Монгол хэлний тайлбар тольд “Өглөөний нарнаар өдрийг барина” буюу эртлэн босож аливаад шамдах нь өдрийн бүтээмжид өгөөжтэй гэх утгатай зүйр үг бий. Тэгвэл бизнес эрхлэгч, энтрепренерүүдэд урам зориг өгөх зорилготой сар тутмын “Бизнес Цэнэг” өглөөний уулзалт энэ сарын 29-нд Galleria Ulaanbaatar-т амжилттай боллоо.
Өглөөний уулзалтад оролцогчид туршлагатай бизнес эрхлэгчид, бизнесийн зөвлөхүүдтэй нетворкинг, түншийн харилцааг үүсгэсэн юм. Мөн тэд уулзалтыг зохион байгуулагч Business.mn болон дэмжигч байгууллагуудын санал болгож буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа.
Сүүлийн үед манай улсын ууган компаниудаас өгсүүлээд урган бойжиж буй шинэ бизнес эрхлэгчид бүгд дэлхийн зах зээлд хөл тавихыг эрмэлзэх болжээ. “Бид дараагийн түвшин, шинэ зах зээлд гарахын тулд компаниуд хамтран, байнгын үр өгөөжтэй харилцсаны үр дүнд амжилтад хүрнэ” гэх яриа бизнесийн орчинд дэлгэрэх боллоо. Иймд Business.mn-ий хамт олон “Бизнес Цэнэг” өглөөний уулзалтыг сар бүр зохиохоор болж байгаа юм. Ингэснээр бизнес эрхлэгчид салбар бүрийн үлгэр жишээ сайн туршлагаас суралцаж, бизнесийн хамтрагчидтай танилцах өргөн боломжтой аж.
Анхны өглөөний уулзалтад зах зээлд бизнесээ амжилттай тэлж буй “Инвескор Капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Л.Билгүүн, “Монкрем” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Уранчимэг, “Царамтайн Арвай” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Жавхланбаяр нар зочдоор оролцож, өөрсдийн тэргүүн туршлагыг таван минутад товчхон хуваалцсан юм. Харин үндсэн илтгэгчээр Датаком болон Business.mn-ий үүсгэн байгуулагч Д.Энхбат оролцлоо. Тэрбээр “Холбоосууд ба Таны бизнес” сэдвээр өглөөний уулзалтад оролцогчдод илтгэл тавьсан юм. Иймд түүний илтгэлийг тоймлон хүргэе.
Шүдээ зуугаад, сайн ажилласаар байх уу? эсвэл…
Датаком болон Business.mn-ий үүсгэн байгуулагч Д.Энхбат:
-Архитектор хүн байшингаа гаднаас нь харж, ажилладгаас биш хэзээ ч өөрөө цемент зуурдаггүй. Гэтэл манай бизнесийн удирдагчдын дунд хайрцаг баглаанаас эхлээд бүх түвшний ажилд гардаж, оролцдог нийтлэг алдаа бий. Мөн тэдний ихэнх нь ажлын байр, бизнесээ ялгадаггүй. Өөрөөр хэлбэл ажил хийж буйгаа бизнестэй андуурдаг. Үүнийг бизнесийн тэг түвшин буюу бизнес эзнийгээ тойрч байх зарчим гэдэг. Өөрөөр хэлбэл эзэн нь байхгүй тохиолдолд компани алга болдог. Эсвэл тоглоомын дүрмийг шинэ эзэд нь өөрчилдөг. Энэ төрлийн бизнес эзнээс гүн хамааралтай учир тэдэнд амрах, амьдрах зав гардаггүй.
Товчхондоо бол бизнес ажлын байр биш систем юм. Тэгэхээр бизнесийн систем гэдэг нь бүтэц, процесс төлөвлөлт, оновчтой судалгаа зэргийг цогцлоосон бие даасан тогтолцоог хэлнэ. Ингэснээр бизнес тань таны оролцоогүйгээр өсөж, томорч, хөгжих болно. Дэлгэрүүлбэл бизнесийн систем нь нэг цул баг болж ажиллах хүмүүс, тэдний стратеги, ажлын процесс, технологи билээ. Гол энэ бүхнийг бүтээж, тасралтгүй суралцаж, суралцсанаа алхам алхмаар уйгагүй хэрэгжүүлж байж амжилтад хүрнэ.
Жишээ нь MacDonalds хэдийгээр тансаг амттай хоолоор үйлчилдэггүй ч дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй компани. Тус газрын олон жилийн тогтвортой оршин тогтнож буй нууц нь систем. Системийг бий болгосноор цөөрмийн алтан загас далайд гарах эхний алхам, киногоор бол цоо шинэ анги. Манай бизнес эрхлэгчид хуучин цагийн амьд үлдэх зарчим буюу дэлхий сүйрсэн ч ганцаараа амьд үлдэх аятай ажилладаг. Тодруулбал багын тоглолтыг огт зохион байгуулж чаддаггүй. Дангаараа ажиллахад асуудалгүй хэр нь нэгдэж нийлэхээрээ системээ босгож ч амжилгүй бутраачихдаг. Энэ бол бидний дэлхийн зах зээл, компаниудаас хоцрогдож буйн том шалтгаан.
