Өнөөдөр монголчуудад хэдийнэ танил болсон хөрөнгийн менежментийн үйлчилгээ 20 жилийн өмнө цоо шинэ үйлчилгээ байсан юм. Аливаа юмны салхийг хагалах, түүчээлнэ гэдэг амаргүй. Монголд хөрөнгийн менементийн үйлчилгээг нэвтрүүлж, нутагшуулсан анхдагчийн нэг нь “Ньюком Проперти” ХХК юм. Эл үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, өнөөдрийг хүртэл амжилттай хөгжүүлсээр ирсэн, 20 жилийнхээ ойтой золгуулж буй тус компанийн гүйцэтгэх захирал Д.Даваамаатай уулзаж ярилцлаа.
–Хөрөнгийн менежмент гэхээр хүмүүст хол сонсогдохоо больж, энэ зах зээл эрчимтэй хөгжиж байна. Танай компани байгууллагуудтай ямар зарчмаар хамтран ажиллаж, өнөөдрийн өсөлтийг бий болгосон бэ?
-Хөрөнгийн менежментийн үйлчилгээг бизнесийнхэн байтугай хувь хүмүүс ч мэддэг болсон. Тиймдээ ч байрныхаа СӨХ-ийн үйлчилгээг хүртэл хөрөнгийн менежментийн компанид даатгадаг болоод байна. Энэ хэрээр өрсөлдөөн ширүүсэж байна.
Хөрөнгийн менежементийн үйлчилгээг мэргэшсэн баг хамт олон хийдэг юм гэдгийг ойлгуулахад бид чамгүй цаг хугацаа зарцуулсан. Энэ хугацаанд мэдээж алдаа оноо, амжилт зэрэгцсээр ирсэн.
Бидний хувьд үйл ажиллагааныхаа суурийг зөв тавьсан учраас төлөвлөгөөгөө хамгийн багадаа гурван жилээр нь харж, түүнийгээ биелүүлэхийн төлөө зорьж ирсэн. Ингэхийн тулд хэрэглэгчийн хүсэл сонирхол, хэрэгцээг судалж, урьдчилж харахад илүү санаа тавьдаг. Тэр тусмаа эдийн засаг хямарсан, бизнесүүд том сорилтод орсон нөхцөлд зах зээлийн хэрэгцээ, чиг хандлагыг нарийн мэдрэх нь маш чухал байдаг.
Нэг жишээ дурдахад, “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр бизнесүүдийн үйл ажиллагаа доголдсон. Харин бид хямралын үед зөв зохион байгуулалт хийж чадсанаар ажил хэвийн үргэлжилж, цалин урамшуулал, татвар хураамжаа цаг тухайд нь төлөөд явсан.
Үүний нууц их энгийн. Цар тахлын үеэр манай компани цэвэрлэгээ үйлчилгээнийхээ хажуугаар ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ нэвтрүүлж, богино хугацаанд хувьсаж чадсан. Цэвэрлэгээ, үйлчилгээ үзүүлдэг компанид албан байгууллагуудын ариутгалыг хариуцах нь тийм хүнд биш. Тухайн чиглэлийн тусгай зөвшөөрлүүдээ аваад ажлын байр, орон сууцны ариутгалыг маш сайн хийж эхэлснээр үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн. Хүмүүс хөл хорионы улмаас ажилдаа очих боломжгүй болсон тул эзгүй үлдсэн ажлын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтийн асуудлаа шийдэх үйлчилгээг олзуурхаж манай байгууллагыг сонгож үйлчлүүлж байсан.
Тухайлбал, банкнуудын теллерийн үйл ажиллагаа зогссон тул хүмүүс АТМ-ээр үйлчлүүлэх болсон. Тиймээс бид АТМ ариутгалыг бүрэн хариуцаж, маш сайн цэвэрлэж, ариутгадаг байлаа. Үүгээрээ үйлчилгээний шинэ стандарт тогтоосон гэж болно.
