“Тэмтчээд ороод ирсэн хүн хараа ороод эмнэлгээс гарахад тэр өдрийн сэтгэлийн наран манддаг” хэмээн ярих Ц.Мөнхцэцэг эмч бол нүдний мэс заслаар 20 гаруй жил ажилласан туршлагатай, эрүүл мэндийн салбарын тод төлөөлөл. Тэрбээр Гэгээн мэлмий эмнэлгээрээ дамжуулан олон зуун хүний орчлонг тольдох мэлмийг эмчлэн илааршуулж, харахын жаргал түгээж явна. Мөн тэрбээр “Хууль, эрхзүйн орчин бүрдчихвэл эвэрлэг шилжүүлэн суулгах хагалгаа илүү хямд болоод зогсохгүй Монгол Улсын анагаахын шинжлэх ухааны хөгжилд том ахиц гарна” гэж онцоллоо.
Таныг нүдний мэслийн чиглэлээр Энэтхэгт суралцсан анхны монгол оюутан гэж дуулж байсан юм байна. Яагаад тийш нь зам татуулав? Энэ талаараа манай уншигчидтай хуваалцахгүй юу.
Одоогоос бараг 20 гаруй жилийн өмнөх түүх юм даа. Миний хувьд, нүдний өмнөд хэсэг болон эвэрлэг, болрын мэс заслын чиглэлээр дагнан мэргэшсэн тэргүүлэх зэрэгтэй мэс заслын эмч. Анх 1995 онд анагаах төгсөөд резидентээр суралцаж байгаад 1997 оноос нүдний эмчээр ажиллаж эхэлсэн. Үүнээс дөрвөн жилийн дараа 2001 онд олон улсын байгууллагын “Орбис” гээд онгоцтой эмнэлэг Монгол улсад маань ирж ажилласан юм. Тэр үед миний нүд нээгдэж байлаа. Тэдний эмчилгээ манай түвшнээс маш өндөр байсан. Ингээд л ажил мэргэжлийнхээ гараан дээр байсан хүн чинь өөрийнхөө хаана явааг шударгаар бодож эхэлсэн. Бодож бодож гадагшаа явж сурах л ерөөсөө зөв юм байна гэж шийдсэн. АНУ, Англи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Энэтхэг гэх мэт улсуудыг судалж үзээд сайн мэс засалч болж, гараа зүгшрүүлэхийн тулд дадлагад суурилсан хөтөлбөрт л явах ёстой юм байна гэдгээ бас ойлгосон.
Энэтхэг бол дадлага давамгайлсан гэдэг утгаараа нүдний эмч нарын суралцах мөрөөдөл болсон газар. Тэнд л жинхэнэ алтан гарт мэс засалчдыг бэлтгэдэг.
Тэр үед Орбисын онгоцтой эмнэлгийн үйл ажиллагааны хүрээнд Энэтхэгийн Л. В. Прасад нүдний институтийн Э.К.Бансал багш Монголд ирж, манай эмч нарт сургалт явуулсан нь ч их нөлөөлсөн. Э.К.Бансал багш “нүднийхэн”-д сургалт явуулж байхдаа асуулт асуусан юм. Одоо бодоход их энгийн асуулт. Тэр асуултад л нүдний эмч бид чинь бүгдээрээ хариулж чадахгүй бүдэрч байлаа шүү дээ. Хагалгаагаа үзүүлэнгүүт зарим нь см гаруй зүсэлттэй, том оёдолтой, болор нь хазгай мурий тавигдчихсан байх жишээтэй. Технологи нь хуучирчихсан учраас аргагүй шүү дээ. Энэ бүхнээс энэтхэг эмч Монгол Улс нүдний мэс заслын чиглэлээр хөгжөөгүй юм байна гэж бодсон бололтой байгаа юм. Би ч тэр үед нь залуухан монгол эмч суръя суръя гээд гүйгээд байхаар нэг сайн эмч бэлтгэж өгье, энэ улсад тус болъё л гэсэн байх. Ингээд л бүх юм бүтээд суралцахаар болсон.
Энэтхэгийн миний сурсан сургуульд нүдний мэс заслын 40 хувь нь үнэгүй хийгддэг. Үнэгүй хагалгаанд үгээгүй ядуус нь орно. Гэхдээ ядуу байлаа гээд нүдээр нь тоглоно гэсэн үг биш шүү дээ. Сургалтын явцад ямаа, гахайны нүд өгнө. Асар их сургалт, дадлагажуулалтын дараа талийгаачийн гэр бүлээс сайн дураараа хандивласан нүдэн дээр дадлага хийнэ. Гэхдээ зөвхөн донорт тохироогүй тохиолдолд бид түүн дээр нь мэс заслын дадлага хийдэг байсан. Үнэ цэнтэй донор болох нүдэн дээр хамаагүй дадлага хийлгэчихгүй. Цаг нь болсон гэж үзвэл амьд сэрүүн хүний нүдэн дээр ганц нэг оёдол тавихыг зөвшөөрч эхэлдэг. Ингэхдээ алхам бүрийг нь нарийн ажиглаж, зааж зөвлөдөг. Нэг ёсондоо Энэтхэг бол дадлага давамгайлсан гэдэг утгаараа нүдний эмч нарын суралцах мөрөөдөл болсон газар. Тэнд л жинхэнэ алтан гарт мэс засалчдыг бэлтгэдэг юм шүү дээ.
