Өмнөтгөл:
Монгол улсын аж үйлдвэрийн хөгжил 1934 оноос эхлэлтэй бөгөөд 1960-1990 онд хамгийн эрчимтэй хөгжсөн үе байлаа. Түүнээс хойших 30 гаруй жилд энэ чиглэлд дорвитой ахиц гараагүй, социализмын үед бүтээсэн үйлдвэрлэлийн үндэс суурийг ашигласан хэвээр байгаа.
Тиймээс Монгол улсын Засгийн газраас “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аж үйлдвэрийн мега төсөл, мөн үйлдвэрлэл технологийн паркууд (ҮТП) хөгжүүлэх томоохон зорилтууд тавиад байна.
Эдгээр зорилтод зэс, ган, нүүрс-хими, алт, кокс-эрчим хүч, газрын тос, барилгын материал гэсэн үндсэн чиглэлүүдээр аж үйлдвэрийн цогцолборууд барих томоохон төслүүд багтаж байна. Эдгээрээс 14 мега төсөлд хамаарах ҮТП-ийн төслүүдийг товч танилцуулъя.
Нүүрс боловсруулах
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нүүрс-хими, кокс-химийн цогцолборыг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэн экспортын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын түүхийн эдийн үнээс хараат байдлыг бууруулах зорилт тусгасан.
Тодруулбал, кокс-химийн үйлдвэрийн нүүрс баяжуулах үйлдвэрийн 1 дүгээр шатанд
- 10 сая тонн коксжих нүүрсийг угаах,
- 5.4 сая тонн баяжуулсан нүүрс, 3 сая тонн завсрын бүтээгдэхүүн /мидлинг/ үйлдвэрлэх,
- 2.7 сая тонн баяжуулсан нүүрс боловсруулах,
- 2 сая тонн хатуу кокс, 107 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх,
- дотоодын хэрэглээнээс илүү гарсан 1.5 сая тонн коксын бүтээгдэхүүнийг экспортлох төлөвлөгөө бий.
Нүүрсний дэлхийн зах зээлийн ирээдүйг харсан ч нүүрсээ боловсруулах шаардлага тодорхой. Тухайлбал, нүүрсний нийт таамаг нөөц 173 тэрбум, үүгээрээ дэлхийд эхний 10-т ордог манай улсын гол худалдан авагч бол БНХАУ. Гэвч урд хөрш маань 2035 он гэхэд нийт нүүрсний хэрэглээгээ 30 хувиар, 2050 он гэхэд 78 хувиар бууруулж, улмаар 2050 он гэхэд нэг тэрбум хүрэхгүй болтол буулгаж, 2060 оноос нүүрсний хэрэглээгээ тэглэх зорилго тавьсан. Тиймээс бид нүүрс боловсруулах аж үйлдвэрээ хөгжүүлэх замаар эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын орлогоо тэлэх шаардлагатай.
Дээр дурдсан 14 мега төслийн хүрээнд нүүрс боловсруулах чиглэлээр хөгжүүлэх эхний төсөл нь “Тавантолгой” үйлдвэрлэл, технологийн парк буюу кокс-химийн цогцолбор юм. Ойролцоогоор 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын өртөг бүхий тус цогцолбор нь кокс, эрчим хүч, коксын хий, давирхай, метанол зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад, дотоодын зах зээлд нийлүүлнэ. Кокс-эрчим хүч, кокс-химийн үйлдвэр гэсэн хоёр үндсэн үйлдвэрээс бүрдэх тус цогцолбор үндсэн түүхий эдээ Тавантолгойн ордын коксжих нүүрсний баяжмалаас авч, жилд 2.7 сая тонн баяжмал боловсруулна.
Төслийн явц гэвэл ТЭЗҮ, БОННҮ хийгдсэн ч 2025 онд кокс-эрчим хүчний үйлдвэрийн зураг төсөл, нүүрс-химийн туршилтын үйлдвэрийн технологи ашиглах гэрээ байгуулах, ТЭЗҮ-ийн тодотгол хийх, зураг төсөл боловсруулах зэрэг ажил хүлээгдэж байна.
Нүүрс боловсруулах дараагийн төсөл нь “Багануур” үйлдвэрлэл, технологийн парк буюу кокс-химийн цогцолборын мега төсөл юм. 175.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардах энэхүү цогцолборыг барьснаар хагас кокс, нүүрсний давирхай, пиролозын хий, аммиак зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үндсэн түүхий эд нь Багануурын Шивээ-Овоо ордын хүрэн нүүрс бөгөөд жилд 1.4 сая тонн хүрэн нүүрс боловсруулна.
