Монгол Улс нь гадаад худалдааны асуудал эрхэлсэн тусгай яамгүй цөөн орнуудын нэг. Зах зээлийн харилцаанд шилжсэнээс худалдааны нэгдсэн бодлого, хуультай болох оролдлого амжилт олоогүй. Харин хамтарсан шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Худалдааны хуулийг батлуулах зорилт тавьсан. Үүнтэй холбоотой Монгол Улсын Шадар сайдын зөвлөх А.Мандахнарантай гадаад худалдааны сэдвээр дэлгэрэнгүй ярилцлаа.
Орчин үеийн дэлхийн худалдааны тогтолцоо хэрхэн бий болсныг товчхон сануулбал?
Орчин үеийн олон улсын худалдааны хөгжил нь Дэлхийн худалдааны байгууллагын үүсэл хөгжилтэй нягт холбоотой. Олон улсын худалдааг зохицуулах байгууллага байгуулах санаа нь Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үед бий болсон бөгөөд дайны дараах дэлхийн эдийн засгийг сэргээх зорилгоор АНУ, Их Британийн санаачилгаар Бреттон Вудсын бага хурлыг зохион байгуулсан. Энэхүү хурлыг Жон Мейнард Кэйнс болон Харри Декстер Уайт гэх эдийн засагчид удирдаж, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллагын үндсийг тавьсан.
Энэ үеэр дэлхийн худалдаа, мөнгөний урсгалын тогтвортой байдлыг хангах асуудлуудыг хэлэлцэн, ОУВС-ийг 8 тэрбум ам.долларын санхүүжилттэй, Дэлхийн банкны анхны хөрөнгийг 10 тэрбум ам.доллараар бүрдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Үүний дараа, 1947 онд Тариф болон худалдааны Ерөнхий гэрээ (GATT)-д 23 улс нэгдэн гарын үсэг зурж, олон улсын худалдааны зохицуулалтын үндэс тавигдсан. Гэсэн хэдий ч ДХБ албан ёсоор байгуулагдахад нэлээд олон жил шаардлагатай болж, 1987 онд GATT-ийн хүрээнд худалдааны олон талт хэлэлцээрүүд эхэлсэн. Найман жилийн дараа буюу 1995 онд ДХБ албан ёсоор байгуулагдсан түүхтэй.
ДХБ-ын үндсэн зорилго нь гишүүн орнуудад худалдааны урсгалыг саадгүй, чөлөөтэй, шударга, урьдчилан харж болохуйц байлгахад туслах явдал юм. Үүний хүрээнд дараах үндсэн зарчмуудыг хэрэгжүүлдэг:
- Нэн тааламжтай нөхцөл: Бүх гишүүн орнууд худалдааны хамгийн тааламжтай нөхцлийг харилцан хүлээн зөвшөөрөх.
- Тарифын үүрэг: Гишүүн орнууд тарифын хязгаараа тогтоож, түүнийг өсгөхгүй байх амлалт өгөх.
- Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах: Тарифын зохицуулалтаар дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах.
- Тарифын бус хязгаарлалтыг зохицуулах: Тарифын бус аргыг тарифын зохицуулалтад шилжүүлэх.
Монгол Улс 1997 онд ДХБ-д нэгдсэнээр тус байгууллагын тогтолцоонд багтаж, худалдааны хамгаалалтын болон чөлөөт худалдааны нөхцөлийг ашиглах эрхээ баталгаажуулсан. Хэдийгээр Монгол томоохон худалдааны тоглогч биш боловч ДХБ-ын тогтсон хэм хэмжээний хүрээнд бусад гишүүн орнуудтай худалдаа хийх, хамгаалалтын аргуудыг ашиглах боломжтой болсон.