Их ачаалалтай байсан байх даа?
Энэтхэгт Монголоос хамгийн анх сурсан нүдний эмч нь би. Тэнд 15 сар уйгагүй суралцсан. Манай ээж их хатуу, чанга хүн байдаг. Анагаахад сурч байхад “Чи сурсан шиг сураарай, хүний амь амьдрал хариуцаж яваа шүү” гэж байнга хэлдэг байсан. Бага байхын л хичээл сурлагын тал дээр их шахдаг, шаарддаг хүн байсан. Тэрнийх нь нөлөө ч юм уу сурах тал дээр хүч чадлаа шавхаж сурдаг, ачаалал ч даадаг төрлийн хүн болсон. Мөн аливаад чин сэтгэлээ шингээн үнэнчээр хийж гүйцэтгэх дадлыг ээжээсээ сурч, үлгэр дуурайлал авч өссөн маань энэ мэргэжилд их хэрэг болж байна. Энэтхэгт өглөө 07:00 цагаас үдшийн бүрий 21:00 цаг хүртэл багштайгаа 100 гаруй хүн үзэх энүүхэнд. Хэрэв хичээлээсээ нэг минут хоцорч сургууль хаалгаа барилаа бол тэр өдрийн хичээлд суух аргагүй болно. Өдрийн цайны цагаар таван минут л цайлж ундална. Долоон хоногийн зургаан өдөр ажиллана. Оюутнууд бие нь дийлэхгүй дундаас нь орхих тохиолдол ч бишгүй байсан.
“Өвчтөнийг өөрийн аав ээжээ гэж бод” гэж тэнд байнга захидаг байсан. Хүн чинь хоёрхон нүдтэй, нүдийг нь сохолбол нүгэл болно оо доо. Л. В. Прасад нүдний институт бол нүдний мэс заслын чиглэлээр хамгийн шилдэг эмч нарыг бэлддэг дэлхийн ТОП сургуулиудын нэг. Манай салбарын хэн ч мэднэ. Тэнд сурснаараа олон төрлийн хагалгааг бүрэн бие дааж, хариуцаж хийгээд, хагалгааны хүндрэлээ өөрөө бүрэн засаж эмчилж чадах хэмжээний чадвартай болоод ирсэн. Миний араас нэлээд хэдэн эмч тэнд суралцаж ирээд байна. Намайг сурч байх үед Монгод хэдхэн сар сураад л нүдний эмч болдог байсан. Харин Энэтхэгт маш шахуу, ачаалалтай программаар гурван жил сургаж байж чадварлаг эмч нарыг бэлддэг. Тиймдээ ч мэдлэг, чадварын зөрүүнээсээ их л ичдэг байлаа. Хоногт ердөө дөрвөн цаг л унтаж, гэдэс дундуур, хоолтой хоолгүй хичээж сурсны хүчинд өдий дайны нүдний мэс засалч болж ирсэн. Монгол хүн чинь өөр юм билээ. Нөхцөл байдалд дорхноо зохицож чаддаг. Анх ичдэг байсан ч сүүлдээ шилдэг суралцагч болж, донор эвэрлэг шилжүүлэн суулгах хагалгаан дээр Энэтхэг оюутнуудаас ч илүү гараад эхэлсэн. Ачаалал даах яс чанар сайтай байснаас гадна Монгол гэдэг нэрээ өндөрт өргөх гэж хичээсэн маань үүнд нөлөөлсөн байх.
Одоогоор 100-аад хүнд донор эвэрлэг шилжүүлэн суулгаснаас гадна нүдний болор, эвэрлэг, өмнөд хэсгийн мэс заслын орчин үеийн олон арга техникүүдийг нэвтрүүлээд байна.
