Обзерв Консалтинг ХХК-ийн үүсгэн байгуулагч, менежментийн зөвлөх, “Чанарын философи” номын зохиогч Д.Отгонбаттай ярилцлаа.
Та Обзерв Консалтинг ХХК-ийн түүхээс товчхон яривал?
Үнэндээ анх тийм ч айхтар холыг харж эхлээгүй. Тухайн үед би гаднын лабораторид ажилладаг байлаа. Тус лаборатори ISO стандарт нэвтрүүлснээр ажлууд эмх цэгцтэй болж, бүтээмжгүй, ачаалал ихтэй ажлууд цэгцрэх зэрэг эерэг үр дүн гарч эхэлсэн. Үүнээс үүдэж бусад бизнес эрхлэгчдэд үүнийг түгээе, сургая гэх зорилгоор бизнесээ эхэлсэн.
Ер нь зөвлөх үйлчилгээнд харилцагчаа зөв таньж, хэрэгцээг нь ойлгож, асуудлыг тодорхойлох нь чухал. Үүнийг бид англиар“оbserve” гэж ярьдаг, тайлан мэдээллийг нь “Observation” гэж хэлдэг. Тиймээс OBSERVE гэдэг үгийг сонгож брэндийн нэр болгосон Мөн энэ үгний эхний хоёр үсэг болох “Ob” нь миний нэрийг, сүүлийн SERVE гэдэг нь үйлчилгээ гэдэг санааг бас илэрхийлж байгаа юм.
Доналд Трампын бичсэн нэгэн номд “Хэрэв чи бизнес эхлүүлж буй энтрепренер бол бизнесээ өөрийн нэртэйгээ холбо. Ер нь нэрээ шингээсэн бизнесээ хүн хэзээ ч унагахыг хүсдэггүй” гэж бичсэн байдаг. Нэртэйгээ холбосноор бизнестээ илүү итгэл үнэмшилтэй, хичээл зүтгэлтэй байх болно гэсэн санаа. Мэдээж анх ганцаараа эхэлж байсан, 2011 он шүү дээ. Цаг хугацаа ч хурдан юм. Одоо бид олуулаа болж 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Та олон жил бизнесийн гүнд ажиллаа. Манай улсад бизнес сэтгэлгээ хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Сэтгэлгээний хувьд өөрчлөлт үргэлж явагдаж байгаа. Гол нь аль түвшинд хамааруулж ярьж байна вэ гэдэг нь чухал. Бизнес гэдэг зүйлийг зөвхөн надад мөнгө өгөх ёстой биш гэдгийг нийтээрээ ойлгож эхэлж байна. Бизнес гэдэг нь яаж ийгээд мөнгө хийх зорилготой гэж боддог үе нийтлэг байсан байх. Угтаа бол бизнес хэн нэгний хангагдаагүй хэрэгцээ, шаардлагыг зөв арга замаар хангахын сацуу өөртөө болон хэрэглэгч, ажилтнууд, улмаар нийгэмдээ үр ашиг өгдөг бүтэц шүү дээ. Бүх бизнесмен энэ итгэл үнэмшлийг бэхжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр жинхэнэ бизнесийн зарчмаар явбал бүх тал хожигч юм. Үүнийг ойлгож, бизнес хийх хэрэгтэй. Ингэснээр цаашдын замын зураг тодорхой гарч эхэлнэ.
Ур чадваргүй ажилтан бүх талаараа маш том эрсдэл. Сургана гэдэг санааг сургалт хийх (явуулах) гэдгээс ялгаж ойлгомоор байна. Сургана гэдэг нь хөгжүүлж сургана гэсэн санаа юм шүү.
