Байгалийн баялаг, түүний дотор ой мод, ургамал тэргүүтнийг хүн төрөлхтөн олон мянган жилийн турш бүхий л төрлөөр ашигласаар ирсэн билээ. Гэхдээ эдгээр баялгийг хэтрүүлэн ашиглах нь байгаль орчныг доройтуулж, экосистемийн тэнцвэр алдагдахад хүргэдэг. Иймд, байгалийн нөөцийг ашиглахын зэрэгцээ, нөхөн сэргээх үйл ажиллагааг чухалчилж, Монголын экспортын орлогыг солонгоруулж буй “Хушхан” брэндийг Green Entrepreneur буландаа онцоллоо.
Үр шимийг нь хүртэхийн хэрээр байгаль орчноо хамгаалж буй сайн жишгээс
Хуш модны самрыг хүн төрөлхтөн ойролцоогоор 10 мянга гаруй жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн гэж судлаачид үздэг бөгөөд археологийн олдворуудад хүнсний эх үүсвэр байсныг нотлох баримт цөөнгүй бий. Харин монголчууд хуш модны самрыг XIII зууны үеэс эхлэн худалдаа арилжаанд ашиглаж байж. Мөн Хятад болон Төв Азийн эртний эмийн сударт хуш модны самрыг эрүүл мэндийг дэмжих хүнс гэж тэмдэглэсэн байдаг. Манай оронд таван зүйлийн шилмүүст мод буйн нэг нь хуш мод. Зэрлэг байгальд ургадаг, мөнх ногоон уг мод нь дунджаар 20-40 метр, тааламжтай нөхцөлд 50 метр хүртэл өндөр ургах нь ч бий. Ялангуяа дэлхийн хойд хагасын сэрүүн бүс, ой тайгад ургадаг онцлогтой. Хэдийгээр манай оронд өргөн тархацтай ч сүүлийн жилүүдэд хуш мод гэмтэж, багассаар буй. Ойн салбарын хүрээ хумигдаж буй дөрвөн хүчин зүйл бий.
Нэгт, уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж буй. Мод байгалийн хатуу ширүүн нөхцөлийг даван туулж ургадаг тул цаг уурын дундаж температур ихэссэнээр зохистой хэмжээнд ургахад сөргөөр нөлөөлдөг.
Хоёрт, ойн гал түймэр нэгэн том хүчин зүйл. Тодруулбал, энэ оны долоодугаар сарын байдлаар манай улсын хэмжээнд 11 аймгийн 36 суманд нийт 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 600 мянга гаруй га талбай өртжээ.
Мөн хуш модны тархац буурахад хортон шавж нөлөөлж буй бөгөөд шавж модны эд эсийг гэмтээж, шингэн тэжээлийн урсгалыг зогсоосноор мод хатаж үхдэг байна. Ерөнхийдөө эдгээр хүчин зүйл хүний зохисгүй, буруутай үйл ажиллагаанаас үүддэг. Манай орны хувьд хуш модны самрыг дамлан худалдаалж орлогожих хүмүүс цөөнгүй. Хууль журмаараа бол есдүгээр сарын 10-аас гуравдугаар сарын 10 хүртэлх хугацаанд ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар ойгоос самар түүж, бэлтгэхийг зөвшөөрдөг. Гэлээ ч хуш модны самарт шунасан иргэд болц нь гүйцээгүй саруудад ойд отоглон бүгж, бэлтгэдэг. Судлаачдын тайлбарлаж буйгаар болц нь гүйцээгүй хуш модны самар давирхайлаг байдаг бөгөөд модноосоо салж өгдөггүй. Амархан унадаггүй учраас иргэд “түнших, мундах” аргаар цохиж авснаар модны бүтцэд өөрчлөлт оруулдаг. Ингэснээр холтос нь хууларч унан цааш модлог руугаа ордог. Мөн хэт хүчтэй цохиулснаар модны давирхай гоожиж эхэлдэг. Харин бүрэн болсон самар модноосоо амархан салдаг бөгөөд байгаль орчинд ямар нэгэн хохирол учруулдаггүй.
Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр дэлхийд гайхагдсан хуш модны самрын нөөц багасаж байгаа тул байгалийн хишгийг хүртэж буй хувь хүн, байгууллага хэн бүхэнд экологийн системийг сайжруулах, нөхөн сэргээх, ургалтыг нэмэгдүүлэх зэрэг хариуцлага ноогдож буй. Энэ ч хүрээнд, “Хушхан” брэнд хуш модны ойг нөхөн сэргээхэд анхаарч, нийгмийн хариуцлагын хүрээнд “Хуш төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, тэд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 100 мянга гаруй тарьц бэлтгэн ургуулж буй. Мөн энэ оны тавдугаар сард Монголд анх удаа Богд уулын байгалийн цогцолборт газрын нэг хэсэг болох Жаргалантын аманд 3000 ширхэг хуш модыг ургуулжээ. Уг төслийг 2020 оноос монгол эрдэмтэдтэй хамтран Дани улсын эрдэмтэн Сирах Ларсоны судалгаанд үндэслэн хэрэгжүүлж буй. Ингэхдээ хуш модыг залгалтын аргаар ургуулж байгаа аж.
Залгалтын аргаар мод ургуулахын давуу талууд
- Үрээр ургуулах аргыг бодвол мод богино хугацаанд ургаж, жимс, жимсгэнэ, самар зэрэг бүтээгдэхүүн өгөх чадвартай.
- Залгалтаар ургуулсан модыг илүү бат бөх, хүйтэнд тэсвэртэй үндсэн суурь дээр ургуулж болдог. Энэ нь хатуу ширүүн уур амьсгалд тохируулан модны тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлдэг.
- Үржүүлгээр өндөр ургацтай сорт гаргаж авахад залгалтын арга үр дүнтэй. Жишээлбэл, хуш модноос их хэмжээний самар авах боломжтой.
- Эх модноос өвчин, эсвэл хортон шавжид тэсвэртэй генетик шинжийг дамжуулж, модны ургалтыг тогтвортой байлгахад тусална.
- Залгалтаар ургуулсан хуш мод нь өндөр чанарын самар өгөх, эсвэл уламжлалт ургамалтай харьцуулахад илүү өргөн тархацтай ургадаг зэрэг давуу чанарыг дурдаж болно.
Мөн энэхүү төсөл нь Тэрбум мод төсөлтэй уялдаж буй бөгөөд цаашдаа таримал ойгоосоо түүхий эдээ бүрдүүлэх зорилготой байгаа аж. Энэ нь урт хугацаанд түүхий эдийн найдвартай эх үүсвэр болж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлдвэрлэлийг хангах боломж, түүхий эдийн чанарыг хянах, стандартын шаардлагад нийцүүлэхэд хялбар болох, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн загварыг дэлгэрүүлэх зэрэг ач тустай. Харин бүтээгдэхүүний хаягдал болох самрын ясыг хөрс боловсруулахад ашигладаг. Самрын хальс, ясанд чөмөгнөөс дутаахааргүй шим тэжээл их хэмжээгээр агуулагддаг аж. Мөн “Хушхан” брэнд үйлдвэрийн дулаанаа самрын ясны түлшээр шийджээ. 200-300 гаруй хэмд шатдаг учир шаталт сайтай бөгөөд бусад түлштэй харьцуулахад хүхэр, нүүрсхүчлийн хий, азотын оксид зэрэг хорт бодис бага ялгардаг юм байна.
Экспортын шинэ боломж ба эдийн засгийн олон талт байдал
Уул уурхайн салбараас 90 гаруй хувийн хамааралтай Монгол Улсын эдийн засгийн эмзэг байдлыг бууруулахад экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах нь нэн тэргүүний шийдэл. Хэдий тийм боловч одоогоор Монголын уул уурхайн бус салбарын гол экспортын бүтээгдэхүүнүүдээр ноолуур, мах зэрэг гарын таван хуруунд багтах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нэрлэгддэг. Харин нэмүү өртөг шингээж, экспортын гол бүтээгдэхүүн болох боломжтой нэг түүхий эд бол хуш модны самар. Манай улсаас гадна ОХУ, БНСУ зэрэг цөөн хэдэн улсад ургадаг Сибирийн хуш модны самар дэлхийн зах зээлд нэлээд өндөр эрэлттэйд тооцогддог. Бидний амьдралын хэв маяг, заншилд самрын ашиг тусын талаарх ойлголт гүнзгий түгж чадаагүй учир дотоодын зах зээл одоогоор “балчир” байгааг “Хушхан” брэндийн хамт олон онцолж байсан юм.
Монголын эдийн засгийн олон талт байдал, экспортын шинэ боломжуудыг нээхэд хуш модны самар нь өндөр эрэлттэй экспортын бүтээгдэхүүн болж, уул уурхайн салбараас хамаарлыг бууруулах боломжийг олгож байна.