Тэнд байх жил гаруйн хугацаанд “вакум” орчныг утгаар нь мэдэрсэн. И-мэйл ч монголчуудын хэрэглээнд сайн нэвтрээгүй үе шүү дээ. Ээждээ захиа бичиж шуудангаар явуулахад сарын дараа очдог байсан тийм л үе. Тухайн үед Намбарын Энхбаяр гуай Ерөнхий сайд байсан. Намайг төгсдөг жил миний байсан Хайдарабад хотод Ерөнхий сайд тэргүүтэй албаныхан айлчлалаар ирсэн юм. Энэтхэгийн мэдээллийн технологийн хөгжлийг түүчээлж явдаг хот байсан болохоор манайхан тэнд очсон хэрэг л дээ. Тэр үед багш маань Монголчууд ирснийг зурагтаар үзээд намайг нутаг нэгтэнтэйгээ уулз гээд явуулж байлаа. Хүний нутагт нойр, хоолгүй эрдэм ном хөөж явсан миний хувьд, монголчуудаа хараад сэтгэл их хөдөлсөн. Бүр монгол хэлээрээ ярих гэхэд үг орж ирэхгүй болтлоо л вакумжсан байсан даа.
Болор сольж, линз суулгаж хараа тэглэнэ гээд л рекламдаад байдаг. Би эвэрлэгийн донор сольдог эмчийн хувиар зах зээл дэх эмчилгээний энэ чиг хандлагад шүүмжлэлтэй ханддаг.
Сурсан мэдсэнээ өвөрлөөд ирэхэд эндхийн нөхцөл байдал ямар санагдаж байсан бэ?
2004 онд нэг их сүрхий хүн төгсөөд ирлээ. Гэтэл хагалгаа хийх болсон чинь Энэтхэгт хэрэглэж байсан шиг хутга, мэс заслын хэрэгсэл байхгүй байсан. Эм ч байгаагүй. Тавхан төрлийн л эм байсан. Бүр яаж хүний нүд эмчилж байсан юм бол гэмээр. Нүдний даралт манай улсад сохорлын хоёр дахь гол шалттгаан болдог. Гэтэл даралт эмчлэх эм пилокарпин, тимолол хоёроос өөр эм байгаагүй. 0.25% -тай левомицетин хэрэглэж байсан гээд л бод. Тэр чинь ямар ч нөлөөгүй. Эм тариа нь муу бол мэс засал хийлгэсэн хүний нүд гоожоод, эдгэхгүй идээлээд байдаг. Эм сайжирснаар эвэрлэгийн идээт үрэвсэл, хагалгааны дараах хүндрэл эрс багассан. Хүнээ эмчлэх боломжийг өөрөө л бор зүрхээрээ бий болгож байлаа даа.
Сурахаа л эрхэмлэсэн болохоос багаж хэрэгслээ бодоогүй ирсэн би мэс засал хийхийн тулд Ж.Баасанхүү профессорын жоорыг ухах санаа төрсөн. Анагаах ухааны доктор, Ардын эмч Ж.Баасанхүү агсанд Орбисын сургалтын үеэр үлдсэн багаж хэрэгсэл байж магадгүй гэж бодсон хэрэг л дээ. Тэгсэн азаар байж таарсан. Түүнийг нь анх хэрэглэж, эх орондоо хагалгаа хийж эхэлж байлаа. Төд удалгүй өнөөх жоорны хутга хэрэгсэл маань ч дууссан. Ингээд “Царам тэнгэр” нүдний эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэлтийн компаниа байгуулсан. Зорилго нь Энэтхэгт хэрэглэж дадсан, чанар, үр дүнг нь мэддэг, баталгаатай эм, хагалгааны хэрэгсэл оруулж ирэх байсан. Ингээд ахиад л Энэтхэг багш нартайгаа холбогдсон. Эм тариа, багаж хэрэгсэл оруулж ирэхийн тулд судалгаа, харьцуулалт хийнэ, гэрээ хэлцэл хийнэ, үйлдвэрүүдээр зочилж нүдээрээ харна гээд л их ажил бий. Тэр үед Монгол, Энэтхэг хоёрын хооронд мөр гартал явсан даа. Үр дүнд нь бид одоо орчин үеийн нүдний эм, хагалгааны хэрэгслээр дутагдахгүй мэргэжлийн ажлаа чөлөөтэй хийж чадаж байна.
Донор эвэрлэг шилжүүлэн суулгах хагалгааг анх би 2004 онд эх орондоо, монгол хүндээ хийж байсан. Одоо миний тэр үйлчлүүлэгч амьд сэрүүн, орчлонг тольдоод явж байгаа настай хүн бий. “Ирж уулзмаар байна, баярласнаа илэрхийлмээр байна. Даанч хөл гар муутай болохоор зорьж очиж чадахгүй юм” гээд саяхан надтай Багахангайгаас холбогдсон. Тэр цагаас хойш 100-аад хүнд донор эвэрлэг шилжүүлэн суулгаад байна. Нүдний болор, эвэрлэг, өмнөд хэсгийн мэс заслын орчин үеийн олон арга техникүүдийг нэвтрүүлсэн байна.