Өөрөөр хэлбэл, бизнесийн эрхэм зорилго, алсын хараа гэх зүйлсийг тодорхойлох боломжтой болно. Үүнийг ойлгосон хүн бизнесээ системээр нь харж эхэлдэг. Харин ашиг л бодоод байвал хагас дутуу харна. Жишээлбэл, зүгээр л хоолны бизнес эрхлэх гэж зорих нь харилцагчийн ямар хэрэгцээг хангахаа дутуу харж байна гэсэн үг. Харин яарч яваа хүмүүсийн хоол идэх хэрэгцээг хангая гэвэл жинхэнэ бизнес нүдээр харж байна гэсэн үг. Мэдээж бизнесийн гол зорилгуудын нэг нь хөрөнгө оруулагч, эздийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх явдал учраас зардлыг аль болох бага байлгах нь үргэлж чухал. Харин зардлыг бага байлгахад бүтээмж маш чухал. Би жинхэнэ бизнесийн тухай ярьж байна шүү. Жинхэнэ бизнес биш бизнесүүдийн тухай би мэдэхгүй. Жишээ нь “тендер цохидог” төрлийн бизнесүүдийн тухай яриагүй. Эдгээр бизнесийн ард бизнесийн дүрэм биш, харин тохироо, арын хаалга зэрэг ширэнгийн дүрэм үйлчилдэг байх.
Хөрөнгө оруулалтын суурь нь итгэлцэл гэдэг. Тэгвэл хөрөнгө оруулалтыг бид хэрхэн ойлгож, авч явах ёстой гэж боддог вэ?
– Хөрөнгө оруулалтын харилцаанд итгэлцэл үүсэхэд тухайн төслийн потенциал чухал. Өөрөөр хэлбэл хүмүүс ТЭЗҮ, бизнес төлөвлөгөө, төсөл гэж ярьдаг. Угтаа бол тухайн төсөл, бизнес нь үйл ажиллагаа, нийгэм, санхүүгийн хувьд ямар үр ашигтай вэ гэдгийг тооцон харуулж буй баримт бичгийг олон янзаар нэрлээд байгаа юм.
Гол нь энэхүү баримт бичиг үнэн зөв тооцоон дээр үндэслэж байж сая итгэлцэл үүсдэг. Хэн ч “Надад сайхан бизнес санаа байна, хамтаръя” гэж хэлж чадна. Санаанд хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй шүү дээ. Тэгэхээр үнэхээр сайн санаа байгаа бол, үүнийг бодит болгохын тулд бизнес төлөвлөгөө, төслийг нь сайн хийж, тооцоо үндэслэлээ сайн гаргах хэрэгтэй. Гол нь санаагаа төлөвлөгөө болгож боловсруулах хэмжээний мэдлэг, ойлголт, техник ур чадвар, туршлага дутаж байна. Хэрэв өөрөө чадахгүй бол энэ үйлчилгээг чанартай сайн гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээг авах хэрэгтэй. Компанийнх нь нэрийг нь солиод тавьчихдаг “төсөл бичиж өгнө”-чүүдийн тухай яриагүй шүү. (инээв)
Манай улсад компаниуд Европ, Японд байдагтай адил урт хугацааны турш оршин тогтнох хөрс бий болсон уу?
-Миний бодлоор боломж нь бий болсон. Компанийн хоёрдугаар үед удирдлага шилжиж буй жишээнүүд нэмэгдэж байна. Тэд стратегиа өөрчилж, улмаар цаг үеийнхээ нөхцөл байдал, хэрэглэгчийн зан төлөв, зах зээлд нийцүүлж ажиллаж байна. Одоо манай бизнесүүд зөвхөн Монголоор хязгаарлагддаг байсан үе ард хоцорлоо. Мэдээж өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй 75 мянга гаруй байгууллага бүгд “100 наслах”-гүй байх л даа. Гэвч эдгээр бизнесээс урт хугацаанд оршин тогтнох бизнес цөөнгүй байгаа. Угтаа хэрэглэгчид төвлөрч, чанарыг эрхэмлэж, технологийг нэвтрүүлж, өрсөлдөх чадвараа цаг ямагт дээшлүүлж чадсан компани “100 насална”. Яг одоо манай бизнесүүдийн өрсөлдөх чадварт бүтээмж маш чухал болсон цаг үед бид ажиллаж амьдарч байна. Одоо “хүн олдохгүй байнаа” гэх үг бүх удирдлагын амнаас гарч байгаа. Тэгвэл хүн олох, нэмэх гэхээс илүүтэйгээр одоо байгаа хүнээрээ илүү бүтээмж яаж гаргах вэ гэдэг асуултад хариу хайх шаардлагатай байна. Энэ асуултын хариу нь бүтээмж байх боломжтой.
