Мартин Селигман 1998 онд Америкийн Сэтгэл судлалын холбооны ерөнхийлөгч болоод амьдралыг юу утга учиртай болгодог, ямархуу нөхцөлийг бий болговол утга учир үүсдэгийг олж мэдэх зорилго өвөртөлжээ.
Мартин Селигман 1998 онд Америкийн Сэтгэл судлалын холбооны ерөнхийлөгч болоод амьдралыг юу утга учиртай болгодог, ямархуу нөхцөлийг бий болговол утга учир үүсдэгийг олж мэдэх зорилго өвөртөлжээ. Сэтгэл судлал өмнө нь зовлон зүдгүүрийг ойлгож, амьдралын таагүй нөхцөлийг хөнгөвчлөхөд голлон анхаардаг байсан болохоор энэ нь эрс өөрчлөлт байлаа.
Аз жаргалын онолоос сайн сайхны онол руу
Тэрбээр эл өөрчлөлт, аяллыг 2002 онд хэвлүүлсэн “Authentic Happiness” номдоо томьёолсон агаад улмаар эерэг сэтгэл зүйг гурван үндсэн хэсэгт хуваах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэдгээр нь эерэг сэтгэл хөдлөл, оролцоо, утга учир юм.
Гэвч энэхүү томьёололд зарим зүйл дутуу байгаа гэдгийг он жил өнгөрөх тусам эерэг сэтгэл зүй судлаачид болон Селигманы ойр дотны хүмүүс сануулж эхэлсэн байна. Жишээлбэл, хүмүүс маш олон зүйлийг зөвхөн өөрийнхөө төлөө хийж, бүтээдэг нь тодорхой байв. Түүнчлэн харилцаа нь, ялангуяа хүчирхэг/дотнын харилцаа нь хүний амьдралын сайн сайханд ихээхэн нөлөөтэй нь бусад сэтгэл судлаачдын ажлаас тодорхой болж ирсэн юм. Тиймээс тэрбээр Аз жаргалын онолоос Сайн сайхны онол руу шилжилт хийжээ. Сэтгэл ханамжийг хэмждэг байсан хэмжүүр нь сайн сайхны таван багана буюу эерэг сэтгэл хөдлөл, оролцоо, утга учир, эерэг харилцаа, амжилт болж өөрчлөгдөв. Эерэг сэтгэл судлалын зорилго нь амьдралын ерөнхий сэтгэл ханамж байхаа больж эдгээр таван баганыг нэмэгдүүлэх замаар өсөж хөгжихөд төвлөрч эхэлсэн юм. Ингээд эдгээр таван баганатай дэлгэрэнгүй танилцъя.
Эерэг сэтгэл хөдлөл
Эерэг сэтгэл хөдлөл нь хүний амьдралын сайн сайхны тулгын чулуу боловч тус онолын хувьд хүрэх ёстой зорилго нь бус харин анхаарах ёстой нэг хүчин зүйл нь юм.
Хүнийг эерэг сэтгэл хөдлөлтэй байхад саад болдог зүйлсийн нэг нь бид юу зөв байж болох вэ гэдэгт бус харин юу буруугаар эргэж болзошгүй вэ гэдэгт хэтэрхий их анхаарал хандуулдаг нь юм. Хүн угаас сөрөг зүйлд анхаарлаа хандуулахаар кодлогдсон байдаг учраас энэхүү дефолт байдлыг эвдэж эерэг зүйлсэд төвлөрөхийн тулд хэрсүү, хичээнгүй байх ёстой.
Ингэх нэг арга бол Селигманы Ямар-Сайн зүйл-Болов гэдэг дасгал юм. Орондоо орохын өмнө өөртөө 10 минутыг зориулж, тухайн өдөр тохиолдсон гурван сайн зүйл, яагаад тийм зүйл тохиосон тухай бич.
Заавал амьдралыг өөрчилсөн чухал үйл явдал байх албагүй. Ажил руу явах замд нөхөр тань цэцэг авч өгсөн үү? Сайн байна, тэр тухай бич. Тухайн үйл явдлын ард нь яагаад болсныг нь заавал бичих ёстой. Жишээлбэл, “таны нөхөр маш халамжтай учраас” танд цэцэг авч өгсөн байж болно. Хэрэв та энэ дасгалыг долоо хоног бүр хийвэл зургаан сарын дараа гэхэд та илүү аз жаргалтай, тун бага стресстэй болсон байна. Энэ бол харьцангуй бага хугацаанд маш том үр дүнд хүрсний илрэл юм.
