Италийн Aolisha брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Aolisha хуримын салон нь 22 жилийн турш эмэгтэйчүүдийг хамгийн онцгой мөчөө өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун өнгөрүүлэхэд тусалсаар үе дамжсан үнэнч хэрэглэгчидтэй болоод буй юм. Тэд чухам энэ амжилтыг хэрхэн бүтээснийг сонирхлоо.
Дурсамж бүтээгч
Их хотын дунд ихэрлэн сүндэрлэх River Villa хотхонд байрлах Aolisha хуримын салоноор зочиллоо. Үүдээр нь ормогц торгон даашинзнууд, гялалзсан гоёл чимэглэл, өндөр өсгийт, цэцгийн баглаа зэрэг хуримын өдөрт хэрэг болох бүхэн нүдэнд тусав. Тус салоны үүсгэн байгуулагч Э.Баярцэцэг ярилцлага өгөхөөр тав тухыг эрхэмлэн тохижуулсан тансаг салоны танхимдаа угтан авсан юм. Бид халуун яриа өрнүүлэн суух зуур тэрбээр нэгэн эмэгтэйн мөрөөдлийн даашинзыг олоход хэрхэн тусалж, амьдралынх нь чухал мөчийг бүтээлцэж өгсөн тухай түүхээ хуваалцлаа.
Тодруулбал, саяхан Aolisha хуримын салоны хаалгыг татсан 30 гаруй насны эмэгтэй гэнэт хуримаа хийх санал нөхрөөсөө аваад бэлтгэл ажилдаа шамдангуй ороод явж байсан аж. Гурван хүүхдийн ээж тэрбээр төрсний дараа багагүй жин нэмсэн тул таарах даашинз олдохгүй хэмээн оёдолчинд захиалга өгч, харин охиддоо бэлэн даашинз сонирхохоор ирсэн байв. Үүнийг сонссон салоны эзэгтэй сүйт бүсгүйг оёулж буй даашинзтайгаа яг адилхан загвартай даашинз өмсөж үзэхийг санал болгожээ. Гэтэл даашинзыг өмссөн даруйд бүсгүйн царай барайв. Түүний биеийн галбирт тухайн даашинз зохицохгүйгээс гадна хэт энгийн харагдах нь тэр.
Энэ үед Э.Баярцэцэг бүсгүйн арьсны өнгө болон биеийн галбирт зохицох загварыг санал болгож, “Өөрт тохирох загвараа олтлоо санаа зоволгүйгээр өмсөөд үз, заавал худалдаж авах шаардлагагүй. Хэрвээ оёдолчин даашинзыг нь оёж эхлээгүй бол таалагдаж буй загвараараа оёулж болно” хэмээн зөвлөжээ.
Мөнөөх эмэгтэй ч зөвлөсний дагуу хэд хэдэн загвар өмсөж үзсэний үр дүнд нүүрэнд нь инээмсэглэл тодорч, “Надад таарах даашинз байдаг юм байна. Би ингэж гоё болно гэж ёстой төсөөлсөнгүй” хэмээн өөрт тохирох даашинз олсондоо тун баяртай байв. Ингээд нөхөртөө ч зургаа харуулж, видео дуудлага хийж, улмаар тэд Aolisha-аас даашинзаа сонгосон бөгөөд хараахан оёж эхлээгүй байсан өнөөх хуримын даашинзаа хуримын хос дээл болгон өөрчилжээ.
Энэ мэтчилэн эмэгтэй хүний хамгийн онцгой мөчийг өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун, гоё өнгөрөөхөд нь тусалсаар ирсэн Э.Баярцэцэг энэ салбарт 22 жилийн турш ажиллаж буй туршлагатай мэргэжилтэн юм.
Aolisha хуримын салон нь үйлчлүүлэгчдэд хүссэн бүх даашинзаа чөлөөтэй өмсөж үзэх, зургийг нь авч харьцуулах, өөртөө хамгийн зохимжтой загварыг сонгох хангалттай цаг олгодог.