Энэ төсөл одоогоор зөвхөн төлөвлөгөөний түвшинд байгаа бөгөөд 2025 онд пиролиз, нүүрс-химийн үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ, зураг төсөл хийж эхэлнэ.
Зэс боловсруулах
Монгол улс 37 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй гэсэн геологичдын судалгаа бий бөгөөд энэ тоо судалгааны явцад өсөх нь дамжиггүй. Тиймээс бидэнд зэс рүү чиглэсэн тогтвортой бодлого хэрэгтэй. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэт, Оюутолгой ба бүтээн байгуулалт хийгдэж буй Цагаан суварга, Хармагтайн хоёр төсөл бий.
Энэ дөрвөн орд ирээдүйд нийт жилдээ 2.7 сая орчим тонн баяжмал үйлдвэрлэхээр байна. Энэ үед зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Монгол Улсад зайлшгүй барих ёстой болно. Учир нь жилд нэг сая тонноос давсан зэсийн баяжмал үйлдвэрлэдэг бол ийм үйлдвэр барих нь эдийн засгийн үр ашигтай болж ирдэг олон улсын жишиг бий. Бидний одоогийн олборлож буй баяжмалын хэмжээ уг болзлыг хангасан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, сэргээгдэх эрчим хүчний технологийн хөгжлийг дагаад зэсийн хэрэгцээ дэлхий даяар эрчимтэй өсөж байгаа энэ үед манай улс нэмүү өртөг шингэсэн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт болон Оюутолгойг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркуудын хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах зорилт тавиад байгаа.
Эрдэнэтэд түшиглэх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж, 2022 оны зун Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дэмжсэн. ТЭЗҮ-д тусгаснаар уг үйлдвэр жилд
- 560 мянган тонн зэсийн баяжмал (хуурай) боловсруулж,
- А зэрэглэлийн катодын зэс 124 мянган тонн,
- №1 стандартын катодын зэс 1,4 мянган тонн,
- алт 72 кг (99.9%),
- мөнгө 38,1 кг (99.9%),
- элементийн хүхэр 182 мянган тонн,
- шингэрүүлсэн хүхрийн хүчил 118 мянган тонныг тус тус үйлдвэрлэх хүчин чадалтай байна.
Нийт хөрөнгө оруулалт 762.2 ам.доллар байхаар тооцоолсон бөгөөд жилд 1,1 тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийж, 56.8 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласнаар хөрөнгө оруулалтаа 7.7 жилд нөхөхөөр тооцоолжээ.
Засгийн газрын тооцоолж буйгаар катодын зэсийн үйлдвэр нь дотоодын зэс утас, кабель, цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр үзүүлнэ. Үйлдвэрээс гарган авах 182 мянган тонн элементийн хүхрийг химийн болон бордооны үйлдвэрлэлд өргөн ашиглах тул нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлнэ.
Төсвийн явц гэвэл ТЭЗҮ, БОННҮ-г хийж, газрын асуудлаа шийдсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгөөр авто зам, төмөр зам, ус хангамж, ариутгах татуургын бүтээн байгуулалт, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Харин ҮТП-ийн тусгай зөвшөөрөл, хамгийн чухал нь хөрөнгө оруулалтын эх үүсвэр хүлээгдэж байна.
Гангийн үйлдвэр
Гангийн цогцолбор барих “Дархан ҮТП” төсөл мөн адил Засгийн газрын хөтөлбөрт багтсан. Төслийн гол зорилго нь дотоодод тасралтгүй нэмэгдэж байгаа ган арматур, ган бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангах нэг сая тонн ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
“Дархан ҮТП” нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах бөгөөд 884.9 га талбайг ашиглан томоохон металлургийн үйлдвэрлэлийг төлөвлөж байна. Уг төсөл нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн одоогийн хүчин чадлыг тэлж, Төмөртэй, Төмөртолгой уурхайн төмрийн хүдрийн нөөцийг ашиглан хангамжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг сайжруулахад чиглэх юм.
“Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэхэд нийт 655.8 сая ам.доллар шаардлагатай гэж тооцож байгаа. Үүний дотор дэд бүтцийн хөрөнгө оруулалт, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэгт ихэнх хөрөнгө оруулалт шаардлагатай. Гангийн үйлдвэрийг ашиглалтад оруулж эхний ээлжид 500 мянган тонн ширэм, 500 мянган тонн ган бэлдэц үйлдвэрлэж, ган бэлдцээс барилгын арматур, булан төмөр, төмөр утас зэрэг ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын барилгын арматурын хэрэгцээг бүрэн хангана. Төсөл хэрэгжсэнээр жилд улсын төсөвт 400 шахуу тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс гадна 1300 орчим шинэ ажлын байр бий болно.