Оролцоо
Оролцоо бол хийж буй зүйлдээ та хэр гүнзгий орж буйн хэмжүүр билээ. Энэ тал дээр та өөрөөсөө “таны хувьд цаг зогссон юм уу?”, “ажилдаа бүрэн автчихсан байсан уу” гэх мэтээр асуух хэрэгтэй. Оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд таны ашиглаж чадах хамгийн нөлөөтэй зүйл бол хамгийн гол хүчин чадлаа өдөр тутмын амьдралдаа зориулах юм.
Нийт 24 төрлийн гол хүчин чадал байдаг агаад та өөрийн 5 гол хүчин чадлаа олохын тулд www.authentichappiness.org вэбсайтад хандаж асуулга бөглөхийг зөвлөе. Энэ удаад тэдгээр хүч чадал тус бүрийг товч танилцуулах бөгөөд эдгээрээс аль нь танд байгаа талаар сайн тунгаан бодоорой.
Мэргэн ухаан: Энэ бүлгийн хүч чадал нь ухаан, мэдлэгийг харуулах зургаан замтай байдаг.
- Сониуч зан: таны итгэл үнэмшилд тохирохгүй зүйлсэд нээлттэй, уян хатан хандаж, шинэ зүйл сурахад бэлэн байдаг
- Суралцах хүсэл: хичээлийн танхимд эсвэл ганцаараа байгаа эсэхээс үл хамаарч шинэ зүйл сурах дуртай
- Эргэцүүлэл: та юмсыг тал бүрээс нь бодож, шалгах дуртай. Та дүгнэлт хийх гэж яардаггүй бөгөөд баттай нотолгоонд үндэслэж шийдвэр гаргадаг
- Ухаан/өвөрмөц байдал: Сорилт эсвэл мэдэхгүй зүйлтэй тулгарвал шинэлэг хэрнээ тухайн зүйлийг шийдэх санааг гаргаж чаддаг
- Хамтач ухаан: та бусдын сэдэл, мэдрэмжийг анзаардаг, түүнд нь эерэг байдлаар хариу үйлдэл үзүүлж чаддаг
- Алсын хараа: асуудлаа шийдэж, цаашдын төлвөө мэдэхийн тулд хүмүүс танаас суралцахыг хүсдэг. Учир нь та хорвоо ертөнцийг өөртөө болоод бусдын хувьд шийдэл олж чадах байдлаар харж чаддаг
Зориг: Энэ бүлгийн хүч чадал нь хүнд хэцүү цаг үед таныг үйлдэл хийхэд хөтлөх ур чадваруудыг агуулж байдаг.
- Эр зориг: Та аюул, сорилт, бэрхшээл, өвдөлтөөс айж ширвээтдэггүй. Үүнд мөн бие махбодын аюулаас гадна ухаан, сэтгэл хөдлөлийн төвөгтэй нөхцөл байдлууд хамаарна.
- Шаргуу зан: Эхэлсэн зүйлээ эерэг хандлагаар элдэв тайлбар хэлэлгүй дуусгаж чаддаг. Үүний зэрэгцээ зорилгынхоо талаар бодитой, уян хатан шийдвэр гаргадаг.
- Нэгдмэл байдал: Та шударга, өөрийнхөөрөө амьдарч чаддаг. Энэ бол үнэнийг хэлэхээс ч илүү утга учиртай зүйл бөгөөд та бүгдэд шударга, чин сэтгэлээсээ ханддаг.
Хүнлэг зан, Хайр: Энэ бүлгийн хүч чадал нь бусад хүнтэй эергээр нийгмийн харилцаанд орохтой холбоотой юм.
- Сайхан сэтгэл: Та бусдад өгөөмөр, сайхан сэтгэлээр хандаж, хэдий сайн мэдэхгүй байсан ч тэдэнд туслахын тулд цаг гаргадаг.
- Хайрлах, хайрлуулах: Та бусадтай чин зүрхний, дотно харилцаа үүсгэдэг, үүний хариуд ч тухайн хүн таныг хүндэлж, хайрладаг
Шударга ёс: Энэ бүлгийн хүч чадал нь бусад хүмүүс, хорвоо ертөнцтэй үүсгэх харилцааны тухай юм.
- Үүрэг болон шударга зан: Баг, хамт олны дунд та хамгийн сайн ажиллаж, баг дотор өөрийн үүргээ сайн гүйцэтгэдэг
- Шударга болон тэгш байдал: Хүмүүсийн талаарх хувийн бодлыг шийдвэр гаргалтдаа нөлөөлөх боломж олгодоггүй бөгөөд бусдын сайн сайхныг өөрийнхтэй адил авч үзэж чаддаг
- Манлайлал: Та хүмүүс, үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг, багаараа сайн ажиллаж байгааг харах дуртай
Хязгаарлал: Энэ бүлгийн хүч чадал нь хүслээ хязгаарлах тухай юм.
