АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн давтагдашгүй арга барилаар дургүй зүйлээ тодорхойлоод түүнийг бут ниргэхээр ажиллаж эхэллээ. Түүний тушаалын дагуу санхүүжилтийг нь зогсоосноор дэлхийн олон улсад Америкийн тусламжийн хөтөлбөрүүд зогсонги байдалд оржээ. Хэрэв нэгдүгээр сарын 28-нд холбооны шүүгчийн шийдвэр гараагүй бол Америкийн төрийн албаны ихэнх үйл ажиллагаа ч мөн адил байдлаар “царцах” байв.
Гэхдээ төсвийн зарцуулалт тал дээр Д.Трампын баримталж болж буй бодлого нь дэлхийн трендийн нэг хэсэг болж байгаа юм. Эдийн засгийг боомилдог хүнд суртлыг үгүй хийхийн төлөө Аргентин, Энэтхэг, Европын холбоо, Их Британи зэрэг маш олон улс эрчимтэй тэмцэж байна. Аргентины Ерөнхийлөгч Х.Милей төрийн элдэв дүрэм журмын эсрэг тэмцэж байгаа бол Энэтхэгт Н.Модигийн зөвлөхүүд бичиг цаасанд дуртай түшмэдийг нам дарж эхэлсэн. Их Британийн Сангийн сайд Рэйчел Рийвс төлөвлөлттэй холбоотой яршигтай дүрэм журмыг өөрчилж, Лондонгийн Хитоу нисэх буудлыг өргөтгөхөөр төлөвлөж буй. Вьетнамын социалист удирдлага хүртэл хүнд суртлыг багасгахаар хичээж байна.
Хэрэв зөвөөр хийх юм бол хүнд суртлын эсрэг хувьсгал нь илүү их эрх чөлөө, илүү хурдан эдийн засгийн өсөлт, хямд үнэ, шинэ технологийг авчирдаг. Харин Д.Трамп энэхүү хувьсгалыг муу нэртэй болгож магадгүй байна. Тэрбээр Засгийн газрын үндсэн үйл ажиллагаануудыг зогсоосны дараа өөрт нь таалагдах системийг бий болгохоор төлөвлөөд байгаа нь иргэддээ ч, эдийн засагтаа ч гай болно. Тийм учраас уг өөрчлөлтийг эрс шийдэмгий бөгөөд уялдаа холбоотой байдлаар хийх нь хамгийн чухал юм.
Аргентин лугаа хөгжье
Хүнд суртал улс орнуудад хорт хавдар мэт тархаж байгаа нь дэлхий хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулж байна. Интернэтийн хөгжилтэй зэрэгцээд Засгийн газрууд иргэдээ онлайн залилангаас хамгаалах ёстой болсон бол дулаарч байгаа дэлхий гарагт нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүргэв. Ашиг сонирхлын бүлгүүдийн нөлөөгөөр Засгийн газруудад зарим зардлаа бусдад нялзаах нь амар болж байна. Капитализмд итгэх итгэлийг дэлхийн санхүүгийн хямрал үгүй хийснээр зах зээл нь өөрөө бие даан хөгжиж, сайн үр дүн авчирна гэх итгэл буурсан. Сонгогчид ч илүү их дүрэм журмыг шаардах боллоо. Түүнчлэн алдах юм ихтэй болсон дэлхийн хөгшин, баян иргэд Засгийн газраасаа хувийн өмч, эд хөрөнгө, ашиг сонирхлыг нь хамгаалахыг хүсэж байна.
Гэхдээ аливаа дүрэм журмаас ямар нэг бүлэглэл ашиг хонжоо олдог ч нийгэм бүхэлдээ зардлыг нь үүрдэгт асуудлын учиг нуугдаж буй. Ихэнх баян улсад барилга барих нь асар өндөр зардалтай болсон учраас байрны үнэ өндөр болсон. Хурдны замын төслүүдийн төсөв хэтрэх, хугацаа хоцрох нь элбэгшиж, төрөл бүрийн хяналт, шалгалттай тулгарч байна. Америкт уурхай нээх, тэр дундаа эрчим хүчний шилжилтэд нь хэрэгтэй металлуудын уурхайг нээхийн тулд зөвшөөрлийг нь 10 жилийн турш хөөцөлдөх хэрэгтэй болдог. Хэт их дүрэм журам нь ихэнхдээ жижиг бизнесүүдэд саад болж байна. Түүнчлэн хэт олон дүрэм журам, хөгширч буй хүн амаасаа шалтгаалж баян орнуудын эдийн засгийн өсөлт, бүтээмж нь яст мэлхийн хурдтай болжээ.