Олон улсын худалдаанд тарифын болон тарифын бус хязгаарлалт нь стратегийн ач холбогдолтой бөгөөд улс орнууд эдгээрийг өөрсдийн нөхцөл байдалд тохируулан хэрэглэдэг. Харин Монгол Улсын хувьд тарифын болон тарифын бус арга хэрэгслийг ихэвчлэн НӨАТ, онцгой албан татвар хэлбэрээр төсвийн орлого бүрдүүлэхэд ашиглаж байна. Гэвч манай улсын худалдааны зохицуулалт нь хэсэгчилсэн, хоорондын уялдаа муутай байгаагаас үр ашиггүй байдал үүсэж байна. Худалдаа нь бүх салбартай нягт уялдаатай тул худалдааны зохицуулалтыг цогцоор нь оновчтой зохион байгуулах шаардлага бий болоод байна.
Мэдээж бид өөрсдийн нөхцлийг тулгах боломж хязгаартай. Гэхдээ манайх шиг жижиг улс худалдааны тодорхой бодлоготой байх нь ямар үндсэн ач холбогдолтойг тодруулж яриач.
Монгол Улс тарифын болон тарифын бус хамгаалалтын хэрэгслийг эрх зүйн хүрээнд тодорхой түвшинд хэрэглэж байгаа боловч худалдааны оролцогч талууд, тэдгээрийн үүрэг хариуцлага, худалдаа-үйлдвэрлэл, худалдаа-хөрөнгө оруулалтын бодлогын уялдаа хангалтгүй байгаагаас нэгдсэн зохицуулалт үгүйлэгдэж байна. Худалдаанд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, экспортыг дэмжих бодлого нь тусдаа, салангид байдлаар хэрэгжиж байгаа нь үр ашиггүй байдал үүсгэдэг.
Жишээлбэл, дараах байдлаар салбар тус бүрийн үүрэг, хариуцлагын хуваарилалт хийж байна:
- Шадар сайд: Худалдаа, хөрөнгө оруулалтыг хариуцан зохицуулах.
- Эдийн засаг, хөгжлийн яам: Эдийн засгийн хамтын ажиллагаа, макро эдийн засгийн бодлого хариуцах.
- Сангийн яам: Гаалийн тариф, татварын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, сангийн бодлого.
- Гадаад харилцааны яам: Олон улсын гэрээ хэлэлцээр болон ДХБ зэрэг байгууллагуудтай харилцах асуудлыг зохицуулах.
- ХХААХҮ-ийн яам: Дотоод худалдаа, хүнс, хөдөө аж ахуй, жижиг үйлдвэрийн бодлого хариуцах.
- УУХҮ-ийн яам: Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын бодлогыг хариуцах.
Энэхүү зохицуулалт нь салбар бүрийн үүрэг, чиг үүргийг тодорхой болгож байгаа хэдий ч хоорондын уялдаа, нэгдсэн бодлогын түвшинд сул дорой хэвээр байна.
Худалдааны асуудлыг хариуцсан тусгай яам, нэгдсэн бодлоготой болж чадахгүй байгаагийн үндсэн шалтгаан нь юу вэ?
Худалдаа бол өргөн цар хүрээтэй, бидний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг чухал харилцаа бөгөөд Монгол Улсын хувьд худалдаанд тулгуурласан эдийн засгийн бүтэцтэй байдаг. Гэвч экспортын 90 гаруй хувь нь түүхий эдээс бүрдэж байгаа нь эдийн засгийн солонгоролгүй, тогтворгүй байдал үүсгэж байна. Тиймээс уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүнийг экспортлох, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд худалдааны оновчтой, нэгдсэн бодлого хэрэгтэй.
Жишээ нь, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн зэрэгцээ нэгэнт бойжсон салбараа олон улсад чөлөөтэй өрсөлдүүлж, бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулах боломжтой.
Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад гадаад худалдааны бодлогыг нэгтгэж, зохицуулах үүргийг ихэвчлэн яамд хариуцан ажилладаг. Тухайлбал, Худалдааны яам, Худалдаа, аж үйлдвэрийн яам, Худалдаа, эдийн засгийн яам, Гадаад харилцаа, гадаад худалдааны яам гэх мэт худалдаа хариуцсан нэгдсэн чиг үүргийн төрийн захиргааны төв байгууллагатай байна. Дэлхийн нийт 205 улсын 95 хувь нь худалдааны асуудлыг хариуцсан тусгай яамтай бөгөөд үүний 25 хувь нь зөвхөн гадаад худалдааг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай байна. Харин Монгол Улс гадаад худалдааг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу яам байхгүй байгаа нь нийт улс орнуудын үлдэгдэл 5 хувьд багтаж байна. Манай улсад худалдааны бодлого нь салангид, салбар яамд хоорондын уялдаа муу байгаа нь нэгдсэн зохицуулалтгүй, үр ашиггүй байдалд хүргэж байна.
Улсуудын гадаад худалдаа хариуцдаг яамд (2018 оны 7 долоодугаар сар) Эх сурвалж: Монголбанк
Худалдааг ерөнхийд нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, оюуны өмч гэсэн гурван үндсэн ангилалд хувааж болно. Барааны хувьд тодорхой байдлыг хангахын тулд олон улсын жишгээр бараа бүтээгдэхүүнийг тусгай кодоор ангилах системийг (БТУКС – Барааны Тарифын Уялдуулсан Кодлолын Систем) ашигладаг. Жишээ нь, Индонез улс нүүрсээ БТУКС-ын дагуу 7-8 төрлийн кодоор ангилж, дэлхийн зах зээлд илүү үр дүнтэй худалдаалдаг. Харин Монгол Улсад энэ системийг бүрэн нэвтрүүлээгүйгээс олон улсын худалдааны хэлэлцээр хийх, хэрэгжүүлэхэд хүндрэл үүсдэг.
Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (EPA)-ийн хүрээнд экспортын бараанд тавигдсан зарим шаардлага нь Монголын бүтээгдэхүүний экспортод хүндрэл учруулсан жишээ бол “Эрдэнэт хивс” юм.
Хэлэлцээрийн дагуу экспортын бүтээгдэхүүний жингийн 10-аас дээш хувь нь импортын гаралтай материал байж болохгүй гэсэн шаардлага тавигдсан. Гэтэл “Эрдэнэт хивс”-ийн үйлдвэрлэлд ашиглагддаг утас, цавуу зэрэг гол түүхий эдийг Хятад улсаас импортолдог тул эдгээр хивс нь экспортын шаардлагыг хангаагүй.
Энэ мэт хүндрэл бэрхшээлийг даван туулж, олон улсын худалдааны хэлэлцээрүүдээс үр ашгийг бүрэн хүртэхийн тулд нэгдсэн худалдааны бодлого зайлшгүй шаардлагатай байна.
Гадаад худалдаа гэдэг том зургаараа бид шийдэх боломжтой хэрнээ шийдэж чадахгүй байгаа нь юу вэ?
Монгол Улсын эдийн засгийн бүтэц уул уурхай, үйлчилгээ гэсэн хоёр гол чиглэлд тулгуурлаж байгаа нь үйлдвэрлэлийн салбарын доройтолтой шууд холбоотой. Байгалийн баялгаас орж ирсэн орлогыг зөв хуваарилж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлж, бүтээгдэхүүн экспортлох чадамж хангалтгүй байна. Үүний зэрэгцээ экспорт, импортын үйл ажиллагааг хөнгөвчлөх, дэмжих эко систем бүрдээгүй байна.
Хамгийн чухал нь бид ямар төрлийн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхээ тодорхойлох тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Дэлхийн зах зээлийг бүсчилж, үнийн өрсөлдөх чадвар, чанар, ханган нийлүүлэх чадамж зэрэг хүчин зүйлсийг харгалзан, олон улсад өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд ангилах хэрэгтэй. Үүнийг нэгдсэн бодлогод зангидахдаа зөвхөн экспортыг биш, импортыг ч давхар авч үзэх шаардлагатай.
Худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл гурвын балансийг зөв барихын тулд зах зээлийн судалгаанд тулгуурлан тарифын болон тарифын бус хамгаалалтын аргуудыг оновчтой хослуулах шаардлагатай. Бүтээгдэхүүн бойжиж, зах зээлд өрсөлдөх чадвартай болох хүртэл хамгаалж, дэмжих хугацаа, дараа нь чөлөөт өрсөлдөөнд шилжүүлэх үе шатыг судалгаа, шинжилгээнд үндэслэн төлөвлөх ёстой.
Франчайз бизнес нь үйлчилгээний худалдааны нэг хэлбэр бөгөөд хөгжиж буй зах зээлд үйлчилгээний соёлыг хөгжүүлэх хөшүүрэг болж чадна. Гэхдээ гаднын франчайз бизнесийг дэмжих, хязгаарлах, дотоодын төстэй жижиг бизнесийг хамгаалах, хөрөнгө оруулалтын харьцааг зохицуулах, бүс нутагт салбарын тоог хянах зэрэг асуудлыг зах зээлийн судалгаанд үндэслэн шийдэх шаардлагатай. Үүнтэй зэрэгцээ, гадаадын үйлчилгээний үнийн дүнд хязгаар тогтоох зэрэг зохицуулалтыг хийх боломжийг судлах нь зүйтэй.
Худалдаа гэдэг нь зөвхөн бараа бүтээгдэхүүний худалдаагаар хязгаарлагдахгүй, үйлчилгээний худалдааг өргөн утгаар авч үзэх ёстой. Үүний зэрэгцээ дэлхийн ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдсан худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлого боловсруулах шаардлагатай. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжсэн бодлого явуулж, олон улсын хөнгөлөлт эдлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь чухал.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөтөлбөрийн санаачилга нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмэр оруулах сайн мессежийг Олон улсад хүргэсэн. Гэхдээ энэ санаачилгыг уриа лоозонгийн түвшнээс ахиулж, бодит хамтын ажиллагаа болгон хөгжүүлж, онцлогт тохирсон бүтээгдэхүүнүүдийг дэмжих, хөнгөлөлт авах бодлоготой уялдуулах нь зүйтэй.
Монгол Улсад экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн хөгжүүлэхэд үр ашиггүй, учир нь манай улс газар зүйн байршил, ложистикийн тал дээр өрсөлдөх чадваргүй, тиймээс Монголд тухайн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, харин өөр улсад үйлдвэрлэж худалдах нь дээр гэж үздэг бизнес эрхлэгчид байдаг?
Дээр хэлсэнчлэн, дэлхийн эдийн засгийн чиг хандлагаас л хамаарах асуудал. Нэг жишээ дурдахад, АНУ-аас Хятадын нэхмэл, сүлжмэл эдлэлд квот тогтоосонтой холбоотойгоор Хятадын олон үйлдвэр Монголд шилжин ирсэн түүх байдаг. Гэвч тухайн үеийн Хөрөнгө оруулалтын хуульд байсан тодорхой бус заалтуудын улмаас хөрөнгө оруулагчид олгосон хөнгөлөлтүүдийг зохисгүй ашигласан тохиолдлууд гарсан.
Тухайлбал, хөрөнгө оруулагчид гурван жил татварын хөнгөлөлт эдэлснийхээ дараа компанийнхаа нэрийг сольж, дахин хөнгөлөлт эдлэхийг оролддог байсан. Мөн Хятадаас бэлэн дизайн, эсгүүр авчирч, Монголд залгаж, оёод Америк руу гаргах замаар бүтээгдэхүүн экспортолдог байсан нь Монголын талд ямар ч мэдлэг, нөү хау үлдээсэнгүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед Хятадын томоохон үйлдвэрлэгчийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх, түүнээс бодит үр ашиг хүртэх боломжийг бодитоор судалж, бий болгож чадаагүй.