- Өөрийгөө хянах: Та шаардлагатай бол хүсэл, дураа хязгаарлаж, дарж чаддаг
- Болгоомжлол: Та бол хянамгай, хожим харамсах зүйл хэлэхгүй байхыг хичээдэг. Та урт хугацаны болон богино хугацааны үр ашгийг эрэмбэлэхдээ тун сайн.
- Даруу зан: Та олны анхааралд байх дургүй, амаар биш үйлдлээр харуулахыг эрхэмлэдэг
Хязгаарыг давах: Энэ бүлгийн хүч чадал нь өөрийгөө давж, бусад хүмүүс болон ирээдүй, тэнгэртэй холбогдох боломжийг олгодог сэтгэл зүйн хүч юм.
- Гоо сайхан, төгс төгөлдрийг бишрэх: Та бүхий л зүйлээс авьяас, гоо сайхныг олж харж биширдэг.
- Талархал: Амьдралдаа тохиолдсон сайн сайхан зүйлд талархаж чаддаг
- Өөдрөг зан: Та ирээдүйг төлөвлөж, зорилгодоо хүрэхээр хичээх явцад нь сайн сайхан зүйл тохиолдоно гэж төсөөлдөг
- Шүтлэг/Итгэл: Хорвоо ертөнцөд ямар байр суурь эзлэх талаараа өөрийн гэсэн бодолтой, амьдралын философио тодорхойлсон
- Өршөөл: Хүмүүс танд буруу зүйл хийсэн ч уучилдаг, тэдэнд хоёр дахь боломж өгч чаддаг
- Хөгжилтэй: Та хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл тодруулах дуртай, амьдралын гэгээлэг талыг илүүтэй мэдэрдэг
- Тэмүүлэл: Хүсэл тэмүүллээр буцалж байдаг учраас та тухайн оролцож буй зүйлдээ бүрэн автдаг
Та ийн бүх хүч чадалтай танилцсан учир таныг хамгийн ихээр илэрхийлж буй 5 хүч чадлыг сонго. Тэдгээр нь таны онцлог, давуу талууд юм. Ирэх долоо хоногийн турш эдгээр хүч чадлаа ашиглах шинэ арга замуудыг бодож ол. Хүч чадалдаа үндэслэн хийж болох зүйлийг жишээ болгон өгүүлье:
- Бүтээлч – оройдоо нийтлэлийн төсөл дээрээ ажиллах хоёр цагийг өөртөө гарга
- Өөрийгөө хянах – нийгмийн сүлжээгээр хэсэхийн оронд нэг орой илүү цагаар дасгал хий
- Гоо сайхан, төгс төгөлдрийг бишрэх – машинаа жолоодохдоо арай холуур, илүү гоё орчин, байгальтай газраар явах
Харилцаа: Эерэг сэтгэл зүйг Селигманы хамт үндэслэсэн хүмүүсийн нэг болох Кристофер Петерсоноос эерэг сэтгэл зүй гэж юу блох талаар хүмүүс асуухад “Бусад хүмүүс” гэж хариулжээ.
Амьдралд эерэг байхын тулд ганцаараа байх ёсгүй гэж Селигман онцолжээ. Хамгийн сүүлд нулимсаа гартал инээж, асар их баяр хөөр мэдэрч, амьдралын утга учрыг гүнээ мэдрэх зэргээр амьдралаас кайф авах үедээ та ганцаараа бус өөр хүмүүстэй цуг байсан байж таарна. Бусад хүмүүс бол амьдралын муухай бүхнийг эмчлэх хамгийн шилдэг ерөндөг бөгөөд хамгийн найдвартай “дээшлүүлэгч” юм.
Туршиж үзсэн зүйлсээс амьдралыг нь хамгийн их өргөж өгсөн хамгийн найдвартай цор ганц зүйл бол “талархлын уулзалт” байсан гэж Селигман өгүүлжээ.
Ийм уулзалтыг хэрхэн хийх вэ?
Нүдээ аниад таны амьдралыг үүр өөрчлөх ямар нэг зүйл хэлсэн эсвэл хийсэн боловч та хангалттай талархаж чадаагүй хүний тухай бод. Тэр хүнээ сонгосон бол 300 үгэнд багтааж талархлын захиа бичих ёстой бөгөөд түүндээ тухайн хүн таны төлөө юу хийсэн, амьдралд чинь хэрхэн нөлөөлсөн талаар тодорхой дурдана. Мөн ажил амьдрал чинь ямархуу байгаа, ач тусыг нь хэр их санадаг талаараа ч бичнэ.