Та Гэгээн мэлмий эмнэлгээ хэдэн онд байгуулсан юм бэ? Одоо нүдний бүхий л төрлийн мэс заслыг хийж байна уу?
Миний хувьд, Энэтхэгээс ирмэгцээ Болор мэлмийд ажиллаж байгаад дараагаар нь УНТЭ-т ажиллаж эхэлсэн. Ингээд эмнэлгүүдтэй гэрээтээр ажиллаж байгаад хувьдаа гарсан. Гэгээн мэлмий эмнэлгээ 2010 онд байгуулсан. Анх сувилагчгүй ганцаараа л эхэлж байлаа. Одоо бол 10-аад хүнтэй болсон байна. Дөрвөн эмчтэй, гурван сувилагчтай. Хоёр эмч маань гадаадад сурч байна. Өөр туслах хүмүүс бас байдаг. Би чинь ажлаа хийгээд дуугүй л яваад байдаг төрлийн хүн. Манай эмнэлгийн фэйсбүүк хуудас гэж орхигдсон хуудас бий. Маркетинг, сурталчилгаа ч хийдэггүй. Органикаараа явна гэж ярьдаг юм билээ. Ёстой л органикаараа явж байгаа эмнэлэг бол манай эмнэлэг. Энэ бараг миний анхны ярилцлага. Ийм яриа ч өгч үзэлгүй өдийг хүрч. Зав ч байсангүй. Хүн үзэж хагалгаа хийж байтал л хорвоо дэлхийн нэг өдөр өнгөрдөг дөө.
Олон жил ажиллаад туршлагатай болоод ирэхээр эмнэлгүүд чинь хамаг л хүнд өвчтөнөө манайх руу явуулна. Заримдаа Монгол Улсаас явж чадахгүй бие сэтгэлээрээ барьцаанд орчихсон юм шиг л санагддаг. Яваад өгье, доллароор цалинжья гэвэл боломж нь байна. Гэхдээ явж зүрхэлдэггүй. Би Монгол Улсад хэрэгтэй хүн шүү гэсэн бодолдоо өегшөөд л тэр бодлоороо тэжээгдээд явдаг. Мэргэжлийн хувьд ахиж дэвшээд, амнаас ам дамжин магтуулаад ирэхээр хүн чинь бас баярлана шүү дээ. Миний хувьд эмнэлгүүдэд маш их зөвлөгөө өгнө. Хамгийн сүүлийн зогсоол би юм шиг л Ц.Мөнхцэцэг эмч эмчилбэл эмчилж чадна, үгүй бол үгүй гээд л нааш нь явуулчихдаг. Хамгийн хүнд хагалгаа л над дээр тунаж үлддэг. Хааяа ч их хэцүү хүмүүс ирдэг дээ. Гэхдээ даагаад гарахаас өөр яахав. Одоо бид нүдний ихэнх төрлийн мэс заслыг хийж байна. Эвэрлэг, болор, торлогийн мэс заслыг дэлхийн жишгээр хийж байна. Торлогийн мэс заслын тухайд, Энэтхэгт төгссөн мэс засалч эмчтэй. Урьдчилан сэргийлэх эмчилгээ, үйлчилгээ ч үзүүлж байна.
Мөн нэг зүйлийг онцолж захимаар санагддаг. Донор эвэрлэг, эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах нь зардал чирэгдэл ихтэй эмчилгээний эцсийн арга учраас урьдчилан сэргийлэх нь туйлаас чухал. Яалтчгүй удамшлын, эсвэл урьдчилан сэргийлэх боломжгүй өвчний үед л энэ төрлийн эмчилгээнд орох талаар шийдвэр гаргах хэрэгтэй.
Ер нь Монголчуудын дунд нүдний өвчлөл хэр түгээмэл байна вэ, өвчлөлийн шалтгаан нь юу байна вэ?
Манайд сохрол, сул хараатай болох нэгдүгээр шалтгаан нь болор байсаар л байна. Хөгжингүй орнуудад насжилтаас үүдэлтэй сохрол бий болж байгаа бол манайд болор, нүдний даралтаас шалтгаалсан өвчлөл тохиолддог. Шалтгаан нь хаалттай өнцөгтэй глаукома ихтэй холбоотой. Нөгөө нь чихрийн шижингийн шалтгаант нүдний өвчлөл. Намайг эмчээр ажиллаж эхлэхэд чихрийн шижинтэй хүмүүс ховор байсан. Тэр дундаа чихрийн шижингийн шалтгаант нүдний өвчлөл бүр ч таардаггүй байсан. Одоо бол чихрийн шижингийн шалтгаант нүдний өвчлөл үнэхээр их болж байна. Миний хувьд, монгол хүн генийн программдаа бичигдсэн уламжлалт хоол хүнсээ идэж байхад ганц нүд гэлтгүй нэлээд олон өвчнөөс өөрийгөө авран хамгаалж чадна гэдэгт итгэдэг. Хүнсний аюулгүй байдал, хүмүүсийн амьдралын хэвшил үнэхээр чухал. Бидний дээд үеийнхэн чинь тэгтлээ их иддэггүй байсан, малынхаа араас явдаг хөдөлгөөнтэй хүмүүс байсан. Харин одоо амьдралын хэв маяг ямбалах тал руугаа яваад энэ нь өвчний эх үүсвэр болж байна.