Гэвч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд зарим асуудал, бэрхшээлийг шийдэх хэрэгтэй. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай. Цаашид төсөл хэрэгжүүлэх явцад хяналт, зохицуулалтыг тогтвортой байлгах, техникийн шийдлүүдийг оновчтой сонгох нь чухал байна.
Зургийн тайлбар: ҮТП-ийн төслүүдийн явц Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Алт цэвэршүүлэх үйлдвэр
Сүүлийн жилүүдэд Монголбанканд тушаасан алтны хэмжээ буурсаар байгаа. 2020 онд 23.6 тонн алт тушааж байсан бол 2024 оны эхний 10 сарын байдлаар дөнгөж 14,1 тонныг тушаажээ. Энэ үзүүлэлт буурах нь гадаад валютын нөөц, төгрөгийн ханшинд сөрөг нөлөөтэй.
Алтны тушаалт буурч байгаа нь хэд хэд шалтгаантай. Хэрэв Оюутолгойн зэс-алтны нөөцийг оруулахгүй тооцвол манай улсын алтны нийт бүртгэгдсэн нөөц 499 гаруй тонн байгаагаас 90 хувь нь үндсэн ордынх, үлдсэн нь шороон ордынх юм. Өөрөөр хэлбэл, амар хялбар олборлох алтны нөөц бага болсон учраас алт олборлох нь технологийн хувьд улам хэцүү, зардалтай болж байгаа юм. Хоёрдугаарт, дээрх нөөцүүд ихэнх нь улсын тусгай хамгаалалттай газарт байгаа учраас 2009 онд баталсан урт нэртэй хуулиар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон. Тиймээс алтны салбарт монголчууд дараагийн түвшинд гарч, алт цэвэршүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс аргагүй болж байна.
Монгол Улс олборлосон алтаа ОХУ, Их Британи, Япон, Швейцар улсуудад цэвэршүүлдэг. Энэ нь боловсруулалт, тээвэрлэлт, даатгал болон хадгалалт, хамгаалалтын зардал шаарддаг. Харин дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулбал жилд гадаад орны алт цэвэршүүлэх үйлдвэрт цэвэршүүлж, мөнгөжүүлдэг алтны 70 хувийг дотооддоо цэвэршүүлэх боломж бүрдэнэ. Мөн алт, мөнгө болон үнэт металлаа өөрсдөө боловсруулж, дэлхийн стандартад нийцсэн алт, мөнгөн гулдмай, бэлэг дурсгалын гулдмай, үрэл, ялтас зэрэг цэвэршүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх юм.
Ийм өндөр ач холбогдолтой учраас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж ёсоор 2019 онд алт цэвэршүүлэх үйлдвэрийг стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулсан.
Энэ төслийн ТЭЗҮ-г БНКазУ-ын “Сымбат инженеринг” ХХК боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2019 онд баталснаас гадна Сонгинохайрхан дүүрэгт үйлдвэрийн хэрэгцээнд зориулж 4 га талбайд гэрчилгээ аваад байгаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр
Газрын тос боловсруулах цогцолбор нь мега төслүүд дундаа хамгийн ахицтай яваа төсөл юм. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байрлах энэхүү үйлдвэр нь жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах боломж бүрдүүлнэ. Тодруулбал, 396 мянган тонн авто бензин, 824 мянган тонн дизелийн түлш, 80 мянган тонн онгоцны түлш, 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
2018 онд ТЭЗҮ-г баталж, хүлээж авсан бөгөөд 2023 оны намар технологийн зураг төсөл, техник технологийн нэмэлт өөрчлөлтүүд, цар тахлаас үүдсэн бараа материалын үнийн өсөлт зэргийг тооцоолж төслийн нийт хөрөнгө оруулалтын зардлыг өөрчлөн баталсан билээ.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн багцад хувааж, гадаадын олон том компанитай хамтран, олон улсад хэрэглэдэг EPC (инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт) гэрээний загварын дагуу гүйцэтгэж байна. EPC 01, 02, 03 багц ажлуудыг БНЭУ-ын компаниуд, газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж байна. Олон салбар хамарсан нүсэр том төслийн инженерчлэл болон барилга угсралтын ажилд Энэтхэг, Итали, Франц, Герман, Их Британи, Америк, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10 гаруй орны компани оролцож байна.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн удирдлагын мэдээлснээр үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.