Бид ерөнхийдөө бүтээмж багатай улс, тэрийгээ дагаад бизнесүүд маань ч бас бүтээмж багатай, дэлхийтэй харьцуулбал хэдэн зуу дахин бага бүтээмжтэй байна. Ийм бүтээмжтэйгээр дэлхийд гарна гэж ярих нь утгагүй. Гэхдээ нөгөө талаас энэ сайн мэдээ л дээ. Танай байгууллага бүтээмжээрээ түрүүлж, өрсөлдөөнд ялан дийлэх боломж байнаа л гэсэн үг.
Тэгвэл бүтээмжийг яаж нэмэгдүүлбэл зохих вэ?
-Үүнд гурван төрлийн арга зам буюу стратеги бий. Нэгдүгээрт технологи нэвтрүүлэх. Үүнд хөрөнгө оруулалт шаардлагатай, хүмүүсээ технологид сургахад цаг хугацаа шаарддаг. Гэхдээ үр дүнд нь бүтээмж огцом нэмэгддэг. Жишээ нь, манай байгууллагын хувьд бид зөвлөх үйлчилгээний төслөө удирдахдаа төслийн удирдлагын программ нэвтрүүлснээр, мөн сургалтыг зарим хэсэгтээ цахим сургалтын систем нэвтрүүлснээр бүтээмжээ хэд дахин нэмж чадсан. Санхүүгийн ажилтангүйгээр санхүүгийн менежментээ удирдаж болж байна. Хэрэв технологид хөрөнгө оруулах боломж хязгаарлагдмал байгаа бол хоёр дах арга буюу процессоо сайжруулах арга замыг сонгох нь зүйтэй. Ингэхдээ хөрөнгө оруулалт (жишээ нь технологи) болон цаг хугацаа нэг их шаардахгүй ч процессуудыг илүү хурдтай, бага зардалтай, ахиу гарцтай байхаар зохион байгуулж, ажиллуулах хэрэгтэй. Энэ зорилгоор хэрэглэдэг олон арга хэрэгсэл, хандлагууд бий. Эдгээрээс 6 сигма хандлага маш их үр дүнтэй.
Гурав дахь нь уламжлалт арга буюу ажилтнаа чадавхжуулах, өөрөөр хэлбэл, сургаж хөгжүүлэх. Ур чадваргүй ажилтан бүх талаараа маш том эрсдэл. Сургана гэдэг санааг сургалт зохион байгуулах гэдэгтэй хольж ойлгодгоо болимоор байна. Сургана гэдэг нь хөгжүүлж сургана гэсэн санаа юм шүү. Хөгжүүлж сургахын тулд олон талын үйл ажиллагаа байж болно. Сургалтад хамруулах, дасгалжуулах, дадлагажуулах, итгэл, урам зориг өгөх, алдах боломжийг нь өгөх, бие даалгаж сургах, сорих гэх мэтээр. Сурч чадваржсан ажилтан байгууллагад маш их үнэ цэн өгдөг. Жишээ нь, ихэнх байгууллагад бараа материалын үлдэгдлийг тоолох, тооллого хийх гэдэг нэг ажил заавал байх ёстой юм шиг байдаг. Гэтэл тооллого хийх гэдэг ажлыг байхгүй болгож (шаардлагагүй ажил учраас) болно. Хэн нэг мэдлэг чадвартай ажилтан, энэхүү барааны орох гарах урсгалыг MS excel-ээр эсвэл дундын Google sheet ашиглаад (барааны удирдлагын системгүй байгууллага гэж бодъё л доо) бүртгэл хяналт хийчих боломжтойг олж хараад яг тэр ёсоор хийчихлээ гэж бодъё л доо. Тэгвэл тооллого хийх шаардлагагүй болж энэ ажилд зарцуулж байсан бүх хүн хүч, цаг хугацаа хэмнэгдэж байна гэсэн үг.