Тийм учраас дүрэм журам, хүнд суртлыг багасгах нь ихээхэн сорилт болж байна. Чөлөөт зах зээлийг дээдэлсэн шинэчлэл хийснийхээ дараа л М.Тэтчерийн Их Британи, 1990-ээд оны эхэн үеийн Энэтхэг, 2020-аад онд өмнөд Европын хөгжил эрс хурдассаныг түүх харуулдаг. Харин өдгөө Х.Милейгийн удирдлага дор Аргентин улс тэрхүү өөрчлөлтийг хийж, эдийн засгаа өөд нь татаж байна. Хүнд суртлыг бууруулсны үр дүнд импортын зарим барааны үнэ дээд тал нь 35 хувиар буурсан тооцоо бий.
Гэхдээ л урдах зам сорилт, саадаар дүүрэн байна. Хэрэв Д.Трамп болон түүний зөвлөхүүд эдийн засгийг “чөлөөлөх” зорилгоор л Засгийн газрын төсвийг бууруулж, ажилтнуудыг нь халж, Засгийн газрын зээл, хөнгөлөлтийг царцааж байгаа бол тэд маш том алдаа гаргаж байна. Аливаа дүрэм журам болон Засгийн газар нь ямар ч нийгэмд нэн чухал. Хүнсний аюулгүй байдал, замын хөдөлгөөн, банкны хөрөнгийг зохицуулсан дүрэм журам үгүй болж, хүнд сурталтнууд тэр бүхнийг зохицуулахыг хичээх аваас хүний амьдрал илүү аюултай, таагүй болж эхэлнэ.
Америкт Д.Трамп ийм асуудал үүсгэж байгаа бол өсөлтийн хурд удаан Европын хувьд Засгийн газрын үр дүнтэй байдлын яам (DOGE) байгуулах нь нэн чухал байна. Үүнд, мэдээж улс төрийн зориг хэрэгтэй болно. Хэт их дүрэм журмыг халж, цэгцлэх нь олон хүнд бага ч атугай ашиг авчирдаг бол цөөн хэдэн хүн, бүлэглэлд ихээхэн гарз үүсгэдэг. Тийм учраас эрх мэдэлд нэгэнтээ хүрсэн хүмүүс, байр сууриа нэгэнт олсон бизнесүүд, үйлдвэрчний эвлэлийнхэн, эсвэл байгаль орчныг хамгаалагчид шинэчлэл хийхийг эсэргүүцдэг. Тийм учраас сүүлийн 30 жилд баян улсуудад яригдсан цахилгаан эрчим хүчний болон тэтгэврийн шинэчлэл өнөөг хүртэл бодитой хэрэгжээгүй байна.
Энэ нөхцөлд дэлхийн олон улс орны дагаж мөрдөх ёстой нэг сайн жишээ бол Аргентин юм. Ерөнхийлөгч Х.Милейгийн баг сонгуульд оролцохоосоо өмнө Засгийн газрыг зарим салбараас холдуулах, огт хэрэггүй зүйлд оролцохоос урьдчилан сэргийлсэн төлөвлөгөө гаргасан юм. Харин сонгуульд ялсныхаа дараа тэрхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн чиглэлийн зоримог шийдвэр, алхмуудыг цаг алдалгүй хэрэгжүүлжээ. Энэ бүхнээс авч үзвэл Европт DOGE яам, харин Америкт Х.Милейгийнх шиг бэлтгэл хэрэгтэй байна.