Нүдний дасгалаар хараа сайжраад байхгүй ч хийвэл цусан хангамж сайжирч дам сайн нөлөөтэй. ДЭМБ-аас зөвлөсөн 20-20-20-ийн дүрмийг би хүмүүст зөвлөх дуртай.
Хоёрдугаарт, хүн төрөлхтний хөгжлийг дагаад дэлгэцийн хэрэглээ их болж байна. Дэлгэцийн хэт хэрэглээнээс үүдэлтэй нүдний хуурайшил ихсэж байна. Хараа муудалт шинэ цагийн “тахал” болж байна. Гэвч хүмүүс хараа нь муудахаас айхгүй байгаа нь харамсалтай санагддаг. “Өө хараа заслын лазер хийлгээд нүдний шилгүй болчихно, тэглүүлчихнэ” л гэдэг болж. Хараа тэглэх эмчилгээ сүүлийн 20 жилийн хугацаанд асар хурдацтай хөгжиж байна. Гэхдээ хөгжлөө хөгжлөө гэхэд хэмжээ хязгаартай. Нимгэн эвэрлэгтэй бол хараа тэглэх хагалгааг хийж болдоггүй. Тэгэнгүүт болор сольж, линз суулгаж хараа тэглэнэ гэдэг. Би эвэрлэгийн донор сольдог эмчийн хувиар зах зээл дэх эмчилгээний энэ чиг хандлагад шүүмжлэлтэй ханддаг. Асуувал сөрөг нөлөөг нь хэлж зөвлөдөг.
Эвэрлэгийн өвчин бас түгээмэл байна. Манайх цаг уурын эрс тэс уур амьсгалтай, утаа тоосжилт ихтэй. Дээр нь дэлгэцийн хэрэглээ ч үүнд хамаатай. Нүдэнд нь цагаа унаад цантсан цонх шиг хардаг болчихно гэдэг чинь эвэрлэгийн өвчин шүү дээ. Малчид, уурхайчид гэх мэт гадаа ажилладаг хүмүүст энэ өвчин түгээмэл тохиолддог. Үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой учраас ирээд үзүүлэх л хэрэгтэй. Хэрэв урьдчилан сэргийлж чадвал олон сая төгрөгөөр эвэрлэг солиулах шаардлагагүй шүү дээ.
Бид АНУ-аас донор эвэрлэгээ захиалдаг. Тэр нь өндөр өртөгтэй тусгай тээврээр ирнэ. Дээр нь гаалийн татвар нэмэгдэнэ. Ийм зардал шингэж байгаа учраас хүн бүр донор эвэрлэг суулгаад байж чадахгүй байна.
Болор сольж хараа тэглэхэд шүүмжлэлтэй хандаж байгаагийн тань шалтгаан юу вэ?
Нүдний эвэрлэгийн эндотел эс гэж бий. Энэ эс хүн хорвоод мэндлэхээс л тодорхой тоотой заяагддаг. Алдагдвал эргээд төлждөггүй. Гэтэл нүдэн дотор хагалгаа хийлгэчихээр энэ эс хурдтай цөөрч эхэлдэг. Шилнээсээ салах зорилгоор хэдий хэр залуу насандаа болор солиулж хараагаа тэглүүлнэ төдий чинээ эрт эндотел эсээ алдана. ICL линз суулгана гээд л рекламдаад байна. Сайн бодох хэрэгтэй. Залуу насандаа болроо солиулсан хүмүүс 30-40 жилийн дараа яах вэ гэдгээ өөрсдөө ч мэддэггүй. Сөрөг нөлөөг нь ч судалдаггүй. Эмч нар нь ч тэр хүний алс ирээдүйг бодож үнэнээр нь зөвлөдөггүй. Сольчихьё, тэглэчихье л гээд байдаг. Ялангуяа гадаадад. Энэ нөхөгддөггүй эс хэт цөөрчихвөл эвэрлэг нь ажиллагаагүй болоод хараа алдаад сохорно л гэсэн үг. Тэр үед донор эвэрлэг солиулж таарна. 20 гаруйхан настай хүүхдүүд болроо солиулаад байгааг би хувьдаа сайшаадаггүй, алсын хүндрэл, тохиолдолж болох эрсдэлийг хэлж тайлбарладаг. Мэргэжлийн хурал зөвлөгөөнүүд дээр ч би энэ тухайд саналаа хэлдэг. Шүүмжилж л орхидог. Нүд бол нандин эрхтэн. Нэг л юм нь болохоо байвал цаашаагаа бусад хэсэгтээ нөлөөлж болохоо байдаг эрхтэн. Хараа тэглэдэг эмч нар нүдний шилтэйгээ байдаг гэсэн хошигнол ч байна шүү дээ. Би бол шилтэйгээ л байна. Гадаадад очоод хохирчихсон хүмүүс ч манайд ирдэг. Тиймээс сайн судалж шийд гарга. Гадагшаа явахаасаа өмнө хэд хэдэн эмчтэй уулз. Ингэж л зөвлөмөөр байна даа.
