Нийтлэлийг: Обзерв Консалтинг ЗҮБ-ын үүсгэн байгуулагч, “Чанарын философи” номын зохиогч Д.Отгонбат
Хүн бүр дор бүрнээ чанарын эзэн (сайн гүйцэтгэл, хариуцлага, эзэн сэтгэл, зөв байх гэх мэт) байх шаардлагатай.
Жил бүрийн 11 сарын хоёр дахь Пүрэв гаригийг дэлхийн нийтээр “Чанарын Өдөр” болгон тэмдэглэж чанарын хөгжлийн талаар хэлэлцдэг. Жил бүрийн “Чанарын Өдөр”-өөр бид чанарын дэвшил, төгөлдөршлийн талаар сэдэвчлэн нийтлэл гаргах, эсвэл олон нийтийн арга хэмжээнд илтгэл танилцуулах гэх мэтээр идэвхтэй оролцож ирсэн.
Бизнесийн болон аливаа байгууллагын хувьд Бүтээгдэхүүн ба Үйлчилгээний чанар, тогтвортой байдлаар ялгарах нь өрсөлдөх чадварт үлэмж нөлөөтэй. Чанарыг төгөлдөршүүлэх холын замд гарахаар нэгэнт шийдсэн бол аяллаа эхлүүлэхэд зориулж чухал 7 зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.
1. Нийцлийг чухалчил
Бидний шаардлагаар дүүрсэн эрин үед ажиллаж, амьдарч байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэх, худалдах, зохион бүтээх, хүргэх бүх л бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдэд өөр өөрийн холбогдох стандарт, норм, зохицуулалт, хууль, дүрэм журам хангалттай бий болчихсон (үнэхээр л цоо шинэ зүйл биш л бол).
Иймд өөрийн үйлдвэрлэх, нийлүүлэх, бий болгох, худалдах бүтээгдэхүүн, үзүүлэх үйлчилгээнд хамаарах стандарт, норм, техникийн зохицуулалт, дүрэм, журам, хуулийг холбиролтгүй хангадаг байх ёстой бөгөөд үүнийг нийцэл гэнэ.
#compliance #нийцэл, #нийцлийн_үүрэг
2. Харилцагчаа илүү хянуур сонсож ойлгох нь
Бүх л бизнес хэрэглэгч, харилцагчийнхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэхэд анхаардаг. Гэвч заримдаа хэрэглэгч, харилцагчийн зарим нарийн хэрэгцээ, шаардлагыг анзаарахгүй, түүнд ач холбогдол өгөхгүй байх нь бий. Харилцагчийн хэрэгцээ, шаардлагыг илүү нарийн, алдаж гээлгүй тодорхойлоход VoC (Voice of Customer) аргачлалыг хэрэглэх нь үр дүнтэй.
Хэрэглэгч, харилцагчийн наад захын, нийтлэг шаардлагуудыг ойлгож түүнийг хангах нь чанарын төгөлдөршилд хангалтгүй юм. Бусад өрсөлдөгчийн олж хараагүй, таньж мэдээгүй шаардлага, хэрэгцээ болон цаашлаад хүлээлтийг олж таниад түүнийг хангах нь байгууллагын өрсөлдөх чадвар болон онцлог байдалд тун чухал.
Зах зээл, Хэрэглэгч, харилцагч заримдаа өөрийн хэрэгцээг мэдэхгүй эсвэл илэрхийлээгүй байх нь ч бий. Байгууллага түүнийг илрүүлэн тогтооход илүү нямбай, илүү мэдлэгтэй, илүү чармайлттай ажиллах ёстой. Том шүүртэй тороор зарим жижиг загасыг барьж чадахгүй шиг, хэрэглэгчийн тэрхүү үл мэдэгдэм хэрэгцээг анхааралтай сонсохгүй л бол анзаарахгүй.
#VOC #voice of customer, @Чанарын_төгөлдөршил
3. Манлайлалгүй бол үр дүнгүй
Чанарын тал дээр тодорхой байр суурьтай байх, зөвшөөрөх, зөвшөөрөхгүй зүйлс тодорхой байх нь олон зүйлийг хялбаршуулдаг. Аливаа амжилтад үлгэрлэл, манлайлал бөгөөд энэ нь ихэвчлэн удирдлагаас эхлэлтэй. Удирдах ажилтны шийдвэрийг ажилтнууд үргэлж соргог мэдэрч байдаг. Удирдлага чанарт хайнга хандвал энэ нь байгууллагын соёл болж тогтох ба хоёр нүүртэй, заримдаг ажилтнууд бий болох хөрс болно.
Дээд түвшний удирдлага чанарыг анхнаасаа төлөвлөж, байгууллагын стратегид нэгтгэж, стратегийн гол чиглэлүүдийн нэг болгон зарлан тунхаглах хэрэгтэй. Чанарт шийдвэр төгс байх нь үнэндээ тийм хялбар биш. Учир нь чанар заримдаа илүү цаг хугацаа, илүү санхүү, илүү мэдлэг шаарддаг, эдгээр нь удирдлагад сорилт болдог тул удирдлага чанарт дутуу дулимаг хандах эрсдэлийг нэмдэг. Аль ч тохиолдолд чанарын талд зогсох хатуу байр суурьтай байх нь жинхэнэ манлайлал болно.
