Амьдралд хэр их зүйлийг бүтээж, ямар амжилтад хүрэхэд нөлөөлдөг олон зүйл бий. Дээр дурдсан зарим ур чадварт суралцах юм бол та их хол зам туулах болно.
Гари Вайнерчук “Vayner Media” маркетингийн агентлагаа хоёр хүнээс 1000 гаруй ажилтантай болтол нь өсгөж томруулсан.
Бизнесийн ихэнх манлайлагчийн адилаар зөвхөн хүчтэй нь бизнест тэсч үлддэг гэдэгт тэр итгэдэг. Эл хандлага нь ихэнхдээ богино хугацааны хэмжүүрт их анхаарч, “ямар ч үнээр хамаагүй ял” гэсэн сэтгэхүйд хөтөлдөг.
Харин Вайнерчукийн ертөнцөд бол урт хугацаандаа ялах зүйл нь сэтгэл хөдлөлийн чадамж агаад хамгийн хүчтэй хүмүүс нь хүнлэг зан чанараа түшдэг манлайлагчид юм.
Бизнесээ бүтээж, томруулахад нь тусалсан 12 зөөлөн ур чадварыг Вайнерчук хэрхэн тодорхойлсон хийгээд эдгээрийг өнөөдрөөс эхлэн хэрхэн ашиглах тухай энэ хураангуйд өгүүлнэ.
Талархал
Талархал бол ачлал санах, баярласнаа илэрхийлэх болон хариу тус үзүүлэхэд бэлэн байх чадвар юм.
Хөгжингүй улсад амьдардаг хүнд талархах зүйл их бий. Дэлхийн хүн амын тал хувь нь боловсон бие засах газаргүй нөхцөлд амьдардаг гэдгийг бодож үзвэл амьдрал хэцүү хэдий ч та аль хэдийн гайхалтай амьдарч байгаа гэдгээ ойлгох болно.
Вайнерчукийн сануулсан нэг зүйл бол талархах, сэтгэл хангалуун байх нь ялгаатай үгс аж. Байгаа зүйлдээ талархахын зэрэгцээ зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөхийн аль алийг та зэрэг хийж болно.
Амьдралдаа илүү их талархлыг бий болгох дасгалыг танилцуулъя.
Гар утасныхаа камерыг асаагаад дэлхий дээр таны хувьд хамгийн чухал таван зүйлийг нэрлэсэн бичлэгийг хий. Уг бичлэгээ дотнын найзууд руугаа явуулаад зовлон бэрхшээлийн талаар тайлбар тавьж, гоншигонож эхэлвэл буцаагаад явуулна гэсэн амлалтыг нь ав.
Өөрийгөө таних
Энэ бол өөрийн зан араншин, мэдрэмж, сэдэл, хүслээ сониучирхан мэдэхийг хэлж байна.
Хүн бүр давуу болон сул талтай учраас өөрийгөө таних нь олон хүний хувьд хэцүү зүйл юм. Магадгүй та жижиг зүйлд ч маш сайн анхаардаг хэрнээ бүтээлч ажилд сайн биш байж болно. Эсвэл үүний эсрэгээр байж ч болно. Хэн ч арван хуруу тэгш биш.
Өөрийнхөөрөө байж, сул тал, алдаагаа хүлээн зөвшөөрөхөд тухайн хүнээс асар их зориг, өөртөө итгэх итгэл шаардагддаг.
Ийм төрлийн хүмүүс нь сул талаа анзаарахгүй тойрч явдаг. Заримдаа та сул талаа нөхөх хүнтэй хамтран ажиллах ёстой болох бол заримдаа сул талаа зөвшөөрөгдөх хэмжээнд харуулахаас өөр аргагүй байдалд хүрнэ.
Өөрийгөө илүү сайн таньж мэдэхийн тулд дараах дасгалыг хийж үзнэ үү.
Garyvee.com/selfawareness вэб сайт руу орж, доторх зааврыг нь дага. Та өөрийнхөө тухай хэд хэдэн асуултад хариулах бөгөөд дараа нь хариултаа үнэлүүлэхийн тулд хамгийн ойрын хэдэн хүн рүү илгээх ёстой.
Хариуцлага
Ихэнх хүн бусдад буруугаа тохдог агаад ингэснээр илүү аз жаргалтай болно гэж буруугаар боддог. Хэрэв та бусдыг буруушаавал та өөрөө тухайн нөхцөл байдлын буруутан болоод зогсохгүй нөгөө хүнд хариу шүүмжлэл хэлэх хөшүүргийг бэлдэж өгөх юм.
