Үндэсний статистикийн хорооноос цехээс гарсан шинэхэн халуун талх шиг үзүүлэлтүүдийг цахим хуудастаа танилцууллаа. Ийн тодорхойлж буйн учир нь өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын зээлийн индекс, хэрэглээний барааны үнийн статистикийг энэ оны эхэнд тайлагналаа. Иймд эдгээр үзүүлэлтийг багцлан уншигч та бүхэнд хүргэе.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн 85 тэрбум төгрөгийг чанаргүй зээл эзэлж байна
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны арван хоёрдугаар сарын эцэст 37.0 их наяд төгрөг байгаа гэх урьдчилсан дүгнэлтийг ҮСХ-оос гаргажээ.
Тодруулбал нийт зээлийн өрийн үлдэгдлийн
- 61.0 хувь нь иргэд,
- 36.5 хувь нь хувийн байгууллага,
- 1.2 хувь нь төрийн байгууллага,
- 1.2 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад байгаа аж.
Мөн арилжааны банкууд болон Монголын ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны 11 дүгээр сарын эцэст 9.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 141.6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр тус тус өсжээ. Харин ипотекийн зээлийн үлдэгдлийн
- 9.0 их наяд төгрөг хувийг хэвийн зээл,
- 124.9 тэрбум төгрөг анхаарал хандуулах зээл,
- 85.0 тэрбум төгрөг хувийг чанаргүй зээл эзэлж байна
Евро 150 гаруй төгрөгөөр чангарчээ
Монгол банкнаас зарласан америк доллартой харьцах сарын дундаж ханш өнгөрсөн оны арван хоёрдугаар сард 3417.93 болж өмнөх оны мөн үеэс 3.3 төгрөгөөр чангарчээ. Харин евро 150.5 төгрөгөөр чангарч 3579.57 төгрөгт хүрчээ. Рублын тухайд 2024 оны арван хоёрдугаар сард 33.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.3 төгрөгөөр, өмнөх сараас 0.7 төгрөгөөр чангарсан байна.
Нийслэлд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгджээ
Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх оны арван хоёрдугаар сарын 9.1 хувьд хүрчээ. Энэ нь 2023 оны арван хоёрдугаар сард 8.6 хувь байсан индекс 0.5 нэгж хувиар өссөн байгаа юм. Жишээ нь
Нийслэлд хотод худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2024 оны арван хоёрдугаар сард 20667 төгрөг болж, өмнөх сараас 1.5 хувиар (309 төгрөгөөр) өссөн байна. 1-р зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны арван хоёр сард 2257 төгрөг болж, өмнөх сараас 3.1 хувиар (72төгрөгөөр) буурчээ. Тэгвэл литр АИ-92 бензиний дундаж үнэ 2024 оны арван хоёр сард 2390 төгрөг болж, 2022 оны арван хоёрдугаар сараас хойш өөрчлөлтгүй байна.
Хуучин орон сууцны үнэ 16 хувиар өсөв
2024 оны арван хоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өсжээ. Тэр тусмаа хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин шинэ орон сууцны дундаж үнийг нийслэлийн төвийн зургаан байршлаар авч үзвэл
- Сүхбаатар дүүрэг– 5.72 сая төгрөг
- Хан-Уул дүүрэг-4.68 сая төгрөг
- Чингилтэй дүүрэг-4.62 сая төгрөг
- Баянзүрх дүүрэг-4.45 сая төгрөг
- Баянгол дүүрэг-4.28 сая төгрөг
- Сонгинохайрхан дүүрэг-3.29 сая төгрөг байна.