Түүнчлэн бүтээгдэхүүний хөгжүүлэлт, түүхий эд, үйлдвэрлэлийн процессын хэдэн хувь нь Монгол Улсад хийгдсэн байх шаардлагатайг нарийн тооцоолох зохицуулалт ч хангалтгүй байв. Олон улсад аливаа хэлэлцээр хийхэд эдгээр тооцооллыг ДХБ-ын дүрмийн хүрээнд хамгийн түрүүнд авч үздэг. Жишээ нь, “Эрдэнэт хивс”-ийн жишээн дээр Япон улс гарал үүслийн шалгуурт бүтээгдэхүүний жингийн 10 хувиас дээш импортын гаралтай материал байж болохгүй гэсэн шаардлага тавьсан нь үүний нэг том жишээ болсон юм.
Худалдааны гэрээ хэлцлийн ач холбогдол (худалдаанд эзлэх хувь хэмжээ, 2016)
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, ялангуяа арьс, шир зэрэг түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг гадныхан, тодруулбал хятадууд хяналтдаа байлгадаг гэж ярьдаг. Үүн дээр хамгаалалтын ямар механизмууд оновчтой байх вэ?
Арьс ширний салбарт бодлогын тогтвортой байдал ихээхэн үгүйлэгдэж байна. Арьс ширийг боловсруулж экспортлох эсвэл боловсруулалгүй гаргах зэрэг шийдвэрийг тогтмол өөрчилж ирсэн нь гадаадын худалдан авагчдын сонирхлыг бууруулж, улмаар экспортын боломжийг алдагдуулах шалтгаан болж байна. Эцэст нь зах зээл нээлттэй болсон ч худалдан авагчдын сонирхол буурсан, улмаар түүхий эд ашиглагдахгүй хог болж байгааг харуулж байна. Тиймээс гадаад худалдааны бодлого ил тод, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой байх нь туйлын чухал гэдгийг дахин онцлох хэрэгтэй.
Дотоодын зах зээлд гадаадын компанийн хяналт тогтсон гэх асуудлыг үйлчилгээний худалдааны өнцгөөс авч үзэх шаардлагатай. Жишээ нь, Хятадын компани Монгол Улсад ажиллах бол салбар эсвэл төлөөлөгчийн газраа нээх үүрэгтэй юу, нээсэн тохиолдолд ямар дүрэм, зохицуулалт үйлчлэх вэ, эсвэл нээхгүй бол ямар хамгаалалтын хэрэгсэл ашиглах вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Үүнд тусгай зөвшөөрөл авах шаардлага, гаднын хөрөнгө оруулалтын дээд хэмжээг тогтоох, гаднаас авах ажилтны тоог хязгаарлах, орон нутгийн иргэдийг ажилд авсан байдлыг үнэлэх зэрэг зохицуулалтууд орж болно. Мөн бүтээгдэхүүний үнэ болон үнийн өсөлтийн хувь дээр хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч болно.
Эдгээр зохицуулалтуудыг ДХБ-ын дүрэм, олон улсын стандартын хүрээнд судалж, боловсруулан хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Хэрэв түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг гаднын тал хянаж байгаа нь үндэслэлтэй бол энэ нь холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй, ажлаа хангалтгүй хийж байгаагийн тод илрэл юм. Худалдаанд оролцогч талуудыг нэг сувгаар ойлгомжтой, нэгдсэн мэдээллээр хангаж, зохицуулалтыг хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлага бий болоод байна.
Цахим худалдаа эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ тодорхой бүртгэл, баталгаагүй бараа, бүтээгдэхүүн авснаас болж эцсийн хэрэглэгч хохирох тохиолдол гардаг. Үүн дээр ямар зохицуулалт хэрэгтэй вэ?
Худалдаанд оролцогч талуудын эрх зүйн орчныг зохицуулж чадаагүйгээс олон асуудал үүсдэг. Бараа, бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл олон шат дамжлага, харилцаа бий болдог. Худалдаанд оролцогчид гэдэгт Засгийн газар, санхүүгийн байгууллагууд, даатгалын компаниуд, худалдааг зохицуулдаг олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, холбоод, иргэд, худалдааны байгууллагууд зэрэг олон субъект хамаардаг. Энэ харилцааны явцад хэрэглэгчийн эрх ашиг, зуучлагч талуудын чиг үүрэг тодорхойгүй байх нь иймэрхүү асуудал гарах үндэс болдог.