Бусад хүмүүсийн шүүмжлэлд өртөх магадлалтай болдог учир энэ нь ихэнх хүний хувьд хамгийн том сорилт болдог. Гэхдээ хүмүүсийн мэдэрдэг эл сөрөг мэдрэмжийг хариуцлага үгүй хийж чадна гэж Гари онцолжээ. Учир нь хариуцлага хүмүүсийг нөхцөл байдлыг өөрчлөх шийдэлд анхаарлыг нь хандуулдаг юм.
Хариуцлагын булчин шөрмөсөө сайжруулахын тулд та дараах дасгалыг хийх хэрэгтэй.
Чухамдаа таны буруу байсан ч өөр хүнийг шүүмжилж, буруушаасан сүүлийн тохиолдлоо сана. Улмаар нийгмийн сүлжээнд уучлалт гуйсан бичлэг, гэрэл зургаа оруулаарай.
Өөдрөг үзэл
Ирээдүйдээ итгэлтэй байх эсвэл ямар нэг зүйл сайн үр дүнд хүрнэ гэж төсөөлөхийг өөдрөг үзэл гэдэг.
Гэхдээ “хэдий эсрэг нотолгоо байсан ч бодит байдлын талаарх андуу итгэл үнэмшил, шийдэлтэй байхыг” хэлдэг төөрөгдөлтэй өөдрөг үзлийг андуурч болохгүй юм.
Үр дүн нь баталгаатай биш ч тухайн боломжийн талаар өөдрөг бодолтой байхыг өөдрөг үзэл гэж бас үзэж болно. Өөрийгөө өөдрөг хүмүүсээр хүрээлүүлбэл өөдрөг үзэлтэй байх нь танд тун амархан болох бөгөөд үүний хажуугаар доош татдаг хүмүүстэй харилцахаа багасгах нь зүйтэй.
Товчхондоо, ирээдүйн талаар өөдрөг байх нь хүссэн зорилго, үр дүндээ хүрэх илүү их боломжийг танд олгох юм.
Ингээд илүү өөдрөг үзэлтэй болоход туслах дасгалыг танилцуулъя.
Гар утсан дээрх дугааруудаа харж байгаад хамгийн өөдрөг үзэлтэй гэж боддог таван хүн рүүгээ утсаар ярьж болох эсэхийг лавласан мессеж явуул. Тэднээс яагаад өөдрөг үзэлтэй байдгийг нь лавлаж, тодорхой жишээ хэлж өгөхийг хүс. Тэднээс суралц, хэлсэн зөвлөгөөнд нь үндэслэж улам өөдрөг байх тоглоомын дүрмийг үүсгэ.
Энэрэл
Энэ бол бусдын мэдрэмж, сэтгэл хөдлөлийг ойлгож, хуваалцах чадвар юм. Вайнерчук энэ зан чанарыг нандигнадаг учраас ийм нэртэй дарс хүртэл үйлдвэрлэж эхэлсэн байна.
Одоо цагтаа амьдрахад суралцсанаар хүмүүсийн бодол, мэдрэмжийг ойлгож, ирээдүйн талаар таамаглал хийх чадварт суралцсанаа тэрбээр тус номдоо өгүүлсэн байдаг.
Ном хэвлэгдэх мөчид Гари NFT-д анхаарал хандуулж, цаашид Web 2.0 (бидний нийгмийн сүлжээ гэж нэрлэж буй зүйл) шиг нөлөөг үзүүлнэ гэж таамаглаж байгаа аж.
Өнөөдөр ч өөдрөг зан нь түүнийг удирдан залж яваа юм. Хувь хүнээсээ шалтгаалж онлайн орчинд нийтэлсэн зүйлийнхээ талаар олон үзэн ядсан, сөрөг коммент авдаг талаараа тэрбээр өгүүлсэн байна. Өөрийнх нь агуулга, нийтлэлд сөрөг сэтгэгдэл үлдээхийн тулд тодорхой цагаа зарцуулж байгаа бол тийм хүмүүс өвчин зовлонгийн улсад амьдрах ёстой гэж Гари үздэг аж. Энэ бол бусдын оронд өөрийгөө тавьдаг ур чадварынх нь илрэл гэж болно.
Бусдыг ойлгох, энэрэх чадвараа нэмэгдүүлэхэд туслах дасгалыг танилцуулъя.