Бас бид тэр хүнд цаг үед гар утасны “Теди” төвийг хаалгалгүй, үлдээж чадсан. Үйл ажиллагаа нь хаагдахаар лангуу түрээслэгчдийн орлого тасалдаж, хэцүүхэн болж байгаа юм. Энэ нэг асуудал. Хамгийн гол нь хөл хорионы үед төр засаг, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бүх зөвлөмж, мэдээллийг гар утсаар хүргэдэг байлаа. Гэтэл ийм цаг үед иргэдээ гар утасгүй байлгаж болохгүй гэдгийг олон талаас нь тайлбарлаж, ойлгуулж байж ажиллуулахаар авч үлдэж байсан. Энэ нь бид гар утас зарж орлого олох гэсэндээ бус бүх мэдээлэл цахимжаад, тэр нь иргэдэд хүрэх энгийн шуурхай алхам нь гар утас болсон гэдгийг ойлгуулж чадсан явдал. Тиймээс бид Теди төвийн ажилтнууд, лангуу түрээслэгчдэд ариутгал, халдвар хамгааллын үйлчилгээг сайн үзүүлж байв. Үүний хүчинд “Теди” төвөөс халдвар тархсан асуудал гараагүй.
Ньюком Проперти компани олон улсын EPC стандартаар үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ, угсралтын менежментийг хэрэгжүүлж байна.
Цар тахал зөвхөн эдийн засагт бус хүмүүсийн сэтгэл зүй, эрүүл мэндэд илүүтэй нөлөөлж, хямраасан. Бид энэ хямралын эсрэг хүмүүсийг эрүүл байлгахын төлөө юу хийж чадах вэ гэдэгт маш сайн төвлөрч ажилласан. Бид дор бүрнээ ажлын үр дүн, гүйцэтгэлээ сайн ханган ажилласан. Харилцагч байгууллагуудаас та нар яаж амжуулсан юм бэ гэж асуугаад, гүйцэтгэлд маань сэтгэл хангалуун байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн.
Товчхондоо бид энэ бүхний дараа зөвхөн цэвэрлэгээ, үйлчилгээгээр хязгаарлалгүй, ариутгал халдваргүйтлээр үйл ажиллагаагаа тэлж, сорилтыг боломж болгож чадсан.
-Хөрөнгийн менежментийн салбарт “Ньюком Проперти” ХХК хэдийнэ байр сууриа олсон. Гэхдээ танай компани энэ салбарт хэр том, хэр удаан гол тоглогч байх бол гэдэг алсын харааг тань сонирхмоор байна?
– Компаниуд хөгжлийнхөө хоёр дахь үе шат руу шилжиж байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл, бүгд яг адилхан гарааны нөхцөл дээр ирсэн. Өмнө нь Оюутолгой гэх мэт гаднын томоохон хөрөнгө оруулалт орж ирэхдээ дан ганц хөрөнгө мөнгө бус асар их мэдлэг, мэдээлэл, шинэ стандартыг авчирсан. Тиймдээ ч томоохон төслүүдтэй хамтарч ажиллах эсвэл дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд тухайн стандартад шилжих, нутагшуулах үйл явц бараг арваад жил үргэлжилсэн. Өнөөдөр Монголын ихэнх компани гаднын ямар ч томоохон төсөлтэй хамтарч ажиллах, өөрсдийнхөө хийж бүтээж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгоход хүлээн зөвшөөрөгдөхөөр олон улсын жишигт жигд ойртсон байна. Үүнээс цааш компаниуд дараагийн 20, 30 жил үйл ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг шинэ мөчлөг эхэлж байна.
“Ньюком Проперти” ХХК хөрөнгийн менежмент хэмээх үндсэн үйлчилгээгээ тэлж үл хөдлөх хөгжүүлэлт, инженеринг, констракшны чиглэлд хөгжүүлж байна. Бидний дараагийн алхам бол ассет менежмент хийдэг бизнес модель руу шилжих явдал юм. Мэдээжийн хэрэг компани энэ шилжилтийг хийхэд ажлаа дахин хуваарилахаас эхлээд төрөл бүрийн сорилттой нүүр тулах, түүндээ бэлтгэх гээд багагүй цаг хугацаа, хүч зарж байгаа. Гэхдээ энэ нь “Ньюком Проперти” компани 20 жилийн босгон дээрээ хөгжлийнхөө дараагийн үе шатын хаалгыг нээж байна гэсэн үг. Манай компани дараагийн шатандаа гарахад бэлэн болсон. Ингэж итгэл төгс хэлж буйн шалтгаан нь компанийн ажилтнуудын чадавх, хуримтлуулсан туршлага юм.
