэглэгч, хамрагч түнш гэсэн талууд нэгдсэн зөв харилцаанд орсноор бизнесийн эко систем тогтворжих зэрэг ач холбогдолтой гэдгийг Хүний нөөцийн хүрээлэнгийн Тэргүүн Б.Тэгшбүрэн онцолж байлаа.
Онцлох эшлэлүүд
Хүний нөөцийн хүрээлэнгийн Тэргүүн Б.Тэгшбүрэн
“Ажилтны “тогоонд” оруулсан хувь нэмрээр нь үнэлж, хуримтлагдсан ашгийг шударгаар хуваарил”.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал
“Бодлого тодорхойлогчид хүний эрхийн мэдрэмжтэй байх нь нэн чухал”.
“Интермэд” эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Цолмон
“Аз гэдэг сэтгэл гүн ханамжтайгаар баяр баясалтай байхыг хэлдэг. Харин жаргал гэдэг нь бие сэтгэлийн зовлонгүй баясгалантай байдлыг хэлнэ гэж монгол хэлний тайлбар тольд тайлбарласан байдаг. Эрүүл мэндийн салбарын хувьд харилцагч, үйлчлүүлэгчийн талархсан сэтгэл ажилтны сэтгэл ханамжид эергээр нөлөөлдөг”.
“Удирдлага ажилтнууддаа ямар ч тохиолдолд нээлттэй гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Долоо хоногийн зарим өдрийг нээлттэй хаалганы өдөрлөг болгож өнгөрүүлэх хэрэгтэй”.
“Скайтел ХХК”-ны Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн
“Дотоод ажилтнуудынхаа карьерын өсөлтөд анхаарч, урамшуулах хэрэгтэй. Энэ нь тухайн ажилтан болоод байгууллагын уур амьсгалд ч эергээр нөлөөлдөг”.
“Макс групп”-ын Хүний нөөцийн хэлтсийн захирал О.Солонго
“Ажилтан буюу хүмүүн баялагтаа чиглэсэн бодлого нь ажлын гүйцэтгэлийн өсөлтөд шууд нөлөөлдөг”.