Сүүлийн 1-2 жилд тохиолдсон нэгэн таагүй үйл явдлын үеэр сэтгэлээр унаж, улмаар таны хариу үйлдэл тухайн үйл явцыг улам муутгасан эсвэл огт тус болоогүй жишээний талаар найз эсвэл гэр бүлийн гишүүнээс асуу. Улмаар уг жишээнээс суралц.
Сайхан сэтгэл
Энэ бол нөхөрсөг, өгөөмөр, халамжтай байх зан чанар юм.
Сайхан сэтгэлийг ялангуяа бизнесийн орчинд оруулж авч үзэх юм бол “зөөлөн боорцог” гэж ойлгож болохгүй. Харин ч та сайхан сэтгэлтэйн зэрэгцээ үг, үйлдэлдээ чанга хатуу, тууштай байж болно.
Ялангуяа ажил олгогч, бэлтгэн нийлүүлэгч, харилцагчтай сөргөлдөх үед сайхан сэтгэл нь танд супер хүч болж болох юм. Ийм нөхцөлд та сайхан сэтгэлээ харуулвал хүмүүс сэтгэлээ улам нээх, асуудлыг улам хурдан шийдэх боломж олгох бөгөөд энэ нь эцэстээ танд эергээр тусах болно.
Стив Жобс зэрэг маш олон бизнесийн манлайлагч нарыг инновац, бүтээлч зан чанарынх нь улмаас бишрэн шүтдэг. Гэхдээ ийм төрлийн хүмүүс нь ажилтнуудтайгаа хатуу чанд харилцдаг байсан учраас өөрийгөө ч бас тэгэх ёстой гэж харамсалтай нь зарим хүн боддог.
Ийм хандлага гаргахгүй байхын тулд та дараах дасгалыг хийх хэрэгтэй.
Gofundme.com вэбсайт руу орж, таны сэтгэлийг хөдөлгөсөн үйл хэрэгт хандив өг. Одоо мөнгө муутай байгаа бол дүүрэг, хотынхоо хандивын арга хэмжээнд цаг зав, туршлагаа зориул. Амьдралын нэг талбарт сайхан сэтгэлийн булчингаа хөгжүүлснээр бусад талбарт ч энэ булчингаа хөгжүүлэх боломжтой болно.
Тууштай байдал
Тун шийдэмгий байхыг тууштай зан чанар гэж нэрлэдэг.
Ямар ч үйл хэрэг байсан тууштай нь зан нь тухайн зүйлээрээ амжилтад хүрэхэд нэн чухал гэж Вайнерчук үзжээ.
Стресс, ядаргаанд хүргэдэг нustle хийх соёлыг сурталчиллаа хэмээн Вайнерчукийг маш олон хүн шүүмжилдэг. Гэхдээ олон залуу энтрепренерийн анхаарвал зохих ёстой тун оновчтой санааг тэрбээр гаргаж ирсэн юм.
Хэрэв сая доллартай болох, тансаг машин худалдаж авах, хувийн тийрэлтэт онгоцоор дэлхийг тойрон нисэх зэрэг хоосон зорилтын төлөө тууштай явах юм бол ядаргаанд орох нь гарцаагүй. Учир нь иймэрхүү төрлийн мөрөөдөл нь бусдын хүлээн зөвшөөрлийг авах буюу хүрсэн ч хоосон мэт санагдах амлалтад хөтлөгддөг байна.
Харин таны дотор гал асаадаг зорилгын төлөө тууштай байдлаа дайчилвал хүнд үед ч урагшлах хүчийг олж чадах болно.
Тууштай байдлыг улам сайжруулахад туслах дасгалыг санал болгож байна.
55 өдрийн турш өдөрт аль болох олон удаа гар дээр дараалж суниа. Эхний өдөр хэдэн удаа суниаж буйгаа бичлэг болгон хадгалж аваад 55 дахь өдрөө үз. Багахан тууштай байдлаар ямар их үр дүнд хүрч болохыг та энэ өдөр хараад гайхах болно.
Сониуч зан
Ямар нэг зүйлийг мэдэх, сурах гэсэн хүчтэй хүслийг сониуч зан гэнэ.
Сониуч занг манай нийгэм хэт дутуу үнэлдэг, “зөөлөн зан” гэж үздэг хэмээн Вайнерчук өгүүлжээ. Гэхдээ дээрх тодорхойлолтод анхаарал хандуулах юм бол тийм биш гэдгийг нь олж мэдэх болно.