![A person wearing a face mask and gray uniform is working on an electrical panel. In the background, there's a motivational wall text about creativity and innovation.](https://business.mn/wp-content/uploads/2025/02/tse_8944.jpg)
-Аливаа өөрчлөлт шинэчлэлт бүхэн асар их хариуцлага, магадгүй эрсдэл дагуулдаг. Та бүхний хувьд Монголын эдийн засгийн нөхцөл байдал, үл хөдлөхийн менежментийн зах зээлийн онцлог, эрсдэлүүдийг хэрхэн төсөөлж байгаа вэ?
– Үл хөдлөхийн менежментийн зах зээл эдийн засгийн өсөлт, уналтын нөлөөг даган байнга савлаж байдаг онцлогтой. Учир нь эдийн засгийн өсөлтөөс бий болсон ашиг орлогын нэлээдгүй хэсэг нь үл хөдлөх рүү шингэж үлддэг. Харин эдийн засаг хямрах, агших нөлөө нь мөн л хамгийн тод илэрч, үл хөдлөхийн салбар уналтад ордог талтай.
Бидний хувьд Монголын эдийн засгийн хямрал, цар тахлаас үүдэлтэй томоохон давлагааг туулаад гарсан туршлага бий. Нөгөөтээгүүр, үл хөдлөхийн тухай хүмүүсийн хандлага, ойлголт ч өөрчлөгдөж, салбар өөрөө хөгжлийн шинэ шатанд шилжих шаардлага гарч байна. Өмнө нь байртай байвал боллоо гэж боддог байсан бол өнөөдөр илүү тав тухыг эрхэмлэдэг болж. Үүнийг дагаад компаниуд ч хувьсаж өөрчлөгдөж, үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй болж байна.
Манай компани ч ялгаагүй үл хөдлөхийн салбарын дэлхий нийтэд бий болсон хөгжлийн тэр жишиг рүү хөрвөж байгаа. Тиймдээ ч компанийн стратеги төлөвлөлтөө нэлээн өргөн хүрээнд төлөвлөж, тунгааж ярилцаж байгаад тодорхой алхмууд хийж эхэлсэн.
Нэгдүгээрт, “Ньюком Проперти” ХХК үл хөдлөхийн үйлчилгээний менежментийн салбарт үйлчилгээ эрхэлдэг байснаа үүнийгээ өргөжүүлж барилга угсралт, хөгжүүлэлт, төслийн менежментийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг болсон. Ингэхдээ олон улсын EPC стандартаар үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ, угсралтын менежментийг хэрэгжүүлж байгаа. EPC стандарт гэрээний загвар нь шалгуур өндөртэй байдаг. Гэсэн хэдий ч компани маань өнөөдөр барилга угсралтын 3-4 томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хэрэгжсэн “Цэций салхин станц”-ын төсөл дээр кемп менежмент, сэнс угсралтыг амжилттай гүйцэтгэсэн. Дараа нь Сайншандын салхин паркийн сэнс угсралтын төсөлд оролцсон. Компани маань нэгэнт томоохон төслүүд дээр ажиллах чадвартай болсон учраас цаашид төслийн менежментийн чиглэлээр түлхүү ажиллах болно. Ингэснээр “Ньюком Проперти” ХХК менежмент, стратеги, бодлогын түвшинд нэлээд том алхам хийж байгаа юм.
Ингэхдээ үйлчилгээгээ Улаанбаатар хотоор хязгаарлалгүй, орон нутагт өргөжүүлэх боломжоо эрэлхийлж, шаардлагатай судалгаа, мониторингийн ажлууд хийлээ. Үргэлжлүүлээд нэгэнт бий болгосон бааз суурь дээрээ үндэслээд үл хөдлөх хөрөнгийн менежментийг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэнэ гэсэн үг.