Нэг зүйл сонирхож асуумаар байна. Нийгмийн сүлжээгээр хараа сайжруулна, нүд цагааруулна, өөх хайлуулна гээд л бүтээгдэхүүн сурталчлах юм. Энэ хэр үнэний ортой вэ?
Өөх хайлуулна, хараа сайжруулна гэсэн элдэв дусаалга зараад байдаг. Тэр чинь худлаа. Нүдний өөх хайлуулдаг дусаалга хамаа замбараагүй хэрэглэвэл нүдний даралт ихсэх аюултай. Өөх гэдэг бол өөрчлөгдсөн ч гэсэн хүний өөрийнх нь л эд. Тэр өөх хайлбал нүд цоорч гоожно. Өөх хайлуулдаг эм байх боломжгүй. Нүдний эвэрлэг их нимгэн учраас сүлжээний эм, дусаалгуудыг фэйсбүүкээр дураараа зараад байгааг цэгцлэх хэрэгтэй. Нүд хүнээр тоглуулж, мөнгө олох хэрэгсэл болохуйц эрхтэн мөн үү. Бодох л асуудал. Бас нүд цагааруулна гэсэн гоо сайхны үйлчилгээ их байх юм. Нүдний судсыг агшаагаад түр хугацааны л үр дүн гаргаж байгаа гэсэн үг шүү дээ. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлж, ямар эм хэрэглэхээ шийдэх нь илүү оновчтой.
Дэлгэцийн хэрэглээнээс хамаарч хараа муудах нь тахлын хэмжээнд хүрч байна гэлээ. Тэгвэл нүдээ яаж хайрлах ёстой юм бэ?
Нүдний дасгалаар хараа сайжраад байхгүй ч хийвэл цусан хангамж сайжирч дам сайн нөлөөтэй. ДЭМБ-аас зөвлөсөн 20-20-20-ийн дүрмийг би хүмүүст зөвлөх дуртай. Нүдээ ачааллуулж, ойрын зүйл харж байгаа бол 20 минут тутамд 20 алхам буюу зургаан метрийн зайд байгаа зүйлийг 20 секунд харж нүдээ амраах хэрэгтэй. Ялангуяа дэлгэцийн ард сууж ажилладаг хэн бүхэн энэ дүрмийг баримтлах нь чухал. Дэлгэц ширтээд байхаар нүдэн доторх булчин агшаад байдаг. Холыг харангуут тавигдаад булчин нь сулардаг. Энэ их чухал.
50-иас дээш насныхны хувьд, болор цайх эмгэг, нүдний даралтаас шалтгаалсан хараа муудалт, сохрол түгээмэл байна. Хэрэв удамд тань нүдний даралттай хүн байдаг бол 40-өөс дээш насандаа нүдний эмчийн хяналтад байх хэрэгтэй. Хаалттай өнцөгт нүдний даралтыг лазер хийгээд эрсдлээс сэргийлэх бүрэн боломжтой. Хяналтад байх нь хараа алдахаас сэргийлэх чухал алхам. Учир нь нүдний даралт ямар ч өвдөлтгүй, онц шинж тэмдэггүй байж байгаад хүндэрдэг. Хожимдох юм бол ямар ч арга хэмжээ аваад эргэж хараа сэргэхгүй болдог.
Осол гэмтлүүд бас байна. Юм зордог, гагнадаг хүмүүс нүдээ их гэмтээж ирдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал чухал. Би нэг барилгын компанийн менежерийг баахан загнаж байсан. Ерөөсөө тэр компаниас л ахин дахин хүмүүс ирээд байсан. Нүдэнд нь шигдсэн зүйлийг авч өгөөд, мөнгөө аваад байх нь миний л ажил, үйлчилгээ юм шиг авч тав, зургаан хүн ирэхээр би бүр тэсэхгүй, дургүй хүрээд хэлсэн. Та нар хүний нүдийг хайрлаач, хамгаалалтын шилийг нь зүүлгээч гээд загнаж байсан. Өөдгүй байгаа байхгүй юу, идээлж будаалаад сүйд болсон зүйл байхгүй ч нүд чинь ямар нандин эрхтэн билээ. Гадны биет шигдсэн хэсэгтээ хэзээ ч арилахгүй цагаа унаж гялбадаг болно. Тэр хэлтэрхий чинь нүднийхээ бүр гүн рүү орвол нүдгүй ч болно шүү дээ.