Та хүнээ сургах тухай ярилаа. Монголын бизнесүүдийн хувьд хүнээ сургах нь тун ярвигтай асуудал. Байгууллага хүнээ сургаад хөгжүүлэхээр нөгөө хүн нь өөрөө бизнес хийнээ гээд ажлаас гараад явчихдаг үзэгдэл нийтлэг байдаг.
Аль ч байгууллага дээр энэ үзэгдэл нийтлэг байна. Гэхдээ энэ нь монгол хүмүүсийн яс чанар муудсанаас, эсвэл улам их шуналтай болоод байгаагаас тохиож буй зүйл биш юм. Энэ бол яалт ч үгүй манай онцлог. Манай улс аль ч салбар өсөн тэлэх боломжтой хөгжиж буй зах зээл, өөрөөр хэлбэл боломж ихтэй улс. Дээрээс нь бид цөөхүүлээ, ажил хийдэг нь бүр цөөхөн (Халамж их байгаа нь ажил хийдэг хэсгийг багасгахад бас нөлөөлж буй).
Энэ утгаараа хүмүүс ажлаас гарч өөр газарт ажилд орох, хувийн бизнесээ эхлүүлэх гэх мэт үзэгдэл түгээмэл. Тэгэхээр чадваржаагүй хүмүүсээр бүтээмж багатай ажиллах, хүнээ сургаж бүтээмжээ нэмэгдүүлэх ч чадваржсан хүнээ алдах эрсдэлтэй нүүр тулах гэсэн энэ хоёр сонголт удирдлагын хувьд шийдвэр гаргах л ёстой dilemma буюу хоёрдмол байдал. Яаж ч бодсон нь хоёр дахь сонголтыг л хийх биз ээ. Харин сурсан хүнээ тогтоон барих менежменттэй байх ёстой.
Мэдээллийн технологи, тэр дундаа автоматжуулалтын шийдлүүдийг оновчтой ашиглаж чадвал цөөн хүнтэй ч бүтээмж нэмэгдэж, зардал буурдаг.
Шинээр ур чадвартай хүмүүс татах, түлхүүр ажилтнуудаа тогтоон барихын тулд ямар бодлого баримтлах ёстой гэж боддог вэ?
Технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, стратеги болон бизнес моделио өөрчлөх зэрэг стратегийн түвшний шийдвэрүүд гаргах хэрэгтэй болов уу. Нэгэнт ажиллах хүчгүй болсон хэсгийг хаяж илүү чадаж буй хэсгийнхээ бүтээмж, гарцыг нэмэгдүүлэх боломжтой. Ер нь стратегийн түвшинд томоохон өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй болж байна. Бүх асуудлыг хүний оролцоо, цалингийн хөшүүргээр шийдэх гэж оролдох нь утгагүй.
Ярианы эхэнд би бизнесийн үр ашгийг бүх тал хүртэх ёстой гэж ярьсан даа. Тиймээс чадваржсан, бүтээмж бий болгодог ажилтнууд ч бизнесийн үр ашгаас хүртэлцэх боломжтой (санхүүгийн болон санхүүгийн бус) тийм менежментийг удирдлага хэрэгжүүлэх ёстой болж байна гэсэн үг. Хоёулаа бүтээмж ярьж байгаад, сургалтын процесс, хүний нөөцийн менежмент, санхүүгийн менежмент руу ороод явчхаж байна. Бизнес бол ингэж систем байдлаар удирддаг зүйл гэдгийг бид байнга л ярьдаг.
Тэгэхээр бизнесүүд маань тулгараад байгаа асуудалдаа шийдэл хайхдаа цогц байдлаар хандах нь зүйтэй. Үүнд зөвлөх үйлчилгээний үнэ цэн оршдог гэж би хувьдаа үздэг.
