Саяхан нэг найз маань “Одоо чи ер нь нэг өөрийн гэсэн хувийн бизнес эхлүүлсэн нь дээр байх. Сарын цалингаар амьдрах ч бас хэцүү ш дээ” гэж сануулав. Би тодорхой хариу хэлээгүй ч ер нь Монголд байгуулагдсан жижиг бизнесүүдийн амьдрах орчин хэр билээ гэсэн бодол төрлөө. Харин хэд хоногийн дараа Үндэсний статистикийн хороо “Бизнесийн демографик статистик” нэртэй эмхэтгэлийг анх удаа гаргасныг олж харлаа. Эндээс би өөрийн асуултын хариултыг олсон төдийгүй энэ нь жижиг бизнес эрхлэх хүсэлтэй хэн бүхний зүрхийг үхүүлмээр тоон үзүүлэлт, дүгнэлтүүдийг олж уншлаа.
Бизнесийн демографик гэдэг нь энгийн үгээр бол иргэдийн шинээр компани байгуулах хүсэл хэр байгаа, байгуулсан компани нь хэр урт насалж чаддаг (Survival rate), хэдий хугацааны дараа дампуурдаг (Death), ямар салбарын ямар компаниуд илүү шаанстай эсвэл хүндрэлтэй вэ гэх мэтэд дүн шинжилгээ хийсэн үзүүлэлт юм. Тус үзүүлэлтийг эдийн засгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлдэг гэдэг утгаар нь аж үйлдвэр, барилга, худалдаа, тээвэр дөрвөн салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийг хамруулан гаргажээ. Эдгээр дөрвөн салбарт 2024 оны байдлаар 62 мянга гаруй ААН үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ тэдний 74 хувь нь зөвхөн худалдааны салбарт ажиллаж байгаа нь бидний ихэнх наймаа хийдэг хэвээрээ байгааг илтгэж байна. Түүнээс гадна дээрх 62 000 мянга гаруй компанийн 87 хувь нь дунд ч биш, жижиг ч биш, бүр 1-4 ажилтантай бичил бизнесүүд юм. Энэ нь бидний ихэнх нь жижиг дэлгүүр эсвэл цехийн түвшинд бизнес эрхэлдэг гэсэн үг.
Тэгвэл дээрх компаниудаас хэд нь шинээр бий болж, хэд нь хэдий хугацааны дараа дампуурав?
Бизнес эхлүүлэх шалтгаан олон янз. Нэг хэсэг нь амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд, нөгөө хэсэг нь байгаа бизнесээ тэлэх, төрөлжүүлэхийн тулд, зарим нь хүсэл, мөрөөдлөө биелүүлэхийн тулд гэх мэт. Бизнес болгоны ард итгэл найдвар ба цөхрөл, амжилт ба алдаа, тэмцэл, сургамж, ялалт, ялагдал бий.
Хэрэв 2023 онд компаниуд шинээр үүсгэн байгуулагдсан түвшин 27.4 хувь байгаа нь иргэдийн дунд бизнес эрхлэх сонирхол өндөр байгааг илтгэнэ. Энэ нь магадгүй манай найзын хэлсэнчлэн “Ер нь өөрийн бизнестэй болъё” гэдгээс үүдэлтэй байх. Гэвч компаниуд байгуулагдсаны дараа юу болдог вэ? Харамсалтай нь, 2019 онд шинээр байгуулагдсан компаниудаас жилийн дараа гэхэд 82 хувь нь, харин дөрвөн жилийн дараа 56 хувь нь буюу 10 компани тутмаас тал нь л “амьд үлджээ”. Энэ бол эдийн засагт шинээр бий болсон компаниуд жил ирэх тутам оршин тогтнох чадваргүй болж байна гэсэн үг.
