Саяхан УИД-ийн ноолуурын тасгаар бараа сонирхож явахад жуулчдын хөл татарсан нь анзаарагдлаа. Зуны дэлгэр цагт Их Дэлгүүрт ноолуур, эсгий эдлэлээр богцоо дүүргэсэн жуулчид олноор харагддагсан. Томоохон зочид буудал, хоолны газрын зогсоолууд жуулчдын автобус, фургон машинаар дүүрч, гудамжаар явж буй 10 хүний дөрөв нь гадны жуулчин байдаг гэхэд хилсдэхгүй аялал жуулчлалын оргил үе. Харин үхрийн эвэр хуга хөлдөм энэ саруудад Монголын аялал жуулчлалын салбар ч царцанги байдалд шилжиж “ичээндээ” оржээ. Үүний шалтгааныг хамтдаа эргэцүүлж, ойлгож үзэцгээе.
Засгийн газраас манай улсын байгалийн болон соёлын өвийн хосгүй цогцолбор бүхий газрууд нь эдийн засгийн өсөлтийг хангаж, төрөлжүүлж, дээшлүүлэхэд чухал хүчин зүйл болно хэмээн аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлогыг сүүлийн жилүүдэд баримтлаад буй. Үүний нэг илрэл нь 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” үндэсний брэндинг ажил юм. Тус ажлын хүрээнд олон улсад Монголыг сурталчлахаас гадна аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж, жуулчдын шинэ хэрэгцээнд нийцсэн зочид буудал, амралтын газрууд, ресторан, үйлчилгээний төвүүдийг байгуулахад зориулсан хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтын боломжийг олгож, эхэлсэн. Улмаар сүүлийн жилүүдэд дотоодын болон гадны аялагчдыг хүлээн авах цогцолбор амралтын газар, мөн энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Энэ нь жил бүр ирэх жуулчдын ая тух, байрлах газрын хүрэлцээнд чухал нөлөө үзүүлж байгаа ч жуулчны баазууд ямар ч төлөвлөлтгүй, нэрд гарсан хэдэн цогцолбор газруудад бөөгнөрөн, тооны хувьд асар хурдацтай өсөн нэмэгдэж, байгалийн цогцолборт газруудын үзэсгэлэнг гутааж байна. Ер нь дэлхий Монголыг сонирхох болов гэж саймширч эерэг тоон өсөлтүүд ажиглагдах болсон ч дутагдалтай зүйлс олон байна.
Дэлхийн банкнаас 2024 оны тавдугаар сард “Аялал жуулчлалын хөгжлийн индекс 2024” (Travel & Tourism Development Index) тайланг танилцуулсан. Уг тайлан нь улс орнуудын аялал жуулчлалын салбарын хөгжил, өрсөлдөх чадварыг тодорхойлох үнэлгээ, харьцуулалт хийдэг.
Өнгөрсөн оны тайланд нийт 119 орон оролцсоноос манай улс 3.57 оноогоор 85 дугаар байрт эрэмбэлэгджээ. Энэ нь 2019 оны үзүүлэлтээс зургаан байраар ухарч Камбож, Молдав зэрэг улстай ижил түвшинд жагсаж буй. Харин Азийн бусад улс болох Япон 5.38 оноогоор гуравдугаар байр, 5.62 оноогоор Австрали улс тавдугаар байрт, урд хөрш БНХАУ 4.73 оноотойгоор наймдугаар байр, Өмнөд Солонгос 4.84 оноогоор 14 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Нэг үгээр, Азийн бүс дэх аялал жуулчлалын салбарын хоцрогдсон улсуудын нэгт манай улс зүй ёсоор орж байна. Харин тус тайлангийн 2019 оныход Монголын талаарх цөөнгүй үзүүлэлтүүд олдсон юм.
Эзэлсэн байр | Оноо | |
Аялал жуулчлалын салбар хөгжих боломжтой улсууд | 66 | 4.9 |
Дэд бүтэц | 111 | 2.4 |
Аюулгүй байдал | 62 | 5.6 |
Эрүүл мэнд, эрүүл ахуй | 38 | 6.1 |
Байгалийн болон соёлын нөөц | 62 | 2.5 |
Бизнесийн орчин | 83 | 4.3 |
Хүний нөөц ба хөдөлмөрийн зах зээл | 78 | 4.5 |
Олон улсад нээлттэй байдал | 128 | 1.9 |
Агаарын тээврийн дэд бүтэц | 97 | 2.2 |
Газрын болон боомтын дэд бүтэц | 126 | 2.2 |
Жуулчны үйлчилгээний дэд бүтэц | 2.9 | 105 |
(Travel & Tourism Development Index) тайланд 2019 онд нийт 140 улс оролцсон.