Хил орчмын худалдааг хөгжүүлэх, тодруулбал, худалдааны чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх оролдлогууд амжилт олохгүй байна. Монгол дөрвөн чөлөөт бүстэй ч үр дүн харагдахгүй байна?
Вьетнам, Казахстаны жишээнээс харахад эдийн засгийн чөлөөт бүсүүдийн хөгжилд цахилгаан, дулаан, зам тээвэр, агуулах зэрэг дэд бүтэц чухал үүрэгтэй байдаг. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулж буй компаниудын хувьд хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, эрх ашгийг хамгаалах механизм сул байгаа нь эдгээр бүсүүдийн хэвийн үйл ажиллагаанд саад болж байна.
Түүнчлэн зарим хуулийн зохицуулалт дутуу, эсвэл хоорондоо зөрчилдөж байгаа нь асуудлыг хүндрүүлж байна. Жишээлбэл, чөлөөт бүсээс авсан гурван сая төгрөг хүртэлх хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүй гэж заасан хэрнээ хүнсний экспорт, импортыг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй компани гүйцэтгэнэ гэж тодорхойлсон нь зөрчилдөж буй жишээ юм.
Худалдааны эрх зүйн орчинтой болох эхний алхам юу вэ?
Хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэхээс өмнө худалдааны нэгдсэн бодлого, стратеги боловсруулах чиг үүрэг бүхий институт буюу байгууллага байгуулах нь илүү үр дүнтэй. Жишээлбэл, тусгай зөвлөл байгуулах боломжтой. Одоогийн байдлаар Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг ажиллаж байгаа ч энэ нь зөвхөн хэрэгжүүлэгч байгууллага тул аль нэг яаманд шууд чиглэл өгөх эрх зүйн боломжгүй байна.
Иймд Ерөнхий сайд эсвэл Шадар сайдын дэргэд төр-хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл байгуулах нь илүү оновчтой шийдэл болж чадна. Уг зөвлөлд худалдааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд ажиллаж, зах зээлийн судалгаа хийж, гарц шийдлийг санал болгодог бүтэцтэй байх нь чухал ач холбогдолтой. Санал болгосон шийдлүүдийг зөвлөлийн хүрээнд хэлэлцэж, бодлого боловсруулан, хэрэгжүүлж, хяналт тавих тогтолцоог бүрдүүлснээр худалдааны бодлогыг төвлөрүүлж, уялдаа холбоог сайжруулах боломжтой.
Цаашлаад уг зөвлөл нь олон улсын жишгийн дагуу худалдааны бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу яам болох суурийг тавьж чадах юм.
Алсын хараа 2050, Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт худалдааны нэгдсэн бодлоготой болох талаар юу гэж тусгасан бэ?
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичигт уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна уул уурхайн бус бүтээгдэхүүн буюу малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж, хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Түүнчлэн өндөр технологийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжин, инновац, технологи нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг сайжруулж, оюуны багтаамж өндөртэй, органик, монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр экспортыг нэмж, эдийн засагт орлогын шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг тусгасан байна.
Харин Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчлэх асуудлыг тусгасан бөгөөд энэ хүрээнд Засгийн газраас Худалдааны хуулийг батлуулж, Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрээр Монгол Улсад олгогдсон боломжийг бүрэн ашиглаж дотоодын үйлдвэрлэлийг хамгаалж, гадаад худалдаанд үүсэх эрсдэл, саадыг бууруулах зорилтыг тавьсан байна.
Түүнчлэн, бүсүүдийн тэргүүлэх чиглэл, онцлог, нөөц, байршлын давуу талд тулгуурлан эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, одоо байгаа татварын хөнгөлөлт бүхий чөлөөт бүсүүдийг бүрэн ашиглалтад оруулах, экспортын гол бүтээгдэхүүнүүдийн зах зээлд нэвтрэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний гадаад экспортыг нэг цонхны бодлогоор дэмжих зэрэг асуудлуудыг тусгасан.