Тодорхойлолтод буй хүчтэй, сурах гэсэн хоёр үгэнд анхаарлаа хандуул.
Нэгдүгээрт, амжилтад хүрэхийн тулд хичээх, хөдөлмөрлөх ёс зүйтэй байх ёстой. Жишээлбэл, саяхан тэтгэвэртээ гарсан 65 настай хүн өөрийгөө нийгмийн сүлжээнд “дахин нээж”, карьерын турш хуримтлуулсан туршлага мэдлэгээ бусадтай хуваалцаж болно. Үүний тулд сайн мэдэхгүй зүйлээ сурч авахын тулд ихээхэн хичээх, хөдөлмөрлөх ёстой болно.
Хоёрдугаарт, тухайн хүн суралцах ёстой. Дээр дурдсан жишээг үргэлжлүүлэхэд, өөртөө тохирох нийгмийн сүлжээг олохын тулд янз бүрийн платформыг судлах, мэдэхийн төлөө цаг зарцуулах хэрэг гарна.
Сониуч зангаа улам хөгжүүлэхийн тулд дараах дасгалыг хийхийг зөвлөе.
Сонирхолтой зүйлийн аялалд гарсан гэдгээ өгүүлсэн бичлэгийг (эсвэл өөрийн ойр дотнын хүмүүст мэйл бичих) нийгмийн сүлжээнд оруул. Сонирхдог, хүсдэг зүйлийнхээ тухай нийтлэл, бичлэгийг явуулахыг тэднээс хүс. Аль нэг хариултыг нь сонгоод сарын турш 20 цагийг тухайн сэдвээр ном унших, юм сонсох, бичлэг үзэхэд зарцуул.
Тэвчээр
Уурлаж, сэтгэлээр унахгүйгээр хожимдол, асуудал, зовлонг хүлээн зөвшөөрөх, тэвчих чадамжийг тэвчээр гэж нэрлэдэг.
Хэрэв Вайнерчукийн хүслээр болдог байсан бол тэвчээрийн тухай хичээлийг цэцэрлэгээс эхлээд ахлах сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах байсан гэнэ.
Агуу амжилтад хүрэх нь тодорхой байсан ч тэвчээр дутагдсаны улмаас карьер нь эргэсэн маш олон ажилтантай таарч байснаа Гари дурджээ. Ажилдаа өөрийгөө нотлон харуулж чадаагүй хэрнээ албан тушаал ахих, цалингаа өсгөхийг тэд шаардсан аж.
Тэвчээртэй байна гэдэг нь та амбиц багатай, эсвэл тууштай биш байна гэсэн үг биш. Манлайлагчийн хувьд та ажилтнууддаа өсөх, хөгжих орон зайг гаргаж өгөх ёстой.
Тайвширч, улам тэвчээртэй болоход туслах дасгалыг танилцуулъя.
Хуанлигаа гаргаад “Танд хангалттай цаг бий” гэсэн эвентийг үүсгэ. Түүнийгээ 10 жилийн турш (тийм ээ, 10 жил) зургаан сар тутамд өглөөний 9 цагт нээгддэг байхаар тохируул. Тэрхүү эвентдээ 10, 20, 30 зорилгыг жил тутам нэмснээр чухам юуны төлөө ажиллаж буйгаа та мэдэх болно.
Үзэл бодол
Энэ бол нэгэнт тогтсон итгэл үнэмшил, бодол юм.
Өөрийн үзэл бодлыг чангаар зарлах нь сул тал гэж олон хүн боддог. Гэхдээ энэ нь буруу байж болох юм.
Вайнерчукийн хувьд үзэл бодол нь шашинтай адил зүйл аж. Энэ бол таныг урдах замаасаа гажилгүй урагшилж, аяллынхаа туршид, ялангуяа хүнд үед тууштай байлгадаг чигийг заагч алтан гадас юм.
Тэрбээр номдоо нэг жишээ дурдсан бөгөөд хэрэв Элон Маск, Уоррен Баффет, Опра Уинфри, Жефф Безос бүгдээрээ өрөөнд нь орж ирээд өөрийнх нь ихэд сонирхож буй NFT-г дэмий зүйл гэж хэлвэл огт тоохгүй байх байсан гэжээ. Сониуч зан, сурах хүсэлд хөтлөгдсөний үр дүнд бий болсон үзэл бодол нь түүнийг хүчтэй үзэл бодолтой болоход нөлөөлсөн нь энэ гэж Гари өгүүлжээ.
