АШУҮИС-ийг Нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн зургаан найз оюутан ахуй үеийнхээ мөрөөдлийг биелүүлж, өдгөө салбартаа өөрийн гэсэн байр суурь, үйлчлүүлэгчидтэй болсон “Мега дент” шүдний эмнэлгийг байгуулжээ.
Багийн тоглолт амжилтын эхлэл
Амжилттай бизнес, компани бүрийн ард ямар нэг нууц байдаг. “Мега дент” эмнэлгийн гүйцэтгэх захирал Б.Цолмонцацралтай ярилцахаар Гэгээнтэн төв рүү алхаж явахдаа Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг 500 орчим шүдний эмнэлгээс чухам ямар бүтээгдэхүүн, үйлчилгээгээр ялгарч, үйлчлүүлэгчдэдээ ямар үнэ цэнэ өгдгийнх нь нууцыг мэдэхийг зорьсон юм. Харин Б.Цолмонцацрал миний төсөөлөөгүй хариултыг өгөв. “Бид ажлаа бизнес гэж хардаггүй, бизнесийн түвшинд боддоггүй. Цэвэр бизнесийн өнцгөөс авч үзвэл бид бизнес биш мөрөөдлийн ажлын байраа бэлдсэн гэж хэлж болно. Бидний мөрөөдлийн биелэл нь манай эмнэлэг юм. Бид ариутгал, материал, тоног төхөөрөмжийн чанарт, мөн ямар ч өвчтөнийг эмчилж чадахгүй байх вий гэж санаа зовдоггүй. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байна гэж боддог” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
“Мега дент” эмнэлгийг хамтран үүсгэн байгуулагч зургаан найз АШУҮИС-ийг 2010 онд төгсжээ. Оюутан байхаасаа л хэзээ нэгэн өдөр хамтарч шүдний эмнэлэг байгуулна. Түүний тулд хэн хэн нь тодорхой чиглэлээр дагнаж ажиллана хэмээн ярьдаг байжээ. Тийм учраас Нүүр амны гажиг засал, согог засал, мэс засал, эмчилгээний чиглэлээр дагнан мэргэшээд сургуулиа төгсөж, улмаар салбартаа тодорхой хэмжээнд үнэлэгдсэн эмч нар болж төлөвшсөн байна. Анагаахын сургууль, улсын болон хувийн эмнэлэгт ажиллаж байсан найзууд 2019 онд мөрөөдлөө биелүүлэх тохиромжтой цаг ирсэн гэж үзээд “Мега дент” эмнэлгийг байгуулав. Тухайн үед тэд үйл ажиллагааны зорилго, философио “нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх” хэмээн тодорхойлсон байлаа. “Нэг эмч дангаараа асуудлыг шийдэж чадахгүй, нарийн мэргэшсэн эмч нарын багтай эмнэлэг л өндөр чанартай эмчилгээ, үйлчилгээг үзүүлж чадна гэдгийг бид туршлагаасаа ойлгосон” хэмээн Б.Цолмонцацрал ярилаа.
19 жилийн турш найзалж, нөхөрлөсөн тэд харцаараа ойлголцох хэмжээнд гар нийлж ажилладаг. Энэ утгаараа эмнэлгийн багийнхнаа ч энэ жишгээр ажиллахад сургажээ. “Мега дент” эмнэлэг нь Нүүр амны гажиг засал, согог засал, мэс засал, эмчилгээгээр дагнасан тус бүр 3-4 эмч, нийт 20 гаруй эмч ажилтантай бөгөөд эмч нар нь хамгийн сайн чаддаг, мэргэшсэн эмчилгээ, үйлчилгээг л үзүүлдэг зарчимтай. Өөрөөр хэлбэл, шүд авхуулах гэж ирсэн хүнд хамгийн сайн шүд авдаг эмч, имплант суулгах ёстой бол тухайн өвчтөний нөхцөл байдлаас хамаарч холбогдох эмчилгээг хамгийн сайн хийх эмчид хуваарилдаг. Багаар ажилладаг уг системийн давуу тал нь өвчтөнд зөвхөн ганц эмчийн бус олон эмчийн мэдлэг, туршлага, нөү-хауг ашиглан боломжит хамгийн сайн эмчилгээг хийх боломжийг бүрдүүлсэнд оршиж байгаа юм. ”Манай эмнэлэгт шинээр ирж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх нь шүд, эрүү нүүрний бүх асуудлаа шийдүүлэх хүсэлтэй ирдэг. Тиймээс бид нарийн шинжилгээ хийж, багаараа эмчилгээний төлөвлөгөө, дэс дарааг гаргаж, картаа бэлтгэдэг. Цаг аваад иж бүрэн эмчилгээ хийлгэхэд зургаан сараас дээд тал нь нэг жил болдог. Ингэхээр тухайн хүн эрүүл мэнддээ ч давхар анхаарч эхэлдэг” гэж тус эмнэлгийнхэн өгүүлж байв. “Мега дент”-ийн үйлчлүүлэгчид зөвхөн нэг эмчийн бус мэргэшсэн багийн мэдлэг, туршлагыг агуулсан эмчилгээний үр шимийг хүртдэг нь тэдний хэрэглэгчдэдээ хүргэж буй гол үнэ цэнэ юм байна гэсэн бодол төрсөн юм.