Та 100 гаруй хүнд донор эвэрлэг суулгаж хараа оруулсан эмчийн хувьд, Донорын тухай хуульд хэр хүлээлттэй байна вэ?
Энэ маш чухал сэдэв. Эрхзүйн зохицуулалт байхгүйгээс өвчтөн бүү хэл улс орноороо эдийн засгийн хор хохирлыг нь амсаж байна. Бид АНУ-аас донор эвэрлэгээ захиалдаг. Тэр нь өндөр өртөгтэй тусгай тээврээр ирнэ. Дээр нь гаалийн татвар нэмэгдэнэ. Эмчилгээний зардлын дийлэнх нь өндөр үнэтэй донор эвэрлэг, тээвэр, татвартаа явж байгаа. Ийм зардал шингэж байгаа учраас хүн бүр донор эвэрлэг суулгаад байж чадахгүй байна. Хоёр нүднийх нь нэг нь харж байвал, харж байгаа нэг нүдтэйгээ л гүрийгээд яваад байна шүү дээ. Хоёр нүд хоёулаа асуудалтай болоод ирэхээр л яах аргагүй мөнгө олоод эмнэлэг бараадаж байна. Зарим нь мөнгөө ч олж чадахгүй таг сохроороо л явж байна. Эвэрлэг суулгах эмчилгээ нийгмийн даатгалд ороогүй учраас хүмүүс өөрсдөө төлбөр мөнгөө бүрэн хариуцаж байгаа. Үүнийг нийгмийн даатгалд хамруулах хэрэгтэй.
Одоо донор эвэрлэгийг үе үеэр үечилж сольдог болсон. Донорын хуульгүй болохоор энэ технологи хөгжихөд бэрхшээлтэй байна. Бид өөрсдөө донороо бэлддэг бол олон мянган доллароо гадагш урсахаас хамгаална шүү дээ. Хүндээ ч ээлтэй. Монгол эмнэлгүүд өөрсдийн гэсэн эд эсийн банктай болоод цаашаа хөгжмөөр байна. Дэлхий дахинд энэ туршлага суурьшаад 100 гаруй жил болчихсон байна.
Донор эвэрлэгийн тухайд бүр ч онцлогтой. Элэг, бөөр шиг амьд сэрүүн хүнээс эсвэл заавал тархины үхэлтэй донороос авдаггүй. В, С вирусгүй, ХДХВ-ийн халдваргүй бурхан болсон хүнээс нас барсанаас хойш тодорхой хугацаанд бэлддэг. Хүнд эс, эд, эрхтнээ өгөх шиг том буян хаана байна. “Та нар хоёр нүдээ боогоод өрөөгөөрөө хэдэн минут тэмтрээд яваад үз дээ” гэж би хүмүүст хэлдэг юм. Харахгүйн зовлонг тэгж л мэдэрнэ. Хэн нэгэн сохорно гэдэг улс орны эдийн засагт ч нөлөөтэй. Нэг нь хараагүй болоход тэр гэр бүл эдийн засаг ганхана. Улс насаар нь халамж өгнө. Гэтэл донор эвэрлэгийг дотооддоо бэлдээд хараа бэлэглэе гэвэл манайд эмч нарын ур чадвар, технологи нь бүгд байна шүү дээ. Одоо бидний хэрэглэж байгаа бүх зүйл олон улсын түвшинд хүрсэн. Донорын хууль л хүлээлт үүсгэж байна. Миний хувьд, Эрүүл мэндийн яамнаас томилсон Донорын хуулийн төслийн ажлын хэсгийн Эвэрлэгийн багийн ахлагч. Гар бие оролцсон хуулийн төсөл маань цаг алдалгүй батлагдаж, эрүүл мэндийн салбар нэг том гацаанаасаа гараасай гэж хүсэж байна.
Маш хүнд хагалгааны өмнө бас дараа танд ямар мэдрэмж төрдөг вэ?