Дархан хотод төрж, өссөн тэрбээр арван жилдээ оёдлын дугуйланд суралцаж, загварын тэмцээнд оролцохын зэрэгцээ хувцсаа өөрийн гараар урлан өмсдөг, загварын ертөнцөд дуртай охин байжээ. Харин оюутан ахуй цагаа МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд солонгос хэл судлалаар суралцаж төгсөөд, БНСУ-ын Ионсей их сургуулийн мастерын хөтөлбөрт элсжээ. Өмнөд Солонгост суралцах хугацаандаа сургуулиас харих замд нь байдаг хуримын даашинзны гудмаар өдөр бүр алхахдаа тэндхийн дэлгүүрүүдээр байнга сонирхон орж, чамин даашинзны тэрхүү ертөнцийг нүдээрээ харж танилцан манай улсад яг л ийм үйлчилгээ хөгжих ёстой гэж бодсон аж.
Эх орондоо буцаж ирээд МУИС-д мэргэжлээрээ багшлах явцдаа хувийн сонирхлоороо бизнес эрхлэхээр шийдэж, 2002 оны дөрөвдүгээр сард “Итали хуримын даашинз” нэртэйгээр анх салоноо нээж, эхний жилүүдэд Өмнөд Солонгосын хуримын даашинзны дэлгүүрээс тансаг зэрэглэлийн итали даашинз импортлон хүргэх болжээ. Гэвч бизнесээ эхлэхдээ ямар ч зах зээлийн судалгаагүй эхэлснээ төд удалгүй мэдэрсэн байна. Учир нь тухайн үед Монголд 7000-8000 хос гэрлэлтээ бүртгүүлдэг ч гэрлэх ёслолын ордонд хурим хийж даашинз өмсөх нь ховор байв.
Өөрийн хоббигоо бизнес болгохоор шийдсэн тул энэ зах зээлийн хандлагад шантралгүй үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар 2015 онд Италийн хуримын даашинзны Aolisha брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болж, салоны нэрээ Aolisha хуримын салон болгон өөрчилсөн түүхтэй. Тэр цагаас эхлэн хуримын салоны үйлчилгээндээ улам мэргэшиж, урт хугацаанд оршин тогтнох үнэт зүйл, харилцаа, үнэнч байдлыг чухалчлан үйлчлүүлэгчидтэйгээ харилцах өөрсдийн гэсэн арга барилыг эзэмшиж чаджээ.
Түүгээр ч барахгүй улирлын чанартай үйл ажиллагаа бүхий хуримын салоноо ёслолын хувцасны чиглэлээр өргөжүүлж, өдгөө зөвхөн хурим гэлтгүй урлаг, уран сайхны үйл ажиллагаа, шинэ жилийн болон бусад үдэшлэг, хүлээн авалтад оролцож буй хүмүүс гоёлоо сонгохоор зорин ирдэг болжээ.
Гайхам үйлчилгээний нөү-хау
Европын нэр хүндтэй Aolisha брэнд нь бүх түвшний хэрэглэгчид зориулсан гурван зэрэглэлийн даашинз урладаг бөгөөд тансаг материал, тав тух, өвөрмөц хийцлэл, чанартай бүтээлүүдээрээ дэлхийд танигджээ. Тус брэнд нь Европ, Ази тивийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг гурван том үйлдвэртэй. Мөн улирал бүр шинэ цуглуулгаа танилцуулж, үйлдвэрээс нь цаг алдалгүй татан нийлүүлдэг тул Aolisha хуримын салонд 200 гаруй шинэ загвар байнга бэлэн байдаг. Европын чанартай, шинэлэг загваруудыг эх орондоо боломжийн үнээр санал болгодог бөгөөд түрээсийн үйлчилгээ явуулдаггүй тул загварууд хэзээ ч хуучирдаггүй байна.