Энэхүү үнэ цэнийг амьдрал дээр бодитоор хэрэгжүүлэхэд тусалдаг гурван гол хүчин зүйлийг шүдний эмнэлэг бүрдүүлэх ёстой нь нарийн мэргэшсэн баг, сайн тоног төхөөрөмж, чанартай материал юм. Шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй үзүүлэхийн тулд бас нэг анхаардаг зүйл бол ариутгал.
“Бид эмнэлэгтээ Монгол улсад баримталж байгаа эмнэлгийн стандартыг чанд мөрдөн ажилладаг. Хоёрдугаарт, тоног төхөөрөмж нь сайн байвал шүдний өвчлөлийг бодитоор харж, бодитоор шийддэг. Хүний шүдний 30 хувь ил, 70 хувь нь далд байдаг учраас тэрхүү далд байгаа хэсэгт эмчилгээ хийхийн тулд маш сайн багажтай байх ёстой. Ийм нөхцөлийг бүрдүүлэх нь эмнэлгийн санхүүд дарамт болох талтай ч энэ асуудлаа шийдвэрлэж чадсанаар манайх хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчилж байна” хэмээн Б.Цолмонцацрал онцлов.
Шүдний эмч эрүүл ахуйнчийн байнгын хяналтад байх нь эрүүл амьдрахыг хүсдэг хүн бүрийн хувьд хамгийн зөв шийдвэр юм.
Материалын хувьд “Мега дент” эмнэлэг Герман улсын 105 жилийн түүхтэй Мегадента компанийн албан ёсны дистрибьютерээр 2014 оноос хойш ажиллаж, эмчилгээндээ тус брэндийн материалыг ашиглаж байна. Зөвхөн ломбоны материалаар жишээ авахад, нано технологитой, микрогибрид, хуванцрын хор ялгаруулдаггүй, агшдаггүй гэх мэт олон арван төрөл байдаг. “Сайн ур чадвартай эмч байсан ч сайн материал хэрэглэхгүй бол үр дүн муу байна” гэж тус эмнэлгийн эмч нар үздэг.
“Чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх нь эмчийн ур чадвар, ариутгал, тоног төхөөрөмж, материал зэрэг олон зүйлийн нийлбэрээс бүрддэг. Энэ бүхнийг бүрэн төгс хийж, өвчтөнөө эмчлэхийн тулд манай хамт олон мэдлэг, туршлагаа тасралтгүй сайжруулахыг зорьдог” гэж Б.Цолмонцацрал хэлэв.
Эрүүл амьдрал эрүүл шүднээс эхэлдэг
Ихэнх шүдний эмч нарын адилаар Б.Цолмонцацрал Монголчуудын амны хөндийн эрүүл мэндэд санаа зовдгоо нуусангүй. Энэ ч үүднээс иргэдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад анхаарч, энэ зорилгоор сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт 10 гаруй удаа очиж, эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийсэн бөгөөд биднийг очсоны маргааш эмч нарын баг нь Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу явах гэж буйг сонирхуулсан. Хөдөө орон нутагт шүдний нарийн мэргэжлийн эмч нар байдаггүй учраас иргэд аймаг, хот руу явах шаардлага гардаг, ирсэн ч үзлэгийн цаг олддоггүй гэх мэт бэрхшээлтэй тулгардаг тул тэд нийгмийн хариуцлагын хүрээнд уг санаачилгыг хэрэгжүүлдэг байна. Энэ үеэр өдөрт 200-300 хүн үзэх тохиолдол ч бий.
Эрүүл амьдрахад шүд ямар чухал үүрэгтэй талаар тэрбээр шүдний тулгуур эдийн өвчин буюу шүдний үрэвсэл, шүдний чулуун дээр жишээ болгон өгүүлсэн юм. Б.Цолмонцацрал өөрөө зүрх судасны өвчин болон шүдний тулгуур эдийн өвчлөлийн хамаарал сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ. Шүдний чулуу үүсгэдэг нян хоруу чанар өндөртэй, шүдийг барьдаг ясыг шимэгдүүлэн буйлыг үрэвсүүлж амнаас эвгүй үнэр гарахад нөлөөлдөг байна. Хамгийн хорлонтой нь цусанд орж, судасны дотор ханыг гэмтээдэг. Шүдний чулуутай удаан явбал аажимдаа судас хатуурал үүсэж, энэ нь даамжирсаар зүрхний шигдээс болдог.
Мөн тархинд цус харвах, хоол боловсруулах эрхтэн, үе мөч, бөөр өвдөх шалтгаан ч болдог. Тийм ч учраас эрүүл мэндийн даатгалын систем өндөр хөгжсөн орнуудад шүдээ зөв угаах дадал, ойлголтыг хүүхэд ахуй цагаас нь өгч, шүдний эмнэлэгт тогтмол үзүүлж, эмчилгээ хийлгэхийг дэмжин сурталчилдаг нь цаанаа ирээдүйд үүсэж бий болох эрсдэл, төрөл бүрийн халдварт бус өвчнөөс иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл, шүдний эмч, эрүүл ахуйчийн байнгын хяналтанд байх нь эрүүл амьдрахыг хүсдэг хүн бүрийн хувьд хамгийн зөв шийдвэр юм.