Энд дурдах ёстой нэг санаа бол бараг бүх хүн эсэргүүцэж байсан, гэхдээ хожим маш их амжилт эсвэл үр дүнг авчирсан үзэл бодол өндөр амжилтад хүрсэн ихэнх хүнд байсан явдал юм.
Таныг урт хугацааны амжилтад хүргэхэд туслах үзэл бодлыг бий болгоход туслах дасгалыг танилцуулъя.
Цаг хугацааны туршид хуримтлагдсан нэг хүчтэй үзэл бодлоо бич. Дараа нь олон жилийн туршид мартагдсан нэг үзэл бодлоо бич. Энэ хоёроос та юуг ойлгож, мэдэж авч болохоор байна вэ?
Даруу зан
Өөрийн үнэ цэн, ач холбогдлыг тун багаар үнэлэхийг даруу зан гэж тодорхойлж болно.
Вайнерчук харин энэ тодорхойлолтыг үзэн яддаг бөгөөд хүн өөрийгөө өндрөөр үнэлэнгээ даруухан байж болно гэж үздэг аж.
Урлагийн алдартай зүтгэлтэн, нэр нөлөөтэй улс төрч нас барсны дараа хүмүүс хэсэгхэн зуур гашуудаад л амьдрал үргэлжилдэг болохоор өөрийгөө даруухан байлгах дуртай гэж тэрбээр бичжээ. Бид ямар амжилтад хүрсэн эсэхээс үл хамаарч нас барсныхаа дараа мартагддаг.
Мөн үүний зэрэгцээ даруу занг “хорвоо ертөнцөд өөрийн байр суурийг ойлгож, хүлээн зөвшөөрсний давуу тал” гэж тодорхойлохыг хүсдэг гэдгээ тэрбээр номдоо өгүүлсэн байна.
Амьдралын агуу зорилгодоо хүрэх ур чадвартаа бүрэн итгэлтэй байхын зэрэгцээ тэрхүү зорилгодоо хүрэх замын туршид даруу зангаа гээхгүй байх боломжтой.
Амьдралдаа даруу занг хэрэгжүүлэхэд туслах дасгалыг танилцуулъя.
Хийж чадахгүй бүх зүйлээ таван минутын турш бичиж тэмдэглэ. Үүнийгээ нүдэнд харагдахаар газарт байрлуул. Энэ нь таныг хэдий ур чадвартай, агуу зорилгын төлөө явж буй ч төгс биш учраас даруу хэвээр байхыг сануулсан дохио байх юм.
Амбиц
Амбиц бол шийдэмгий байдал, шаргуу хөдөлмөр шаардсан ямар нэг зүйлд хүрэх гэсэн хүчтэй хүсэл тэмүүлэл билээ.
Вайнерчукийн амбиц бол нэг л өдөр хөлбөмбөгийн Нью-йорк жетс багийг худалдаж авах бөгөөд өдөр бүр энэ мөрөөдлөө бодож, түүндээ хүрэх аялалдаа сэтгэл хөдөлдөг ч гэсэн хэрэв түүндээ хүрэхгүй бол сэтгэлээр унахгүй гэнэ.
Түүний хувьд зөв амбиц гэж энэ аж. Ийм амбиц нь таныг өглөө орноосоо сэргэг босч, бүхнээ дайчлан ажиллахад нөлөөлдөг боловч мөрөөдөлдөө хүрсэн, хүрээгүйгээс үл шалтгаалж таны хэн байхыг өөрчлөхгүй байх ёстой юм.
Хэрэв та ингэж бодож чадах аваас амбицдаа хүрэхгүй байх вий гэж айлгүй түүнийгээ хүмүүст зарлан тунхаглаж чадна. Энэ бол төгс тэнцвэр билээ.
Ингээд амбицаа асаахад туслах дасгалыг танилцуулъя.
Өөрийнхөө хамгийн том амбицын тухай ярьж байгааг бичлэг болгоод нийгмийн сүлжээнд тавь.
Дүгнэлт
Амьдралд хэр их зүйлийг бүтээж, ямар амжилтад хүрэхэд нөлөөлдөг олон зүйл бий. Дээр дурдсан зарим ур чадварт суралцах юм бол та их хол зам туулах болно.
Тэрхүү аяллаасаа кайф авахыг бүү мартаарай.