600 гаруй монгол бизнесмэн Хүмүүс, Стратеги, Гүйцэтгэл, Бэлэн мөнгө гэсэн үндсэн дөрвөн сэдвийн дор тойрон хэлэлцлээ. Эдгээр сэдвийн онол арга зүй, урагшлах чиг хандлагыг тайлан таниулах үүднээс салбар, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд өөрийн практик, компанийнхаа туршлагад тулгуурлан илтгэл тавьсан юм.
Бизнесийн өсөлтийн менежментийг тал бүрээр тусгахыг зорьсон тус “Growth summit Ulaanbaatar-2019” чуулганд Монголын болоод Монголд ажиллаж буй удирдах түвшний гадаад захирлууд төдийгүй өсөлтийн менежментийн системийн зохиогч Верн Харниш олнайнаар холбогдож, маркетинг болон менежментийн арвин туршлагатай нэртэй илтгэгч Нирит Харел Монголд хүрэлцэн ирж илтгэлээ тавьсан.
Тэдний дундаас “М Си Эс Холдинг”-ийн гүйцэтгэх захирал Л.Гантөмөр, “Датаком”-ын үүсгэн байгуулагч Д.Энхбат, “Анд Глобал” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайханы илтгэл бизнес эрхлэгчдийн анхаарлыг татлаа.
Тухайлбал, Л.Гантөмөр өсөлтийг хэрхэн хангасан тухай туршлагаа компанийнхаа туулж ирсэн түүхэнд тулгуурлан өгүүлсэн бол Д.Энхбат өсөлтийн менежментийг хийж болох монгол арга замыг аж үйлдвэрийн хувьсгалын онол, практикт тулгуурлан тайлбарлав.
Тэгвэл В.Баярсайхан LendMN финтек гарааны бизнесээ хэрхэн 30 сая долларын үнэлгээтэй болгосон тухай менежментийн нууцаасаа хуваалцсан. Монголын салбар, салбарын бизнесмэнүүд оролцсон “Growth summit Ulaanbaatar-2019” ирэх онд дахин зохион байгуулагдах юм байна.