@чанар ба стратеги #манлайлал, #Чанарын_дугуйлан, #Нийт_ажилтны_сургалт
4. Чанарыг хүн бүрийн ажил болго, гэхдээ мэдлэгтэйгээр
Чанар нь зөвхөн хэрэглэгчид очиж буй эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл чанар нь зөвхөн фронтын буюу оффисынхны хариуцдаг ажил биш. Байгууллагын эд эс болж буй бүх хүн тухайн байгууллагын чанарт хамааралтай бөгөөд оролцоотой. Чанарыг зөвхөн оффисынхонд хамаатуулан ойлговол байгууллагад хуваагдал үүснэ.
Дээд удирдлагаасаа эхлээд энгийн жижиг ажил үүрэг хариуцдаг хэн боловч өөрийн байгууллагын чанарт хамааралтай гэх ойлголтыг байгууллагын соёл болгож төлөвшүүлэх хэрэгтэй. Ингэж чадваас үүдний шалны алчуур бохир байхад ч бүгд санаа зовж, анхаарал хандуулдаг болно. Хүн бүр дор бүрнээ чанарын эзэн (сайн гүйцэтгэл, хариуцлага, эзэн сэтгэл, зөв байх гэх мэт) байх шаардлагатай.
@чанар_гэж_юу вэ, #Чанарын_дугуйлан, #Нийт_ажилтны_сургалт
5. Процесст суурилсан менежментээр удирд
Чанарыг бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглэгчийн сэтгэл ханамжтай холбогдож тодорхойлдог. Харин аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь процессуудын харилцан үйлчлэлийн үр дүнд бий болж, хэрэглэгдэгчид хүрдэг. Процессуудыг сайн төлөвлөж, зохион байгуулж, ажилладаг байвал тэр хэрээр хурдтай, бүтээмжтэй, асуудал багатай ажиллах боломж гарна.
Чанарыг үр дүнтэй удирдахын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож байгаа, нөлөөлж буй процессуудыг удирдах хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь сургалтын чанарыг хангуулахын тулд сургалт явуулах процессыг өөрийг нь удирдах хэрэгтэй. Үүнээс гадна Багш бэлдэх процесс, Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, материал боловсруулах процесс гэх мэт процессуудыг бас удирдана гэсэн үг.
@Процесс_ суурилсан_хандлага, #Процесст_суурилсан_менежмент, #Процессын_хандлага
Чанарын асуудалгүй байх нь сайн хэрэг. Гэхдээ тэр чанарыг хэр зардлаар бүтээж байна вэ гэдэг асуултыг тавьж болно. Чанарт хэтэрсэн их зориулалт гаргах нь бүтээмжийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл Чанар ба Бүтээмж гэсэн хоёр ойлголт заримдаа эсрэг тэсрэг шинж чанартай.
6. Тохиосон асуудалд танин мэдэх суурьтай, нухацтай сэтгэлгээгээр ханд
Энэ процессуудын хаа нэгтээ асуудал байх нь чанарын асуудал гаргахад хүргэдэг. Тэр асуудал нь ихэнхдээ далд хэлбэртэй буюу шууд мэдэгдэхгүй хэлбэртэй байдаг нь чанарыг хангуулахад амаргүй болгодог. Энэ мэт далд эсвэл комплекс асуудлыг системтэй, нухацтай хандлагаар хандаж байж шийдэх хэрэгтэй. Тухайн асуудлыг лавшруулан судалж, холбоотой хүчин зүйлсийг системтэй танин мэдэж, асуудлын шалтгаан, хүчин зүйлсийг зөв танин илрүүлж, тэдгээр шалтгааныг нь олж арилгахад төвлөрөх ёстой. Түүний тулд асуудлын суурь шалтгааны шинжилгээ (root cause analysis) хийдэг аргуудад суралцаж, тэдгээрийг хэрэглэдэг байх нь чухал.
@Root_cause_analysis, #complex_problem_solving, #Cognitive_approach
7. Чанарын төгөлдөршилд тэмүүл
Бүх зүйл мөнхийн хөгжил, хөдөлгөөн байдаг тул энэхүү хөдөлгөөнийг дагаж байгууллагын чанарын талаарх мэдлэг, менежмент ч үргэлж өөрчлөгдөн хөгжиж байх ёстой. Үүний тулд тасралтгүй сайжруулах соёл, процессыг бий болгож хэрэгжүүлэх хэрэгтэй. АНУ-ын Батлан хамгаалах яамны зэвсгийн үйлдвэрлэлээс гаралтай ч Японд туршиж, япон нэр автлаа нутагшсан “Кайзэн сайн саналын систем” нь үүнд их үр дүнтэй. Байгууллага Сайн саналыг харин зөв тодорхойлох хэрэгтэй. Ажилтны гаргасан санал бүр сайн биш байх нь бий.
Өнөөдөр техник, технологийн хөгжил асар хурдацтай явагдаж, үйл ажиллагаанд маш хурдан нэвтэрдэг болсон. Байгууллага шинэ мэдлэг, ойлголт, инновацыг зөв танин мэдэж ойлгосны үндсэн дээр өөрт тааруулан хэрэгжүүлж нэвтрүүлдэг байх нь чухал. Хүн бүр шинэ мэдлэг, инновацид тасралтгүй суралцагч байх, тасралтгүй сайжруулагч байх соёлыг төлөвшүүлэх нь чанарын төгөлдөршлийн гол түлхүүр юм.
#Чанар 4.0, #Кайзен #тасралтгүй сайжруулалт, #PDCA_цикл