Хоёрдугаарт, зөвхөн оффисын барилгад төвлөрөх бус айл өрх, орон сууц гэсэн томоохон зах зээл рүү орохоор төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ, хөрөнгийн менежмент, ассет менежмент үйлчилгээг чанарын шинэ түвшинд гаргах нь зүйтэй гэж бид үзсэн. Үүнтэй холбоотойгоор ухаалаг технологи ашиглах, түүнээс бий болсон өгөгдлийг зөв боловсруулах, хэрэглэгчдэдээ үр ашигтай, бүтээмж өндөртэй, сэтгэл ханамжид нийцэхүйц үйлчилгээг санал болгох томоохон өөрчлөлтийн эхний алхмуудаа хийгээд байна.
Өнөөдөр бүх салбарт ухаалаг технологи бүхий үйлчилгээ нэвтэрч байна. Тиймээс бид шинэ технологид хүний нөөцөө мэргэшүүлэх, зах зээлээ судлах зэрэгт түлхүү анхаарч байна. Ер нь бидний хувьд хүний нөөц гэдэг үргэлж нэн тэргүүний асуудал байдаг тул хүнээ хөгжүүлэхэд байнгын сайжруулалт хийх хэрэгтэй болдог.
Гуравдугаарт, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх том сорилттой нүүр тулаад байна. Уг нь эдийн засгийн өсөлтөө дагаад бүтээмж өсөх ёстой. Харамсалтай нь зарим салбарт хүнтэй холбоотой ажлын бүтээмж унасан. Тийм учраас тухайн ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн бодитой арга нь технологитой холбох явдал бөгөөд мэдээллийн технологийн давуу талыг ашиглаад орон зайнаас үл хамаарч адилхан чанартай үйлчилгээ үзүүлэх зорилго тавиад байгаа. Ирээдүйд өөрсдийн хөрөнгөтэй, өмчтэй, удирдлагын арга барилтай томоохон компани болно гэж бодож байна.
– Гүйцэтгэх захирал бол бизнесийн олон талт харилцааг авч явдаг холбон тоглогч гэж ярьдаг. Таны компаниа удирдах арга барил, зарчим юу вэ?
Миний хувьд Монголын ууган сүүний үйлдвэр, хамгийн анхны томоохон зочид буудал гээд том бүрэлдэхүүнтэй хамт олонтой ажилласан нь намайг хүнтэй ажиллах мэдлэг, ур чадварт сургасан. Өөрөөр хэлбэл, хүнтэй ажиллана гэдэг нь бусдыг ажилд зарах тухай асуудал огт биш, цэвэр харилцааны үр дүн байдаг. Тухайн хүн миний хийж чаддаггүйг хийж байгаа болохоор харилцаа хандлагаа эерэг байлгаж чадвал сая амжилтад хүрдэг. Тиймээс бид шинээр ажилд орсон ажилтандаа эерэг хандлагыг төлөвшүүлэхийн тулд өөрсдөө маш энгийн, найрсаг харилцаатай байж, хамт олондоо хурдан хугацаанд уусгаж авах, компанийнхаа соёлд суралцуулахыг эрмэлздэг. Үүнд л анхаарах ёстой гэж боддог.
“Ньюком Проперти” ХХК хөрөнгийн менежмент хэмээх үндсэн үйлчилгээгээ тэлж үл хөдлөх хөгжүүлэлт, инженеринг, констракшны чиглэлд хөгжүүлж байна.
Би энэ компанийг удирдаад 20 жил болжээ. Компанийн удирдлага нь тогтвортой байхад компанийн үйл ажиллагаа ч тогтвортой байдаг. Ганцхан захирал гэлгүй газар, хэлтсийн дарга, ажилтнууд маань олон жил хамт тууштай ажиллаж, сайн баг болж чадсан.