Бизнестээ хэрэгтэй зөвлөх, зөвлөх үйлчилгээг оновчтой сонгох нь олон бизнес эрхлэгчдэд сорилт болдог. Зөвлөх үйлчилгээг ашиглахдаа ямар зарчмыг баримталбал зохистой вэ?
Манай улсын зөвлөх үйлчилгээний салбар харьцангуй залуухан. Энэ утгаараа зөвлөх үйлчилгээний төслүүд дээр асуудал гарах нь бий. Үйлчлүүлэгч зөвлөгөөг шингээж хэрэгжүүлж чадахгүй зөвлөхөө муулаад үлддэг тохиолдол цөөнгүй. Эсрэгээрээ зөвлөхүүд нь чадамжгүй байх нь ч бий. Иймээс анхнаасаа зөвлөх сонгохдоо хянуур болгоомжтой, нямбай хандах хэрэгтэй л дээ.
Чанар хямд байдаггүй нь угаасаа байгалийн үнэн буюу аксиом. Зөвлөхүүдтэйгээ уулзалт хийж, тэдэнтэй өөрсдийн хүлээлт, тулгарч буй асуудал, хүсэж буй үр дүн, зорилго дээрээ сайтар ойлголцох хэрэгтэй.
Бид зөвлөх үйлчилгээ сонирхож буй “айл”-уудад хоёр асуулт тавьдаг. Нэгт, танай байгууллага зөвлөх үйлчилгээгээр ямар асуудлыг шийдэхийг хүсэж байна вэ, дор хаяж гурван асуудлаа бич гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний тархийг ажиллуулах гэж. Хоёрт, зөвлөх үйлчилгээ авснаар хүрэхээр зорьж буй үр дүнгүүдээ бич гэдэг. Ингэснээр зөвлөх үйлчилгээнээс үр дүн гарах боломж аль аль талд нээгдэнэ. Зөвлөх үйлчилгээг үр дүнтэй удирдахад чиглэсэн ISO 20700 гэх стандарт байдаг. Хүсвэл тэр стандартыг судлаад хэрэглэх боломжтой. Бид ч тэр стандартаа барьж ажилладаг. Харин байгууллага зөвлөх үйлчилгээ авч буйгаа процессоор нь авч үзвэл байдал арай өөр. Өөрөөр хэлбэл, зөвлөх үйлчилгээ авч зөвлөхтэй хамтран ажиллаж байгаа нь өөрөө процессын дагуу явагдаж байгаа бол. Иймд тэр процессоо яаж дэглэх (зохиох) вэ, хэрхэн ажиллуулах вэ гэдгээ бодоод процессыг нь зураглаж ойлгоод, түүнийгээ бариад ажиллавал маш үр дүнтэй удирдах боломжтой.
Нэг талаас таны асуултад хариулт болгон хэлэхэд, нөгөө талаас байгууллагуудад хандан зөвлөгөө болгож хэлэхэд, зөвлөх үйлчилгээ авч буй үйл ажиллагаагаа “төсөл” гэж үзэж төслийн удирдлагын процессуудаар удирдвал ямар ч зөвлөх үйлчилгээний төслийн үр дүнд хүрэх магадлал нэмэгдэж гэдгийг л хэлмээр байна. Үүндээ ISO21500 гэдэг стандартыг судлаад хэрэглэж болно (PMBOK гэх мэтийн том стандартуудтай харьцуулахад хэрэглэхэд илүү хялбар, энгийн байдаг). Манай байгууллага бүхий л зөвлөх үйлчилгээгээ энэ стандартаар хандаж удирддаг. Үр дүнтэй шүү.
Менежментэд ашигладаг олон төрлийн загвар, систем, онолын арга хэрэгсэл байдаг. Гэтэл тэдгээрээс сонгоод хэрэгжүүлэх гэхээр багийн чадамж хүрдэггүй байдал нийтлэг. Энэ зөрүүг яах ёстой вэ?