Гэхдээ өнөөдрийн байдлаар “Хушхан” жуулчдын аяны богцыг дүүргэж, Монголын хүнс үйлдвэрлэлийн салбарт амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй брэнд болж чадсан. Энэ ч утгаараа тус брэндийн олон улсын зах зээл дэх эрэлт хэрэгцээ улам бэхэжсээр байна. Энэ дагуу ирэх онд “Хуш төсөл”-ийг хэрэгжүүлэхээс гадна самрын тосыг зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Уг тосыг хүн төрөлхтөн олон жилийн турш эрүүл мэнд болон гоо сайхны салбарт ашигласаар ирсэн бөгөөд дэлхийн зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүний жагсаалтыг цойлж буй. Учир нь омега-3 тосны хүчил, амин хүчил, цайр, магни, витамин Е зэрэг эрүүл мэндэд чухал шим тэжээлийг агуулдаг нь хүний биеийн олон төрлийн үйл ажиллагааг дэмждэг аж.
Байгальд ээлтэй, органик бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд тодорно
Уншигч та бүхэнд “Хушхан” брэнд дэлхийн зах зээлд танигдах болсон шалтгааныг тайлбарлая. Монголд ургаж буй хуш модны самар нь эрүүл, шим тэжээлтэй төдийгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ бусад бүс нутгийн самраас илүү давуу чанартай байдаг. Тодруулбал,
- Хуш модны самар Е, В бүлгийн аминдэм, төмөр, магни, цайр зэрэг олон төрлийн эрдэс бодисоор баялаг. Эдгээр нь хүний дархлааг сайжруулж, зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг.
- Самрын тосонд агуулагддаг омега-3 болон омега-6 тосны хүчлүүд зүрх, тархины үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой.
- Эрс тэс нөхцөлд ургасан самар нь илүү хатуу бүрхүүлтэй, байгалийн хадгалалт сайн байдаг. Тээвэрлэлт, хадгалалтын явцад чанараа удаан хадгалдаг.
- Монгол орны ой мод, уулс нь үйлдвэрийн бохирдол бага тул хуш модны самар химийн хольцгүй, цэвэр экологийн бүтээгдэхүүнд тооцогддог.
Монгол Улсын эдийн засгийн эмзэг байдлыг бууруулахад экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах нь чухал шийдэл юм.
Харин дэлхийн зах зээлд од болох нэн чухал хүчин зүйл нь органик хүнсний стандартыг хангаж чадсанд буй. Органик хүнсний стандарт нь хүнсний бүтээгдэхүүнийг байгалийн гаралтай, химийн бодисын хэрэглээг хязгаарласан арга барилаар үйлдвэрлэж, боловсруулах, савлах журам, шаардлагыг тодорхойлсон дүрэм юм. Энэ стандарт нь хүнсний бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулж, хэрэглэгчдэд илүү эрүүл, байгальд ээлтэй бүтээгдэхүүн хүргэхэд чиглэдэг. Тэгвэл “Хушхан” брэнд нь Чанарын удирдлагын тогтолцооны стандарт ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандарт ISO 22000:2018, 2016 оноос мөрдөж эхэлсэн Монгол Улсын органик хүнсний бүтээгдэхүүний стандарт, АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас олгодог USDA Organic гэрчилгээний шаардлагыг тус тус хангасан бөгөөд саяхан Европын холбооны Органик стандартын сертификат (EU Organic Label) -ыг мөн албан ёсоор авчээ. Нэг үгээр, “Хушхан” хэрэглэгчийн гарт хүрэх хүртлээ органик байдлаа хадгалж буй маш том процессыг хангаж ажиллаж байна гэсэн үг.
Тухайлбал, “Хушхан” цэвэрлэх, ангилах, ялгах, савлах гэх зэрэг есөн шат дамжлага, самрын идээг цэвэрлэх, ангилах, ялгах, хатаах, хальслах, бактери устгах ариутгах гэх 11 шат буюу нийт 20 шат, дамжлагаар боловсруулсны үр дүнд хэрэглэгчийн гарт очиход бэлэн болдог.
Дээр дурдсанчлан, хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх төгс процесст савлагааны органик шаардлага мөн багтдаг. Иймээс тус брэндийн савлагааны уут 100 хувь дахин боловсруулж болохуйц буюу чихрийн нишингээр хийсэн ургамлын гаралтай биополимер материалаар бүтдэг аж. Уг материалаар бүтсэн уут нь уламжлалт хуванцар, эсвэл химийн материалыг орлох боломжтой бөгөөд гол нь хаягдал болсон ч хөрсийг сэргээх, баяжуулах үйл явцад эерэг нөлөө үзүүлдгээрээ өндөр ач холбогдолтой.