Өөр нэг жишээ дурдахад, шүдээ байнга хатуу сойзоор угаавал паалан элэгддэг, харин шүдний өнгөрийг сайн цэвэрлэдэггүй зөөлөн үстэй сойзыг удаан ашиглавал шүд цоорох, буйлны үрэвсэл, шүдний чулуу үүсгэгч нянгууд аманд үржих эрсдэлтэй. Цайруулагчтай оо байнга хэрэглэвэл шүд сийрэгжиж, хэт мэдрэг болдог бол өнгөр арилгадаг том ширхэгтэй оог буруу техникээр хэт удаан хугацаанд хэрэглэх нь шүдний пааланг элэгдүүлдэг. Хүүхдийн хэрэглэх ооны төрөл, хэмжээ нь нас, наснаас хамаарч ялгаатай байдаг гэх мэтчилэн ямар нэг оо, сойз, эмчилгээний арга барилыг сайн гэж зөвлөх нь учир дутагдалтай бөгөөд шүдний эмчдээ хянуулж, тухайн өвчлөл, нөхцөл байдалд тохируулсан зөвлөгөө, эмчилгээг хийлгэх нь эрүүл шүдтэй байх гол нөхцөл аж.
“Мега дент”-ийн үйлчлүүлэгчид зөвхөн нэг эмчийн бус мэргэшсэн багийн мэдлэг, туршлагыг агуулсан эмчилгээний үр шимийг хүртдэг нь тэдний хэрэглэгчдэдээ хүргэж буй гол үнэ цэн.
Б..Цолмонцацралтай ярилцаж байхад ажил мэргэжилдээ эзэн болсон, ажлаа гарын арван хуруу шигээ эзэмшсэн нь мэдрэгдэнэ. Шүдний эмчилгээ, арчилгаа, эрүүл амьдрахуй, эмнэлэгт нь хийдэг эмчилгээ, тухайлбал, имплант шүдний талаар ярьсан болгоныг энэхүү нийтлэлдээ багтаах боломжгүй юм. “Манай хамгийн үнэтэй капитал бол нарийн мэргэжил эзэмшсэн эмч нар маань. Тийм ч учраас эмч ажилчдаа тасралтгүй мэргэжил дээшлүүлж гадаад дотоодын сургалтуудад суулгахын дээр жил бүр Герман улсаас нарын мэргэжлийн эмч урьж, бүтэн сарын хугацаанд туршлага судлах, хамт олныг чадавхжуулах сургалтуудыг хийдэг байна. “Нэг эмч дагнан мэргэшсэн эмчилгээгээ төгс хийдэг байх нь манай гол арга барил. Бид ямар ч эмчилгээ хийсэн бусад эмнэлэг, сургуулиас эмч мэргэжилтэн дуудах шаардлагагүй байдаг” гэж тэрбээр бахархалтай өгүүлэв. Тийм ч учраас бусад хувийн эмнэлгийн эмч, шүдний эмчээр ажиллах хүсэлтэй залуус, хөдөө орон нутгийн эмч нар “Мега дент” эмнэлэгт ирж ажилладаг, туршлага судалдаг. Үүнд, тус эмнэлгийнхэн нээлттэй хандаж, мэддэг чаддаг бүхнээ зааж өгдөг бөгөөд чадварлаг шүдний эмч нарын тоо нэмэгдэх тусам салбараа хөгжинө гэж үздэг.
“Чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх нь эмчийн ур чадвар, ариутгал, тоног төхөөрөмж, материал зэрэг олон зүйлийн нийлбэрээс бүрддэг.
Мэдлэгээр зэвсэглэж, багийн ажиллагааг эрхэмлэгч тус хамт олон Б.Цолмонцацралын хошигнон хэлснээр нэг “дутагдал”-тай. Мөрөөдлийн ажлын байраа бүтээгээд дуртай ажлаа хийж буй тэд ашгийг гол зорилгоо болгодоггүй. Эмнэлэгт нь ирж ажилладаг герман эмч нэгэн удаа “Танайх чадварлаг залуу хамт олонтой, мундаг тоног төхөөрөмж, материалтай эмнэлэг. Би та бүхнээр маш их бахархаж байна. Гэхдээ бизнес хийж байгаа гэдгээ ойлгооч” гэж хэлж байжээ. Тэдний хувьд өндөр ашиг, үнэтэй үйлчилгээ үзүүлэхээс илүү нийтлэлийн эхэнд дурдсанчлан үйлчлүүлэгч, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллах нь утга учиртай, кайфтай байдаг, тэр нь ч эргээд үр шимээ өгч байгааг нэр хүндтэй олон үйлчлүүлэгч, сул үзлэгийн цаг бараг байдаггүй завгүй хуваарь зэргээс нь харж болох юм.