Аливаа онолын арга хэрэгслийг дуулсан төдий мэддэг байх нь нэг хэрэг, гэхдээ түүнийг хэрэглэж чаддаг байх нь тэс өөр хэрэг. Ихэнх тохиолдолд энэ чадамж дутдаг. Жишээ нь, “SWOT” шинжилгээ гэхээр бараг л хүн бүр дуулсан, ямар нэг байдлаар ашигладаг. Олон компани SWOT шинжилгээ хийхдээ байгууллагынхаа олон жил үйл ажиллагаа явуулж буйг давуу тал гэж үздэг. Гэвч өрсөлдөгч ч мөн адил олон жил ажилласан бол энэ танай давуу тал огт биш. Ер нь олон жил ажилласан гэдэг нь давуу тал биш. Харин олон жил тогтвортой ажилласныхаа үр дүнд зах зээлд танигдаж чадсан бол давуу тал байж болно. Тодруулбал, бусад байгууллага танай түвшинд хүрэхэд их хугацаа, хөрөнгө мөнгө, мэдлэг, нөөц шаардахаар байгаа бол түүнийг л жинхэнэ давуу тал гэнэ.
“Хүн олдохгүй байнаа” гэх үг бүх удирдлагын амнаас гарч байгаа. Тэгвэл хүн олох, нэмэх гэхээс илүүтэйгээр одоо байгаа хүнээрээ илүү бүтээмж яаж гаргах вэ гэдэг асуултад хариу хайх шаардлагатай.
Өөр нэг түгээмэл алдаа гэвэл Эрсдэлийн Үнэлгээ хийх матрицын аргачлал дээр нэлээд гарч ирдэг. Аюул, эрсдэл хоёрыг огт ялгадаггүй. Жишээ нь эрсдэлийн үнэлгээ хийж байхдаа Орос-Украйны дайныг шууд л эрсдэл гэж үзэх гээд байдаг. Гэвч энэ эрсдэл огт биш энэ харин аюул эсвэл, аюул үүсэх үйл явдал байж болно. Энэ аюул эсвэл үйл явдал тохиох магадлал хэр вэ, түүнээс нь ямар үр дагавар гарч болох вэ гэдэгт хариулбал тэр нь эрсдэл юм. Энэ мэтчилэн мэдлэгийг ашиглахад ч зөв мэдлэг хэрэгтэй. Арга хэрэгслүүд дангаараа үр дүн авчрахгүй. Тэдгээрийг заавал “мэдлэг”-тэй хослуулан хэрэглэх хэрэгтэй. Тиймээс зөвлөхүүд бид заримдаа зөвлөхөөс гадна багшийн ажил ч хийх тохиолдол гардаг.
Чанарын мэргэжилтэнтэй уулзсаных, чанарын тухай асуухгүй байж болохгүй байх. Чанарын ойлголт яаж хувьсан өөрчлөгдөж байна вэ?
-Бүх зүйлс хувиран өөрчлөгддөгийн адилаар чанарын ойлголтууд ч өөрчлөгдөж байна. Орчин цагт технологи бол чанар юм гэж ярих боллоо. Жишээ нь, бид зөвлөх үйлчилгээг алдаагүй, цаг хугацаандаа, мөшгөх боломжтой, хариуцлагатай, үр дүнтэй үзүүлэх боломжийг мэдээллийн технологи олгож байна. Тэгэхээр чанарыг хангахын тулд технологи ашиглах нь бүтээмжийг нэмэгдүүлж, алдааг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлдэг байх нь. Чанар технологитой нэг цул болсон гэсэн үг.
Чанарыг мөн хүнтэй холбон тайлбарлаж байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээнд технологи ашиглаж, автоматжуулж бүтээмжийг нэмэхийн тулд хүний мэдлэг, ур чадвар хэрэг болно. Харин шаардлагатай мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлдэхийн тулд хүндээ хөрөнгө оруулах хэрэгтэй.Тэгэхээр орчин үед технологийг ашиглаж чаддаг хүмүүс чанарыг бий болгож байна гэсэн үг. Мэдээж уламжлалт ойлголт болох, чанарыг удирдахын тулд процессыг нь удирд гэдэг зарчим хэвээр явж байна.