Aolisha хуримын салоны онцлог нь үйлчлүүлэгчдэд хүссэн бүх даашинзаа чөлөөтэй өмсөж үзэх, зургийг нь авч харьцуулан өөртөө хамгийн зохимжтой загварыг сонгоход хангалттай цагийг олгодогт оршдог. Учир нь хэрэглэгчид зөвхөн ганц өмсөж үзээд л шууд шийдвэр гаргах нь тун ховор. Жишээлбэл, 10 гаруй даашинз өмсчхөөд өөр салоноор явж байгаад эргэн ирж, дахин 10 өөр төрлийг ч өмсөх тохиолдол бий. Ингэх бүрд салоны мэргэжилтнүүд даашинзаа борлуулах гэж яарах бус сэтгэлээсээ зөвлөж, уйгагүй чиглүүлэн үйлчлэхийг эрхэмлэдэг аж. Мөн сүйт бүсгүйчүүд ихэвчлэн ганцаараа бус найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт ирдэг учир тэдний оролцоо, зөвлөгөөг сонсох боломжийг хангахын тулд салоны орчноо тухтай, таатай байдлаар бүрэн тохижуулжээ.
Хуримын даашинзаа сонгох нь интернэтээс зураг хараад онлайн захиалгаар шийдэж болох энгийн процесс биш тул заавал өөрийн биеэр хуримын салоноор зочилж өмсөж үзэхийг чухалчлах хэрэгтэй.
Энэ нь зөвхөн үйлчлүүлэгчдийг төдийгүй тэдний хамтрагчдыг ч сэтгэл хангалуун үлдээж, сонголтоо амар тайван хийх нөхцөлийг бүрдүүлж буй юм. Тэдний найрсаг үйлчилгээг мэдэрсэн үйлчлүүлэгчид нь даашинзаа сонгоход тохиолдож буй бэрхшээлүүдээ ний нуугүй хуваалцдаг нь Aolisha салоны хамт олны үйлчилгээний арга барилыг улам хөгжүүлэхэд дэмжлэг болдог байна. Ийнхүү үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхлыг ойлгон найз шиг нь сонссоны дараа өөрсдийн сонирхсон загварыг хамтдаа туршиж үзэхийн сацуу туршлагатай зөвлөхүүд тухайн хүний биеийн онцлог, арьсны өнгө, хувийн хэв маягт нь тохирсон загваруудыг санал болгон ажилладаг. Ингэснээр үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрч Aolisha хуримын салоноор үе дамжин үйлчлүүлдэг үнэнч хэрэглэгч олонтой болжээ.
Хуримын ёслолын үеэр бүсгүйчүүд нэгээс олон даашинз солих нь түгээмэл болсон бөгөөд загвар зохион бүтээгчид нэг даашинзыг олон янзаар өмсөх боломжтой шинэ загваруудыг гаргаж байна. Ингэснээр санхүүгийн хувьд ч хэмнэлттэй сонголт хийх боломжтой болжээ.
“Хуримын салоны үйлчилгээ нь энгийн бараа бүтээгдэхүүний худалдаанаас тэс өөр зүйл. Энэ бол амьдралд ганц тохиох онцгой өдрийг мөнхөлж, олон жил дурсагдах үнэ цэнтэй сонголт хийх үйл явц учраас яарч, хайнга хандаж болохгүй” хэмээн тус салоны үүсгэн байгуулагч Э.Баярцэцэг ярилцлагын үеэр онцолж байв. Үүнээс гадна тус салон эрчүүдийн хослол, хүүхдийн ёслолын хувцас, аксессуар, гивлүүр, толгойн гоёл, цэцгийн баглаа, гоёмсог өндөр өсгийт, төрөл бүрийн баяр ёслолын хувцас, гэрчийн хувцас гэх мэт хуримын өдөр тухайн гэр бүлд хэрэгтэй бүхнийг нэг дор цогцоор хүргэж, цаг хугацааг хэмнэдэг.