Ялангуяа манай улсад нүүрсний экспортоос хэт хамааралтай эдийн засгаа солонгоруулах шаардлага сүүлийн жилүүдэд нэн тулгараад буй. Нүүрсний хэрэглээ ч дэлхий дахинд буурах хандлагатай буйг судлаачид тайлбарласан. Иймд аялал жуулчлалын салбараас орж ирэх орлогыг нэмэгдүүлэх нь зүй ёсны хэрэг. Бид 2023 онд 651 мянган жуулчин хүлээн авсан бол 2024 оны эхний 9 сарын байдлаар 667 мянга гаруй жуулчин хүлээн авч, нийт 1.2 тэрбум ам.долларын орлого олсон. Энэ нь сүүлийн 70 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт аж. Гэхдээ салбарын ахиц цар тахлын үеэс хойш хурдтай сэргэж байгаа ч зарим сарууд царцсан хэвээр байна.
Тус салбарынхан зун саруудыг “оргил” үе хэмээдэг. Үнэхээр л зургаадугаар сараас есөн сар хүртэлх хугацаанд сард дунджаар 100 мянга гаруй жуулчин Монголд айлчлах нь хэвийн үзэгдэл болжээ. Жишээ нь 2023 оны долоодугаар сард 100 мянга гаруй жуулчин ирсэн бол өнгөрсөн жил энэ тоо даруй 30 мянгаар нэмэгджээ. Тэгэхээр өнгөрсөн жилийн долоодугаар сард аялал жуулчлалын салбарын “оргил үе” нь байж. Харин намрын эхэн сар буюу наймдугаар сараас уг тоо 90 гаруй мянга руу буурчээ. Энэ нь тус салбарын бизнес эрхлэгчдийн хувьд ёстой л шүдний өвчин. Учир нь уг бууралт эрчээ алдалгүй нэгдүгээр сард 20 гаруй мянга жуулчин Монголд зочилдог байна.
Аялал жуулчлалын салбар “Сезонал уналт” буюу бизнесийн үйл ажиллагаа нь улирлын нөлөөнд өртөж, зарим үед орлого болон үйл ажиллагааны үзүүлэлтүүд буурах энэ төрлийн бизнес эрхлэгчид тэсэж үлдэхэд бэрх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэхүү уналт нь нэг талаараа Монголд зөвхөн зун л аялдаг юм байна гэх ойлголтыг гаднынханд төрүүлж буй. Тэгвэл сезонал уналтын үеийг хэрхэн даван туулах вэ?
Улирлын чанартай уналтын үеийг даван туулахаас илүүтэй энэхүү асуудлыг боломж болгож ашигласан олон жишээ бий. Жишээ нь Норвеги улсын өвөл хойд туйлын туяа харах, мөсөн дээгүүр аялах, цаа буга унах нохойн чарганы аялал болон “мөсөн зочид буудал” зэрэг арга хэмжээ, үйл ажиллагаа, үйлчилгээг жуулчдадаа санал болгодог юм байна. Ялангуяа мөсөн зочид буудлуудыг зул сарын өмнө барьж, цас мөс хайлах хүртэл зочдыг хүлээн авдаг бөгөөд жилд дунджаар 20-30 тэрбум крон (ойролцоогоор 2-3 тэрбум ам.доллар)-ны орлогыг олдог байна. Тэгвэл манай улстай ижил цаг уурын нөхцөлд буй Казакстан улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд стратегийн төлөвлөлт хийж, байгалийн нөөц болон түүх соёлын өвийг ашиглан өвлийн улиралд жуулчдыг татахад анхаарч ажиллаж буй.
Тус ажлын хүрээнд Казахстаны Алма-Ата хотын ойролцоо байрладаг, Төв Азийн хамгийн том, алдартай цанын баазуудын нэг Шымбулак (Shymbulak) цанын баазад жилд дунджаар 50,000-100,000 тенге (ойролцоогоор 300,000-600,000 төгрөг) олдог аж. Үүгээр ч зогсохгүй тус бааз зун уулын аялал, дугуй унах зэрэг үйл ажиллагааг санал болгодог юм байна.