Зөөлөн хүчний бодлого хаашаа эргэх вэ
Гадаад улсад үзүүлж байгаа тусламжийг буруушаах тун амархан. Ийм мөнгө ихэнхдээ дэмий үрэгдэж, эсвэл буруу замаар ордог. Гэсэн хэрнээ үр ашиг нь тэр бүр харагддаггүй. Түүнээс гадна өөр улсын иргэдэд мөнгө өгөх нь дотоодын сонгогч нарт бага мөнгө очно гэсэн үг юм. Үүнээс шалтгаалж гадаад тусламжаа зогсоох нь Д.Трампын хувьд хамгийн хялбар шийдвэр байлаа.
Харамсалтай нь энэхүү шийдвэрийн үр нөлөө олон улсад сөрөг нөлөө үзүүлж байна. Эмнэлгүүд хаагдаж, ДОХ-оор өвдсөн хүмүүсийн эмчилгээний төсөв буурч, вирусийн тархалтыг хянах ажлууд зогсож, газрын мина цэвэрлэх ажлууд тасалдаж, дүрвэгчдэд үзүүлэх тусламж үгүй болов.
АНУ-тай зөөлөн хүчний бодлогоор өрсөлдөж буй БНХАУ-ын хувьд энэ нь завшаантай хэрэг болж байна. Тэгвэл Д.Трамп яагаад улс орныхоо эрх ашиг, нөлөөллийг бууруулах шийдвэр гаргав. Үүний нэг шалтгаан нь олон нийтийн санал бодол юм. Улсын төсвийн 25 хувийг гадаад улсуудад зориулсан тусламж “залгидаг” гэж америкчууд үздэг. Гэвч бодит дүн үүнээс хамаагүй бага буюу ердөө нэг хувь (2023 онд 68 тэрбум доллар байсан. Үүнд Украинд үзүүлж буй тусламжийг тооцоогүй) бөгөөд энэ нь ДНБ-ий 0,25 хувьтай тэнцүү дүн юм.
Мэдээж шинэ Засгийн газар төсвийн зарцуулалтыг магадлан шалгах нь тодорхой. Гэхдээ үүнийгээ өөрсдөдөө болон бусдад хор хохирол учруулахгүй хийх ёстой юм. АНУ дэлхийн хүмүүнлэгийн тусламжийн 40 хувийг дангаар хангадгийг тооцож үзвэл тус улс тусламжаа зогсоохоос өмнө ямар хөтөлбөрийг үргэлжлүүлэх, өөрчлөх, зогсоох вэ гэдгийг шийдвэрлэх ёстой байлаа. Гэтэл Д.Трампын засаг захиргаа уг процессыг эхний бус эцсийн шатнаас нь хэрэгжүүлж байна. Ийм замбараагүй үйл ажиллагааг тайлбарлах хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, тэд ийм зүйл болно гэдгийг урьдчилан харж чадаагүй. Өөрийнх нь багт ажиллах хүмүүсийг Д.Трамп ур чадвар, мэдлэгээр нь бус ихэвчлэн өөрт нь хэр үнэнч вэ гэдэг шалгуураар сонгодог. Хоёрдугаарт, түүний томилсон хүмүүс юу чаддагаа харуулахыг хэт хичээсэн байж болно. Д.Трампын гүйцэтгэх тушаалд “шинэ төсөл болон хөгжлийн тусламжийг түр зогсооно” гэж тусгасан байсан бол төрийн нарийн бичгийн дарга М.Рубио хүмүүнлэгийн, аюулгүй байдлын, эдийн засгийн хөгжлийн одоо хэрэгжиж байгаа төслүүдийг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Харамсалтай нь тэрбээр энэхүү “зөрүүд” шийдвэрийнхээ үр дагаварыг удалгүй ойлгох болов уу.
Гаднын улс орнуудад салан тусгаарлагчид хүчирхэгжих нь Америкийг улам эрсдэлд оруулна. Хамтрагч, ойрын түншүүддээ туслахаа зогсоох нь Америкийн хүчийг улам сулруулна. Дэлхийн улсууд ядуурвал Америк ч дагаад ядуурна. Америкийн өгөөмөр зан бол буяны, сайн санааны үйл хэрэг биш. Америкийн тусламж нь илүү тогтвортой, илүү баян дэлхийг бий болгоход хувь нэмрээ оруулж чадвал өөрсдийнх нь ашиг сонирхолд л илүү нийцэх билээ.
Эх сурвалж: The Economist, usnews.com