Манай хувьцаа эзэмшигч Ц.Болдбаатар захирал “Хүн болгон чаддаг юмтай. Тэр хүний чаддаг юмыг нь л олоод хийлгэхэд болчихно” гэж ярьдаг байж билээ. Би үүнтэй санал нэг байдаг. Хүмүүс аливаа ажлыг яг адилхан сайн хийх боломжгүй. Зарим хүн тухайн чиглэлийн онолын мэдлэггүй ч практик дээр маш хурдан сурчихдаг. Иймд удирдлагын зүгээс гүйцэтгэх ажилтнуудаа хэн юуг сайн гүйцэтгэж чадахыг мэдрээд тухайн ажлыг гүйцэтгүүлэх нь амжилтад нөлөөлдөг.
Хийсэн болгоноосоо өсөн дэвжээд явдаг хүн анкетан дээрээсээ харагддаг. Гэхдээ олон газар ажиллаж байсан атлаа нэг л ажлаа хийж дадсан хүн байдаг. Ийм хүмүүс олон жил нэг л зүйлдээ төвлөрч туршлагажсантай холбоотойгоор ажлын ачаалал даах чадвар нь сул.
Гэтэл хөрөнгийн менежментийн үйлчилгээний салбар тэс өөр, дэд бүтэц, үйлчилгээний салбарыг нэгтгэсэн байдгаараа онцлогтой. Тухайлбал, нэг барилгад хөрөнгийн менежентийн үйлчилгээ үзүүлнэ гэдэг нь тухайн барилгын эвдрэл гэмтэл засах, цаашлаад тохижилт хийх, цэвэр цэмцгэр байлгах гээд дэд бүтэц, үйлчилгээний салбарын нэгдлийг агуулдаг цогц үйлчилгээ юм. Тиймээс бид тухайн ажил, мэргэжилдээ мэргэшсэнийг авахаас илүү хөрвөх чадвартай хүнийг ажилд авахыг зорьдог.
Дээр дурдсанчлан менежментийн арга барил нь энгийн харилцаа, ажлын хандлага нь эерэг болохоор ажилтнууд маань хөрвөх чадвар сайтай. Тухайлбал, манай инженерүүд зөвхөн цахилгааных гэхгүйгээр ажлын онцлогоос шалтгаалаад өөр чиглэлээр дахин суралцах шаардлагатай болдог. Тиймээс хүмүүсээ холбогдох чиглэлээр нь мэргэшүүлэх сургалтад хамруулсаар ирсэн. Тухайн хүн ч ажлын байран дээрээ өсөөд хөгжөөд ирэхээр шинэ зүйлд суралцах, өөрийгөө сорих, шинийг бүтээх сэдэлтэй болдог.
![Хөрөнгийн менежмент](https://business.mn/wp-content/uploads/2025/02/dsc_3742-copy_2.jpg)
– Ер нь анкетаа бөглөөд ирсэн шинэ ажилтныг хэдий богино хугацаанд таньж чаддаг вэ?
-Тухайн хүний ажлын анкетыг үзээд хандлагыг нь багцаалчихдаг. Өмнө нь хаана, хэдий хугацаанд ажилласныг илүү хардаг. Ер нь ажил горилогчийн анкет тухайн хүний талаар олон мэдээлэл хэлж өгдөг. Өмнөх ажилдаа хэр идэвх зүтгэл гаргаж байсан болон өсөн дэвжиж байсныг нь анзаарахыг хичээдэг. Дараа нь уулзаад энгийн сайхан ярилцдаг. Энэ үед ажил хийхээр хүн байна уу, үгүй юу гэдэг нь мэдэгддэг дээ. Учир нь энгийн уулзалт ярилцлагын үед тухайн хүний байдал, эмх цэгц, хандлагууд харагдана.
Мэдээжийн хэрэг хийх ажлыг тодорхой заагаад ажил үйлчилгээтэй холбоотой шаардлагуудаа тавиад, ажлын гүйцэтгэлийг нь хянаад явна.
-Бизнесийн салбарт, ялангуяа хөрөнгийн менежментийн компанийг эмэгтэй хүн удирдаад явахад сул болон давуу тал гэж байна уу?