Дараа нь тухайн хүн рүү утасдаад уулзах хүсэлтэй буйгаа илэрхийл. Нууцаа битгий задруулаарай, хамгийн гол нь гэнэтийнх байх ёстой юм шүү. Ингээд уулзсаныхаа дараа захиагаа нөгөө хүндээ уншиж өгнө. Өөрийн болон нөгөө хүний хариу үйлдлийг ажигла. Таныг захидлаа уншиж байхад тасалдуулах гэвэл заавал уншиж дуусаад ярилцъя гэж гуй.
Уншиж дуусаад захианы агуулга болон сэтгэл хөдлөлийн талаар та хоёр тухтай ярилцах хэрэгтэй. Энэ дасгал нь аз жаргалыг нэмэгдүүлж, стрессийг ихээхэн бууруулдаг ид шидтэй. Мөн мэдээж хүндэлдэг, хайртай хүнтэйгээ илүү гүнзгий, хүчтэй харилцаа бүтээхэд тусална.
Утга учир, зорилго
Өөрөөсөө илүү утга учиртай зүйлд харьяалагдаж, үйлчлэхийг утга учир гэж нэрлэдэг. Утга учир нь хүн бүрийн хувьд өөр байхаас гадна ажил, нийгмийн үйл хэрэг, шашин/үзэл бодлын итгэл үнэмшил зэргээр дамжин илэрдэг байж болно. Эл ойлголт нь эерэг сэтгэл хөдлөлөөс ялгаатай. Учир нь утга учир, зорилгын араас явахад богино хугацаандаа танд сөрөг нөлөө авчрах магадлалтай юм. Гэхдээ л эцэстээ таны амьдралын сайн сайханд үлэмж их нөлөө үзүүлж чадна.
Жишээлбэл, таны гэр бүл, найзуудын дургүйг хүргэсэн нийгмийн асуудалд та тун их анхаарч, магадгүй үүний улмаас ажлаасаа хөндийрч болох юм. Энэ нь танд богино хугацаандаа сөргөөр нөлөөлөх хэдий ч шүүмжлэл, үл итгэлийг үл хайхран та тэрхүү асуудлыг шийдвэрлэхийн төлөө тэмцэж болно.
Амьдралдаа илүү их утга учир, зорилго бий болгохын тулд та дараах аргуудыг авч үзэхийг зөвлөе:
- өөрт хамаатай, чухал үйл хэрэгт оролцох
- гол хүчин чадлаа ашиглаж хагас цагийн ажилтай болох, магадгүй үүндээ үндэслэн карьераа өөрчлөх
- хайрлаж хүндэлдэг мөн ижилхэн үнэ цэнтэй хүмүүстэй цагийг өнгөрүүл
Амжилт
Эцэст нь амжилт бүтээлийн тухай өгүүлье. Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө хичээн зүтгэсний эцэст түүндээ хүрэх юм бол түүнийг амжилтад хүрлээ гэсэн мэдрэмж төрдөг. Заримдаа хүн зөвхөн өөрийнхөө төлөө амжилтын төлөө зүтгэдэг агаад үүнийг асар их эд баялаг хуримтлуулсан хүмүүсээс харж болно.
Тэдний зарим нь насны бөгсөнд эд баялгийнхаа зарим хэсгийг өөрийн дэмждэг үйл хэрэгт зориулдаг бол зарим нь “хамгийн их тоглоом хураагаад үхэж байгаа хүн ялдаг” гэж үздэг. Таны амьдралд улам их хүч нэмэх амжилтыг бий болгохыг хүсэж байгаа бол гадаад сэдэлжүүлэлттэй зүйлийн (алдар нэр, хүнд гэх мэт) хойноос бус таныг дотроос чинь сэдэлжүүлж буй зүйлийн (PERMA элементийн аль нэгтэй ихэнхдээ холбогдоно) төлөө зүтгэх хэрэгтэй.
Дүгнэлт
Дэлхий дээр өнгөрүүлэх хязгаартай багахан цагаа үрэх олон арга бий. Селигман болон түүний эерэг сэтгэл зүй харин эерэг сэтгэл хөдлөл, оролцоо, илүү хүчтэй харилцаа, утга учир, амжилтаар дүүрэн амьдралд хүрэх замыг гэрэлтүүлж байгаа юм.