Салбараар авч үзвэл аж үйлдвэрийн салбарт компаниуд хамгийн богино насалдаг, тээврийн салбарт арай дөнгүүр байгаа дүр зураг харагдана. Мөн ажилтнуудын тоо цөөн байх тусмаа дампуурах эрсдэл хамгийн өндөр байна. Жишээ нь, 1-4 ажилтантай бол 10 компани тутмын тав нь, 5-9 ажилтантай бол 10 компани тутмаас гурав нь, 10-аас дээш ажилтантай бол 10 компани тутмын тав нь дөрөв нь таван жилийн дараа гэхэд зах зээлээс алга болж байна. Эндээс дүгнэхэд, Монголын бизнесийн орчинд жижиг, бичил бизнесүүд оршин тогтнох боломж улам хумигдсаар байна. Ялангуяа эдийн засагт өсөлтийн хүндийн жинг даах учиртай аж үйлдвэр болон барилгын салбарт бүр ээлгүй болж байна.
Үйл ажиллагаа зогсолтын түвшин, ажиллагчдын тооны бүлгээр, хувиар
Яагаад ийм олон компани, тэр тусмаа жижиг компаниуд дампуурч байна вэ? Хөрөнгө оруулалт, эдийн засгийн орчин, ажиллах хүчний хомсдол гэх мэт гадаад хүчин зүйлс, стратеги болон үйл ажиллагааны (менежмент) чадамж зэрэг дотоод хүчин зүйлсээс болж компаниуд дампуурдаг.
Хэдийгээр эдийн засгийн макро үзүүлэлтүүд тогтвортой байгаа ч нэг компанид ногдох орлого багассаар байгааг судлаачид бичиж байна. Нөгөө талаас ажилгүйдлийн түвшин зохистой түвшнээс доогуур байгаа нь улс даяараа мэргэжлийн хүний нөөц, ур чадварын хомсдол нүүрлэснийг илтгэнэ. Хүний нөөц тогтохгүй, цалингаа өсгөх шаардлага нь хөдөлмөрийн зардлыг улам нэмж байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон хөлснөөс шимтгэл суутгах тооцохоор заасан нь цалингийн зардлыг улам нэмснийг олон бизнес эрхлэгч хэлж байгаа. Зарим нь энэ бол хөдөлмөрийн харилцаа, бизнесийн харилцаа хоёрыг хольсон хэрэг гэж үзэж байна.
Үүн дээр нэмээд инфляцын өсөлт жижиг бизнесийн ашигт ажиллагаанд улам дарамт болдог. Мөн сүүлийн жилүүдэд банкны систем дэх чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл тогтмол өссөөр 2023 оны эцсээр хоёр их наядыг давсан. Энэ нь компаниуд зээлээ эргэн төлөх чадамж, шинээр санхүүжилт авах боломж хумигдсаар байна гэсэн үг. Банкаар дамжуулж олгодог засгийн газрын төрөл бүрийн хөнгөлөлттэй зээлийн хувьд жижиг компани гэхээс илүү барьцаа хөрөнгө болон бусад шаардлагыг хангаж чадах томоохон компаниуд эсвэл тэдгээрийн охин компаниуд голдуу аваад дуусдаг.
Энэ мэт шалтгааны улмаас жижиг бизнесийн амьсгалах хүчилтөрөгч улам багассаар байна. Алтай хотхонд гэр бүлийн хүний кофе шоп ажиллуулдаг нэгэн танил маань сүүлийн жилүүдэд байдал улам хэцүүдэж байгаа, баристагийн цалин, түрээс гэх мэт урсгал зардлуудын доороос босож чадахаа байсныг ярьж байна.
Ингээд бодоход ер нь хувийн бизнес эхлүүлэх хэрэг байна уу гэсэн эргэлзээ төрнө. Магадгүй олон монголчуудад ийм эргэлзээ төрдөг учраас эцсийн эцэст тэд маань чемоданаа боогоод нисэх онгоцны буудлыг зүглэдэг байх.