Товчхондоо, нэг сая жуулчин Монголд зочлох алтан үе удахгүй ирэх нь гарцаагүй. Сүүлийн жилүүдэд Монгол Улс “Visit Mongolia” кампанит ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, ITB Berlin, WTM London, BIT Milan, FITUR Spain зэрэг дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд оролцож, олон улсын тавцанд нэрээ таниулсаар байна. Мөн Netflix, BBC, National Geographic зэрэг дэлхийн алдартай уран бүтээлчид Монголд зураг авалт хийхээр зорьж буй нь аялал жуулчлалын салбарт шинэ хуудас нээж байгаа хэрэг.
Зуны улиралд монголын тал нутгаар фургон, автобус жуулчидтайгаар нааш цааш хөвөрч, үзвэр үйлчилгээ, арга хэмжээ, зоогийн газрууд жуулчдыг угтан “солонгорч” эхэлдэг нь үнэн. Харин өвлийн аялал жуулчлал өнөөг хүртэл хөгжлийн шинэ шатанд гарахыг хүлээсээр буй мэт. “Түмэн тэмээний баяр-2024,” “Хөх сувд,” “Монгол тэмээ наадам” зэрэг өвлийн арга хэмжээнүүд энэ салбарыг олон жил “чирж” ирсэн ч илүү өргөн хүрээнд шинэчлэл хийх цаг иржээ. Монгол орны өвлийн өвөрмөц соёл, байгалийн сайхныг дэлхий дахинд таниулж чадвал аялал жуулчлалын салбар зөвхөн зуны улиралд бус, жилийн дөрвөн улиралд оргилдоо хүрэх боломжтой билээ.
СУИС-ийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал:
-Монголд жилд болох арга хэмжээний хуваарийг 21 аймгаас цуглуулахад 180 орчим арга хэмжээ ирсэн. Эдгээрээс давхардал болон агуулгын хувьд шүүхэд 120 гаруй арга хэмжээ жилд зохиогддог гэх тооцоо гарсан. Нийт аялал жуулчлалтай холбоотой эдгээр арга хэмжээний дийлэнх хувь нь зуны улиралд зохион байгуулагдаж байна. Гэхдээ соёлд тулгуурласан арга хэмжээ зөвхөн зун болдог гэж ойлгож болохгүй. Бидний соёл уламжлал дөрвөн улирлын турш, өдөр тутамдаа өрнөж ирсэн арвин түүхтэй. Нэг үгээр, өвөл, зунгүй нийтэд түгээж, таниулах боломжтой асар өвөрмөц соёлууд хангалттай бий. Гол нь олон улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй зохион байгуулах, жуулчдын тоог нэмэгдүүлэх асуудлыг нийтээрээ анхаарч ажиллах хэрэгтэй байна хэмээв.
Монголд долоон ай савд багтах соёлын биет бус нийт 380 өв бий гэх судалгаа бий. Хэрэв эдгээр өвийг төрөл зүйлээр нь ангилбал хэдэн мянга гэж яригдана. Ер нь аялал жуулчлалын салбарт соёлын өвийн тухай асуудал маш том байр суурийг эзэлдэг. Манай улсын хувьд ялт ч үгүй соёлын өвөө аялал жуулчлалын салбартай уялдуулдаг онцлогтой. Товчхондоо, эртнээс уламжилж ирсэн өвөрмөц соёлын онцлогтой учир түүнийгээ аялал жуулчлалын эргэлтэд оруулах хандлага, эрмэлзэл сүүлийн жилүүдэд маш их мэдрэгдэж байна. Мэдээж жуулчидын хувьд өвөл “эрсдэл”. Ялангуяа манай улсын зам тээврийн дэд бүтэц муу, эрс тэрс уур амьсгал өвлийн аялал аз сорьсон асуудал болоод буй. Гэхдээ эргээд нь энэ давуу тал болох бүрэн боломжтой. Соёлоос гадна олон улсын стандартад нийцсэн цан чарганы бааз жуулчид “хүйтэнд дурлах” нэг шалтгаан болж болно, дэлхийд өчнөөн жишиг, баазууд бий гэдгийг санах хэрэгтэй байна.