Хүнийг сэтгэл гаргаж үзээд, сайхан хагалгаа хийгээд хараа оруулчихад ямар сайхан мэдрэмж гэж санана. Тэмтчээд ороод ирсэн хүн өөрөө замаа хараад гараад явах шиг сайхан мэдрэмжийг юутай ч зүйрлэмгүй. Ялангуяа над дээр их хүнд хүмүүс ирнэ. Гадаад явах уу, ингээд сохрох уу гэсэн хүмүүс ирдэг. Ер нь мэс заслын эмч хүн тайван байдаггүй. Маш хүнд хагалгааны өмнө бодно. Би тийм юмаа бэлдсэн билүү, сувилагчдаа тэрийгээ хэлсэн билүү гээд л. Тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гээд л оройдоо хагалгааны тактикаа бодно. Хагалгаагаа хийчихээд нээх сайхан санаа амарч аваад л маргааш нь дахиад л бодно. Идээлсэн будаалсан байх вий, хөндсөн байх вий, гамаа аятайхан барьчихаасай гээд л мөнхийн бодол хөвөрнө. Тэгээд л хагалгааны маргааш үзэхэд сайхан байвал тэр өдрийн нар гарна шүү дээ. Хүний хоёрхон нүдийг эмчилнэ гэдэг чинь асар том хариуцлага. Алдах эрх байхгүй. Би бол маш хүнд хагалгааг давсныхаа дараа Энэтхэг багш нартаа залбирдаг. Намайг өдий дайнд хүргэсэнд баярлалаа, надаар дамжуулж, багш нарын минь буян Монголд дэлгэрч байна шүү дээ гэж л боддог.
Эмч хүний хувиар баримталдаг гол зарчим тань юу вэ? Мөн шинэ залуу үеэ бэлтгэхэд хэр анхаарч байна вэ?
Миний гол зарчим бол ирсэн хүмүүсээ чанартай, сэтгэлээсээ үзэх. Манайх чинь АШУҮИС-ийн түшиц эмнэлэг. “Сайн эмч болъё гэвэл унших судлах эх сурвалж миний үеийнхээс ч элбэг хангалуун болсон. Хамгийн гол нь хүн чанартай, энэрэх сэтгэлтэй бай” гэж би резидентүүддээ хэлдэг. Би бас асуулт асууна. Тэгэхээр резидент эмч нар гараа халадныхаа халаасан дахь утас руугаа явуулна, интернэтээс харах гэнэ. Тэгэхээр нь “Гүүгл эмчээс дээшээ гарахгүй бол өөрийгөө эмч гэхийн хэрэггүй шүү” л гэдэг. Тийм болохоор эрдэм мэдлэгээ толгойдоо шингээж аваад асар хурдан хугацаанд тухайн хүний онцлог, тэр өвчин яаж илэрч байгаад анхаарах хэрэгтэй. Мөн эмчлэх тактикаа хурдан боловсруулж, зөв сэтгэлээр ажилдаа хандаад байхад л аандаа болно доо. Өнөөдөр би энэ хүнд болрыг нь сольж өгөөд мөнгө олчихъё гэхээсээ илүү 20, 30 жилийн дараа энэ хүн маань яах билээ гэж ирээдүйг нь харж шийдвэр гаргах чухал. “Эмч хүн бүх зүйлд няхуур, сэтгэлээсээ хандаж, хүнтэй сайхан ярилц, тайлбарлаж өг. Хүмүүсийн өвчний түүхийг залхууралгүй нэг бүрчлэн сөхөж хар” гэж би бас хэлдэг. Сүүлийн үеийн залуус карт сөхөхгүй л оношлоод эмчилчих гээд байдаг болж. Эрхтэн систем холбоотой учраас бусад өвчнийг нь сайн асуух хэрэгтэй. Нүд гэдэг чинь тусдаа эрхтэн биш шүү дээ. Хүнээ таньж өөрөө ч мэдэхгүй зүйлийг нь ухаж төнхөөд асуугаад, сэтгэлээсээ ярилцаад, зөвлөөд ирэхээр зарим өвчтөн уйлчих жишээтэй. Манай ээж намайг “Чи хуульч, шүүгч байсан бол хүнийг нэлээн сайн асууж шалгаадаг шүүгч байх байсан даа” гэдэг юм. Юманд их анзааргатай байж, ул суурьнаас нь асуудалд хандаж байж сайн эмч болно. Өвчтөн чинь сэтгэл санаа нь ямар байна, алхаа гишгээ нь ямар байна бүгдийг анзаардаг байх хэрэгтэй. Хэцүү, хүнд мэдээг хүн чанартайгаар дуулгадаг байх хэрэгтэй. Над руу дүүргийн эмнэлгүүд, орон нутгийн эмнэлгүүд хүнээ гуйж явуулдаг. Үнэхээр л болохоо байчихсан хүн явуулж дээ гээд үнэгүй үзэх ч тохиолдол гарна. Нүд нь идээлж будаалаад ирсэн хүнийг үгүй манайх хувийн эмнэлэг, тэдийг төл гээд сууж байж болохгүй. Ямар ч байсан тусламж үзүүлээд л гаргана. Энэрэх сэтгэлтэй байхад л эмч болно доо.