Бизнес эрхлэгчид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Та хөлбөмбөгийн тэмцээнд хэчнээн сайн оролцсон ч бусад 10 тоглогч тань муу бол хэзээ ч ялж чадахгүй. Яагаад гэвэл хөлбөмбөг бол багын тоглоом. Үүнтэй адилаар дэлхийн худалдааны талбарт багын тоглолт амжилт үзүүлдэг. Маш энгийнээр хэлэхэд системээ босго. Хэрэв хийгээгүй бол та өөртөө л ажил зохиосон гэдгийг дахин дурдъя. Систем байгуулахын тулд мэдлэгтэй байх шаардлагатай. Хамгийн сайн суралцах арга нетворкинг хийх. Зөвхөн хамтдаа дараагийн түвшинд гарна. Учир нь системийн тоглолтод ганц хүн хэзээ ч гардаггүй.
Систем байгуулна гэдэг мөнхийн процесс. Иймд нурж болно. Тэгвэл дахиад л байгуул. Учир нь систем хайрцагласан бүтээгдэхүүн биш. Цэргийнхэн үргэлж төлөвлөдөг. Гэхдээ тэд төлөвлөснөөр тулаан болохгүйг сайн мэддэг. Учир нь дайсан хэзээ ч таны төлөвлөгөөгөөр байлдахгүй шүү дээ. Тэд үргэлж нураана, тэгвэл дахиад л байгуул. Энэ явцад арга та барилаа улам сайжруулсаар байна хэмээв.
Эртэч өдрийн сайн туршлагуудаас
Өглөөний цагийг хүн сурч, мэдэх, хөгжихдөө зарцуулах нь өөртөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдэг. “Бизнес Цэнэг” өглөөний уулзалт бизнесийн орчныг илүү гэрэлт ирээдүй рүү хөтлөх зорилготой арга хэмжээ аж. Энэ ч утгаараа монгол бизнес эрхлэгчдийн сайн туршлагыг оролцогчдод хүргэж буй бөгөөд Инвескор Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Л.Билгүүн, Монкрем ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Уранчимэг, “Царамтайн Арвай” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Жавхланбаяр нар өөрсдийн туршлагыг танилцуулсан юм.
Харилцагчдыг ойлго, мэдэр тэдний бизнест өөриймсөг ханд
Инвескор Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Л.Билгүүн:
-Харилцагч бол манай салбарын нэн чухал хэсэг. Иймд харилцагчийн хэрэгцээ, шаардлага, хүсэлтэд өөрийн мэт хандах хэрэгтэй. Нэг үгээр харилцагч хэдий хэр амжилттай өсөж, өргөжнө, тэр хэрээр таны хүртэх үр өгөөж нэмэгдэнэ гэдгийг ойлго. Угтаа бол харилцагчаа хөгжүүлэхэд өөрийн хүч боломж, бололцоогоороо нэмэр бол. Мэдээж энэхүү зарчмаар бизнесээ авч явахын тулд та хэдэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүнд:
- Харилцагчийн итгэлийг бүү алд.,
- Тэдэнд бүү худал хэл.,
- Хэлсэндээ хүр, амлалтаа биелүүл.,
- Хуваалцаж сур.,
- Мөнгө олох нь таны бизнесийн зорилго биш гэдгийг ойлго.,
- Харилцагчдыг хооронд нь холбох найдвартай гүүр бол.,
- Өөрийн боломж бололцоогоороо тусал зэрэг зарчмыг баримтал. Мөн тэдэнд өөрийн бүтээгдэхүүнийг борлуулахад улайрахаас илүүтэй тэдний хэрэгцээ шаардлагыг мэдэр. Харилцагчдын бизнест өөрийн мэт сэтгэлээр хандсанаар тэд танд итгэх болно. Итгэснээр цаашдын хамтын ажиллагаа өргөж илүү он удаан жил үргэлжилнэ гэв.
Зээл бол орлого биш
“Царамтайн Арвай” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Жавхланбаяр:
-Бизнес эрхлэгчдэд зээл маш том ачаа болдог бас боломж. Иймд санхүүгийн чанд сахилга баттай байх хэрэгтэй. Зарим бизнес эрхлэгчид зээлийг орлого мэт зарцуулдаг. Хэрэгцээгээ нарийн төлөвлөж тодорхойлсныхоо дараа зээл ав. Миний хувьд зээлээ төлөх хугацааг хамгийн гутрангиар төсөөлдөг. Мөн бизнес бүрд ашиг “гозойх” сар болон уналтын үе бий. Энэ үеийг сайтар тооцоолж зээл авч буй банктайгаа хамтарч зээлийн графикийг гарга хэмээв.