Сонголтод чиглүүлэх хөтөч
Монголчуудын дунд хуримаа хүүхэдтэй болсныхоо дараа хийх хандлага түгээмэл болсон нь хуримын даашинзны сонголтод нөлөөлж эхэлжээ. Ялангуяа төрсний дараах жингээ нуух зорилгоор эмэгтэйчүүд ханцуйтай, битүү загваруудыг сонгодог бол салоны туршлагатай мэргэжилтнүүдийн зүгээс биеийн хэлбэрийг тодотгосон, цээж болон хүзүүний хэлбэрийг гаргасан загваруудыг өмсөхийг зөвлөдөг аж. Ингэснээр илүү эмэгтэйлэг харагдах бөгөөд бүтэн өдрийн турш үргэлжлэх арга хэмжээнд халууцаж давчдахгүй, чөлөөтэй байх давуу талтай.
Мөн сүүлийн үед бүсгүйчүүд хуримын өдрөө нэгээс илүү даашинз өмсөхийг илүүд үзэх болсон бөгөөд загвар зохион бүтээгчид ч нэг даашинзыг гурван өөр янзаар өмсөх боломжтой шинэ загварыг гаргасан тул санхүүд хэмнэлттэй сонголт хийх боломжтой болжээ.
Хуримын ёслолоо төлөвлөж буй сүйт бүсгүйчүүдээс түгээмэл ирдэг асуулт бол “Онлайнаар захиалж болох уу?” хэмээх асуулт аж. Мэдээж боломжтой. “Гэхдээ хуримын даашинз сонгох нь зөвхөн онлайн захиалгаар шийдэгдэх энгийн процесс биш тул сонголтыг яаран хийхээс татгалзаж, цаг гарган салоноор зочилж, олон төрлийн загвараас заавал өмсөж үзэхийг чухалчлаарай” хэмээн Aolisha хуримын салоны үүсгэн байгуулагч Э.Баярцэцэг ярилцлагын үеэр бүсгүйчүүдэд онцгойлон захиж байлаа.
Түүнчлэн эмэгтэйчүүд ихэвчлэн цав цагаан даашинз сонирхон ирэх нь бий. Гэтэл монгол хүний арьсны өнгө шаргал суурьтай учир цайвар шаргал, сувдан цагаан, тоорын туяатай даашинзнууд илүү зохицдог тул өнгийг нь харьцуулан өмсөж үзэхийг Aolisha хуримын салоны хамт олон нэн тэргүүнд зөвлөн ажилладаг.
Хуримын өдөрт шаардлагатай аксессуар, гивлүүр, толгойн гоёл, цэцгийн баглаа, өндөр өсгийт, гэрчийн хувцас зэрэг бүх хэрэгцээг нэг дор цогцоор санал болгож, үйлчлүүлэгчдийнхээ цагийг хэмнэж байна.
Уг салоны үүсгэн байгуулагч Э.Баярцэцэг хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн эхлүүлсэн хуримын салоны бизнес нь улирлын чанартай, хязгаарлагдмал зах зээлтэй байсан хэдий ч тууштай хөгжүүлсээр өнөөдөр гурван чиглэлээр импортын үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй ажилтантай бизнесийг бий болгож чаджээ. Гэсэн ч тэрбээр амьдралынхаа онцгой мөчийг төлөвлөж буй үйлчлүүлэгчдэдээ илүү их цаг зарцуулахыг хүсдэг оргилуун хүсэл нь одоо ч хэвээрээ гэдгийг хуучилсан юм. Учир нь хуримын өдөр бол зөвхөн нэг удаа болоод өнгөрөх бус насан туршийн аз жаргал, хайр, дурсамжийн эхлэл учир Aolisha хуримын салоны зөвлөх хөтчүүд үйлчлүүлэгчдээ зөв шийдвэр гаргахад чиглүүлж, итгэлийг нь хүлээсэн үнэ цэнтэй үйлчилгээний жишгийг тогтоосоор байна.