-Би дээр дурдсанчлан аливаа бизнес хүмүүсийн сайн харилцаан дээр тогтдог. Нэгэнт сайн харилцаа тогтоосон бол итгэлийг нь алдахгүй байх нь чухал. Хамтрагчидтайгаа хийж буй гэрээ бол гэрээлэгч талуудын асуудал гэхээс илүү хэрэглэгчийн асуудал юм. Үүнийг баг хамт олондоо ойлгуулж, нэгэн сэтгэл, зорилгоор ажилладаг болгоход удирдлагын зүгээс нэлээд ур чадвар, тэвчээр шаардана. Хэрэглэгчид өвөрмөц шаардлага тавих тохиолдол бий. Тэдний хүсэл сонирхлыг хангах, урьдчилж тааж мэдэхэд эмэгтэй хүний торгон мэдрэмж их хэрэг болдог гэж боддог.
Хүнтэй ажиллана гэдэг нь бусдыг ажилд зарах тухай асуудал огт биш, цэвэр харилцааны үр дүн байдаг. Тухайн хүн миний хийж чаддаггүйг хийж байгаа болохоор харилцаа хандлагаа эерэг байлгаж чадвал сая амжилтад хүрдэг.
Харин өөрийн ажилтнууд багийнхантайгаа бол тэднийг дэмжиж, дотно ойлгож харилцаж чаддаг. Ялангуяа “энэ хүн үүнийг сайн хийдэг дээ” гэж харах бус өөрийнх нь анзаараагүй давуу талыг нь нээх, эсвэл өөрөөр яаж хийж болох вэ гэсэн шинэ санаа, хандлагыг нь дэмжээд өгөхөд л хүмүүсийн маань нүд сэргээд ирдэг. Тэд ч хийж байгаа ажилдаа дуртай, урам зоригтой болж улам их хичээж байгаа нь анзаарагддаг. Хүмүүсийн амьдралын ихэнх цагаа өнгөрүүлдэг ажиллах орчинг цэвэр, тохилог болгох нь бидний ажлын зорилго шүү дээ. Манай ажилтнууд бүгд тийм сэтгэлээр ажилдаа ханддаг. Жишээ нь, оффисыг үзэмж төгөлдөр цэцэгжүүлээд эхлэхээр “Ногоон оффис” төсөл болчихож байх жишээтэй. Оффист нь ийм үйлчилгээг нэвтрүүлээд сайхан цэцгүүд тариад, ногоон байгууламжтай болгоход хүмүүс их дуртай, хандлага нь ч ногоон болж эхэлдэг. Мөн гэр орноо цэцэгжүүлэх сэдэл төрүүлэх, тарьж сурахад нөлөөлдөг.
– Энэ компаниар овоглосон таны болон ажилтнуудын гол бахархал нь юу байдаг бол?
-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай компани Монголд хөрөнгийн менежментийн үйлчилгээний чанарыг тодорхой түвшинд гаргаж чадсан. Энэ нь манай хамт олны хамгийн том бахархал. Та манай ямар ч ажилтнаас асуусан “Хамгийн сайн стандарт, хамгийн сайн чанартай үйлчилгээг хэрэглэгчдэдээ үзүүлдэг” гэж хэлнэ. Манай компанийн ажилтнууд олон жил, тогтвор суурьшилтай ажилласан. Ингэж нэг хамт олон гар, сэтгэл нийлэн өдий болтол хамтдаа зүтгэж, хамтдаа туулж ирсэн нь өөрөө хамгийн том бахархал гэж бодож байна.
Ажил хийж байхад бий болсон хүндрэл бэрхшээлүүдээ нийтээрээ ярилцаж шийдэхийг хичээдэг. Үүний үр дүн гэвэл менежментийн хувьд илүү нээлттэй байж, сорилтуудаа чөлөөтэй ярилцаад шийдэл гаргадаг. Энэ нь ажилтан бүр компанидаа ямар чухал оролцоотой болохыг мэдрээд зогсохгүй, багаараа удаан оршин тогтнох үндэс нь болдог.