Чанарыг эрхэмлэ
“Монкрем” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Уранчимэг:
-Нэгэн япон хэрэглэгч маань 1996 онд манай Халгай брэндийн шампунийг хэрэглээд, эерэг үр дүн гарсан. Улмаар тухайн улсын эрүүл мэндийн яамны лицензийг жилийн хугацаанд авч, халгай шампунийг тус улс руу экспортолж эхэлсэн. Энэ нь бидэнд маш том урам зоригийг өгч байлаа. Гэлээ ч удалгүй буюу 1998 онд манай үйлдвэрийн байр дуудлага худалдаанд орж, үйлдвэрлэл тэр чигтээ зогссон. Иймд бид жижиг байрыг түрээсэлэж, үйл ажиллагаагаа жижгэрүүлэх бодлогыг баримталж ажилласан. Энэ хугацаанд ерөөсөө халгай брэндийг чанартай үйлдвэрлэж, худалдаанд нэвтрүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Үүний үр дүнд санхүүгийн дарамтаас гарсан. Гол нь бид чанарыг эрхэмлэж ажилласан хэмээв.
Загатнасан газар маажах шиг…
Бизнесийн орчинд олон төрлийн уулзалт болдог ч тэр бүр оролцогчид уулзалдаж танилцах болон хамтарч ажиллах талаарх яриа өрнүүлэх боломж гардаггүй. Үүнд хөтөлбөрийн шахуу хуваарь, нэрийн хуудас солилцох хугацааг үр ашиггүй зохион байгуулж буйд оршдог байх. Харин “Бизнес Цэнэг” өглөөний уулзалтын нетворкинг хөтөлбөр нь хэвшмэл ойлголтыг эвдсэн нь онцлог байлаа. Мөн “Бизнес Цэнэг” өглөөний уулзалт оролцогчдын сэтгэгдлийг танилцуулъя.
Өнөөдрийн өглөөний уулзалтад монголын бизнес эрхлэгчид хамтаръя гэсэн нэг л зүйлийг дотроо хүсэж буй юм байна гэдгийг ойлголоо. Business.mn-ий хамт олон ёстой л “загатнасан газар маажна” гэдэг шиг эдгээр хүмүүсийг нэг дор цуглуулж, цааш хамтдаа хөгжиж, дэвшихийг уриалж буй нь таатай санагдлаа. Одоо бид ирээдүйг хэрхэн хамтдаа туулах вэ гэх гаргалгааг олох хэрэгтэй юм байна. Хамтрахгүй л бол хөгжихгүй нь. Үүний дараагаар дэлхийтэй өрсөлдөх талаар ярьсан нь зүйтэй байх гэлээ.
Энэхүү арга хэмжээ төрөл бүрхийн санаа болон мэдлэгийг түгээж байна гэж харж байна. Манай байгууллага эмнэлгийн салбарт дижитал шүдний эмчилгээг нэвтрүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажилладаг. Ер нь шүдний эмнэлгүүдэд тоног төхөөрөмж, материал болон сүүлийн үеийн шүдний эмнэлгийн салбарт хэрэгжиж эмчилгээ, үйлчилгээг монголдоо нутагшуулахыг бид зорьж буй. Хамтыг ажиллагаа, харилцаа бол бизнесийн маш чухал зарчмыг гэдгийг өнөөдрийн илтгэлээр ярьж буй. Бид ч энэ зарчмаар харилцагч шүдний эмнэлгүүдийг хооронд нь харилцах, хамтарч ажиллах, суралцах гүүр нь болдог гэв.
Миний хувьд шинэхэн бизнес эрхлэгч тул маш олон хүмүүстэй үр ашигтайгаар танилцаж байна. Мөн үлгэр жишээ авдаг өөрийн “idol” болох Д.Энхбат захиралтай уулзах боломж гарсанд баяртай байна. Манай компани нь хууль зүйн үйлчилгээ хэрэгцээтэй иргэдийг хуульчидтай холбож өгөх үйлчилгээг хөгжүүлж байгаа юм. Дийлэнх иргэд санхүүгийн хувьд хуулийн үйлчилгээний хөлс өндөр дарамт болдог. Иймд хуулийн үйлчилгээ шаардлагатай иргэдэд тохирох зээлийг олгодог апплейкэшин юм хэмээв.
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй адил байгууллага болох Business.mn-ний зохион байгуулж буй уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Мэдээллийн байгууллагууд ч бизнесийн зарчмаар төрөлжиж буй. Гэхдээ мэргэжлийн зарчмынхаа хүрээнд уншигч болон иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх үйл ажиллагааг сонирхолтой хэлбэрээр зохиож буйн жишээ энэхүү уулзалт байх. Олон нийтийг мэдээллээр хангах гэх нэг л зорилготой учир хэвлэл мэдээллийн салбарынхан хамтрах хэрэгтэй. Гэхдээ шинээр эхэлж буй медиа байгууллагууд хамтрах болсон. Энэ ч хүрээнд цаашид бусад сайн жишгийн дагуу хамтарч ажиллана гэдэг итгэлтэй байна гэв.
Гэрэл зургийг: С.Отгонбат